Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00022

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

                                                                             

Б.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамбалгарав нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 739 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Б.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,698,500 /нэг сая зургаан зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвд теллерийн ажилд орсон. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн ажилтан болж ажиллах хугацаандаа идэвхи санаачилгатай, элдэв зөрчил дутагдал гаргаж ажиллаж байгаагүй болно. 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр миний орлож ажиллаж байсан ажилтан болох С.Батчимэг ажилдаа орох хүсэлт гаргаж би ажлаа түүнд хүлээлгэж өгсөн. Гэтэл С.Батчимэг нь 3 хоног ажиллачихаад Мөрөн тооцооны төв рүү шилжсэн ба би тооцооны төвийн захиралтайгаа уулзаж эргэж ажилдаа орох боломж байна уу гэхэд хүний оронд ажиллаж байгаа болохоор боломжгүй гэдэг хариу өгсөн. Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн банкны дугаар Б/07 захирлын тушаалаар ...хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан ажилдаа эргэн орсон тул ...гэх үндэслэлгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Учир нь Б.Х би сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажлын цагийг санаатай тасалсан гэх зөрчлүүдийг гаргаж байгаагүй байхад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд минь буюу Төрийн банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сарын хугацааны буюу 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,698,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалгарав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бадарч овогтой Хишигжаргал нь Төрийн банкны Хөвсгөл салбарын харьяа Түнэл тооцооны төвийн теллерээр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байсан О.Ганчимэгийн түр орон тоон дээр томилогдон ажилласан. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд анх ажилд орж байгаа хүнийг туршилтын 5 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн цалингийн 90 хувиар цалинжуулдаг. Б.Х нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилогдоод 2018 оны 1 сард туршилтын хугацааны 5 сар нь дуусаад үндсэн ажилтнаар хүний оронд томилогдсон байсан. Тухайн үед Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь хэсэгт заасан хугацаагаар буюу ажил албан тушаалыг хэвээр хадгалж байгаа албан хаагчийн оронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалд Хөдөлмөрийн хуулийн 23.2.1 дэх хэсгийг үндэслэсэн байгаа нь тушаалын төсөл боловсруулсан Хөвсгөл салбарын архив бичиг хэргийн ажилтан дикреттэй байсан түүнийг орлон ажиллаж байсан М.Баянжаргалын алдаа байсан. Б.Х нь хөдөлмөрийн гэрээг байгуулах үед хугацаатай гэрээ байгуулж байгаа талаар мэдэж байсан. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлтээр Хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхой дурдаж Б.Х нь түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн үндсэн гэрээг шинэчлэн хийсэн. Энэхүү гэрээнд мөн түр орон тоон дээр ажиллаж байгааг нь дурдсан, түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан С.Батчимэг ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан. Үүний дагуу түр орон тоон дээр ажиллаж байсан О.Ганчимэгийг өмнө нь ажиллаж байсан теллерийн албан тушаалд нь томилж О.Ганчимэгийн түр орон тоон дээр ажиллаж байсан Б.Хыг хуулийн дагуу чөлөөлсөн болно. Мөн Түнэл тооцооны төвд ажилтан сонгон шалгаруулж авах зарыг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал зарласан бөгөөд анкет өгсөн ажил горилогч нараас журмын дагуу шалгалт авч шалгалтын оноо, ярилцлагын оноо зэрэг оноог үндэслэн Түнэл тооцооны төвийн Д.Эрдэнэжаргалыг 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилсон. Зар явуулсан хугацаанд Б.Х ажилд орох хүсэлт гаргаагүй болно. Б.Х нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/07 тоот тушаал гарах үед жирэмсэн байсан талаар ажил олгогчид огт мэдэгдээгүй, энэ талаар нотлох эмчийн бичиг, хүсэлт зэргийг гаргаж байгаагүй. Түнэл тооцооны төвийн ажилчид мөн адил огт мэдээгүй байсан. Жирэмсэн гэдгээ хэлсэн боловч үл тоосон гэдэг нь ор үндэслэлгүй худал болно. Анхнаасаа хүний оронд түр томилогдсон гэдгээ мэдэж байсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 739 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,698,500 /нэг сая зургаан зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Х болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Содномдорж, нэхэмжлэгч Б.Х бид шүүхийн шийдвэрийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Зохиогчийн тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Төрийн банкны Хөвсгөл тооцооны төвийн теллер С.Батчимэгийг орлон ажиллаж байгаа О.Ганчимэгийн түр орон дээр Б.Хыг түр хугацаагаар ажилд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан С.Батчимэг нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтийг байгууллагадаа гаргасны үндсэн дээр дээрх өдрөөр тасалбар болгон Б.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдлоо ... гэх боловч ямар үйл баримтаар тогтоогдсон нь тодорхой бус байдаг. Учир нь С.Батчимэг нь ажилдаа эргэн орох тухай хүсэлт, ажилд нь эргүүлэн томилсон тухай Төрийн банкны захирлын тушаал хавтаст хэрэгт байдаггүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.Мөн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Төрийн банкны захирлын тушаалаар Хөвсгөл аймгийн Төрийн банкны Түнэл тооцооны төвийн теллерийн ажилд үндсэн ажилтнаар томилогдсон. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 29-ний үндсэн ажилтнаар томилсон тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Б.Хыг түр ажилтнаас үндсэн ажилтан болгосныг тус тушаал дээр дурдсан байдгийг анхааран үзээгүй орхигдуулсан.

Иймд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 739 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Б.Хыг Хөвсгөл аймгийн Төрийн банкны Түнэл тооцооны төвийн теллерийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Хөвсгөл аймгийн Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Х нь 2017 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн Төрийн банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвд теллерээр түр томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулж, хуулийн дагуу ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан О.Ганчимэгийг ажилдаа эргэж орох хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ үйлчлэх нөхцөлтэйгээр тохиролцсон байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасантай нийцсэн байна.

Ахлах теллер С.Батчимэгийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд теллер О.Ганчимэгийг ахлах теллерийн ажилд түр хугацаагаар дэвшүүлэн ажиллуулж, теллер О.Ганчимэгийн байнгын ажлын байрны түр эзгүй орон тоон дээр Б.Хыг түр хугацаагаар томилон ажиллуулж байсан ба ажил олгогчийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.24.3 дахь хэсэг, Салбарын захирлын зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Төрийн банкны Хөвсгөл салбарын харъяа Түнэл тооцооны төвийн теллер Б.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл Төрийн банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвийн ахлах теллер С.Батчимэг ажилдаа орох хүсэлт гаргаснаар түр ажилтан Б.Хыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан зүйл заалтууд нь түүнийг чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.698.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтыг баримтлалгүй хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шүүхийн шийдвэрт нэмэлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 155ШШ2020/00739 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Хөдөлмөрийн тухай хуулийн” гэсний дараа “69 дүгээр зүйлийн 69.1,” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 112.326 /нэг зуун арван хоёр мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                       Н.БАЯРХҮҮ