| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0865/З |
| Дугаар | 128/ШШ2024/0776 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0776
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 128/ШШ2024/0776 | Улаанбаатар хот
|
2024 10 03 128/ШШ2024/0776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж*******
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* нарын хоорондын газар эзэмших гэрээ дүгнүүлэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Газрын албаны гэрээ дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Газрын албанд гэрээ дүгнэсэн акт олгохыг даалгуулах гэж тодорхойлжээ.
1. Нэхэмжлэгч М******* ХХК нь нийслэлийн Газрын албанаас гэрээ дүгнэсэн акт гаргуулах хүсэлт гаргахад дүгнэлт өгөх боломжгүй гэсэн хариуг авч нийслэлийн Засаг даргад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргаж, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01-08/4335 тоот албан бичгээр татгалзсан хариу авч, шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
2002 оноос эхэлж Дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдож, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байхад Гэрээ дүгнэх үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус,
3. Гэрээ дүгнэх гэдэг нь гэрээний үүргийн хэрэгжилтээ хангаж байна уу, хангахгүй байна уу гэдгийг захиргааны байгууллага шалгах ёстой.
4. Хамгаалалтын бүсэд хамаарсан гэж яваад байгаа боловч 2023 оны 2 дугаар улиралд багтааж дүгнэлт гаргаж шийдвэрлэх ёстой Ажлын хэсгийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй.
5. Энэ хугацаанд нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг төлсөөр байгаа. Газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Харин Ус сувгийн удирдах газартай хамтарч хамгаалалтын бүсийг тохижуулах, хамгаалах ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* ХХК Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Б дүүргийн 2 дугаар хороонд байрлах ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг үйлдвэрлэлийн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар Улсын Их хурлын тогтоолын дагуу Хүнсний үйлдвэр барих чиглэл бодлогын хүрээнд манай М******* ХХК тухайн газар дээрээ 2 давхар хүнсний үйлдвэр барихаар төлөвлөсөн байдаг. Тус төлөвлөгөөний дагуу Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авахын тулд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гэрээ дүгнэсэн акт авах хүсэлт гаргасан. Хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба тухай бүрд татгалзсан. Маш олон удаа хүсэлтийг хүлээн авахыг хүсэж мэдэгдсэн боловч хүсэлтэд танай байгууллагад гэрээ дүгнэсэн акт олгох боломжгүй гэх хариуг өгч байсан. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Үүний хариуд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 0108/4335 тоот албан бичгээр танай байгууллагад гэрээ дүгнэсэн акт олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай байгууллагын зүгээс хууль тогтоомжид заасан газрын төлбөр хураамжийг тогтмол бүрэн төлсөн байдаг. Газрын албанаас гэрээ дүгнэсэн акт олгохгүй байгаа нь манай байгууллага тухайн үйлдвэрээ барих газраа үйлдвэр барих боломжгүй байдал үүсэж үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон.
7. Тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаснаар 580 сая төгрөгийг газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээний төлбөрт өгсөн. Мөн дээрээс нь газар эзэмших эрхийн гэрчилгээг борлуулсан татварт 107,858,750 төгрөгийг төлсөн байдаг. Хүнсний үйлдвэрлэлээ барихын тулд Солонгос болон Хятад ард улсын үзэсгэлэнд оролцож үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг 100 сая төгрөгөөр худалдан авч оруулж ирсэн. Иймд үйлдвэрээ барих зориулалттай газар дээрээ очиж гэрээ дүгнэсэн акт авах гэхээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа татгалзаж байгаа нь манай байгууллагын үйл ажиллагаанд маш их хэмжээний алдагдалд оруулж, үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. Иймд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 0108/4335 тоот албан бичгээр манай компанийн газар ашиглах гэрээг дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд М******* ХХК-д гэрээ дүгнэсэн акт олгохыг даалгаж өгнө үү гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар 2017 захирамжтай гэж яригдаж байгаа боловч 2002 оноос эхэлж Дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдож байсан газар. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Гэрээ дүгнэх гэдэг нь гэрээний үүргийн хэрэгжилтээ хангаж байна уу, хангахгүй байна уу гэдэг асуудал. Өнгөрсөн хугацаанд болсон процессыг болж байна уу?, болохгүй байна уу гэдгийг дүгнүүлэх гэж байгаа. Дүгнүүлэх гэхээр үгүй, хамгаалалтын бүсэд хамаарсан гэдгээр яваад байдаг. Ажлын хэсгийн дүгнэлт 2023 оны 2 дугаар улиралд багтааж дүгнэлт гаргаж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шийдвэрлээгүй 2024 оны 3 дугаар улирал болж байна. Хэзээ ажлын хэсэг дүгнэлт гаргах нь тодорхойгүй. Түүнээс болж нэхэмжлэгч тал 1 жилийн хугацаа алдаж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг төлсөөр байгаа. Газар ашиглах хэрэгжүүлэхдээ хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Харин Ус сувгийн удирдах газартай хамтарч хамгаалалтын бүсийг тохижуулах, хамгаалах ажлыг хийж хамтарч явж байгаа гэдгийг хэлмээр байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу акт гаргахаас татгалзаж байгаа үндэслэл нь хуульд үндэслэж байна уу гэхээр хуульд үндэслэхгүй байдаг. Бодит байдалд нийцэж байна уу гэхээр бодит байдалд нийцсэн зохицуулалт байдаггүй. Газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байгаа. Газар эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа захирамж, газар дүгнэсэн акт хоёрын эрх зүйн үндэслэлийг хараад үзэхэд акт нь өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ. Газар эзэмших эрх олгож байгаа нь илүү ач холбогдолтой байгаа. Акт нь эзэмших эрхээ зохих ёсоор ашиглаж байна уу гэдэг дээр хариулж өгөх зохицуулалт байгаа. Акт дүгнэж өгөхгүй байгаа шалтгааныг бодохдоо газар эзэмших эрхийг цуцлах гэж байна уу гэж хардаж байгаа. Өнгөрсөн хугацаанд болгоомжилсон байдлаар эвлэрэх санал гаргаж байсан гэж харж байна. Газар зохион байгуулалтын алба газар олгох эрхгүй. Эвлэрэл үр дүнтэй байх уу гэдэг эргэлзээтэй. Албаны чиг үүргээ хэрэгжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлж акт гаргаж өгөөч гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Б дүүргийн 20 дугаар хороонд М******* ХХК-д 705 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож шийдвэрлэсэн. Тухайн М******* ХХК-д олгосон газар нь ундны эх үүсвэрийн усан сан бүхий газар, ус хангамжийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа газар. Нэхэмжлэгч талаас үйлдвэрлэлийн зориулалтай авах гэж байгаа. Тус газарт гэрээ дүгнэсэн акт олгох боломжгүй. Ундны усны эх үүсвэр бүхий газар байгаа тул боломжгүй гэсэн хариу тайлбартай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Анх М******* ХХК-д нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/276 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Б дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай 9992.0 м.кв газрын 2.4 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Б дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай 9992.0 м.кв газрын 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0******* дугаартай гэрчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгож, тус өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01107-******* гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгч М******* ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гэрээ дүгнүүлэх хүсэлтээ гаргаж, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01-08/4335 дугаартай албан бичгээр Б дүүргийн 20 дугаар хороо, Дулааны 2 ба 4 дүгээр цахилгаан станц орчимд усны эх үүсвэр, усан сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүст газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгогдсон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн нэгдсэн шийдвэр гарах хүртэл хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг авчээ.
3. Нэхэмжлэгч компаниас гэрээ дүгнэсэн актыг хэзээ гаргах боломжтой талаар тодорхой хариу байхгүй, удаан хугацаанд манай ажлыг зогсонги байдалд оруулан хохироож байна гэж, хариуцагчаас нэхэмжлэгч компанийн эзэмшил бүхий газар ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд хамаарч байгаа бөгөөд ажлын хэсгийн нэгдсэн шийдвэр, дүгнэлт гараагүй гэж тайлбарлан маргаж байна.
4. Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 67 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эдэлбэр газрын талбай, ундны усны эх үүсвэр, зам, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд холбогдох хууль, тогтоомж, норм, дүрэм, стандарт зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон зөрчилтэй үйл ажиллагаанд үзлэг хийж, нэгтгэсэн судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар баталж, тус судалгааг 2023 оны 2 дугаар улиралд багтааж Засгийн газрын хуралдаанд танилцуулах арга хэмжээ авахыг ажлын хэсэгт үүрэг болгосон боловч ажлын хэсгээс өнөөдрийг хүртэл нэгтгэсэн дүгнэлт гараагүй гэдгийг хариуцагч талаас тайлбарлаж байна.
5. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай актаас үзвэл нэхэмжлэгч М******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг газартаа хүнсний үйлдвэр барихаар төлөвлөж, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр газрын гэрээ дүгнэсэн акт авах хүсэлтээ гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
6. Хавтаст хэрэгт авагдсан Улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хамгаалалтын бүс, зааг харьяаллын тухай ******* дугаартай дүгнэлтэд ...тус компанийн газар руу орох авто замын орц гарц нь гүний худгаасаа хамгийн ойрдоо /хэмжилтээр нэг тал руугаа/ 100 метрээс хол зайтай байгаа нь цэвэр ус хангамжийн хамгаалалтын бүсийг зөрчөөгүй байна... гэж, харин Ус сувгийн удирдах газрын /ОНӨААТҮГ/ 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/166 дугаартай албан бичгээс үзвэл ...М******* ХХК-ийн эзэмшил газар нь Улаанбаатар хотын усан хангамжийн Мах комбинатын эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд байрласан байна гэж зөрүүтэй нотлох баримтууд авагдсан боловч эдгээр нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын гэрээг дүгнэхээс татгалзах үндэслэл болохгүй.
7. Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, 34.6-д Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана, 34.6.7-д гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага, 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан бөгөөд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01107-******* дугаартай гэрээний 4.14-д газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх, 5.4-д газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх гэж газар эзэмшигч, эзэмшүүлэгчийн үүргийг зааж, 7.1-т газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх-ээр заасан байна.
8. Мөн Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн актаар Газрын төлбөр төлсөн эсэх, Газрыг гэрээнд заасан газар ашиглалтын зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж буй эсэх, эргэлтийн цэг тэмдэгтээр баталгаажуулсан талбайгаар хашаа барьсан эсэх, шийдвэрээр олгогдсон талбайн хэмжээгээр газар эзэмшиж, ашиглаж буй эсэх, нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг чөлөөтэй байлгаж буй эсэх, бусдын газар эзэмших эрхтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй эсэх, өөрийн эзэмшлийн газар болон орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг хамгаалж, тохижилт хийсэн эсэхийг тийм, үгүй гэсэн сонголтоор хийж гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргахаар байх тул хариуцагчаас ажлын хэсгийн дүгнэлтийн дараа, эсхүл ундны усны эх үүсвэртэй давхцалтай гэх үндэслэлээр хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй байна.
9. Өөрөөр хэлбэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч М******* ХХК-ийн гэрээ дүгнүүлэх хүсэлтээс татгалзах эрхгүй, учир нь нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд үүнийг үндэслэн гэрээ байгуулсан тул түүнийг дүгнэх үүрэгтэй бөгөөд ундны усны эх үүсвэртэй давхцалтай гэдгийг тогтоосон бол энэ талаар дүгнэлт гаргахаар байна.
Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гэрээ дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Газар зохион байгуулалтыг албанд нэхэмжлэгч М******* ХХК-ийн газар эзэмших гэрээг дүгнэхээс татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гэрээ дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, М******* ХХК-ийн газар эзэмших гэрээ дүгнэсэн акт гаргахыг хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ