Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0010

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч                          Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                            Л.Атарцэцэг,

                                           Х.Батсүрэн,

                                           Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                   Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай” 14 тоот тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0568 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, С.Б, Хариуцагч Д.Р, түүний өмгөөлөгч А.У нар. 

Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай 14 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.          

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0568 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 126/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай” 14 тоот тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0568 дугаартай магадлалыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад уг магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд Шуүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 443 дугаар нээлттэй хорих ангийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийжээ ...” гэж хэргийн бодит байдлыг зөв дугнэсэн атлаа дараах алдааг гаргасан байна. Үүнд:

4. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д байгууллага албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад ..., ямар ч асуудлыг бие даан хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох гэж заасны дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн сумын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих хуульд заасан бүрэн эрхийнхээ хурээнд маргаж буй актыг гаргасан гэж үзэхээр байна.Ашигт малтмалын үйл ажиллагаанд зөрчил гаргасан гэж үзэж уг зөрчлийг таслан зогсоох зорилгоор маргаан бүхий актыг гаргажээ” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдлаас өөрөөр харж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” эрхтэй гэж заасан нь уг уурхайн үйл ажиллагаанд ямар нэг зөрчил гарсан тэр нь нотлогдсон, зөрчлийн тухай эрх бүхий байгууллагад мэдэгдсэн, зөрчлийн хэрэг үүссэн, зөрчил болох нь тогтоогдсон эсхүл зөрчлийн тухай нэхэмжлэгч гуравдагч этгээдээс тайлбар авсан зэрэг зөрчлийн бодит нөхцөл үүссэн үед л таслан зогсоох эрхээ хэрэгжүүлэх ёстой зохицуулалт юм.

6. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй 443 дугаар хорих ангийн уурхай дээр тухайн хурал болохоос өмнө, хурал болох үед зөрчил гарсан, уг зөрчлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал таслан зогсоож маргаан бүхий актыг гаргасан мэт үндэслэлгүй дүгнэсэн.

7. Хэрэгт зөрчил гарсан тухай, зөрчлийн талаар хурлаар хэлэлцсэн тухай үйл баримт байхгүй, зөрчил гарсан гэж нотлогдож, тогтоогдоогүй мөн талууд зөрчил гарсан эсэх талаар огт маргаагүй байхад зөрчил гарсан гэж үзэж уг зөрчлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь таслан зогсоох зорилготой акт гаргасан гэж хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бодит байдал дээр мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас, талуудын гаргаж буй тайлбар үндэслэлээс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй 443 хорих ангийг үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийгээч гэж урьсан, хорих ангийн удирдлагууд уг хурлын хуралдаанд оролцож танилцуулга хийсэн болох нь хангалттай нотлогддог. Тэгэхээр давж заалдах шатны шүүхээс Ашигт малмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг тайлбарласан тайлбар нь үндэслэлгүй байна.

8. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын ИхХурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэсэн хуулийн зохицуулалт нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг олгосон бөгөөд уг нийгэм, эдийн засгийн асуудал шийдвэрлэх бүрэн эрхэд тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын үйл ажиллагаанд халдаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс бусад этгээдтэй хийсэн гэрээ, хэлцлийг дэмжих, эс дэмжих асуудлыг хэлэлцэх эрх орохгүй, ийм эрх олгогдоогүй юм.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй 443 дугаар хорих анги, П ХХК-ийн хооронд байгуулсан “Хөрс хуулалт нүүрс олборлолтын гэрээ” нь Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль, Компанийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд хийгдсэн гуравдагч этгээд болон төрийн ямар ч эрх бүхий байгууллагаас уг гэрээг цуцлах, эс цуцлах саналыг гаргахгүй гаргасан нөхцөлд гэрээний талуудын чөлөөт байдлаар дамжуулан холбогдох хууль тогтоомжууд зөрчигдөнө. Уг гэрээг цуцлах эсэх санал гаргах эрх нь Монгол Улсын Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй 443 дугаар анги, П ХХК буюу гэрээний талуудад хамааралтай асуудал.

10. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 2-т Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг заасан бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий акт уг хуулийн аль үндэслэлээр илт хууль бус гэж үзэж маргаж байгаа талаараа тодорхойлоогүй боловч нэхэмжлэлийн гэрээг цуцлах эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй” гэсэн агуулгаас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг үндэслэн маргасан гэж үзэхээр байна. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагчийг маргаан бүхий актыг гаргах эрх хэмжээгүй гэж дүгнэх боломжгүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд харьяалагдах нутаг дэвсгэрт нь зөвшөөрлөөр олгогдсон талбайн ашиглалттай холбоотой асуудлыг хэлэлцэн хуулиар зөвшөөрөгдсөн шийдвэр гаргах эрх олгогджээ.

11. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж маргаж буй 14 дүгээр тогтоолыг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн нь мөн хэсгийн 3-т Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлын гэрээний дагуу хийгдэж буй үйл ажиллагаанаас үүссэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор бичгээр утга агуулгын илэрхий алдаагүй, гүйцэтгэх этгээд нь тодорхой акт гаргасан байна.” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаагийн зүгээс маргаан бүхий 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26, 27, 29, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг зөрчсөн мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус гэж үзэж байгаа тухай мөн уг актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн тухай хангалттай тайлбарласан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчлэн тусгагдсан ч шүүх хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тусгагдсаныг харж болох байтал хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй гэж үзэж анхан шатны шүүх өөрөө тодорхойлж шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

12. Бүрэнтогтох сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэгчийн хувиар хурлын хуралдаан зарлах, хурал хуралдуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан байх бөгөөд уг заалтыг зөрчиж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, тооцоо, судалгаагүй, хурлын хуралдаанаар хэлэлцээгүй асуудлыг хэлэлцсэн мэтээр тайлбарлаж санал хураан маргаан бүхий актыг гаргасан байдаг.

13. Бодит байдал дээр 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлын хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын 7 дугаарт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй 443 дугаар хорих ангийн уурхайн үйл ажиллагааны мэдээлэл сонсох” гэж төлөвлөсний дагуу мэдээлэл хийгдэж харин эцэст нь санал хураахдаа гэрээ цуцлахыг дэмжинэ гэсэн агуулгаар санал хураалт явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хэлэлцэх асуудлын жагсаалтанд ороогүй, хэлэлцэгдээгүй асуудлаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг ноцтой зөрчсөн байтал шүүх уг хуулийг хэрэглээгүй.

14. Мөн Бүрэнтогтох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах этгээд бөгөөд аливаа захиргааны шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдэд энэ тухай үнэн зөвөөр мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг мөн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хяналтын дагалдах хуудас, хувийн хэргийг хөтлөх учиртай.

15. Гэтэл бодит байдал дээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 443 дугаар хорих анги болон П ХХК-д тэдний хооронд байгуулсан “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ”-ний тухай хэлэлцэхийг, уг гэрээг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэхийг урьдчилан мэдэгдээгүй, хурлын хуралдаан дээр энэ тухай яригдаагүй, тайлбар хийгдээгүй байхад маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиргааны шийдвэр нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөнөөс гадна хуулиар журамласан сонсох ажиллагааг мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулаагүй, гаргасан захиргааны шийдвэрт нь дагалдах хувийн хэрэг, хяналтын хуудас байхгүй, талуудаас тайлбар хийх боломж олгоогүй өөрөө хэлбэл мөн хуулийн 29 дүгээр зүйлийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэснийгтустус зөрчсөн болох нь тодорхой байтал давж заалдах шатны шүүхээс уг хуулийг, дээрх заалтуудыг хэрэглэхгүйгээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь холбогдох хууль тогтоомжийг заавал дагаж мөрдөх албагүй, хуулийг зөрчиж болох мэтээр хэт үндэслэлгүй, нэг талыг барьж дүгнэлт хийн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

16. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь уг хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0568 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

18. Нэхэмжлэгч “П” ХХК нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ...ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн гэрээгээр зохицуулагдаж буй харилцаанд оролцох эрхгүй...” гэж маргажээ.    

19. Маргаан бүхий Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3-т заасныг баримтлан, “...Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 443 дугаар нээлттэй хорих анги нь ...харьяалагдах сумаас зөвшөөрөл авалгүй, сонгон шалгаруулалтгүй борлуулалтын болон нүүрс олборлолтын их хэмжээний гэрээ хийсэн, төлөвлөгөө батлуулалгүйгээр замын маршрут болон уурхайн хөрс хуулалтыг эхэлсэн” гэсэн үндэслэлээр ...“П” ХХК-тай байгуулсан “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлын гэрээ” байгуулсаныг цуцлуулах саналыг дэмжсэн шийдвэрийг гаргасан байна. 

20. Давж заалдах шатны шүүхээс “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн ашиглалттай холбоотой асуудлыг хэлэлцэн хуулиар зөвшөөрөгдсөн шийдвэр гаргах эрх олгогджээ. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, эсхүл байгаль орчныг хамгаалах гэх зэрэг асуудлаар зөрчил гаргасан гэж үзвэл таслан зогсоох шийдвэр гаргах боломжтой байна. ... Хурлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар “...өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэж, маргаж буй 14 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзлээ.

21. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид 1998 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-аас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Нүүрстэйн ам” нэртэй газарт орших 83 га талбайд ашигт малтмалын ашиглалтын МҮ-001356А дугаар тусгай зөвшөөрөл олгосон байх бөгөөд хорих анги нь хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж Мөрөн болон бусад сумдад нүүрс нийлүүлэх үйл ажиллагааг явуулж ирсэн, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргахгүй байна.

22. Харин тус хорих анги нь 2018 онд нүүрс олборлох үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор, “П” ХХК-ийн эзэмшлийн уулын тоног төхөөрөмж, машин механизмаар хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлэхээр, тус компанитай №2018/05 тоот “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлын гэрээ”-г 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулсаныг цуцлуулах санал гаргаж шийдвэрлэсэн хариуцагч Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дэх заалт нь хууль зөрчсөн байна.  

23. Учир нь, маргаж буй захиргааны актын үндэслэл болсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д сум, дүүргийн Хурал ...тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэйг зааж, үүний зэрэгцээ Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх бусад асуудлуудыг эрэмбэлэн тогтоожээ. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, 12.1.3-д “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” гэж тодорхой бүрэн эрхийг хуульчлан олгожээ.

24. Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэртээ эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрхийг нь баталгаажуулсан ч тухайн шийдвэрийг гаргахдаа Үндсэн хууль болон хууль тогтоомжид нийцүүлэн гаргах учиртай, ялангуяа газрын хэвлийн баялаг нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар төрийн өмч учир ашигт малтмал эрэх, хайх, олборлох харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж, тодруулбал, дээр дурьдсан 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах учиртай.   

25. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах эрхтэй бөгөөд дээрх хуулиудад зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангиас, өөрийн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор “П” ХХК-ийн эзэмшлийн уулын тоног төхөөрөмж, машин механизмыг ашиглаж, хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсаныг буруутгах, байгуулсан гэрээг нь цуцлах асуудлыг хэлэлцэх, цуцлуулах санал гаргах эрх хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй гэж үзнэ.

26. Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус хорих анги нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаа зориулалт бусаар ашигласан, мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

27. Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх хэмжээгээ хэтрүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 443 дугаар нээлттэй хорих ангийн, “П” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулахаар тогтоол гаргасныг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

28. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0568 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                             Б.МӨНХТУЯА