Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

 

 

 

 

  2023        04        13                                         2023/ДШМ/12

 

Д.Х, Б.Д нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Үүрийнтуяа,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Х, Б.Д нарт холбогдох 2238000000711 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Гөрөөчин овогт Дийн Х, .......... оны ..... дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ........ настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Б сумын Ибагт оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Монгол Улсын иргэн, Тогоруутан овогт Бгийн Д, ........... оны ..... дугаар сарын ......-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ....... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  ээж, дүү, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ..............тоотод оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................../.

Д.Х, Б.Д нар нь Хөвсгөл аймгийн Б сумын И3 дугаар багийн нутагт “Могойн ам” гэдэг газарт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биедээ халдаж эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гөрөөчин овогт Дийн Х, Тогоруутан овогт Бгийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дийн Х, Бгийн Д нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Б.Д нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Х, Б.Д нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг давж заалдах гомдолдоо: ...Хэргийн үйл баримтын үндэслэл болгож Дгийн хохирогчоор болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, Хас-Эрдэний хохирогчоор өгсөн мэдүүлэг, Тгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022.12.02-ны өдрийн 609 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудыг үнэлжээ.

Гэвч дээрх баримтуудаар Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдоогүй байхад ял халдаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хэзээ, хэрхэн, яаж хохирсон талаар огт мэдүүлээгүй.

Гэтэл шинжээч эмчийн 2022.12.02-ны өдрийн 609 дугаартай дүгнэлт нь “Хас-Эрдэнийн биед баруун дээд 2-р үүдэн шүдэнд сулралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Хас-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. Хас-Эрдэнийн биедээ авсан гэж мэдүүлсэн гэмтэл, шинжээч эмчийн гаргасан дүгнэлт дэх гэмтлүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй, хэрэгт гаргаж өгсөн фото зураг мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хэрэг болсон цаг хугацааг 2022.11.24-ний өдөр гэж бичсэн байгаагаас үзэхэд Дгийн үйлдлээр Хас-Эрдэнийн үүдэн шүдэнд гэмтэл учраагүй гэж үзэхээр байна.

...Хэс гэрчээр мэдүүлэг авахдаа ЭХХШТХ-ийн 25.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан тухайн хүн мэдүүлэг өгөхдөе эрүугийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярина. Ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан түүнд тодруулах асуулт тавьж болно, 25.1-13 дахь хэсэгт заасан мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж буюу хэргийн талаар мэдэх зүйлийг нь яриулахгүйгээр шууд асуулт тавьж, хөтөлж асуух зэргээр хуульд заасан үндэслэл журмаас гадуур мэдүүлэг авсан ба анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд Хас-Эрдэнийн бусад мэдүүлэгт түүний биед Д халдаж зодсон, эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар огт дурьдагдаагүй байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийч 2023/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Дд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байгаа учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн  өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 403 дугаартай яллах дүгнэлтээр Д.Х, Б.Д нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг “Могойн ам” гэх газар харилцан бие биедээ хууль бусаар халдаж, Д.Х нь Б.Дгийн биед зүүн сарвууны чигчий хурууны үеэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол, Б.Д нь Д.Х-ийн биед баруун дээд 2-р үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Б.Д, Д.Х нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Тгийн мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 591, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 609 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Дгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д, Д.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгээс “...хэрэг болсон гэх 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш дөрвөн долоо хоног өнгөрсөн байхад хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан нь үндэслэлгүй. ...хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Д нь Д.Хд хохирол учруулсан талаар нотлогдохгүй байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Иймд Б.Дд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.Д нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Хтэй маргалдаж, зодолдон түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь гэрч Б.Тгийн “...миний ээжийн нүүрийг нь маажсан уруул амнаас нь цус гарсан байдалтай, зүүн гарын булчин ар хэсэг хөх няц болсон байдалтай байсан. ...ээж гэртээ нүүр ам нь маажсан байдалтай уйлсан сууж байсан... ” гэх мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 609 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нь дээрх шинжээчийн дүгнэлтэд бусдад зодуулсан цаг хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 24 гэж бичигдсэн байгаа нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас зөрүүтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөгч Д.С 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б сумын И3 дугаар багийн нутаг “Хойд могойн ам” гэдэг газарт Д.Х нь бусдад зодуулж гэмтсэн гэх хэрэгт тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулж шинжилгээг хийлгэх шаардлагатай гэж үзэн мөрдөгчийн тогтоол гаргаснаас үзвэл шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхэээр байна.

Мөн энэ гэмт хэргийн хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийн аль аль нь гэмтэл гарснаас хойш дөрвөн долоо хоног өнгөрсний дараа гарсан байх ба гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтэлд хамаарч байгаа талаар шинжээчийн  дүгнэлтүүдэд баримталсан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад нийцсэн байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол мөн адил үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                                ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ 

                                                                                     Н.БАЯРХҮҮ