Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0692

 

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0692

        Улаанбаатар хот

     

   “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, хариуцагч Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У-ын гаргасан давж заалдах гомдлоор, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс, Хөвсгөл аймгийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэст холбогдох “Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “С” ХХК-г сонгон шалгаруулсан “2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч “У” ХХК нь ТОӨЗ-т заасны дагуу бүхий л шаардлагыг хангаж холбогдох баримтыг бүрэн бүрдүүлж зарласан тендерт оролцсон юм. “У” ХХК-тай харьцуулахад тендерт ялсан “С” ХХК нь ТОӨЗ-т  заасан шаардлагад дараах байдлаар тэнцээгүй болох нь илэрхий байсан. Тодруулбал, Ерөнхий инженер нь тухайн компанид 5-аас доошгүй жил ажилласан байх, цахилгааны инженер нь тухайн компанид 2-оос доошгүй жил ажилласан байх, экскаватор нь өөрийн эзэмшлийнх байх зэрэг шаардлагыг хангаагүйн дээр С.А, У.Х нараас бусад “С” ХХК-д ажилладаг гэх  инженер техникийн үндсэн ажилчдын ажилласан байдал нийгмийн даатгалын баримтаар тогтоогддоггүй юм.

Гэтэл Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 14-16-д заасан “ерөнхий нөхцөлийг магадлах”, “техникийн чадавх болон туршлагыг үнэлэх”, зохицуулалтыг алгасан, энэ зохицуулалтыг огт хэрэглэхгүйгээр “С” ХХК-д хуулийн давуу байдал олгож хуулийн 28 дугаар зүйлд заасан “тендерийг үнэлэх” үйл явцыг хэрэгжүүлсэн нь хуулийн зохицуулалтыг алдагдуулсан, зөрчсөн гэж үзэж байна.

Тендерийн бичиг баримтаас харахад тендерт оролцогч компаниудын ирүүлсэн баримт бичгийг огт хянан үзээгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “хянан үзэх” үйл явц хэрэгжээгүй, энэ хуулийн шаардлагыг алгассан болох нь “С” ХХК-ийн тендерийн бичиг баримтыг шууд тэнцүүлж хуулийн 28 дугаар зүйлд заасан “тендерийг үнэлэх” үйл явцад татан оролцуулснаас тодорхой харагдаж байна.

Хэрвээ Үнэлгээний хороо хуульд заасны дагуу тендерээ хянан үзсэн бол “С” ХХК-ийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т  зааснаар татгалзах ёстой байсан гэж үзэж байна. Хууль зүйн техникийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан “тендерийг үнэлэх” үйл явцыг хэрэгжүүлэхээс өмнө тус хуулийн 14-16 болон 27 дугаар зүйлд заасан ажлыг заавал гүйцэтгэж хуулийн 27.4-т заасан босгыг давсан тендерийн баримт бичгийг үнэлэх ажлыг хэрэгжүүлэх ёстой байтал алгасан хууль зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тухайд:

Тендер сонгон шалгаруулах үйл явц хуулийн дагуу явагдаагүйгээс хууль хэрэгжүүлэгчид итгэж, шударга шийдвэрт найдаж байсан “У” ХХК итгэл алдарч энэ утгаараа тендер сонгон шалгаруулалтын үйл явц дахь “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим алдагдсан гэж үзэж байна.

Төр ба хувийн хэвшлийн компанийн хооронд эрхийн хувьд тэгш бус харилцаа үүсч, хууль хэрэгжүүлэгч нь давуу байдалтай оролцдог нь хэнд ч ойлгомжтой бөгөөд энэ нь бусад этгээдэд давуу эрх олгодог ялгамжтай харилцаа огт байж болохгүй гэж үзэж байна. Иймд хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “У” ХХК-аас “... “С” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан тендерт оролцогчид тавигдах ерөнхий шаардлага болон дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт дурдсан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага,  27.1.3 дахь хэсэгт заасан тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагуудыг бүрэн дүүрэн хангасан эсэхийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны хэлтэс зохих ёсоор хянаж, шалгаагүй.   Тендерт шалгарсан гэх "С" ХХК нь Хөвсгөл аймгийн  Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерт оролцож байхдаа уг тендерийн материалын ТОӨЗ-4.4. (в), ТОӨЗ-5.2. (в)-1, ТОӨЗ-5.2. (в)-2, ТОӨЗ-5.3. (в), ТОӨЗ-5.2. (е), ТОӨЗ-5.3. (г) заалтуудад нийцүүлэн хуурамчаар материал бүрдүүлсэн ...” гэх үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ХӨ-2017/1.2.4 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус тендер сонгон шалгаруулалтад оролцсон “С” ХХК нь 698.954.699 төгрөгийн үнийн санал, Голомт констракшн ХХК 751.914.633 төгрөгийн, “У” ХХК 890.055.863 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны хэлтэс тендерт оролцсон тус 3 компанийн үнийн саналыг эрэмбэлэн харьцуулж, 698,954,699 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн “С” ХХК-ийг Улсын төсвийн хөрөнгө болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх Галт сумын сургуулийн спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д ...”шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д ...“хамгийн бага үнэтэй харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасантай нийцсэн байна.

Энэ талаар болон тендер сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан, тендерийг нээсэн, тендерт оролцогчдын ирүүлсэн баримтуудыг хянаж, тус тендерт оролцуулсан зэрэг тус тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “У” ХХК нь тус тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч тендерт шалгарсан “С” ХХК ТОӨЗ-4.4в, ТОӨЗ-5.2 в-1, ТОӨЗ-5.2 в-2 .... гэсэн заалтуудад заасан шаардлагыг хангаагүй байхад хариуцагч шалгаруулсан гэж маргасантай холбогдуулан 2110008 регистрийн дугаар бүхий “С” ХХК нь эрх бүхий этгээдээс олгосон барилга угсралт 2.1.1-2.2.2 заалт болон 2.2.4-2.3.2 заалтын дагуу ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь тогтоогдсон, энэ нь тус тендер сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх, Барилгын ажил, үйлчилгээнд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй талаар,

- тус компанийн боловсон хүчин тухайлбал, Ерөнхий инженер, талбайн инженер, цахилгааны инженер, холбоо дохиоллын инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, сантехникийн ажилтан зэрэг удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар туршлагын талаарх баримтууд нь захиалагчийн тавьсан шаардлагыг хангасан талаар,

-нэхэмжлэгчээс тендерт шалгарсан ”С” ХХК Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны ТОӨЗ-5.2.(е) д “гэрээг гүйцэтгэхэд ашиглагдах санал болгож буй үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, төрөл, /зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж машин механизмыг жагсаах” гэсэн шаардлагыг хангаагүй гэж маргасантай холбогдуулан “С” ХХК нь тендерт оролцохдоо захиалагчийн шаардлагад нийцсэн баримтыг хүргүүлсэн  нь тогтоогдсон  талаар шүүх тус тус зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүх аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татсан байна. Харин нэхэмжлэгчээс хамтран хариуцагчид холбогдуулан тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Анхан шатны шүүхийн тус тендер сонгон шалгаруулалтын захиалагч болох Хөвсгөл аймгийн Засаг даргын тендерт шалгарсан “С” ХХК-тай гэрээ байгуулах асуудлаар шийдвэр гаргах эрхийг хэрэгжүүлсэн үйлдлийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3-т заасантай нийцсэн талаарх болон дээр дурдсанчлан Үнэлгээний хороо захиалагчаас ирүүлсэн шаардлагын дагуу боловсруулсан тендерийн баримт бичгийн дагуу тендерийг үнэлж, хамгийн бага үнэтэй тендерийг сонгож шалгаруулсан нь холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн талаарх, мөн маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтын улмаас нэхэмжлэгч “У” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй талаарх дүгнэлтүүдийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                             

    ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

    ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

    ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ