Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

 

 

 

 

 2023         05        03                                         2023/ДШМ/18

 

   Б.Мд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам,  шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч: Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Иргэний хариуцагч: Б.Б,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Хохирогч: Б.Х,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, иргэний хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох 2238002480593 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Битүүт” овогт Б- ийн М, .......... оны ..... дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Х” ХХК-нд эдийн засагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн .... дугаар байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн .........................дугаартай/.

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Б” ХХК-д гэрээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Хын Хаан банкны 5890341529 тоот данснаас өөрийн төрсөн ах Б.Бын 5913279999 тоот данс руу 50,000,000 төгрөг хийлгэж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Битүүт” овогт Бийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Бат-Эрдэнийн Мыг 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох сар бүр 375,000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж торгох ялыг биелүүлэх хугацааг 32 /гучин хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мд сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Маас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг иргэний хариуцагч Б.Баас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Хд олгож, иргэний хариуцагч Б.Б нь хохирогч Б.Хишигжаргалд олгосон 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Маас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа намайг үндэслэлгүйгээр хохирогч*******ын хохирлын мөнгө болох 50,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан. ...Энэ асуудалд намайг оролцуулахгүйгээр хоорондоо мөнгө төгрөгөө шилжүүлж авцгаасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байдаг.

Би иргэний хариуцагч Б.Бын хохирогч Б.Хишигжаргалаас шилжүүлэн авсан мөнгөнөөс мөнгө төгрөг аваагүй, өөрт ашигтай байдал бий болгоогүй байхад анхан шатны шүүх миний эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг маань дордуулж, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн намайг хохирлын мөнгөнөөс төлөх талаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү. Би гэм буруу болон эрүүгийн хариуцлагын асуудал дээр маргаагүй болно гэжээ.

Иргэний хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: Миний бие Бат-Эрдэнэ овогтой Б нь 2022 оны 4-р сарын 26-ны өдөр Бэлтэс Мөрөн ХХК-иас Галбадрах дээр хийсэн 50 сая төгрөгийн гэрээг цуцлуулахаар өгөхөд******* гэрээ байгуулах гэж байсан 50 сая төгрөгийг надад өгч гэрээг сольж авсан.******* нь гэрээг авахдаа цаашид гарах үр дагаврыг өөрийн биеэр хариуцна гэсэн бичиг хийж өгч гэрээг худалдаж авсан. Гэтэл******* нь гэрээний хугацаа дуусч Бэлтэс Мөрөн ХХК-аас мөнгө авч чадахгүй болох үед Бэлтэс Мөрөн ХХК-нд ажилд ороод удаагүй байсан миний төрсөн дүү Б.Мтай хамтран залилан хийсэн гэж шүүхэд өгч намайг иргэний хариуцагчаар татсан. ...Үүнд миний дүү Б.М нь Бэлтэс Мөрөн ХХК-нд ажилд ороод дөнгөж 18 хоног болж байсан бөгөөд тухайн компанийг цаашид ажиллах эсэх талаар мэдээлэлгүй байсан. Мөн Бэлтэс Мөрөн ХХК-ийн удирдлагуудын дампуурахгүй гэсэн ятгалгад орж******* бид хоёрыг зуучилж өгсөн, цаашид******* бид хоёр өөрсдөө тохиролцоогоо хийсэн болно.******* нь Бэлтэс Мөрөн ХХК дампуурсны дараа цагдаагийн газарт гомдол гараагүй, өөрийгөө хохирогчоор тодорхойлоогүй олон сарын турш гэрээг нууц дарагдуулж санаатайгаар намайг 50 төгрөгийн хохиролд оруулж байгаа тул миний бие*******д гомдолтой байна.

Иймд*******д байгаа 50 сая төгрөгийн гэрээг Бэлтэс Мөрөн ХХК-ны хохирогчоор тогтоолгож өгнө үү. Мөн*******ын 50 сая төгрөгийн хохирлыг Бэлтэс Мөрөн ХХК-иас гаргуулж*******ын хохирлыг барагдуулж өгнө үү.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Баас 25,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул гомдол гаргаж байна.

Учир нь хохирогч Б.Хишигжаргал нь өөрөө хүсэж, хүнээр зуучлуулж, яриулж, гуйж, өөрийн хүслээрээ Б.Бын цуцлах гэж байсан гэрээг авч байгаагаа илэрхийлж, цаашид гарах үр дүнг өөрөө хариуцна гэдгээ илэрхийлж “Бэлтэс Мөрөн” ХХК тай байгуулсан гэрээг нь шилжүүлэн авч ашиг хонжоо олох, мөнгө үржүүлэх, ашиг олох зорилгоор гэрээг нь шилжүүлэн авсан үйл баримт тогтоогддог. Гэтэл миний үйлчлүүлэгчийг иргэний хариуцагчаар тооцож 25,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Хохирогч Б.Хишигжаргал нь Б.Баас шилжүүлэн авсан гэрээгээ “Бэлтэс Мөрөн” ХХК-д өгөлгүй өөртөө хадгалж байгаад шүүх хурал дээр эх хувиар нь гаргаж өгсөн. Энэ гэрээ нь “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэрэг материал дотор байх ёстой гэрээ байсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шатны шүүхийн энэ шийдвэр хэрэгжиж явбал 50,000,000 төгрөгийн алдагдалд орохоор болж байгаа. Хохирогч Б.Хишигжаргал нь “Бэлтэс мөрөн” ХХК эрсдэлтэй болонгуут Б.Мийг залилан мэхэлсэн мэтээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дах хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, хохирлыг буруу хүнээр гаргуулахаар шийдвэрлэсэн гэж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, талуудын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний зүгээс хохирогчийг залилан мэхэлж, өөртөө давуу байдал бий болгосон санаа зорилго байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх нь намайг нийтийн албан тушаалтан гэж үзэж надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй  болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Иргэний хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний зүгээс хохирогч Б.Хишигжаргалаас хүчээр болон залилан хийж мөнгө авсан асуудал байхгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан тул хэргийг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч Б.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нь өөрийн төрсөн ахтайгаа нийлж “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа зогсож байгаа талаар мэдсээр байж миний мөнгийг залилан авсан тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй... надад тухайн үед би зохицуулна санаа зовох хэрэггүй шүү гэсэн бичиж байсан чат нь хүртэл байгаа... одоо яагаад ингээд худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Бэлтэс Мөрөн ХХК-ний үйл ажиллагааг 4 дүгээр сарын 23-нд зогсоож гэрээ байгуулахгүй болсон байхад... төрсөн ахынхаа мөнгийг авч өгөх зорилгоор үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Хишигжаргалаас өөрийн төрсөн ах Б.Бын данс руу 50,000,000 төгрөг хийлгэж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой байгаа шүү дээ... Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс харж дүгнэн шийдвэрээ гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, талуудын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Бэлтэс Мөрөн” ХХК-д гэрээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Хишигжаргалын Хаан банкны 5890341529 тоот данснаас өөрийн төрсөн ах Б.Бын 5913279999 тоот данс руу 50,000,000 төгрөг хийлгэж залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

1.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.Учир нь:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 12,000  нэгжтэй тэнцэж хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

2. Шүүгдэгч Б.Мын гаргасан “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа намайг үндэслэлгүйгээр хохирогч*******ын хохирлын мөнгө болох 50,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Хэрэгт мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 223800049 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрөл, Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дугаартай орон байранд нэгжлэг хийх тухай зөвшөөрөл, Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдсан, “Бэлтэс Мөрөн” ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон, 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш иргэдтэй гэрээ байгуулаагүй байхад шүүгдэгч Б.М нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Бэлтэс Мөрөн” ХХК-д гэрээний /зээлийн гэрээ байгуулдаг/ ажилтнаар ажиллаж байх үедээ “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар иргэнд 50,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд өөрийн үйлдлээ хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг нь өөрийн төрсөн ахдаа шилжүүлэн авсан болох нь шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Хишигжаргалын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн нууцлалын гэрээний хуулбар, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 9 дугаартай Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх №105 дугаартай “иргэн Д.Галбадрах нь “Бэлтэс Мөрөн” ХХК”-тай байгуулсан гэрээг Б.Хишигжаргалд шилжүүлэн өгч байгаа талаар “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн удирдлагад мэдэгдээгүй, албан тушаалын байдлын эрх мэдлээ ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, хохирогчид 50,000,000 төгрөгийн бодит хохирол учруулсан байх тул түүнийг хохирол нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй, шүүх гэм буруутайд тооцож хохирлыг хувь тэнцүүлэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.   

Мөн шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн: “...би нийтийн албан тушаалтан биш тул надад эрүүгийн хариуцлага оногдуулсан нь буруу...” гэх гомдлын талаар анхан шатны шүүхээс шүүгдэгчийг “нийтийн албан тушаалтан”-д хамаарагдах зүйл ангиар гэм буруутайд тооцоогүй.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх зүйл ангиар гэм буруутайд тооцсон ба анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь “гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөх”-өө илэрхийлсэн байна.

Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.  

Түүнчлэн шүүгдэгч би гэм буруу болон эрүүгийн хариуцлагын асуудал дээр маргаагүй гэсэн байх тул “хохирол төлөхгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

3. Иргэний хариуцагч Б.Бын гаргасан “...Хишигжаргал бид хоёрын маргааныг эрүүгийн хэргээр биш иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй... би иргэний хариуцагч биш******* нь Бэлтэс Мөрөнгийн хохирогч тул надад хамааралгүй болно...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Хэрэгт авагдсан Хамтран ажиллах, санхүүгийн дэмжилэг үзүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Д.Галбадрах нь “Бэлтэс Мөрөн” ХХК-тай байгуулсан гэрээг ашиглаж түүний өмнөөс уг №105 дугаартай гэрээг хохирогчид өгч 50 сая төгрөгийг Б.Б өөрийн дансаар авч хохирогч Б.Хишигжаргалд 50,000,000 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Б.Бын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүх иргэний хариуцагч Б.Быг шүүгдэгч Б.Мын бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцах шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

3. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан “...миний үйлчлүүлэгчийг иргэний хариуцагчаар тооцож 25,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд бусдын гуйлтаар “Бэлтэс Мөрөн” ХХК-тай байгуулсан гэрээг шилжүүлсэн эсэхээс үл хамааран өөрийн дансанд орсон 50,000,000 төгрөгийг зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнийг бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцах үүргээс чөлөөлөх үндэслэлгүй. Энэ талаар шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Б.Маас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг иргэний хариуцагч Б.Баас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг тус тус хамтран хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

                                                                            Л.ЭРДЭНЭБАТ