Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 41

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, иргэний нэхэмжлэгч Б.Байгалтуяа, шүүгдэгч Б.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньчин овогт Батхүрэлийн Хонгорзулд холбогдох эрүүгийн 1721000610051 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд хотод 1987 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн 16-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЖИ87100104/, Хоньчин овогт Батхүрэлийн Хонгорзул.  

 Шүүгдэгч Б.Хонгорзул нь Дорнод аймгийн Цөм сүргийн газарт ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 7 сараас 2017 оны 5 сарын хооронд байгууллагын хөрөнгөөс 8892660 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Хонгорзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 сард Батсүх гэдэг дарга намайг анх ажилд авсан, гэхдээ тушаал гараагүй. Тэгээд намайг “тушаал гаргаж өгнө үү” гэж хэлэхэд тушаал гаргаж өгнө гэж байсан. Засаг даргын хэлснээр “энэ ажил эзгүйдэж байна. эзэнгүй хаяж болохгүй” гэж хэлэхээр нь би ажлыг нь эзэнгүй хаяж чадаагүй тушаал гараагүй байхад ажиллаж байсан. Албаны мал авч байхдаа бүртгэл, тэмдэглэл хөтөлдөг байсан. Гэвч тэмдэглэлийн дэвтрээ 2016 онд Улаанбаатар хотод явж байгаад цүнхээ алга болгоод дотор нь дэвтэр байсан алга болсон. Манай тайлан аж ахуйн нэгж болохоор эндээ гардаг байсан. Тухайн үед би 2016 оны 3 дугаар улирлын тайланг гаргах ёстой байсан. Тэгээд 3 дугаар улирлын тайланг гаргахаар Улаанбаатар хот очсон. Би ажлын улирлын тайлангаа бичээд өгсөн. Эдний хуулийн зөвлөх Идэрмөнх гээд намайг очиход байсан хүмүүс бүгд мэдэж байх ёстой. Би тэд нартай уулзаж ярилцаад Цолмон даргын өрөөнд ороход “Би чамтай харьцахгүй” гээд намайг хөөгөөд гаргасан. Би 3 дугаар улирлын тайланг Болормаа нягтлантай цуг сууж байгаад хийсэн. Тэгэхэд Болормаа нягтлан “Цолмон дарга шинээр томилогдож ирсэн. Чамайг байтугай бид нарыг үзэхгүй байгаа. Чи хүний орон тоон дээр түр ажиллаж байгаа болохоор чамайг бүр ч үзэхгүй” гэж хэлэхэд нь “Би энэ өрийн талаарх асуудлаа тайланд тусгах уу” гэж Болормаа нягтлангаас асуухад “Чамайг одоо тоож авахгүй байгаа юм чинь тайлан дээрээ өрийн талаар тусгавал бүр хүлээж авахгүй. Тэгснээс энийгээ орхиод яв” гэж хэлснээс нь болж би орхиж явсан. Тэгээд миний аж ахуйн газарт ажиллаж байгаагүй туршлага дутсан гэж бодож байна. Би нягтлан бодогч мэргэжилтэй биш болохоор тайлангийн талаар тодорхой ойлголтгүй. Тайлангаа хүнээр гаргуулдаг байсан. 2016 онд тушаалтай ажилласан болохоор Сүнжидмаагаар тайлангаа гаргуулсан. Тэр тайланд бол миний бүх юм тусгагдсан байгаа. Түүнээс хойш хорогдсон малд акт бичүүлж авдаг байсан. Тэгээд 5 сард ажил хүлээлцэхээр ирэхэд нь актаа өгөхөд “ийм акт авахгүй” гэж хэлээд үлдээгээд явсанг нь би баримтанд хийсэн. Тэр баримт Болормаа нягтланг ирэхэд байсан. Би 57 толгой мал зарж борлуулсан нь үнэн. Одоо болохоор зах зээлийн үнээр үнэлсэн байна. энэ үнэлгээнд хонийг 125000 төгрөг гэж үнэлсэн байна. Би тухайн үед авахдаа муу малаа зараад сайн мал болгож авъя гэж бодож байсан. Тэр үед эм хонь 40000 төгрөг болж байсан. Ийм их үнийн зөрүүтэй байна. Тухайн үед тайландаа тусгаагүй нь миний буруу. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр хэтэрхий өндөр үнэлгээтэй гарсан байна. Би тухайн үед мэргэжилтэн нараасаа асууж, ярилцдаг байсан. Тэр даргынх нь өнгө үзэмж байдаг юм уу? намайг үздэггүй, хардаггүй байсан нь ийм байдалд орох шалтгаан нөхцөл болсон. 2017 оны 1 дүгээр улирлын малын хөдөлгөөний тайланг хүргүүлээгүй. 1 дүгээр улирлын тайлан дээр “2017 оноос эхлээд бүх тайлан төв дээр явдаг болно. Та нар тайлан хийх шаардлагагүй” гэж тайлбарласан. Тушаал гарахаас өмнө 7 үйлдлээр мал авсан. Тушаал гарснаас хойш 2 үйлдэл байгаа. Тэрнээс хойш бол мал аваагүй гэв.

   Иргэний нэхэмжлэгч Б.Байгалтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Малын удмын сангийн үндэсний төвөөс иргэн Б.Хонгорзулаас нийт 82 толгой мал, зах зээлийн үнээр 21660000 төгрөг, дансны 4398000 төгрөгийн мал нэхэмжилж байгаа. 82 толгой малыг задалбал хонь 60 толгой, үхэр 22 толгой малыг нэхэмжилж байсан. Гэвч Аудитор Дамдимаа гэх хүний гаргаж өгсөн мэдүүлгээр “6251140 төгрөг санхүүгийн тайланд тусгагдаагүй. Нотлогдох боломжтой гэж үзсэн. Мөн 26 толгой, 5775000 төгрөгийн мал зүй бусын хорогдлоор хорогдсоныг анхан шатны баримт үйлдэн тайланд тусгаагүй. Нийт 12026140 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад тогтоох” гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтээр гарсан 8892660 төгрөгийг манай байгууллага нэхэмжилж байна. Харин Хонгорзулаас 8 толгой мал өгсөн байгаа боловч тэрийг нь зах зээлийн үнээр тогтоож гаргаагүй байгаа. Үнэлгээг нь гаргавал 8892660 төгрөгнөөс хасагдана гэв.

“Мэдээллийн Аудит” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 04 тоот дүгнэлтэд: 1.2017 оны 3 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Аудитын газрын аудит хийсэн Дорнод аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны жилийн эцсийн аудитлагдсан тайланд 637 толгой мал 39074000 төгрөг гэж тусгагдсан байна. Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2017 оны 5 сарын 12-ны Б-23 тоот тушаалаар Б.Хонгорзулын ажлыг хүлээлцэхэд 22 толгой үхэр, 60 толгой хонь малчин Ядамжавын сууриас дутагдсаныг нотолж буй баримтыг тулган шалгаж үзэхэд Дорнод аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн захирал Б.Хонгорзул нь малчин Ядамжаваас үхэр, хонь авахдаа малын зарлагын баримт бичдэггүй байсан ба үхсэн малын актыг цаг тухайд нь малын эмчээр гаргуулж байгаагүй зэргээс уг өр үүссэн гэж үзэж байна. Дорнод аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны санхүүгийн баримт болон хавтаст хэрэгт хавсаргасан малчин Ядамжавын хувийн тэмдэглэл/Малын удмын үндэсний төв хуулбар үнэн гэсэн тамгатай/ зэргийг үндэслэн шалгаж үзэхэд Б.Хонгорзулын дутагдуулсан 82 толгой мал зах зээлийн үнээр 20745000 төгрөг болох нь нотлогдож байна. Малын зах зээлийн үнэлгээг 2017 оны 9 сарын 21-ний өдрийн Дорнод аймгийн Булган сумын Эд хөрөнгийн үнэлгээний комиссын хуралдааны тэмдэглэл №12-ыг үндэслэн тооцсон болно. 2. Б.Хонгорзул нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Дорнод аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн захирлаар томилогдсоноос хойш 2 удаа буюу 2017 оны 01 сарын 02-нд 4 толгой төлөг, 2017 оны 01 сарын 14-нд 10 толгой төлөг зах зээлийн ханшаар нийт 980000 төгрөгийн малыг малчин Ядамжавын хариуцан маллаж буй малаас авсан ба 2017 оны санхүүгийн тайланд тусгаагүй нь баримтаар нотлогдож байна. 3. Б.Хонгорзул нь Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Дорнод аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн захирлаар томилогдохоос өмнө 7 удаа буюу 2016 оны 7 сарын 17-нд 2 толгой сувай үнээ 1800000 төгрөг, 2016 оны 8 сарын 11-нд 5 толгой үнээ 5 тугалын хамт 4500000 төгрөг, 2016 оны 8 сарын 11-нд 10 толгой бяруу 4000000 төгрөг, 2016 оны 8 сарын 13-нд 2 толгой төлөг 140000 төгрөг, 2016 оны 9 сарын 29-нд 20 толгой эм хонь 2500000 төгрөг, нийт 13065000 төгрөгийн малыг малчин Ядамжавын хариуцан маллаж буй малаас авсан ба 2016 оны санхүүгийн тайланд тусгаагүй нь баримтаар нотлогдож байна. 4.Б.Хонгорзул нь Дорнод аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн байранд засвар хийхдээ “Дорнын өглөг” ХХК-ийн тамга тэмдэгтэй 2016 оны 8 сарын 20-ны /баримтын дугааргүй/ 1015000 төгрөгийн , 2016 оны 8 сарын 23-ны /баримтын дугааргүй/ 130000 төгрөгийн материалыг, “Дөлгөөн хэрлэн” ХХК-ийн тамга тэмдэгтэй 2016 оны 8 сарын 15-ны /баримтын дугааргүй/ 269900 төгрөгийн, 2016 оны 8 сарын 24-ний /баримтын дугааргүй/ 197100 төгрөгийн, 2016 оны 8 сарын 30-ны /баримтын дугааргүй/ 21800 төгрөгийн материалыг, 2016 оны 7 сарын 08-нд болон 2016 оны 8 сарын 25-нд нийт 2500000 төгрөгийг иргэн Мөнхбаатарт түлш, унааны зардалд өгсөн гэх бэлэн мөнгөний зарлагын 2 ширхэг баримт байгаа боловч баримтын ямар ч дугааргүй, овог болон регистрийн дугаарыг бичээгүй баримтыг, Халхгол сумаас үхэр ачиж ирэхэд замын хүнсэнд “Өгөөж нарлаг тал” ХХК-иас 117340 төгрөгийн материал авсан баримт, 2016 оны 8 сарын 20-нд болон 2016 оны 9 сарын 10-нд нийт 2000000 төгрөгийг байрны засвар, дулааны шугам сольсон төлбөрт иргэн Нямболдод өгсөн гэх боловч овог, регистрийн дугаарыг бичээгүй байна. Нийт 6251140 төгрөгийн материал болон бэлэн мөнгийн зарлагыг санхүүгийн тайланд тусгаагүй байна. 2017 оны 02 сарын 09-нд 8186146 регистрийн дугаартай Дорнод цөм сүргийн үржлийн төвийн нэрээр газрын төлбөрт 115606 төгрөг тушаасан нь хэрэгт хавсаргасан баримтаар нотлогдож байгаа тул Б.Хонгорзулын төлөх өрөөс 115606 төгрөгийг санхүүгийн тайланд тусгаагүй ч гэсэн татвар төлсөн баримтыг үндэслэн хасч тооцлоо. 5. Б.Хонгорзул нь Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Дорнод аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн захирлаар томилогдохоос өмнө 2016 оны 7 сарын 08-нд Халхгол сумаас үхэр ачиж ирэхдээ Халхгол суманд ажиллаж байсан малчин 1 бух авч үлдээд оронд нь 1 үхэр өгснийг бүртгэлд тусгаагүйгээс 1 толгой бух 800000 төгрөгийн төлбөр гарсан. 2016 оны 8 сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 сарын 14-ний өдрийн хооронд 11 толгой 2040000 төгрөгийн мал зүй бусаар хорогдсоныг цаг тухайд нь малын эмчийн акт гаргуулаагүй. 2016 оны 01 сарын 18-наас 2017 оны 4 сарын 18-ны хооронд 15 толгой малд 3735000 төгрөгийн малын эмчийн акт бичигдсэн боловч тухайн үеийн санхүүгийн тайланд тусгаагүй байгаа зэрэг нь Б.Хонгорзулын ажилдаа хайнга хандаж хариуцлага алдсанаас үүссэн өр төлбөр гэж үзэж байна. Б.Хонгорзул нь 20629394 төгрөгийн хохирол учруулсан болох нь баримтаар нотлогдож байна. Санхүүгийн тайланд тусгагдаагүй бэлнээр зарцуулсан 6251140 төгрөгийн зарцуулалт, зүй бусаар хорогдсон 26 толгой малын 5775000 төгрөг, нийт 12026140 төгрөгийн өрийг хасах талаар мөрдөн байцаалтын явцад тогтоох шаардлагатай гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 78-83/

Гэрч Т.Ядамжав мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 7 сарын 03-ны өдөр би Цагаан-Овоо сумруу Б.Хонгорзул болон өөрийн аав, ээж, мөн найз Цогбаяр нарын хамт явж 531 толгой хонийг авч тууж яваад 2016 оны 7 сарын 06-ны өдөр Булган сумын 2 дугаар баг Цагаанчулуут гэх газар авчирсан. Ингэж явахдаа Истана маркийн машинд хонины хашаа ачиж, манай аав приус-10 маркийн машинтайгаа, мөн би мотоцикльтойгоо найзын хамт явж хонио тууж ирсэн. Ингэж явахад бинзенийг Хонгорзул хийсэн бөгөөд миний мотоцикльд 20000 төгрөгөнд бинзен хийсэн, бусад машинуудад хэдэн төгрөгөнд бинзен түлш хийснийг мэдэхгүй байна. Цагаан-Овоо сумаас мөн байгууллагын 2 эр шүдлэн, 1 эр хязаалан насны морьдыг авчирсан бөгөөд тэр адуунууд одоо манай адуунд байгаа. Би хонио аймгийн баруун талд тууж явахад Хонгорзул 2016.07.06-ны өдөр жижиг хар өнгийн машинтай ирээд Халхгол сумаас үхэр авчирах машин бүтчихлээ гээд ирэхээр нь тууж байсан хонио аав болон манай эгч нар гэр рүү туухаар болж би найзын хамт Хонгорзултай аймаг руу ирж маргааш өглөө нь үүрээр 04 цаг өнгөрч байхад улаан өнгийн том шаланз машинтай яваад орой нь Халхгол суманд очиж маргааш нь 40 үхэр, 15 тугалтай нийт 55 үхэр ачаад аймаг руу гарсан. Ингээд замд нэг тугал нь дарагдаад ирсэн бөгөөд манай хөдөө гэрт очиход тэр дарагдсан тугал үхчихсэн байсан. Уг жолоочид машины хөлсөнд хэдэн төгрөг өгсний мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр шаланзны жолоочид 100000 төгрөгт бодож нэг хонь өгсөн. Ингээд намайг хөдөө гэртээ ирээд 1-2 хонож байхад Хонгорзул цагаан өнгийн портер маркийн машинтай ирээд 20 толгой эр хонийг авч явсан. ...Үүний дараа 2016 оны 7 сарын 17-ны өдөр цагаан өнгийн портер маркийн машинтай ирж 2 сувай үнээ авч явсан ба надад Халхгол сумаас үхэр авчирсан жолоочийн хөлсөнд өгнө гэж хэлсэн. 2016.08.12-нд портер маркийн 3-н машинтай ирж 10 бяруу, 5 үнээ, 5 тугал нийт 20 толгой үхрийг авч явсан ба надад хэлэхдээ үхрийнхээ үүлдрийг сайжруулна, фермийн сайн үхрээр солино гэж хэлээд явсан. 2016.09.29-ний өдөр 20 эм хонийг цагаан өнгийн портер маркийн машинтай ирж авч явсан ба надад ямар учраас авч яваа талаараа хэлээгүй. 2016.11.05-ны өдөр 1 эм хонийг би аймагт авчирч өгсөн, надад шөлний хонь авчраарай гэсэн учир аймаг ирэхдээ авчирч өгсөн. 2016.11.27-ны өдөр Хонгорзул цагаан өнгийн портер маркийн машинтай ирж 25 толгой хөгшин эм хонийг заазална гэж авч явсан. 2016.11.30-ны өдөр ирж 100 толгой хурга, төлөг, хөгшин хонь нийлүүлээд нядалсан. Хонгорзул 2016.11.30-ны өдөр хонь заазлахаа ирэхдээ 1 бярууг нядлаад авч явсан. Надад ямар ажлаар авч яваа талаараа хэлээгүй. 2017.01.02-ны өдөр 2 толгой эм хонийг би аймагт гулуузлаад авчирч өгсөн. Учир нь Хонгорзул намайг аймаг ирэхдээ 2 хонь авчраарай гэсэн учир авчирч өгсөн. 2017.01.14-ний өдөр Ганбаа гэж Хэнтий аймгийн наймаачин ах ирээд Хонгорзул надаас мөнгө авсан гэж хэлээд 5 эр, 5 эм төлөг нядлаад авч явсан. Хонгорзулын авч явсан үхэр, хонь нь ингээд болсон. Намайг мал хүлээн авсанаас хойш 1 тугал дарагдаж, өвөл улаан зүстэй 1 үнээ, шинэ жилээр улаан 1 тугал, 2017 оны 02 сард улаан 1 үнээ, хавар 3 сар гаргаад улаан хүрэн зүстэй гунжин 1 үнээ зэрэг нийт 5 үхэр үхэж хорогдсон. Мөн 17 хонь үхэж хорогдсон, ер нь энэ байгууллагын мал их тэнхээ муутай ядруу малнууд байсан. Ингээд хургаа оруулахгүй том хонь нь 336 байсан бөгөөд Хонгорзул 2017 оны 8 сарын 19-ний өдөр 4 хургатай хонь өгсөн. Учир нь өөрийнхөө хэрэглэсэн өрөндөө өгч байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Бичгийн нотлох баримт:

- Дорнод аймгийн Булган сумын Эд хөрөнгө үнэлгээний комиссын хуралдааны тэмдэглэл №12, хавсралт /хх-ийн 12, 13/

- Гэрч М.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 37-39/

- Гэрч Б.Саранбаярын мэдүүлэг /хх-ийн 40/

- Гэрч Г.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 43/

- Гэрч Т.Нямболдын мэдүүлэг /хх-ийн 49-50, 51-52/

- Гэрч Т.Нямболд хүсэлт /хх-ийн 53-54/

- Гэрч Ш.Ариунжаргалын мэдүүлэг /хх-ийн 61-62/

- Шинжээч Д.Дамдимаагийн мэдүүлэг /хх-ийн 84-85/

- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 8 сарын 10-ны өдрийн Б-04 тоот тушаалын хуулбар /хх-ийн 97/

- Эд хариуцагчийн тооллогын бүртгэл /хх-ийн 139-142/

- Шүүгдэгч Б.Хонгорзулын 2017.05.26-ны өдөр бичгээр гаргасан дутагдсан хөрөнгийн тайлбар /хх-ийн 143/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.Хонгорзул нь Дорнод аймгийн Цөм сүргийн газрын захирлаар  ажиллаж байх хугацаандаа буюу 2 удаагийн үйлдлээр 2017 оны 1 сарын 2-ны өдөр 4 төлөг буюу 280000 төгрөгийн , 2017 оны 1 сарын 14-ны өдөр 10 төлөг буюу 700000 төгрөгийг нийт 980000 төгрөгийг завшиж бага бус хэмжээний төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Хонгорзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тушаал гарахаас өмнө 7 үйлдлээр мал авсан. Тушаал гарснаас хойш 2 үйлдэл байгаа. Тэрнээс хойш бол мал аваагүй. Шинжээчийн гаргасан тоо миний авсан малын тоотой таарч байгаа. Үнийн дүнгээс бусад зүйл дээр маргаж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон гэрч Т.Ядамжавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017.01.02-ны өдөр 2 толгой эм хонийг би аймагт гулуузлаад авчирч өгсөн. Учир нь Хонгорзул намайг аймаг ирэхдээ 2 хонь авчраарай гэсэн учир авчирч өгсөн. 2017.01.14-ний өдөр Ганбаа гэж Хэнтий аймгийн наймаачин ах ирээд Хонгорзул надаас мөнгө авсан гэж хэлээд 5 эр, 5 эм төлөг нядлаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, иргэний нэхэмжлэгч Б.Байгалтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, “Мэдээллийн Аудит” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 04 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хонгорзулыг  Дорнод аймгийн Цөм сүргийн газарт ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 7 сараас 2017 оны 5 сарын хооронд байгууллагын хөрөнгөөс 8892660 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал, шинжээчийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 04 тоот дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Б.Хонгорзулын захирлаар томилогдохоос өмнө  нь буюу 2016 оны 7 сараас  9 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр 13065000 төгрөгийн хонь, үхрийг хариуцан маллаж байсан малчнаасаа авсан байх бөгөөд энэ тухайгаа 2016 оны санхүүгийн тайланд тусгаагүй нь баримтаар нотлогдож байгаа боловч түүний дээрх үйлдлүүдийг бусдын итгэмжлэн  хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн субьект нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд байх бөгөөд шүүгдэгч Б.Хонгорзулын хувьд дээрх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас түүнийг захирлаар томилсон шийдвэр /тушаал/ эсхүл хууль болон гэрээгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцсаныг нотолсон баримт хэрэгт байхгүй тул түүнийг тодорхой үүрэг хүлээж ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч Б.Хонгорзулыг 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын тушаалаар Дорнод аймгийн Цөм сүргийн газрын захирлаар томилсон, түүнээс хойш тогтмол цалин авч байсан, 2016 оны 11 сарын 29-ний өдөр ажил хүлээлцсэн акт баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Хонгорзулыг Дорнод аймгийн Цөм сүргийн газрын захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 1 сарын 2-ны өдөр 4 төлөг, 2017 оны 1 сарын 14-ны өдөр 10 төлөг завшиж нийт 980000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Хонгорзулын дээрх хоёр удаагийн үйлдэл нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нь  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь дээрх хоёр хуульд заасан санкцийг харьцуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... “хорих ял оногдуулахаар заасан...” байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт “...хорих ял оногдуулах санцгүй ...” байгаагаас үзэхэд түүний дээрх үйлдлийг энэ зүйлээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Хонгорзулд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Б.Хонгорзулыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан “Аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Хонгорзулын үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар  өнгөрсөн ... бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Хонгорзулын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 01 сарын 02, 14-ны өдрүүдэд үйлдэгдсэн бөгөөд үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Хонгорзул нь гэмт хэргийн хохиролд 4 эм хонь, 4 төлөг өгснийг иргэний нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх 8 хонийг орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд 780000 төгрөг болж байх тул энэ мөнгийг учирсан хохирлоос хасаж, үлдэгдэл 200000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Малын удмын сангийн үндэсний төвд олговол зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг малын бүртгэлийн дэвтрийг хэрэгт үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16 дугаар гудамжны 23 тоотод байрлах 2000 мкв талбай бүхий газрыг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн газрын хувьд ногдох хэсгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Хонгорзулын ЖИ87100104 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олговол зохино.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Батхүрэлийн Хонгорзулд холбогдох эрүүгийн хэргээс 2016 оны 7 сараас 2016 оны 09 сарын 29-ний өдрийг хүртэлх 7 удаагийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Батхүрэлийн Хонгорзулд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хоньчин овогт Батхүрэлийн Хонгорзулыг аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хонгорзулд холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр” хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Хонгорзул нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Хонгорзулаас гэм хорын хохиролд 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Малын удмын сангийн үндэсний төвд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16 дугаар гудамжны 23 тоотод байрлах 2000 мкв талбай бүхий газрын шүүгдэгчийн хувьд ногдох хэсгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг малын бүртгэлийн дэвтрийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16 дугаар гудамжны 23 тоотод байрлах 2000 мкв талбайтай газрыг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖИ87100104 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хонгорзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР