| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0487/З |
| Дугаар | 128/ШШ2024/0714 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0714
| 2024 09 18 | 128/ШШ2024/0714 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.,
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарын хоорондын газар чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д ...дүүргийн 18 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах гэсэн заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох,
1.2. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоох,
1.3. Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасны дагуу Ө., Д. нараас иргэн надад учирсан хохирлыг гаргуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Д. нь 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Автомашины гараж худалдах, худалдан авах гэрээ”-г иргэн Ж.*******тэй байгуулан, түүнээс Баянгол дүүргийн *******, ******* байрны баруун талд байрлах 18 м2 талбай бүхий №21 дугаар зогсоолын нэг машины гараашийг шилжүүлэн авч,[1] энэхүү гараашийн газар ашигласны хуримтлагдсан төлбөрийг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Н. болон мөн дүүргийн газрын албаны дарга Д. нартай “Газрын төлбөрийг тодорхойлох тухай №18/525 Ө-45” актыг[2] байгуулан[3], уг гэрээнд заасны дагуу төлбөрөө барагдуулсан байна.
2.2.Улмаар дээрх гараашийн газрыг эзэмших хүсэлтээ дүүрэг, нийслэлийн Газрын албанд гаргасан боловч “...СӨХ-ийн мэдлийн газар учир газар эзэмших гэрчилгээ ч олгохгүй, бас газрын татвар ч авахгүй...” гэх хариуг өгсөн[4] тул энэ цагаас хойш газраа төлбөргүйгээр ашиглаж[5] байтал Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар Баянгол дүүргийн *******, ******* байрны баруун талд байрлах нэр бүхий иргэдийн эзэмшлийн гараашийг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх шийдвэрийг тус тус гаргаж, улмаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдлийг тус хэргийн нэхэмжлэгч Д. болон бусад нэр бүхий 22 иргэдэд хүргүүлсэн байна.
2.3.Энэхүү захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан тус хэргийн нэхэмжлэгч Д. болон бусад 22 иргэдээс өөрсдийн эзэмшлийн гараашийг зөвшөөрөлтэй баригдсан байхад Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргаас хууль бус захирамж гаргасан болох, мөн тухайн иргэдийн ашиглаж буй гараашийг зөвшөөрөлтэй баригдсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан тус хэргийн нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Ө.а нарын 12 иргэнд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.[6]
2.4.Гэвч нэхэмжлэгч Д. хувьд Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамж болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудсаар миний гараашийг нураасан тул уг захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас надад учруулсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандсан хэмээн тайлбарлан маргаж, нэхэмжлэлээ 2024 оны 05 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “…Баянгол дүүргийн засаг даргын 2024 оны 04 сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д дүүргийн ... 18 ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан ... тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсугай” гэжээ. 1980-аад онд баригдсан хорооллын барилгууд гаднаа болон барилгын доор автомашины зогсоол төлөвлөгдөөгүй байсан ба 1990-ээд оны сүүлээс тухайн үеийн хотын удирдлагууд иргэдийн аюулгүй тайван орчинд амьдрах нөхцөлийг хангах үүднээс тоосгон гарааш барих захирамж, тушаал шийдвэрүүдийг гаргаж байсан юм.
Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэр 88 дугаар цэцэрлэгийн ард болон зүүн талд баригдсан тоосгон гараашууд нь тухайн үеийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 тоот захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 тоот захирамжуудын дагуу зөвшөөрөлтэй баригдсан гараашууд юм.
Иймд дээрх захирамжийн зөвшөөрөлтэй гараашуудыг зөвшөөрөлгүй хэмээн нураахаар гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын А/173 тоот захирамжийн холбогдох заалт нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарын “Газрын зөрчил арилгах тухай” 2024 оны 04 сарын 08-ны өдрийн А/173 тоот захирамжийн 2.-т “Газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг ГЗБА-ны дарга Д. ... -д даалгасугай.” гэж заасан байна.
Гэтэл гараашуудыг 2024 оны 04 сарын 13-ны дотор чөлөөл гэсэн Баянгол дүүргийн ГЗБА-ны дарга Д.ийн гарын үсэг бүхий “Мэдэгдэх хуудас” гэгчийг 2024 оны 04 сарын 12-нд гараашуудын хаалган дээр наасан юм.
Энэхүү “Мэдэгдэх хуудас”-нд “Газрын тухай хууль”-ийн 27.1-д “... газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх тул 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дотор чөлөөлөхийг мэдэгдэж байна гэсэн байв.
Гарааш эзэмшигч миний бие өөрийн эзэмшлийн гараашийг 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр худалдан авч 2011-05-10-нд Баянгол дүүргийн Газрын албанд гарааш эзэмшигчээр бүртгүүлсэн. Тухайн үед зөвшөөрөлтэй баригдсан бүх гараашууд гарааш эзмшигчдийнхээ нэр дээр бүртгэлтэй карттай байсан ба миний эзэмшиж буй гарааш нь №145 гэсэн карттай байсан.
Уг картанд: 1.“*******” ХХК-ийн захирал С.*******, инженер П.******* нарын гарын үсэг тамга бүхий Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3-р хавсралт “Эргэлтийн цэгүүд нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг” /кадастрын зураг/ -1 хуудас, иргэн Ж.*******, Д. нарын хооронд 2011 оны 02-21 -нд байгуулсан нотариатаар баталгаажсан “Автомашины гараж худалдах худалдан авах гэрээ”, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт- 1 хуудас, гаражийн газар эзэмшихээр гаргасан өргөдөл 2 хуудас, газрын төлбөрийг тодорхойлох акт №18/525 Ө-145, газрын төлбөр төлсөн баримт 2 хуудас, газар эзэмших гэрчилгээ /цагаан/ 1 хуудас, нийт 7 хуудас материал байсан. Гэтэл одоо дүүргийн газрын алба гараашийн бүртгэлийн карт, бичиг баримт архивт байхгүй тул та гарааш эзэмшигч биш гэсэн хариу өгч байна. Албан ёсний бүртгэлтэй баримт бичгийг устгасан хариуцлагыг хэн хүлээх вэ?
2012 онд “Газрын тухай хууль” батлагдсантай холбогдуулан уг хуулийн 27.1 дэх хэсэгт “Гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшинэ” гэсэн заалтын дагуу өөрийн эзэмшиж буй гараашийнхаа “Газар эзэмших гэрчилгээ” авахаар Баянгол дүүргийн ГЗБА /мэргэжилтэн *******/, Нийслэлийн ГЗБА /ажилтан *******/ нарт хандан хүсэлт гаргаж байсан юм. Гэтэл тэдгээр байгууллагууд дараах хариултыг өгсөн болно. Үүнд:
-Тус гарааш нь Баянгол дүүргийн *******ны “*******” СӨХ-ийн эзэмшлийн газарт харъяалагддаг тул “СӨХ-ийн Эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн тухай хууль”-ийн 15.1.1-д заасан/ гараашийн “Газар эзэмших гэрчилгээ” олгох боломжгүй.
Нэгэнт тус гарааш нь “*******” СӨХ-ийн эзэмшлийн газарт байрладаг тул цаашид гарааш эзэмшигчдээс газрын төлбөр авахгүй гэсэн шийдвэрийг гаргаж байсан юм. Гарааш эзэмшигч мөн болох нь холбогдох баримтуудаар тогдоогдсоор байтал яагаад гарааш эзэмшигч биш гэж үзэж байгаа нь тодорхой бус байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй нь иргэн миний буруу биш харин тухайн үед “гарааш эзэмших гэрчилгээ” гаргаж өгөөгүй төрийн байгууллагуудын буруу байсан гэж үзэж байна.
Иймд “Мэдэгдэх хуудас”-ны “Газрын тухай хууль”-ийн 24.1, 27.4 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна.
Дээр заасан хууль бус үйл ажиллагаа нь иргэн надад болон тухайн гарааш эзэмшигчдийг гүн цочролд оруулж эд материалын болон сэтгэл санааны ихээхэн хохирол учруулсан болно. Гараашуудыг 2024 оны 04 сарын 13-ны дотор чөлөөл гэсэн Баянгол дүүргийн ГЗБА-ны дарга Д.ийн гарын үсэг бүхий “Мэдэгдэх хуудас” гэгчийг 2024 оны 04 сарын 12-ны баасан гарагт гараашуудын хаалга дээр нааж, 2024 оны 04 сарын 15-ны даваа гаригт хүч түрэн нураасан юм. Гарааш нураах тухай Баянгол дүүргийн засаг даргын А/173 тоот захирамжийг гарааш эзэмшигч иргэдэд танилцуулаагүй, иргэдийн санал хүсэлтийг сонсоогүй, иргэдийг зохих хууль ёсны дээд байгууллага, хуулийн байгууллагад хандах, иргэний эрхээ эдлэх ямарч боломж өгөөгүй юм. Энэхүү үйлдэл нь:
Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3. “Хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл. Нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйл. Нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйл. Оролцогчийг сонсох, 27 дугаар зүйл. Сонсох ажиллагаа явуулах, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.7.1. төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд гараашаа нураалгасан иргэн би Монгол улсын үндсэн хуулийн 16.12. "... Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн өөрт учирсан хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Монгол улсын “Захиргааны ерөнхий хууль”-ийн 101.1."... захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна”, 101.2. Иргэн өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна. 104.1. Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөн олговор олгож хохирлыг барагдуулна. гэх заалтуудыг үндэслэн гараашаа нураалгасан иргэн миний хохирлыг барагдуулж, буруутай шийдвэр гаргасан этгээдүүдээр нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Хохирогч иргэн би өөрт учирсан хохирлоо 10 сая /арван сая/ төгрөгөөр үнэлж хохирлоо барагдуулахаар нэхэмжилж байна. …Иргэн миний гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна:
-Захирамжийн хууль зүйн үндэслэл: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй.” 47 дугаар зүйлийн 47.1-т “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно.” 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийгдур мэдэн эзэмшсэн бол дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Газар төрийн хяналт, хамгаалалтад байна”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Дүүргийн засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна.” гэж тус тус заасан болон Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 17 дугаар тогтоол, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн Дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах тухай” А/446 дугаар захирамж[7] гарсан.
Захирамжийн зорилго: Тус Дүүргийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Газар ашиглалтыг сайжруулах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан.
Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэр, 88 дугаар цэцэрлэгийн хойд болон зүүн талд байрлах, газрын зөвшөөрөлгүй 1 ширхэг тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, мөн тухайн маргаан бүхий газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд өмчилж, эзэмшүүлж ашиглуулсан тухай захирамж, шийдвэр огт байдаггүй тул Дүүргийн Засаг даргын зүгээс газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул 2024 оны 04 дүгээр сард албадан чөлөөлсөн байна.
Захирамжийн сонсох ажиллагаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “Захиргааны үйл ажиллагаанд Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтална", Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сараас эхлэн тухайн байршилд байрлах гараашуудын эздэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тараасан.
Уг сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нэхэмжлэгч болон бусад иргэдээс Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирж хариуцсан хорооны газар зохион байгуулагчтай уулзсан боловч бичгээр санал, хүсэлт, холбогдох нотлох баримтаа гарган өгөөгүй байдаг.
Захирамжийг мэдэгдсэн тухай: Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу Дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийг 2023 оны 12 дугаар 15-ны өдрөөс эхлэн тухайн байршилд байх 110 гарааш эзэмшигчдэд мэдэгдэж эхэлсэн байдаг.
Нөхцөл байдлыг тогтоох: Дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасны дагуу маргаан бүхий газрын суурин болон хээрийн судалгааг хийх, төлөвлөлт, хэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэлийг нягтлан судалсан. Тухайлбал:
Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор маргаан бүхий газар нь Газрын мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, нэгж талбарын хувийн хэрэгтэй эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх, газрыг аливаа этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарч байсан эсэх, газрын төлбөр тооцоо хийж байсан эсэх, инженерийн шугам сүлжээ болон үер усны ам далан, ундны усны эрүүл ахуй, хамгаалалтын бүс болон хязгаарлалтын бүстэй давхцаж байгаа эсэх, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалтай эсэх зэргийг нягталж шалгасан.
Нэхэмжлэгчид маргаан бүхий газарт Монгол улсын Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших, өмчлөх эрх огт үүсэж байгаагүй, газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, хууль зөрчин гаражийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар дараах байдлаар газрын төлбөрийг 2017 онд төлсөн, түүнээс хойш газрын төлбөрийг төлж байгаагүй.
Нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тухай: Нэхэмжлэгч нь маргаан бүхий тоосгон гаражуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй бөгөөд этгээд болох нь 1. Захирамжийн үндэслэл, 2. Хэргийн материалд цугларсан болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн баримтууд, 3. Бусад төрийн захиргааны байгууллагуудаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон холбогдох нотлох баримтаар тогтоогддог.
Нөхөх олговор олгох тухайд: Уг асуудлыг Монгол Улсын газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам” -аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-т “Өмчлөх, эзэмших эрх бүхий газар, Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, Газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан.
Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан.
Нэхэмжлэгч нарын тухайд 1994 оны болон 2002 онд батлагдаж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын үйлчлэлд хамаарахгүй этгээд юм.
Захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг нэг бүрчлэн судалж, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газрын зөвшөөрөлгүй маргаан бүхий гаражуудыг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгах захирамж гаргасан.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг нь нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Хавтас хэрэгт авагдсан тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.28-д ...нэхэмжлэгч Д. ...Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114, мөн оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжуудын дагуу зөвшөөрөлтэй баригдсан гараашийг худалдан авч ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, холбогдох баримтууд нь Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаагүй... гэж дүгнэн түүний ...миний эзэмшлийн гараашийг зөвшөөрөлтэй баригдсан байхад Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргаас хууль бус захирамж гаргасан болох, мөн тухайн иргэдийн ашиглаж буй гараашийг зөвшөөрөлтэй баригдсан болохыг тогтоолгох...агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
4.3.Хэдийгээр шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.ыг тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна”-сан боловч тэрээр “…Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамж болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас гаргаж, мэдэгдэх хуудас гарснаас хойш 3 хоногийн дотор миний гараашийг нураасан, надад гомдох эрх олгоогүй, миний гарааш эзэмшигчийн хувийн хэрэг Баянгол дүүргийн газрын албан дээр байсан... хэмээн маргасан.
4.4.Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар “Газрын зөрчил арилгах тухай” захирамжид нэхэмжлэгч Д.ын худалдан авсан Баянгол дүүргийн *******, ******* байрны баруун талд байрлах 18 м2 талбай бүхий №21 дугаар зогсоолын нэг машины гараашийн доорх газар огт тусгагдаагүй[8] байх тул уг актыг хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
4.5.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “…Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэр 88-р цэцэрлэгийн ард болон зүүн талд баригдсан тоосгон гараашууд нь тухай үеийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992-11-11-ны өдрийн А/39, БГД-ийн Засаг даргын 1999-07-22-ны өдрийн Б/128, 1999-07-04-ний өдрийн Б/114 тоот захирамжуудын дагуу зөвшөөрөлтэй баригдсан гараашууд юм...” гэх үйл баримтад дурдсан асуудлыг өмнө шүүхээс хянан үзээд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.
4.6.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, …хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана; гээд мөн зүйлийн 54.1.6 дахь заалтад нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар,…хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д ...дүүргийн 18 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах гэсэн заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.7. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1.Монгол Улсад газар, түүний хэвлий, …гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т Дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна, Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй, Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол …дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзэхэд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч Д.т гараашийн зориулалтаар газар ашиглах, эзэмшүүлэх, өмчлөх эрхийг олгох шийдвэр гаргаагүй, гэрээ хийгдэж, гэрчилгээ олгогдоогүй, зөвхөн тухайн газарт баригдсан гараашийг л ашиглах эрх үүссэн байна.
Харин түүний хүчингүй болгуулахаар маргаж буй Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудсын хувьд энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан Ө.а нарын 12 иргэнд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “…Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй…” гэж заасан дагуу гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийн болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 2.6. Тоосгон гараашуудын газрыг чөлөөлж тохижилт, бүтээн байгуулалт хийх” төлөвлөгөөнд тусгасан хэрэгжилтийн хүрээнд дагалдаж гарсан захиргааны акт аж.[9]
Уг актын үйлчлэл нь нэхэмжлэгч Д.ын эрх зүйн байдлыг хөндсөн, захиргааны байгууллагаас түүний хууль ёсны өмчлөл руу хууль бусаар халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэгэнт шүүхээс маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас гаргасан хариуцагчийн үйлдэл хууль тогтоомж зөрчөөгүй, түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн гараашийн үнэ болох 10 сая төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Эцэст дээр дурдсаны дагуу зөвшөөрөлгүй баригдсан гараашийг албадан буулгах, түүний доорх газрыг чөлөөлөхтэй холбоотой захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар нэхэмжлэгч хангалттай мэдээлэлтэй байсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, бусад баримтаар нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дугаар зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ын гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д ...дүүргийн 18 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах гэсэн заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоох, Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасны дагуу Ө., Д. нараас иргэн надад учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 135-136 хуудас
[2] Хавтас хэргийн 137 хуудас
[3] Хавтас хэргийн 138 хуудас
[4] Хавтас хэргийн 138 хуудасны ар тал /эх хувь/
[5] Хавтас хэргийн 139 хуудас /эх хувь/
[6] Хавтас хэргийн 204-228 хуудас
[7] Хавтаст хэргийн 41 хуудас
[8] Хавтас хэргийн 153-154 хуудас
[9] Хавтас хэргийн 99, 114-115 хуудас