Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Б холбогдох эрүүгийн 1721001900126 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1995 оны 03 сарын 23-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 0327 дугаар ангид авто засварчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байрны 23 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖА95032311/, Боржигон овогт О.Б.

 Шүүгдэгч О.Б нь 2017 оны 8 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Харганы даваа” гэх газарт 65-16 ДОР улсын дугаартай “Фронтер” маркийн авто машиныг асаалттай орхиж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа машиныг орхиж явна” гэж заасныг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч Г.Б-г мөргөж эрүүл мэндэд нь “зүүн далд ясны хугарал” бүхий биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 09-ний өдөр Б.Гантөмөр ахтай тааралдаад хамт хөдөө яваад ирье гэхээр нь тэгье гээд Гантөмөр ахын трактортой Жаргалмаа эгчийн хадлан дээр очиход байхгүй байхаар нь буцаад сум руу явж байхад тракторын түлш дуусаад...цаг орчмын дараа Гантөмөр ах Баярхүүгээр машинаа бариулаад хамт ирсэн. Баярхүү машинаа бариад уулын руу газар тавиад хажууд ирээд зогсоход Гантөмөр ах бид хоёр тракторын хажууд зогсоод хийгийг  нь  авч байхад гэнэт хажуунаас  автомашин өнхөрч ирээд мөргөхөд би тракторын дор унахад Гантөмөр ах намайг өргөж босгоод сумын төв рүү ирж явахад миний мөр болохгүй өвдөөд байна гэхэд сумын эмнэлэг дээр ирээд аналгин димедрол тариулаад маргааш нь өвдөөд байхаар нь аймагт очоод үзүүлэхэд миний зүүн мөрний дал яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/ 

Иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Батнасан бид хоёр хөдөө гарч явахдаа овоон дээр зогсоод Ерөөл нэртэй 0.75 хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд цааш Жаргалмаа эгчийн өвс хадаж байгаа газарт очиход хүн байхгүй байхаар нь буцаад явж байтал сумын төвөөс 7-8 км зайд трактор түлшгүй болоод зогссон. Ингээд байж байхад мотоциклтой залуу ирэхээр нь тэр залууг гуйж суугаад сумын төвд Жаргалмаа эгчийнд очсон. Ингээд Жаргалмаа эгчийн хүү Баярхүү миний тракторыг бариад бид хоёр трактор байгаа газарт очсон. Баярхүү машиныг бариад тракторын баруун талаас гэрэл тусгаад машиндаа сууж байхаар нь Батнасан бид хоёр тракторын баруун талд түлшний хийг соруулаад байж байтал гэнэт машин ирээд миний баруун хөлийг мөргөсөн. Ингээд Баярхүү гүйж ирэхээр нь би Баярхүүд хандаж “чи яаж байгаа юм бэ, наад машинаа ухраа гэсэн. Тэгээд Баярхүү машин ухраахад Батнасан “мөр маань эвгүй болчихлоо, би машинд дайруулчихлаа” гэсэн. Бид нар огт маргаж муудалцаагүй, миний машинд эвдрэл гэмтэл байхгүй, миний биед учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 567 тоот дүгнэлтэд: “1.Г.Батнасангийн биед зүүн дал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна“ гэжээ. /хх-ийн 50/

 Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 42 тоот дүгнэлтэд: "1.2. Жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3 “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”, мөн дүрмийн 2-р хавсралтын 3.5. “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Жолооч О.Б нь тээврийн хэрэгслийг орхиж явахдаа өнхрөхөөс сэргийлж зогсоолын тоормос болон хүнд араанд залгаж асаалтын түлхүүрийг салгах, хаалга, цонхоо хааж, жолооны хүрдийг цоожлон, дохиололтой бол дохиоллоо идэвхжүүлж жолоочоос бусад хүн ашиглах боломжгүй болгоогүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 4. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч О.Б /ЖА95032311/ дугаараар лавлагааг шүүж үзэхэд /ВСД-926858/ жолооны үнэмлэх хүчинтэй байна. 5. Авто осолд холбогдох Пронтор маркийн 65-16 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.С-ийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн бус гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг авто машин нь техникийн хувьд бүрэн бус байх үндэслэлтэй байна. Учир нь мөн дүрмийн 2.3 /а/ тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. 5. Пронтор маркийн 65-16 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд ажиллахгүй байгаа нь зам тээврийн осолд шууд бусаар нөлөөлдөг учир үам тээврийн осол гарах шалтгаан болохгүй. 6. Пронтор маркийн 65-16 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Г-д нь жолооч О.Б-д тээврийн хэрэгслээ шилжүүлсэн үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна” гэжээ. /хх-ийн 47-48/

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/

            -Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12/

-Зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15, 18-20/

-Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17, 21/

           

-Гэрч Д.Жаргалмаагийн мэдүүлэг /хх-ийн 36-37/

-Гэрч Б.Бямбахандын мэдүүлэг /хх-ийн 42-43/

-Гэрч Б.Цэгмидийн мэдүүлэг /хх-ийн 45/

-Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35, 40-41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 8 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг “Харганы даваа” гэх газарт 65-16 ДОР улсын дугаартай “Фронтер” маркийн авто машиныг асаалттай орхиж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа машиныг орхиж явна” гэж заасныг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл өнхөрч хохирогч Г.Б-г мөргөж биед нь “зүүн далд ясны хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Б ах нар машинаас буугаад тракторт түлшээ хийх гээд би машинаа хөдөлгөөд тракторын баруун тал руу нь гарч зүүн тийш харж гэрэл тусгаж зогссон. Ингээд 3-4 минутын дараа би тэр хоёрт туслах гээд машинаас буугаад тэр хоёр руу очоод 3-4 орчим минутын дараа машин өнхөрч тракторын урд дугуйг мөргөөд зогссон…би машинаа ухраахад Батнасан ах трактор доороос гарч ирээд гар өвдөөд байна гээд булга хэсгээрээ бариад байх шиг байсан. ...Би тухайн үед машинаа трактороос 5-6 метр зайд бага зэрэг уруу газарт гэрлийг нь болон хөдөлгүүрийг асаасан байдалтай орхисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/ түүнийг давхар нотолсон хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “... Баярхүү машинаа бариад уулын руу газар тавиад хажууд ирээд зогсоход Гантөмөр ах бид хоёр тракторын хажууд зогсоод хийгийг  нь  авч байхад гэнэт хажуунаас  автомашин өнхөрч ирээд мөргөхөд би тракторын дор унахад Гантөмөр ах намайг өргөж босгоод сумын төв рүү ирж явахад миний мөр болохгүй өвдөөд байна гэхэд сумын эмнэлэг дээр ирээд аналгин димедрол тариулаад маргааш нь өвдөөд байхаар нь аймагт очоод үзүүлэхэд миний зүүн мөрний дал яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 567 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 42 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Г.Б-д учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч О.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хэрэгт авагдсан хохирогч, иргэний хариуцагч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо адил бөгөөд хэн нэгэндээ нөлөөлөөгүй, шинжээчийн дүгнэлтүүдийг мэргэжлийн шинжээч нар гаргасан байх тул эдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:       

Шүүгдэгч О.Б-гийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд нийт 3000000 /гурван сая/ төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүйгээс энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч нь гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 3000000 /гурван сая/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Г.Б-гийн мөрний рентген зураг 1 /нэг/ ширхэгийг хохирогчид, бичиг баримтаар хураагдан ирсэн иргэний хариуцагч Д.Г-ийн №дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагчид, шүүгдэгч О.Б-ийн № дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид тус тус буцаан олгож, шүүгдэгч О.Б нь энэ удаагийн шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 4500000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал зүсмийн бүдүүн үнээ, хар халзан зүсмийн үнээ, улаан халзан зүсмийн бүдүүн үнээг, иргэний хариуцагч Б.Г-ийн эзэмшлээс “Портер” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, эзэмшигч нарт  нь тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Б овогт О.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Хохирогч Г.Б нь 3000000 /гурван сая/ төгрөгийн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Г.Б мөрний рентген зураг 1 /нэг/ ширхэгийг хохирогчид, бичиг баримтаар хураагдан ирсэн иргэний хариуцагч Д.Г-ийн № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагчид, шүүгдэгч О.Б-ийн №дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид тус тус буцаан олгож, шүүгдэгч О.Б-ийн эзэмшлээс 4500000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал зүсмийн бүдүүн үнээ, хар халзан зүсмийн үнээ, улаан халзан зүсмийн бүдүүн үнээг, иргэний хариуцагч Б.Г-ийн эзэмшлээс “Портер” маркийн 65-16 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, эзэмшигч нарт нь тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР