Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0765

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0765

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И ХХК /РД:2/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э нарын хоорондын Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тоот тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

1. Нэхэмжлэгч компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тоот тушаалыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдэж, гардаж аваад шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлийн тухайд, хариуцагч байгууллага акт гаргахаасаа өмнө нэхэмжлэгч компанид газрын төлбөрийн үлдэгдэл байгаа эсэхийг нягтлан шалгаагүй байж болзошгүй үйл баримт байдаг. Учир нь маргаан бүхий акт 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Гэтэл нэхэмжлэгч компани тухайн жилийн газрын төлбөр болох 11,570,097 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлж барагдуулсан.

3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа зайлшгүй бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, үнэлэх үүргийг хүлээсэн байтал тус үүргээ биелүүлээгүй хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Хэрвээ бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийсэн бол 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 1 сарын өмнө газрын төлбөрөө төлсөн байсныг мэдэх боломжтой байсан.

4. 2018 оноос хойш маргаан үүсгээд эхний маргаан шийдвэрлэгдээд, Улсын Дээд Шүүхээс дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. 2019 онд гарсан акт нь Улсын Дээд Шүүхийн тогтоолын дагуу гарсан боловч нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн акт байсан. Үүнтэй холбоотойгоор 2020 онд шүүхэд хандаж, тухайн актыг хүчингүй болгосон. Энэ хугацаанд өмнөх архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байсан боловч ажиллагаа хийж чаддаггүй, гацчихсан байдалтай байсаар 2020 онд газрын эрхийг дахин сэргээсэн. Гэхдээ 0.8 га газарт эрх олгосон учраас 2 га газарт төлөвлөсөн байсан архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, зураг төслүүдийг өөрчлөх, холбогдох зөвлөх үйлчилгээнүүд авах шаардлага гарсан. Бид үүнтэй нь холбогдуулж маргаагүй. ХХК-иар ажлын зургаа иж бүрнээр нь шинээр дахин хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан байсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2 га газраар төлөвлөж хийсэн учраас барилгажих талбай нь өөр байсан. Газрын хэмжээ 0.8 га болсонтой холбоотойгоор дээрх бүгдийг өөрчилж, шинэчлэх ажлуудыг хийж байгаа гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг буюу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх 2 үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гарсан. Газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлийн тухайд, хариуцагч байгууллага акт гаргахаасаа өмнө нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийн үлдэгдэл байгаа эсэхийг нягтлан шалгаагүй байж болзошгүй үйл баримт байдаг. Учир нь маргаан бүхий акт 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Гэтэл нэхэмжлэгч компани тухайн жилийн газрын төлбөр болох 11,570,097 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлж барагдуулсан буюу маргаан бүхий захиргааны акт гарах үед газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан. Төлбөрийн баримт хэргийн материалд авагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа зайлшгүй бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, үнэлэх үүргийг хүлээсэн байтал тус үүргээ биелүүлээгүй хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Хэрвээ бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийсэн бол 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 1 сарын өмнө газрын төлбөрөө төлсөн байсныг мэдэх боломжтой байсан. Тиймээс газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Дараагийн үндэслэлийн тухайд, 2018 оноос хойш маргаан үүсгээд эхний маргаан шийдвэрлэгдээд, Улсын Дээд Шүүхээс дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. 2019 онд гарсан акт нь Улсын Дээд Шүүхийн тогтоолын дагуу гарсан боловч нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн акт байсан. Үүнтэй холбоотойгоор 2020 онд шүүхэд хандаж, тухайн актыг хүчингүй болгосон. Энэ хугацаанд өмнөх архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байсан боловч ажиллагаа хийж чаддаггүй, гацчихсан байдалтай байсаар 2020 онд газрын эрхийг дахин сэргээсэн. Гэхдээ 0.8 га газарт эрх олгосон учраас 2 га газарт төлөвлөсөн байсан архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, зураг төслүүдийг өөрчлөх, холбогдох зөвлөх үйлчилгээнүүд авах шаардлага гарсан. Бид үүнтэй нь холбогдуулж маргаагүй. ХХК-иар ажлын зургаа иж бүрнээр нь шинээр дахин хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан байсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2 га газраар төлөвлөж хийсэн учраас барилгажих талбай зэрэг нь өөр байсан. Газрын хэмжээ 0.8 га болсонтой холбоотойгоор дээрх бүгдийг өөрчилж, шинэчлэх ажлуудыг хийж байгаа. Энэ талаарх нотлох баримт хэргийн материалд авагдсан. Мөн 2020 онд газрын хэмжээг багасгасны дараа Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор ямар нэг үйл ажиллагаа явуулж чадахгүй хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. И ХХК-ийн хувьд энгийн урц, асар засаад аялал жуулчлалын зориулалтын дагуу ашиглаж байна гээд хашаа хатгаад байж байхаасаа илүү Туул голын эрэг дагуу, орчин үеийн тохилог байр, сууц бүхий хүмүүсийн очих дуртай газрыг бий болгох үүднээс нэлээн судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг шат дараалан хийж байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулахаар холбогдох газрууд руу хандахад бэлэн болсон байдалтай байна. Тиймээс зориулалтын дагуу ашиглаагүй гэж шууд дүгнэж үзэх үндэслэл байхгүй. Дэд бүтэц нь олон жилийн өмнө хийгдсэн байсан. Захиргааны байгууллага энэ талаар тодруулсан, сонсох ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Тодруулбал захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим зөрчсөн. Мөн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн гэж үзэж байгаа. Учир нь нийтийн эрх зүйн харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд эдийн засгийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим заавал тавигдана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тухайн газрыг аваад, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж байгаа тохиолдолд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг харгалзаж үзэлгүй шууд цуцалчихдаг байж болохгүй. Үүнийг захиргааны байгууллага заавал хэрэгжүүлэх ёстой байсан. Үүнээс гадна маргаан бүхий захиргааны акт нөхцөл байдалд тохирсон байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Өмнө хэлсэнчлэн газрын төлбөрөө төлсөн байтал төлөөгүй гээд актынхаа үндэслэлд биччихсэн. Газраа ашиглаагүй гэж байгаа ч газартаа ямар үйл ажиллагаа хийж байгаа талаар биднээс тодруулаагүй. Бодит нөхцөл байдлыг тодруулалгүйгээр олон газруудтай хоморголох байдлаар тушаал гаргаад захиргааны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Олон жил маргаж байж газартай болоод ажлаа хийж байхад нь газрын эрхийг дахин хүчингүй болгосон. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан сонсох ажиллагаа хийх, урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг заавал баримтлах ёстой байтал эдгээр ажиллагааг хийгээгүй. Хэргийн материалд авагдсан баримтаас харахад аж ахуй нэгжүүдэд гэж байгаад газар эзэмших эрхийг чинь цуцална гэдэг байдлаар мэдэгдэл явуулаад байх шиг байна. Гэтэл тус мэдэгдэл нэхэмжлэгчид огт ирээгүй. Маргаан бүхий акт гарсныг ч мэдээгүй байж байгаад сүүлд шуудан ирэхэд нь бид өөрсдөө яам руу хандаж ямар шийдвэр ирсэн бэ, авъя гэж байж авсан. Дээрх нөхцөл байдлуудаас харахад захиргааны байгууллагын шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: төлөөлөгч Т.Э: Маргаан бүхий акт нь эрх зүйн алдаагүй, нэхэмжлэгчийн гомдол мэдээлэл үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Маргаан бүхий акт 2023 онд гарсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Тухайн газрыг ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, бүрэн төлөх 2 үүргийг хүлээдэг. Гэтэл шүүхэд газрын төлбөр төлсөн баримт ирүүлэхээр газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна гэдэг баримт ирдэг. Мөн хавтаст хэрэгт авагдсан газрын төлбөрийг төлсөн баримтуудыг харахад 11 дүгээр сарын 29-ний өдөр газрынхаа төлбөрийг төлсөн байна. Нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан. Нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Маргаан бүхий акт гаргах үед нөхцөл байдлыг тогтоосон ажиллагааг харахад иргэн, хуулийн этгээдэд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаартай албан бичгээр сонсох ажиллагаа явуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны веб хуудаст мэдэгдлийг нийтэлсэн. Тус мэдэгдлийг тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа, бусад байгууллагууд хуваалцаж, түгээж байсан. Тиймээс сонсох ажиллагаа огт явуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулсан хууль ёсны сонсох ажиллагаа. 09 дүгээр сарын 04-ний өдөр сонсох ажиллагаа явуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газрын төлбөрөө төлсөн гээд байгаа боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг албан бичгээр ирүүлсэн. Тус албан бичигт И ХХК газраа ямар нэг байдлаар ашигласан зүйл байхгүй, газрын төлбөр төлөөгүй байна гэж бичсэн байсан. Бодит нөхцөл байдлыг 11 дүгээр сарын 16-ны өдөр тогтоосны дараа буюу 11 дүгээр сарын 29-ний өдөр газар ашиглагч нь газрынхаа төлбөрийг бөөнд нь нэг дор төлсөн. Тиймээс санал ирүүлэх үед газар ашиглагч газрын төлбөрөө төлөөгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газар ашиглагч нь газрынхаа төлбөрийг улирал тутам төлөх ёстой. Гэтэл маргаан бүхий акт гарахаас өмнө газрын төлбөрөө огт төлөөгүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэг удаа бөөнд нь газрын төлбөрөө төлсөн нь төлөх ёстой үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон. Газар ашиглах гэрээ 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл буюу 5 жилийн хугацаатай. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил дараалан ашиглаагүй гэх ойлголтыг Улсын Дээд Шүүх гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд газар дээрээ зам талбай бариагүй, барилга байшин бариагүй, тариалан эрхлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй байхыг хэлнэ гэж тайлбарласан. Маргаан бүхий актыг гаргах үед газар дээр ямар нэг ашиглалт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ талаарх баримт хэргийн материалд авагдсан. Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн маргаан бүхий акт гарсныг огт мэдэгдээгүй гэж маргадаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэх ажиллагааг хийсэн. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрээ, гэрчилгээг хураалгах тухай 01/112 дугаар албан бичгийг И ХХК-д хаяглан хүргүүлсэн боловч тухайн компани хамгаалалтын захиргаанд ирүүлсэн албан ёсны хаягтаа байгаагүй учраас шуудан буцаагдсан. Энэ талаарх нотлох баримтыг шаардсан шүүхийн албан бичгийн хариуг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Газар ашиглагч албан ёсны хаягаа өөрчилсөн тохиолдолд захиргааны байгууллагад заавал мэдэгдэх үүрэгтэй. Энэ мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас тодорхой захиргааны шийдвэрийг хүлээж аваагүй нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх үндэслэлүүд бүгд няцаагдаж байна. Газрын эрх олгосон шийдвэр 2020 онд, цуцалсан шийдвэр 2023 оны 12 дугаар сард гарсан. Өөрөөр хэлбэл акт гаргах үед 3 жилийн хугацаа өнгөрсөн байсан. Улсын Дээд Шүүхийн тайлбарт дурдсанаар газраа ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Анх Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 732 дугаартай гэрчилгээгээр И ХХК-д Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай нутагт Бага тэнгэрийн аманд 1.5 га газар ашиглах эрх олгож, 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2/88 дугаартай гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр газар ашиглах хугацааг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 5 жилээр сунгажээ.

2. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/******* дугаар тушаалаар И ХХК-д 0.5 га газар нэмж ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015/734 дугаартай гэрчилгээ 5 жилийн хугацаатай олгож, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай байгуулжээ.

3. Ийнхүү И ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/******* дугаар тушаалаар 0.5 га газар нэмж ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглуулах гэрчилгээгээр өмнө нь ашиглах эрхтэй 1.5 га газартай нь нэгтгэн 2 га газар ашиглуулахаар олгосон байна.

4. 2016 оны газар ашиглах гэрчилгээ, гэрээгээр 1.8 га газар ашиглахаар эрх авсан, маргаан бүхий тушаалаар 1.8 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн, газрын мэдээллийн санд 1.8 га хэмжээгээр бүртгэгдсэн, нэхэмжлэгч газрын энэ хэмжээ, байршил, хил заагийн талаар маргаагүйн дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1.8 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон актын Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 0******* дугаартай тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын И ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/633 тоот тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дахин хүчингүй болгосныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ******* дугаартай шийдвэрээр хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/******* дугаар тушаалаар И ХХК-ийн усны сан бүхий газрын хамгаалалтын зурвас давхацсан 1.2 га газрыг цуцалж, 0.8 га газар ашиглах эрхийг олгосон үйл баримттай талууд маргаагүй байна.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд И ХХК-д олгосон газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутаг газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1367 дугаар албан бичгээр ирүүлсэн саналаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах хэсэгт зааснаар И ХХК-ийн 8035 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/******* дугаар тушаалаар И ХХК-ийн усны сан бүхий газрын хамгаалалтын зурвас давхацсан 1.2 га газрыг цуцалж, 0.8 га газар ашиглах эрхийг олгож, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* дугаартай гэрчилгээ олгож, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №2021/134 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ байгуулжээ.

7. Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан байна.

8. Дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгуулсан гэрээгээр тухайн газрын төлбөр нь жилд 11,570,097 төгрөг төлөхөөр заасан байх бөгөөд Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн актаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 0 төгрөг гэж, 2024 оны 06 дүгээр сарын 14-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 0 буюу төлбөргүй болох нь тогтоогдож байна.

9. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаал гарах үед нэхэмжлэгч И ХХК нь газрын төлбөрийн тооцоогүй байсан болохыг тогтоох үйл ажиллагаа захиргааны байгууллагаас хийгээгүй болох нь тогтоогдож байна.

10. Нэхэмжлэгчээс ... маргаан бүхий актыг гаргахаас өмнө газрын төлбөрийн тооцоогүй байсан... гэж, хариуцагчаас ... 2023 оны газрын төлбөрөө 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бөөнд нь төлсөн тул газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлсөн гэж үзэхгүй гэж маргажээ.

11. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4 ширхэг шилжүүлгийн мэдээллээр нийт 11,592,000 төгрөгийг татварын дансанд шилжүүлсэн байх бөгөөд шилжүүлэг хийсэн нь нэхэмжлэгч И ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлаагаар тогтоогдож, маргаан бүхий актыг гаргахаас нэг сарын өмнө газрын төлбөрийг төлж үлдэгдэлгүй болсон нь тогтоогдож байна.

12. Үүгээр нэхэмжлэгч И ХХК газар ашиглах эрхээ хүчин төгөлдөр байх хугацаанд газрын төлбөрөө бүрэн төлсөн байх тул захиргааны байгууллагыг бүртгэлтэй хаягт байхгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан гэж үзэхээр байна.

13. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийг цуцлахаар зохицуулсан байна.

14. Нэхэмжлэгч нь газар ашиглах эрх авсан дээрх газартаа аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний тайлан боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч үнэлгээ хийн, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай хэмээн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 13/4908 тоот албан бичгээр мэдэгдсэн, энэ дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2017 онд боловсруулсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч хянаж, ерөнхий шинжээч баталсан байдаг.

15. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дагуу боловсруулсан нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч баталжээ.

16. Уг газарт газрыг ашиглах зориулалтын дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталжээ. Энэхүү архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн схем зургаар ашиглах эрхтэй 1.8 га буюу 17973.8 м.кв газрын 5267.8 м.кв талбайд 2 давхар барилга баригдахаар батлагджээ.

17. Мөн 2012 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгаан холболтын техникийн нөхцөл авч, 2012 оны 09 дүгээр сарын 20-нд 586/2012 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актаар 10/0.4 кв-630 кВА-н чадалтай трансформатор бүхий КТПН ашиглалтад оруулсан. Мөн ашиглах эрх бүхий газартаа тоосгон суурьтай төмөр хашаа хийж, манаачийн байр барьсан зэрэг үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул дахин дүгнэхгүй.

18. Шүүхийн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/******* дугаар тушаал гаргахдаа И ХХК-ийн ашиглаж байсан 2 га газраас усны сан бүхий газрын хамгаалалтын зурвас давхацсан гэх үндэслэлээр 1.2 га газар ашиглах эрхийг цуцалж, 0.8 га газар ашиглах эрхийг олгосон тул өмнөх 2 га газар дээр төлөвлөж байсан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2017 онд баталсан ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг зэргийг өөрчлөх зайлшгүй хэрэгцээ үүссэн нөхцөл байдлаас буюу өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас 2023 онд Зураг төсөл дахин боловсруулах, өөрийн ашиглах эрхийн 0.8 га газарт Туулын Нирвана нэртэй төслийн концепц, төлөвлөлтөд дахин дүгнэлт зөвлөмж боловсруулахаар 2023 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан зэргээс үзвэл газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

19. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах хэсэгт газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тогтоогоогүй атал дээрх үндэслэлүүдийг баримтлан газар ашиглах эрхийг цуцалсан нь газар ашиглах эрхэд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж шүүх дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно заасан үүргээ биелүүлж ажилласан бол мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг хангах байсан боловч дээрх ажиллагааг хийгээгүйгээс маргаан бүхий шийдвэрийг үндэслэл бүхий гаргаагүй гэж үзэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.05, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тоот тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ