| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0041/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 40
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 1821000000005 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 10 сарын 22-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 5-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 30-15 тоотод 2017 оны 12 сарын 03-ны өдөр согтуугаар өөрийн төрсөн охин Н.Нандин-Эрдэнийг зодож, “...баруун хацар, шанаа, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, зүүн сарвууны цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлын баримтаа бүрдүүлээд ирвэл төлнө. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 12 сарын 03-ны өдөр өөрийн гэр болох Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 30-15 тоот гэртээ 3 дүүгийн хамтаар байж байхад гаднаас 19 цагийн орчимд аав ******* нь найз Баяраагийн хамтаар орж ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд удалгүй Баяраа ах гарч бид нар гэртээ үлдсэн юм. Тухайн үед манай аав ******* нь надад хандан ээж бид хоёр чинь салж байгаа учраас чи хэнийг дагах юм бэ? гэж надаас асуухад нь ээжийг дагаж амьдарна гэхэд миний толгой руу гараараа цохиж тэнэг, пизда гэх мэтээр харааж байснаа үснээс зулгааж ахин толгой руу нэлээд хэд хэдэн удаа цохисон бөгөөд тухайн үед би ээжийн эгч болох Туул эгч рүү залгаж болсон асуудлын талаар хэлэх гэхэд миний гар утсыг булааж аваад хана руу шидэж эвдсэн. ...Миний толгой өвдөж баруун хацар, шанаа, нүд, баруун гар хөхөрсөн. Тус гэмтлүүдийг манай аав ******* цохиж учруулсан. Надад гаргах гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 24-25/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 12 сарын 01-ний өдөр БНХАУ-ын Манжуур хот руу явж 2017 оны 12 сарын 05-ны өдөр буцаж Дорнод аймагт ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай нөхөр ******* охин Нандин-Эрдэнийг зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Би охиноосоо ямар шалтгаанаас болж зодож цохисон талаар асуухад аав надаас “Чи ээжийгээ дагах уу, аавыгаа дагах уу” гэж асуухад нь би ээжийгээ дагана гэж хэлснээс болж намайг зодсон гэж хэлсэн. Би нөхөртэйгээ маргалдаж улмаар тусдаа амьдарч байгаа. Түүнээс болоод охиныгоо зодсон гэж бодож байна. Өмнө нь цохиж, зодож байгаагүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 03 тоот дүгнэлтэд: “1. Н.Нандин-Эрдэнийн биед баруун хацар, шанаа, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “/хх-ийн 33/ гэжээ.
-Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 03-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 30-15 тоотод өөрийн төрсөн охин Н.Нандин-Эрдэнийг “Чи хэнийг дагах юм бэ?” гэж асуухад нь ээжийг дагаж амьдарна” гэж хэлсний төлөө түүний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас хохирогчийн “...баруун хацар, шанаа, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, зүүн сарвууны цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...охин Нандин-Эрдэнээс ээжийгээ дагах уу, аавыгаа дагах уу гэж асуухад өөдөөс ээжийгээ дагана гэж хэлэхээр нь чи аав, ээж хоёрыгоо эвлэрээсэй гэж бодохгүй ээжийгээ дагана гэж хэлээд байхдаа яадаг юм бэ? гэж хэлэхэд өөдөөс би та хоёрыг салаасай гэж боддог байсан гэж хэлэхээр нь миний уур хүрээд Нандин-Эрдэнийг 2 удаа нүүр рүү нь алгадахад яая л даа пизда минь гэж хэлэхээр нь ахин 3-4 удаа нүүр рүү нь алгадаж цүнхтэй хувцасаа шидсэн. Алгадахад Нандин-Эрдэнэ гараараа хаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, түүнийг давхар нотолж баталсан насанд хүрээгүй хохирогч Н.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чи хэнийг дагах юм бэ? гэж надаас асуухад нь ээжийг дагаж амьдарна гэхэд миний толгой руу гараараа цохиж тэнэг, пизда гэх мэтээр харааж байснаа үснээс зулгааж ахин толгой руу нэлээд хэд хэдэн удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 03 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******гийн санаатай үйлдлээр хохирогчийн толгой, нүүр рүү хэд хэдэн удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Н.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 03 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шүүгдэгчид буцаан олгобол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дхэ хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР