Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2024/01032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь “Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай” хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие сургууль төгсөөд 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрт хайрцаг хадагчаар ажилд орсон. Тухайн үед нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж миний овгийг буруу бичсэн. ******* гэж миний төрсөн эцэг юм. Тиймээс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүсэж байгаа ба 1989 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс Техник туслалцааны барилга трестэд ачигчаар орсон. 1990 онд зах зээлийн шилжилтийн үед барилга трест хувьчлагдан задарч хэд хэдэн пүүс болон хуваагдаж тарсан ба миний бие Дөл пүүсийн мэдэлд шилжиж слесариар ажилласан. Иймд 1989 оны 02 дугаар сараас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Техник туслалцааны барилга трест болон түүний харьяа Дөл пүүст слесариар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “******* *******” овог, нэрээр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, дугаартай “******* *******” нэрээр олгосон Нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Дорнод аймаг дахь партизан Содномдаржаагийн нэрэмжит СХ-ийн тэрэгний үйлдвэрийн даргын 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаар Ажилд авах ба ажил өөрчлөх тухай, Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаар Ажлаас чөлөөлөх тухай, Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1989 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар Ажилд түр томилох тухай тушаалуудын хуулбар, Д.*******ын шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Дорнод аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах, *******, *******, ******* нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах, үзлэг хийх зэрэг ажиллагааг явуулсан болно. (хх 2-16, 24, 27-43, 49-50 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.

 Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, Хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэр буруу бичигдсэн байгаа зэргээс дээрх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 

2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн CVL2421000001001115 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”, Төрөгсдийг бүртгэх анкет,

4. Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “******* *******” овог, нэрээр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, дугаартай “******* *******” нэрээр олгосон Нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

5. Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1989 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар,

6. Д.*******ын “Дөл” ХК-д шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа,

7. Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар “Пүүс зохион байгуулах тухай” тушаалын хуулбар,

8. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19/788 тоот “...Техник туслалцааны барилга трест нь 1992 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хувьчлагдаж Дөл бүрэн бус хариуцлагатай компани болсон. Дөл компани нь 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Дорсан” ХХК болж өөрчлөгдсөн байна” гэх албан бичиг, түүнд хавсаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан:

- гэрч *******ын “...******* нь миний ээжийн төрсөн ахынх нь хүүхэд юм. *******ын төрсөн аав нь ******* гээд ******* аймгийн Онгон суманд малчин хүн байсан. *******ийн аав нь ******* гэдэг хүн байсан. Тодруулбал ******* нь *******ын өвөө нь бөгөөд *******ыг жаахан байхад нь албан ёсоор үрчилж аваагүй боловч өөртөө дасгаад авчихсан хамт байдаг байсан юм. Тэгээд хөдөлмөрийн дэвтэр дээр нь овгийг нь  ******* гэж өвөөгийнх нь нэрээр биччихсэн юм байна. Би Хөлөнбуйр сумын эмнэлэгт эмчээр ажиллаж байх хугацаандаа 1990-ээд онд эмнэлгийнхээ санхтехникийг Дөл гэдэг компаниар хийлгэж байсан. Тэгэхэд ******* нь энэ Дөл компанид ажилладаг байсан. Манай эмнэлгийн сантехникийн ажлыг ирж хийж байсан. ******* нь тус Дөл компанид Техник туслалцааны барилга трест нэртэй байх үеэс нь эхлээд л ажиллаж байсныг нь мэдэх юм. Барилга ТМС-ийн сантехникийн ангийг 1983 оны 06 дугаар сард төгсөөд шууд энэ Техник туслалцааны барилга трестэд ажиллаж эхэлсэн юм. Сүүлд Дөл ХХК болсных нь дараа ч ажиллаж байсан...” гэх мэдүүлэг болон түүний иргэний үнэмлэхийн хуулбар,

- гэрч *******ын “...Би Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1985 оны 08 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Учир нь Техник туслалцааны барилга трест нь 1990 оны 12 дугаар сарын 28-нд тарж олон пүүс болсны нэг нь Дөл пүүс бөгөөд үүнд үргэлжлүүлэн 2005 оны 05 дугаар сар хүртэл ажилласан юм. Дөл пүүс нь сүүлд 1990 оны сүүлээр Дор-сан ХХК болсон. Намайг энэ байгууллагад ажиллаж байх үед ******* ажилладаг байсан. ******* нь ямартай ч 1989 онд ажиллаж байсан. Яг хэдэн онд орсныг нь мэдэхгүй байна. Тус барилга трест нь Пүүсүүд болоход ******* бид хамт Дөл пүүсэд ажиллах болсон учир санаж байна. ******* бид хоёр хоёулаа сантехникч хийдэг байсан. Би 2005 оны 05 дугаар сарын 01-ээс Хэрлэн сумын 11 дүгээр сургуульд няраваар ажиллах болсноор ажлаасаа гарсан бөгөөд тэр үед ******* ажиллаж л байсан...” гэх мэдүүлэг болон түүний иргэний үнэмлэх, ажилд томилогдсон тушаалын хуулбар,

- гэрч *******ын “...Би Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сараас 1990 оныг дуустал ажилласан. Тус трест нь 1991 оноос Дөл пүүс болсон бөгөөд үүнд үргэлжлүүлэн Дор-сан ХХК болтол ажиллаж, тус компани 2011, 2012 оны үеэс үйл ажиллагаа явуулахаа болих хүртэл ажилласан. Би тус байгууллагад сангийн бригадын ахлагчаар ажилладаг байсан. ******* мөн энэ байгууллагад ажилладаг байсан. Тэрээр 1980 оны сүүлээр 1988, 1989 оноос ажиллаж эхэлсэн. Дөл пүүс болоход мөн үргэлжлүүлэн сантехникчээр ажиллаж байсан. Би сангийн бригадын ахлагчаар ажилладаг байсан юм. Ямар ч байсан сүүлд Дор-сан ХХК болоход нь ч ******* ажиллаж байсан бөгөөд яг хэдэн он хүртэл ажилласныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг болон түүний иргэний үнэмлэх, дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “******* *******” гэх овог, нэрээр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* мөн болох нь, *******ийн ******* нь 1989 оны 02 дугаар сарын 28-аас 1992 оны 04 дүгээр сарын 17-ыг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд ачигчаар, 1992 оны 04 дүгээр сарын 18-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал “Дөл” пүүс болон “Дөл” бүрэн бус хариуцлагатай компанид сантехникийн слесариар ажиллаж байсан болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “******* *******” гэх овог, нэрээр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /*******/ мөн болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ын 1989 оны 02 дугаар сарын 28-аас 1992 оны 04 дүгээр сарын 17-ыг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд ачигчаар, 1992 оны 04 дүгээр сарын 18-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал “Дөл” пүүс болон “Дөл” бүрэн бус хариуцлагатай компанид сантехникийн слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болмогц 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА