| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0016/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамдин овогт Д Б-т холбогдох 1721000000179 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Дамдин овогт Д Б, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 07 сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЭ79071173/, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн дүгээр байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч Д.Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 24 дүгээр байрны 80 тоотод байх өөрийн гэртээ 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Б.У-г зодож, “хуйханд баруун зулай, дагз хэсгийн язарсан шарх, духны зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын доорх цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, ар нурууны зулгаралт, цус хуралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр Уужимсанаа над руу залгаад “чи гэртээ орж ирээч, юу хийгээд дэвээд байгаа юм бэ, наад баар чинь хааж байгаа юм биш үү” гэхээр нь би, “ердөө би дэвээгүй, хүнээ танихгүй байж” гэж хэлчихээд, “эд нар цаашаа үргэлжлүүлэх гээд байх шиг байна” гэхэд, манай эхнэр “чи тэр чигээрээ зайлаарай” гээд утсаа тасалсан. Эхнэр Уужимсанаа хэрүүл маргаан үүсгээд “чи баарны гадаа бүжиглээд байгаа биз дээ” гэхээр нь би, “бүжиглээгүй, чи хүн таньдаггүй юм уу” гээд маргалдаж байгаад хувцасаа тайлж байхдаа өмдний тэлээгээ тайлах гэж татахдаа хажууд байсан эхнэрээ тэлээний арлаар цохьчихсон. Манай эхнэр уурлаад намайг алгадаад, нүүр рүү маажихаар нь би уурандаа нүүр рүү нь нэг удаа алгадсан чинь хүү Мөнх-Оргил, дүү Мөнхдэлгэр нар намайг болиулсан...” гэжээ. /хх 18-19/
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гадагшаа цонхоор харахад манай байрны гадаа байдаг “Хананбулаг” баар хааж байсан ба баарны гадаа манай нөхөр Б гараа алдлаад дуулаад бүжиглээд байгаа юм шиг сонин харагдахаар нь Б руу залгаад “наад баар чинь хааж байгаа юм биш үү, гэртээ орж ирээч” гэхэд, манай нөхөр “энэ хүмүүс цаашаа үргэлжлүүлээд өөр газар орно гэнэ ээ” гэж хэлэхээр нь би уурлаад, “наад хүмүүстэйгээ цаашаа яв” гэж хэлээд утсаа тасалсан. Удаагүй манай нөхөр Б гаднаас орж ирэхэд нь “гадаа юугаа хийгээд дэвээд байгаа юм бэ” гэхэд, “би биш, хүнээ танихгүй байна” гээд хэрэлдэж маргалдсан. Б өмдөө тайлж байснаа өмдний тэлээний арлаар миний толгой руу цохисон ба дараа нь гараараа толгой руу олон удаа цохиж, үсдэж чирэхээр нь өөрийгөө хамгаалах гэж Б-ын нүүрийг маажсан...” гэжээ. /хх 6-7/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 33 тоот дүгнэлтэд: “1.Б.У-гийн биед хуйханд баруун зулай, дагз хэсгийн язарсан шарх, духны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, ар нурууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 13/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Хохирогч Б.У /хх 6-7/ болон шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 10, 18-19/, Яаралтай тусламжийн хуудас /хх 12/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 24/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Д.Бнь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн 24 дүгээр байрны 80 тоотод өөрийн гэртээ эхнэр Б.У зодож, эрүүл мэндэд нь “хуйханд баруун зулай, дагз хэсгийн язарсан шарх, духны зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын доорх цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, ар нурууны зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Маргалдаж байгаад хувцасаа тайлж байхдаа өмдний тэлээгээ тайлах гэж татахдаа хажууд байсан эхнэрээ тэлээний арлаар цохьчихсон. Манай эхнэр уурлаад намайг алгадаад, нүүр рүү маажихаар нь би уурандаа нүүр рүү нь нэг удаа алгадсан...” /хх 19, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Б.У “...Б өмдөө тайлж байснаа өмдний тэлээний арлаар миний толгой руу цохисон ба дараа нь гараараа толгой руу олон удаа цохиж, үсдэж чирэхээр нь өөрийгөө хамгаалах гэж Б-ын нүүрийг маажсан...” /хх 5/ гэх мэдүүлгүүдээр, мөн зодуулсан тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад хохирогч хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, яаралтай тусламжийн хуудас /хх 12/, олон тооны цус хуралт бүхий гэмтэл нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох талаар дүгнэсэн шинжээч эмчийн 33 тоот дүгнэлт /хх 13/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч Б.У-ийн эрүүл мэндэд учирсан “хуйханд баруун зулай, дагз хэсгийн язарсан шарх, духны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, ар нурууны зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний толгойн тус газар өмдний тэлээ болон гараар цохисон шүүгдэгч Д.Б-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт шүүгдэгч Д.Б-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” /хх 6-7/ гэсэн болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Ж регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамдин овогт Д-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-т анхааруулсугай.
5. Эрүүгийн 1721000000179 дугаартай хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Ж регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ