Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

 

 

 

 

 2023         04         19                                         2023/ДШМ/16

 

     Т.Лд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Ч,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Чий гаргасан эсэргүүцлийг үндэслэн Т.Лд холбогдох 2238003090020 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Боржигон” овогт Тгын Л, .......... оны ..... дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ...... онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109б-д зааснаар 6 жилийн хорих ялаар, ....... онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 6 жилийн хорих ялаар, ..... оны...... дүгээр сарын ......-ны өдөр ............аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлийн ...........-т зааснаар ..... жил, .... сар, 26 хоног хорих ялаар шийтгүүлж, ......... оны ..... дугаар сарын .....-ний өдөр тэнсэн суллагдсан, ............... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... оны .... дугаар сарын .....-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн .... дүгээр зүйлийн ..........-т зааснаар ...... сарын баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......... оны ...... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн /регистрийн ...........................дугаартай/.

Шүүгдэгч Т.Л нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ды гар утас, банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар тухайн банкны виза картнаас 588,500 төгрөгийг авч ашиглаж, хохирогчид нийт 1,021,700 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Боржигон” овогт Тгын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тгын Лг 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт 7 заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лгээс 1.021.700 (нэг сая хорин нэгэн мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д (РЭ57080514)-д олгож шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ч эсэргүүцэлдээ: 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад... гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэж хуульчлан тодорхойлсон бөгөөд мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий Голомт банкны “Хөвсгөл Мөрөн” салбарын үүдэнд байрлах Д-д хийгдсэн бичлэг бүхий       DVD-г эд мөрийн баримтаар тооцон хураан авсан нь хуульд нийцсэн мөрдөн шалгах ажиллагаа болно.

Шүүхээс уг хэргийн эд мөрийн баримт болох Голомт банкны “Хөвсгөл Мөрөн” салбарын үүдэнд байрлах Д-д хийгдсэн бичлэг бүхий DVD-г хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй, тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй...” гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт... хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай тусгана” гэж заасныг зөрчсөн байна. Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг залруулах нь зүйтэй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 7 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураан авсан Голомт банкны “Хөвсгөл Мөрөн” салбарын үүдэнд байрлах Д-Д хийгдсэн бичлэг бүхий DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалуулахаар тусгуулах, тогтоох хэсгийн 9 дэх заалтад гаргасан алдааг зөвтгүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 7 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураан авсан Голомт банкны “Хөвсгөл Мөрөн” салбарын үүдэнд байрлах Д-Д хийгдсэн бичлэг бүхий DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалуулахаар тусгуулах, тогтоох хэсгийн 9 дэх заалтад гаргасан алдааг зөвтгүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Т.Лгийн үйлдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Ды гар утас, банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч улмаар тухайн банкны виза картнаас 588,500 төгрөгийг авч ашиглан хохирогчид нийт 1,021,700 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Т.Л нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 29-33 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37 тал/, хохирогч Ц.Ды мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-н 41-42 тал/, гэрч Б.Эрхэмбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-н 49-50 тал/, хохирогч Ц.Ды Хаан банкны 5005618380 дугаартай дансны хуулга /хх-н 20 тал/, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  2245617200519 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 56-57 тал/, шүүгдэгч Т.Л, хохирогч Ц.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Лг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт 7 заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Харин Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 7 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураан авсан Голомт банкны “Хөвсгөл Мөрөн” салбарын үүдэнд байрлах Д-Д хийгдсэн бичлэг бүхий DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалуулахаар тусгуулах, тогтоох хэсгийн 9 дэх заалтад гаргасан алдааг зөвтгүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дүгээр зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор /хх-н 37 тал/, “Хөвсгөл Мөрөн” салбарын үүдэнд байрлах Д-д 2022 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг 21 минут 11 секундэд хийгдсэн бичлэгийг DVD-нд хуулбарлан эд мөрийн баримтаар тооцсон байхад шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй...” гэж дүгнэж дээрх эд мөрийн баримтыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан буюу холбогдох заалттай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...38.1 дүгээр зүйлийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, тогтоох хэсгийн 7 дахь заалтын “болон” гэснийг “Голомт банкны Хөвсгөл Мөрөн салбарын үүдэнд байрлах АТМ 249-д хийгдсэн бичлэг бүхий DVD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хадгалж,” гэж өөрчилж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...38.1 дүгээр зүйлийн” гэсний дараа “1 дэх хэсэг” гэсэн нэмэлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ                            

                             ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

                                                                                    Л.ЭРДЭНЭБАТ