Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 00029

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Э.Дын нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1215 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Э.Дын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Өд холбогдох хүүхдийн тэтгэлэг болон 18,534,000 /арван найман сая таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Дын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Э.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Д нь анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Д нь 2017 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б.Ө гэх залуутай танилцан үерхэж нөхөрлөж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс манай гэрт хамтран амьдрах болсон.

Тухайн үед бидний харилцаа эв найртай сайн сайхан байсан бөгөөд би Б.Өтэй гэр бүл болон амьдарч, цаашдаа гэрлэлтээ батлуулан амьдарна гэж бодож байсан. Тэр ч утгаараа би энэ хүнд итгэж найдсаны үндсэн дээр түүний үр хүүхдийг тээн 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр бидний дундаас охин Ө.Хулан мэндэлсэн. Охин Ө.Хулан нь 2 сар дутуу төрсөн учраас эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөлд байдаг. Хүүхэд дутуу төрсөн шалтгаан нь нөхөр болох Б.Ө нь өрх гэрээ тэжээн тэтгэх эр хүний үүрэг хариуцлагаа үл ухамсарлаж, амьдралын явцад тохиолдох эдийн засгийн эрсдэл бүхий нөхцөл байдлыг зохицуулан авч явах амьдралын арга ухаангүй, арчаагүй байдал нь нөлөөлсөн гэж боддог.

Ингээд 32 долоо хоногтой буюу 7 сартай, 1.6 кг жинтэй, амьсгалын дутагдалтай хүүхэд төрүүлсэн. Үр хүүхдээ төрсөн цагаас хойш ч гэсэн энэ хүн үр хүүхдээ гэх эцгийн сэтгэлийг огт гаргаагүй гэж хэлж болно. Нэгэнт ийм байдлаас нь би залхаж эхэлсэн тул цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч хүсэлгүй болсон бөгөөд одоогийн байдлаар бид хоёр тус тусдаа амьдарч байна.

Б.Өтэй хамтран амьдарсан 2 жил 6 сарын хугацаанд би өөрийн зүгээс бусдын өмнө ичихээргүй хань нөхөртэй байх гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн энэ хүнийг өмсөх хувцас, идэх хоол, хийх ажилтай байлгах тал дээр маш их анхаарч, эдийн засгийн хувьд маш их зардал чирэгдлийг үүсгэсэн байдаг. Тухайлбал:

Надтай амьдрах гэр орон байхгүй гэхээр нь өөрийн эзэмшлийн хашаандаа 5 ханатай шинэ монгол гэрийг 8 сарын хугацаатайгаар сарын 50,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээсэлж нийт 400,000 төгрөгийг төлж амьдарсан.

Мөн айл гэрт хэрэгцээтэй 11 метрийн урттай хулдаас 88,000 төгрөг, гэрлийн хэрэгсэл 100,000 төгрөг, пийшин яндан 150,000 төгрөг, хөнжил, даавуу 145,000 төгрөг, сав суулга 100,000 төгрөг, антень 50,000 төгрөг зэргийг шинээр худалдан авсан. Ингээд гэрийн түрээс болон бусад дагуул хэрэгсэлд 1,033,000 төгрөгийг зарцуулсан. Түүнчлэн энэ хүн анх надтай танилцахдаа өмсөх хувцасгүй байсан тул түүнд улирлын хувцас авч өгсөн.

Б.Өг хувцаслахад зориулж 2,275,000 төгрөг зарцуулсан. Охин Ө.Хуланг төрсөн үеэс буюу 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс хойш эмчилгээ болон сувилгаа, асаргаанд зайлшгүй шаардлагатай дараах зардал гарсан. Эмчилгээний зардал нь нийт 8,150,000 төгрөг болдог.

Мөн тухайн хүнийг ажил, мэргэжилтэй болгох үүднээс дараах зардлыг гаргасан. Үүнд:

1. Жолоочийн үнэмлэх 350,000 төгрөг,

2. Гадаад паспорт 55,000 төгрөг, энэ зардлыг тооцож үзэхэд 405,000 төгрөг болж байна.             

 Одоогийн байдлаар миний бие Хаан банкинд 5,800,000 төгрөгийн, Ленд.мн-д 412,000 төгрөгийн, гар утасны 200,000 төгрөгийн тус тус зээлтэй, мөн гар утасны төлбөр 200,000 төгрөг, захын түрээс 500,000 төгрөг бусад хувь хүмүүсээс зээлсэн 6,230,000 төгрөгийн өр зэрэг нийт 13,342,000 төгрөгийн өр, зээлтэй байна.

          Уг мөнгөнөөс хамтран хэрэглэж, үрэлцэж, амьдарч ирсэн хүний хувьд түүнээс дээрх өр, зээлийн 50 хувийг мөн гаруулах хүсэлтэй байгаа бөгөөд уг мөнгө нь 6,671,000 төгрөг болж байгаа юм.

          Миний хувьд Б.Өтэй амьдарч байх хугацаанд амссан эдийн засгийн хохирол алдагдлаа түүнээс салсныхаа дараа нэхэхэд “Би чамаас авсан бүхнээ буцааж эргүүлж өгнө, гэхдээ миний хувьд чамд ч гэсэн өгсөн, тэжээн тэтгэсэн зүйл байгаа л байх” гэсэн. Тиймээс би түүнээс дээр дурдсан хохирлыг нэхэмжлэх үндэслэл болоод байгаа юм.

          Дээр дурдсан мөнгөн төлбөрийн шаардлага нь Б.Ө бид хоёрын хамтран амьдарснаас хойш бий болсон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцаанаас үүссэн шаардлага юм.

           Иймд уг асуудлыг түргэн шуурхай, үнэн зөвөөр нь шийдвэрлүүлж, төрсөн охин Ө.Хуланд хуульд заасны дагуу эцэг Б.Өгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Б.Өд зарцуулсан

1. Гэрийн түрээс болон дагуул хэрэгсэлд 1,033,000 төгрөг,

2. Хувцасны мөнгө 2,275,000 төгрөг,

3. Хүүхдийн эмчилгээний зардал 8,150,000 төгрөг,

4. Ажил мэргэжилтэй болгоход зарцуулсан зардал 405,000 төгрөг,

5. Бусдаас авсан өр, зээлээс ноогдох хэсэг 6,671,000 төгрөг

Нийт 18,534,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа тул үр хүүхдийнх нь эрүүл мэнд муудсан түүнээс болоод гарсан эмчилгээний зардал мөн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн шалтгаанаас болоод бусдаас авсан зээл нь хариуцагчаас авах нэмэлт зардалд зайлшгүй орж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж 18,534,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ө нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай нэг бүрчлэн танилцлаа. Миний бие Э.Дтой 2017 оны 9 дүгээр сард хамтран амьдарч эхлээд 2020 оны 01 сар хүртэл нэг гэрт байсан. Бид хоёр хамт амьдарч байсан талаар маргаангүй.

Би дээрх хугацаанд амьдрахын тулд 2018 онд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн боомтод 2 сар гаруй хугацаанд том машин барьж нүүрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж, ажлын хөлс болох 1,800,000 төгрөгийг Э.Дын дансанд хийж өгч байсан. Мөн дараа нь уг ажлаа үргэлжлүүлэн хийж 700,000 төгрөгийг олж Э.Дын дансанд хийж өгч байсан. 2019 оны 4 дүгээр сард мөн Шивээ хүрэнгийн боомтод ажиллаж 1,500,000 төгрөг олж бас л Э.Дын дансанд хийж өгч амьдралдаа тусалж явсан. 2019 онд Төв аймгийн Эрдэнэцагаан суманд Алтны уурхайд машин барьж 2,000,000 төгрөг олж өгч байлаа. 2019 оны 11 дүгээр сарын 23-нд Таван толгой ордод хөрс хуулж, “Өрнөх транс” компанид ажиллаж 1,500,000 төгрөг олоод бас л Э.Дын дансанд 300,000 төгрөг хийгээд дараа нь 180,000 төгрөгийг хийсэн. Э.Дын охин Д.Энхзулын сургалтын зардалд 650,000 төгрөгийг хийж байв. Үлдэгдэл мөнгийг гэртээ зарцуулаад л дуусаж байсан. Би амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж олсон мөнгөө амьдралдаа зарцуулсан байхад туслаагүй, намайг тэжээн тэтгэж, хооллож ундалж, хувцаслаж байсан мэтээр хэтрүүлсэнд гомдож байна. Би өөрийнхөө сонгосон амьдралаа өөрөө бусниулахыг бодоогүй. Харин Э.Дын өөрийнх нь бизнес амжилтад хүрээгүй, мөнгө төгрөгийн асуудалд ороод байдал хүндрээд ирэхээрээ намайг зөвхөн төлбөрт ашиглаж байгаад би маш их гомдож байна. Би жолооны үнэмлэх авахад Долгороос 350,000 төгрөгийг ээжийнх нь дансаар авсан нь үнэн. Энэ мөнгөө төлчихсөн л гэж бодож байгаа.

Иймд 18,534,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин хүүхдийнхээ тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Зээлийн тал дээр хариуцагчийн оролцоо байхгүй. 2,500,000 төгрөгийн зээл авна гэхээр нь “урдах зээлээ төлж чадаагүй байж авах нь зөв юм уу?” гэснийг зээл авахад оролцож байна гэж ойлгож болохгүй. Нэхэмжлэгчийн ээж нь охиндоо гэр бүл болоход нь 4,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарласан. Энэ мөнгийг буцаагаад Б.Өгээс авна гэдгийг ойлгохгүй байна. Бэлэг бол дундын өмч болдог. Хэн нэгэнд оноож өгөх юм бол тэр хүний өөрийн хувийн өмч болдог. Үүнийг нэхэмжлэх боломжгүй. Хэд хэдэн хүмүүсээс зээл авсан гэх зээлийн гэрээ байх шиг байсан. Банкны дансны хуулгаас харахад зээлийн хэлбэрээр мөнгө орж ирсэн байдаг. Үүнийг зээлийн гэрээнд орно гэж үзэхгүй байна. Энэ нь данс хоорондын гүйлгээний утгыг илэрхийлж байгаа юм. Түүнийг илүү ойлгомжтой болгож өгдөг зүйл нь зээлийн гэрээ юм. Хуульд Зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр хийнэ гэсэн зохицуулалт байдаг. Үр хүүхэд нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаад мэдээж эцэг, эх адилхан үүрэг хүлээх нь зөв. Хүүхэд өвдөөд гарсан зардалд маргахгүй гэвч хэн аль нь ямар туслалцаа үзүүлдэг зэрэгт хариуцагч тайлбар хэлэхэд нэхэмжлэгч түүнийг огт үгүйсгээгүй гагцхүү мөнгөний хэмжээ тийм байгаагүй гэдэг дээр маргаад байна. Энэ зардлыг нэхэмжлэгч нь нэхэмжлэх боломжтой. Гэвч энэ нэхэмжилж байгаа байдал нь ямар нэгэн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. Харин хамтран зээлдэгч болоод ороод ирсэн байвал оногдох хувиа төлөх ёстой. Ийм хэлбэрээр дарамталж мөнгө салгаж болохгүй. Энэ 2 хүний хувьд тодорхой хэмжээнд хамт амьдарч байсан учраас амьдралын эх үүсвэрээ хөдөлмөрөөрөө хоршиж байсан байдлыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар хэмжээний мөнгөн хөрөнгө үүсээд ямар хэмжээний хөрөнгө холилдсон гэдэг нь тодорхой биш байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Шаардах эрх байгаач түүнийгээ нотлох баримтад тулгуурлаж шаардах ёстой.

Иймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1215 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар регистрийн дугаар РЮ18271265, 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, охин Солонго овогт Өвгөнхүүгийн Хуланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Өгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,  Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Б.Өгээс 898,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,635,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Доос улсын тэмдэгтийн хураамжид 246,128 төгрөг, хариуцагч Б.Өгээс улсын тэмдэгтийн хураамжид 60,322 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Д давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Э.Д би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1215 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ охин Ө.Хуланд хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, хүүхдээ эмчилгээнд авч явахдаа “Хүннү Эйр” ХХК-ийн агаарын тээврээр зорчсоны төлбөр болох 1,096,500 төгрөгийн 50 хувь 548,250 төгрөг, жолооны үнэмлэх авахад зориулж зээлсэн 350,000 төгрөг нийт 898,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,635,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 17,635,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгосноо тайлбарлаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэснийг зөрчсөн байна гэж үзэж байна.

Би охиноо Улаанбаатар хотод эмчлүүлэх болон Б.Өтэй хамтран амьдрах үедээ ийм зүйл болно гэж бодож, нотлох баримт цуглуулж байгаагүй. Гэсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “....нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх....” үүрэгтэй болохоо ойлгож, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн боломж, бололцоогоор нотлох баримт цуглуулж өгөхийг хичээж, зарим нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа.

Гэтэл шүүх шийдвэртээ миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг ямар шалтгаанаар үнэлээгүй, ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон зэргийг тайлбарлаагүйд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01215 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Э.Д хүүхдийн тэтгэлэг болон 18,534,000 /арван найман сая таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулахаар хариуцагч Б.Өд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ө хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч харин 18,534,000 төгрөг төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 898,250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч Э.Д эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

Шүүх хариуцагч Б.Өгээр 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Ө.Хуланг хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлж, сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин гомдлыг үндэслэн хэргийг хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглэж чадаагүй буюу хуулийг буруу хэрэглэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний болон төлбөрийн дүнд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэв.  

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад гарсан унааны зардал буюу онгоцны тийзний үнэ 1,096,500 төгрөгийн 50 хувь болох 548,250 төгрөг, хариуцагчийн жолооны үнэмлэх авахад зарцуулсан төлбөрт 350,000 төгрөг гаргуулсан дээр нэмж доорх төлбөрийг гаргуулах. Үүнд:  

1/ Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Д, хариуцагч Б.Ө нар нь хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч тэдний хооронд гэр бүлийн харилцаа үүссэн болох нь охин Ө.Хуланд эрх бүхий байгууллагаас эцэг Өвгөнхүүгээр нь овоглож төрсний гэрчилгээ олгосон, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогджээ. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “....тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн... эмчлүүлсэн гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар... шүүхэд нэхэмжлэл гаргаж болно....” гэж заасан тул нэхэмжлэгч нь эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжлэх эрхтэй байна. Охин Ө.Хулан  дутуу төрж, эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эмчлүүлэгчийн карт,  Э.Дын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул 2018 оны 7 дугаар сарын 12-ноос хойш эм тарианы үнэнд шилжүүлсэн 1,214,751 төгрөгийг,  

2/ Зохигчид нь хамтран амьдарч байх хугацаандаа гэр түрээсэлж байсан нь тэдгээрийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр нотлогдож байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байх тул түрээсийн төлбөр 400,000 төгрөгийн 50 хувь болох 200,000 төгрөг, нийт 2,312,971 төгрөгийг тус тус хариуцагч Б.Өгээс гаргуулах.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зээл болон бусад зардлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,129 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Дт буцаан олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1215 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Б.Өгээс 2,312,971 /хоёр сая гурван зуун арван хоёр мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан Э.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,221,029 /арван зургаан сая хоёр зуун хорин мянга хорин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Доос улсын тэмдэгтийн хураамжид 284,834 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Өгээс 86,171 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Дт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,129 /хоёр зуун дөчин найман мянга нэг зуун хорин ес” төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Дт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

                                                                                      Л.ЭРДЭНЭБАТ