Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0744

 

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0744

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Ц*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.Т******* нарын хоорондын өндөр насны тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Б******* /1179/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц******* нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,032,453 төгрөгөөр тогтоон олгож байгааг хүчингүй болгож, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр тооцож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг 3,029,287.8 төгрөгөөр тогтоох-ыг даалгах гэж тодорхойлжээ.

1. Нэхэмжлэгч Ш.Ц******* нь нийт 29 жил 04 сар, 01 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллан 2001 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тэтгэвэр тогтоолгож, ингэхдээ 1985 оноос 1990 оны хоорондох дараалсан 5 жилийн дундаж цалин хөлсөө сонгон, сарын 88200 төгрөгийн дундаж цалингаас өндөр насны тэтгэврийг сард 51597 төгрөгөөр тогтоолгон 2002 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн авсан байна.

2. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газарт тэтгэврийн хэмжээгээ шинэчлэн тогтоолгох талаар хүсэлт гаргаж, тус газраас 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр татгалзсан хариу өгсөн тул нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж гомдол гаргаад хариуг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр авч, шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Итгэлцүүр гэдэг чинь анх тэтгэвэр бодож олгогдож байсан цалин, тухайн үеийн мөнгөн илэрхийлэл, инфляцын түвшинд тэнцүүлээд олгож байгаа. Тухайн тэнцүүлэх аргыг итгэлцүүрээр тогтоож өгсөн, энэ итгэлцүүрээр тооцохоор миний бие 3 сая гаруй төгрөгийн тэтгэвэр авах боломжтой.

4. Тухайн үедээ 1,470 төгрөгийн тэтгэвэр тогтоолгоно гэдэг бол тухайн үед маш өндөр цалинтай, Тэгэхээр одоогийн авч байгаа 1 сая төгрөгийн тэтгэвэр шударга ёсонд нийцэхгүй байна.

5. Тиймээс тэтгэврээ Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийн аргаар тооцож авахыг хүсэж байна гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б******* нь Ш.Ц******* гуайг олон жилийн өмнөөс мэднэ. Манай үйлчлүүлэгч Засгийн газарт Соёлын сайдаар хүртэл ажиллаж байсан. Төр нийгэмдээ гавьяа байгуулсан өндөр настан хүн байдаг. Сүүлийн хэдэн жил өөрийнх нь тэтгэвэр зах зээлийн амьдрал, инфляци зэрэг нөхцөл байдалд хаанаа ч хүрэлцэхгүй байна. Үүнийгээ ихэсгэмээр байна гээд бид хууль зүйн хувьд нь зөвлөгөө өгөөд Засгийн газрын тогтоосон хэмжээний хүрээнд ингэж тогтоогоод байна. Тэгэхээр боломжгүй байна гэхээр өөрийнх нь хүсэлт нь энэ итгэлцүүр гэдэг чинь анх тэтгэвэр бодож олгогдож байсан цалин, тухайн үеийн мөнгөн илэрхийлэл, инфляцын түвшинд тэнцүүлээд олгож байгаа. Тухайн тэнцүүлэх аргыг итгэлцүүрээр тогтоож өгсөн. Тэгэхээр үүгээр тооцохоор миний бие 3 сая гаруй төгрөгийн тэтгэвэр авах боломжтой байна. Үүнийг шүүхэд хандаж, шүүхээр шийдүүлье гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тухайн үедээ 1,470 төгрөгийн тэтгэвэр тогтоолгоно гэдэг бол тухайн үед маш өндөр цалинтай, өндөр албан тушаал эрхэлж байсан буурай байдаг. Тэгэхээр энэ хүний хувьд одоогийн авч байгаа 1 сая төгрөгийн тэтгэвэр шударга ёсонд нийцэж байгаа эсэх дээр эргэлзээ төрж байгаа юм. Тиймээс энэ үндэслэлээр нэхэмжлэлд заасны дагуу одоо олгож байгаа тэтгэврийг хүчингүй болгоод, Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийнх нь аргаар тооцоод, ихэсгэж өгөөч ээ, гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын 3 талт үндэсний хорооны 2011 оны 01 дүгээр тогтоолоор 140-ийг 10 дахин нэмэгдүүлээд 1,404,000 төгрөгөөс тэтгэврийг тогтоосон. Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор тухайн иргэний тэтгэврийг итгэлцүүрээр өсгөсөн. Өсгөөд 1,404,000 төгрөгөөс 932,000 төгрөг. Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тэтгэврийг 100,000 төгрөг нэмэгдүүлээд, өнөөдрийн байдлаар 1,042,450 төгрөг гэж тогтоогдсон байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ш.Ц******* МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1985 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 52 дугаар тогтоолоор БНМАУ-ын Соёлын яамны сайдаар томилогдон ажиллаж байгаад БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 148 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, сард 1200 төгрөгийн үндсэн цалин, 120 төгрөгийн эрдэмтний нэмэгдэл, Соёл урлаг сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн ажил хавсран гүйцэтгэсний 150 төгрөг нийт 1470 төгрөгийн цалинтай байсан үйл баримт нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6/5792 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

2. Нэхэмжлэгчээс ...Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсэн..., хариуцагчаас ...нэхэмжлэгчийн 1985-1990 оны 5 жилийн цалинг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр тооцоход уг тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр бодох сарын дундаж цалин 1404000 төгрөг болон өөрчлөгдсөн бөгөөд үүнийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тогтоосон хувь хэмжээгээр бодоход 828360 төгрөг болно... гэж тайлбарлан маргажээ.

3. Боловсрол, шинжлэх ухааны яамны тодорхойлсон 1985 оноос 1990 оны цалингийн тодорхойлолтоор нэхэмжлэгч сард 1470 төгрөгийн цалинтай байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй байна.

4. Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай 238 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг хавсралтаар шинэчлэн тогтоож, үүнтэй холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийн аль өндөр хэмжээгээр шинэчлэн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт үүрэг болгож, тус тогтоолын хавсралтаар тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 1990 он ба түүнээс өмнөх оны итгэлцүүрийг 2060.74 тогтоожээ.

5. Мөн нэхэмжлэгчээс ...миний тэтгэврийг шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр, цалинд үндэслэн тооцвол /1470*2060.74=3,029,287.8/ төгрөгийн тэтгэвэр авах боломжтой гэж тайлбарлаж байгаа тооцооллыг хариуцагч зөвшөөрч байгаа болно.

6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын даргын 2022 оны А/31 дүгээр тушаалаар баталсан Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Даатгуулагч (иргэн) 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоос тэтгэвэр тогтоолгохыг хүссэн тохиолдолд түүний тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх өөрт нь ашигтай дараалсан 7 жилийн хөдөлмөрийн хөлсний талаар зөвлөж, уг хугацаанд авч байсан хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтыг (Б-НД-5) маягтаар ажил олгогчоор гаргуулан авна Санамж хэсэгт Энэ тохиолдолд ажил олгогч нь татан буугдсан зэрэг шалтгаанаар тодорхойлох боломжгүй бол архивын лавлагаа хавсаргана" гэжээ.

7. Дээрхээс үзвэл 1995 оноос өмнө ажилласан хугацаагаар тэтгэвэр тогтоолгохоор хүссэн иргэнээс хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтыг шаарддаг ба хэрэв тодорхойлох боломжгүй тохиолдолд архивын лавлагааг хавсаргахаар зохицуулжээ.

8. Түүнчлэн хуульд заасан болзол шаардлагыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврээ өөрчлөн тогтоолгох нь Монгол улсын иргэний үндсэн тэтгэвэр тогтоолгох эрхийн нэгэн адил бөгөөд нэгэнт иргэн хуулиар тогтоосон болзол, шаардлагыг хангаж буй тохиолдолд захиргааны байгууллагаас уг эрхийг нь хязгаарлах эрхгүй.

Иймд нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон 3.029.287 төгрөгөөр тооцсон өндөр насны тэтгэврийн хэмжээг хууль тогтоомж, дүрэм, аргачлалын дагуу тооцон олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон 3.029.287 төгрөгөөр тооцсон өндөр насны тэтгэврийн хэмжээг хууль тогтоомж, дүрэм, аргачлалын дагуу тооцон олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай .

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ