Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

 

 

 

 

   2023       04        19                                         2023/ДШМ/17

 

  Ж.Бд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Очирдорж, Н.Баттөмөр,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Чингүүний гаргасан эсэргүүцлээр Ж.Бд холбогдох 2238000130276 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гөрөөчин овогт Жийн Б, …..........оны ...... дүгээр сарын ….......-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр, 4 хүүхэд, 4 зээгийн хамт Хөвсгөл аймгийн Ж сумын .... дугаар багийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч Ж.Б нь …..... оны …...... дугаар сарын 07-ны өдрийн орой .................цагийн орчим Хөвсгөл аймгийн .....................сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “....................”-наас уруудах замд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн 01улсын дугаартай улаан өнгийн “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Х” руу өгсөж явсан Хулсын дугаартай цэнхэр өнгийн “Киа Бонго” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.С, зорчигч Д.О нарын 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гөрөөчин овогт Жийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ж.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь амь хохирогч Б.Сын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.От 10.000.000 /арван сая/ төгрөг, амь хохирогч Д.Оын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Оад 9.300.000 /есөн сая гурван зуун мянга/ төгрөг, иргэний хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-аас амь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.От 2.000.000 /хоёр сая/ төгрөг, амь хохирогч Д.Оын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Оад 7.000.000 /долоон сая/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, амь хохирогч Д.Оын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 2238000130276 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн толины хамгаалах таг 1 ширхэг, Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн 01улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 19-90 ТЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ 1 ширхгийг тус тус “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит ХК-нд буцаан олгохыг, шүүгдэгч Ж.Бгийн О00дугаартай В, C, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Чингүүн эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж хуульчилснаас үзэхэд шүүгдэгч Ж.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж эхлэх нь зөв байна.

Гэтэл шүүх нь “шүүгдэгч Ж.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж...” гэж хорихоос өөр төрлийн ял оногдуулсан болон хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох зохицуулалттай нэгэн адил хэрэглэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шаткты шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах” гэж өөрчлөлт оруулах зүйтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хууль хэрэглээний тал дээр прокурорын гаргаж буй тайлбар үндэслэлтэй байх тул прокурорын гаргасан саналыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...ямар нэгэн саналгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х”-наас уруудах замд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн 19-90ХӨҮ улсын дугаартай улаан өнгийн “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд “Х” руу өгсөж явсан Хулсын дугаартай цэнхэр өнгийн “Киа Бонго” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.С, зорчигч Д.О нарын 2 хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Б, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ө.О, Д.О, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцогт нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцос болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Д, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ө.О, Д.О нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, гэрч Э.Хадбаатар, А.Цолмон, Г.Хурц, Д.Цанлигренчин, Г.Эрдэнэ, Н.Цэрэнбадам, Б.Ганжаргал, Б.Түмэнжаргал, шинжээч Х.Бямбадорж нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07, 08 дугаартай дүгнэлтүүд, ИхэрЖ-Аудит ХХКомпанийн 2022 оны 4 дүгээр сарын 06, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Н.Ганзоригийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа, Хөвсгөл аймгийн Авто тээврийн газрын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/09 дугаартай дүгнэлт, Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн журнал, Хөдөлмөрийн гэрээ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүгдэгч Ж.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “...шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх” агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан  бол уг ялыг эдэлж дууссаны дараа ...үеэс хугацааг тоолно” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Ж.Бд анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийн хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс” гэснийг “хорих ял эдэлж дууссан үеэс” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                  ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

                                                                               Н.БАЯРХҮҮ