Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

Улсын яллагч *******

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт М М холбогдох 1721000000169 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, О овогт М М, Дархан-Уул аймагт 1978 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-Т/, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын  дугаар багийн дугаар байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 1 дүгээр орцонд Ш.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 07-ны өдрийн 14 цагийн үед хамт ажилладаг Цэрэнтэй нэг шил “Тайга” нэртэй 0.75 граммын архийг хувааж уусан. Тэгээд найз Цэрэнг 18 цагийн автобусанд амжиж суулгахаар гэрээс хамт гарсан ба найзыгаа таксинд суулгаж өгөөд цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Ингээд орой манай гэрт цагдаа ирэхэд нь гайхаад юу болсон талаар асуухад, “та хүн зодсон гэнэ, тэр хүн чинь танд гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан. Тийм болохоор таныг цагдаагийн газар руу авч явна” гэж хэлсэн. Ингээд цагдаагийн газарт ирэхэд манай орцны М гэх ахын нүүр нь хөхөрчихсөн байдалтай байсан. Тухайн үед би Мандахбат ахтай хаана тааралдсан, юунаас болж маргалдаж муудах болсон гэдгээ огт санахгүй байна. Би архи уухаараа гуйвахгүй, нүүрэнд хувирал байхгүй согтсон нь мэдэгдэхгүй хэрнээ согтчихсон байдаг гэсэн... ” гэжээ. /хх 26/

Хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 07-ны орой ганцаараа гэр рүүгээ орох гээд дээш алхаж хоёр давхарт ирэхэд манай орцны 59 тоотод амьдардаг М гэх залуу надтай нэлээд согтуу тааралдаад “ах аа, тамхилчих” гэхээр нь би тамхи гаргаж өгсөн. Тэгээд зогсож байтал М надад хандаж “чи нээрээ том байна даа” гээд намайг үг хэлээр өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “чи ингэж болохгүй шүү” гэж хэлээд дээш гарч байтал миний араас гарч ирээд гурван давхарт миний цээж хэсэг рүү гараараа нэлээд олон удаа цохисон. Дараа нь миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Ингээд байж байтал доороос манай эхнэр Эрдэнэчимэг гарч ирээд М-ийг надаас салгах гэтэл салахгүй байсан ба миний гэдэс рүү хэд хэдэн удаа цохисон. Манай эхнэр цагдаад дуудлага өгөх гэхэд Эрдэнэчимэгийг түлхтэл гарт нь байсан гар утас газарт унан гар утасных нь дэлгэц, мөн халуун сав хагарсан. Ингээд Мөнх-Эрдэнэ надтай зууралдаад таван давхарт гараад байж байтал 60 тоотын Дүүсээ эгчийн хүү гарч ирээд М-ийг надаас салгаад гэр рүүгээ авч орсон...” гэжээ. /хх 5/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хоёр давхарт гарсан чинь манай нөхөр Мандахбат нь танихгүй нэг залуутай зууралдаад зогсож байсан. Тухайн үед манай нөхөр тэр залууд цохиулсан бололтой хамраас нь цус гарчихсан байсан. Би тэр хоёрт хандаж “та хоёр яагаад байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхэд, тэр залуу манай нөхөр Мандахбатын гэдэс хэсэг рүү хоёр гараараа 5-6 удаа цохисон. Ингээд би тэр хоёрыг салгах гэхэд  тэр залуу намайг түлхсэн, миний барьж явсан цайны халуун сав, гар утас хоёр маань миний гарнаас алдагдаж шалан дээр унаж халуун сав хагарч, гар утасны дэлгэц цуурч гэмтсэн. Миний хувьд гар утсаа янзлуулж, халуун саваа төлүүлэх саналтай байна...” гэжээ. /хх 12-13/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 20 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язрал, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл болно. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 21/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Мөрдөн шалгах ажиллагаанд ******* /хх 16/, ******* /хх 17/, ******* /хх 18/ нарын болон хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, шүүгдэгч М.М нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Яаралтай тусламжийн хуудас /хх 20/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 34-36/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 32/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч М.М нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 30 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч *******ыг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар  шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язрал, баруун гуяны цус хуралт” бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Би тэр ахтай яагаад муудах болсноо үнэхээр санахгүй байна...Миний буруу, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 26, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч *******ын “...Намайг дээш шатаар гарч байтал Мөнх-Эрдэнэ миний араас гарч ирээд гурван давхарт миний цээж хэсэг рүү гараараа нэлээд олон удаа цохисон. Дараа нь миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Ингээд байж байтал доороос манай эхнэр Эрдэнэчимэг гарч ирээд М-ийг надаас салгах гэтэл надаас салахгүй байсан ба миний гэдэс рүү хэд хэдэн удаа цохисон...” /хх 8-9/ гэх мэдүүлэг, болсон үйл баримт /факт/-ыг нүдээр харж гэрчилсэн гэрч, иргэний нэхэмжлэгч *******ийн “...2017 оны 12 сарын 07-ны орой 19 цагийн орчимд орцоор ороход нэг давхрын шатан дээр цус байсан...мөн дээр хүмүүс маргалдаад байгаа дуу чимээ сонсогдсон. Намайг хоёр давхарт гарахад манай нөхөр Мандахбат нэг танихгүй залуутай зууралдаад зогсож байсан. Тэр хүнд цохиулсан бололтой хамраас нь цус гарчихсан байсан...Намайг “та хоёр болиоч” гэж хэлэхэд, тэр залуу манай нөхөр Мандахбатын гэдэс рүү 5-6 удаа...толгой орчимд 2-3 удаа гараараа цохисон...60 тоот хаалганаас хоёр залуу гарч ирж нөгөө залууг гэр рүүгээ чирж оруулсан...” /хх 14/ гэх, гэрч *******ын “...Манайх 30 дугаар байрны 60 тоотод байдаг юм...2017 оны 12 сарын 07-ны орой 19 цагийн орчимд манай хаалгыг хүн эвдэх шахаад цохиод байхаар нь хаалгаа тайлсан чинь манай орцны гурван давхарт байдаг ах байсан. Тэр ахын хамраас нь цус гоожсон, нүд нь эвгүй болсон /хөхөрсөн/ байдалтай байсан...М нөгөө ахын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан...Хаалганы дурангаар харж байхад Мандахбат гэх хүний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиж байсан...” /хх 16/ гэх мэдүүлгүүдээр, мөн зодуулсан тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад хохирогч хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, олон тооны цус хуралт бүхий гэмтэл нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох талаар дүгнэсэн шинжээч эмчийн 20 тоот дүгнэлт /хх 21/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М-ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язрал, баруун гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний хэвлий, толгойн тус газар гараараа цохисон шүүгдэгч М.М-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч М.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нь хохирогчийг зодох явцдаа иргэний нэхэмжлэгч Эрдэнэчимэгийн халуун сав, гар утасны дэлгэцэд хохирол учруулсан байх ба түүнийг барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч *******ийн “...Хохирол барагдуулсан...” /хх 36/ гэх тэмдэглэл, гэрч *******гийн “...22000 төгрөгөөр халуун сав авч өгч, утсанд 50000 төгрөгөөр засвар хийлгэж хохирлыг барагдуулсан...” /хх 17/ гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 

 Хэрэгт шүүгдэгч М.М-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь жолооч ажилтай гэх боловч түүний ажилтай, орлоготой эсэхийг шүүгдэгчийн өөрийнх нь биеийн байцаалтад өгснөөс өөрөөр тодорхойлж чадаагүй байна. Иймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг оновчтой оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Т регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт М М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М М-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-д анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 1721000000169 дугаартай хэрэгт шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Т регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ