Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

 

 

 

 

 2023         04        13                                         2023/ДШМ/13

 

   Ч.Аид холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.ЭрдэнэБ даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.У,

Яллагдагчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/77 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Уламбаярын гаргасан эсэргүүцлээр Ч.Аид холбогдох 2238002400575 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бичээч овогт Чийн А, ....... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Хний газарт ахлах мэргэжилтэн ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ....................../.

Ч.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б, С.Б нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “У” маркийн  У улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэн хагалж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/77 дугаар захирамжаар Ч.Аид холбогдох эрүүгийн 2238002400575 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Ч.Аид урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан шилний үйрмэг хэсэг, хар хөх өнгийн чулуу 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Э.Уламбаяр эсэргүүцэлдээ: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болсон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” бол гэж хуульчилсан ба харин Эрүүгийн 2238002400575 дугаартай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй буюу Ч.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл нь зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж харин тухайн хэрэгт н.Мөнхжаргалд холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааны явцад дахин шинжээч томилж бодит үнэлгээг тогтоолгохоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь захирамжид заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Мт хавтаст хэргийн материалыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан. ...Түүнчлэн хавтаст хэргийн материалыг мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн аль ч шатанд танилцах эрхтэй ба шүүх Эрүүгийн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэлх хоногоор хойшлуулна... гэж заасан байхад “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр бол” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд ...захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй байна гэж буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хэргийг прокурорт буцаасан захирамж нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн зохицуулагч А.Б, С.Б нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэж албаны “У” маркийн 01У улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шилийг чулуу шидэж хагалсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Прокуророос яллагдагч Ч.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй атал  Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  /хх-ийн 112 дугаар тал/ тогтоолоор  дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй,  яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг хэрхсэн нь тодорхойгүй, яллах дүгнэлтэд тусгаагүй  орхигдуулсныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж, мөн зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж тус тус зохицуулсан.

Гэтэл хэрэгт авагдсан баримттай танилцахад “У” маркийн 01У улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь “КМонгол” ХХК, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын аль нь болох, уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын улмаас ямар байгууллага, албан тушаалтан хохирсон нь тодорхойгүй, эрх бүхий этгээдэд хэргийн материал танилцуулаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/77 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ЭРДЭНЭБ

       ШҮҮГЧИД                                        Н.БАЯРХҮҮ

                                                                          Б.СОСОРБАРАМ