Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        05        10                                        2023/ДШМ/19

 

   Ч.Гт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч: Ч.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2338000000053 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан гэрүүд овогт Ч-ын Г, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ...............сумын Хатгал тосгоны 2 дугаар багийн ................. гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ............................./.

Ч.Г нь Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “,,,” гэх газар буюу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3.9325 м3 хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, ойн санд 663,235 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Ч-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн А сумын Хатгал тосгоны хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ч.Г-ийг Хөвсгөл аймгийн А сумын Х тосгоноос гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Г-т тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Г-ийн Хөвсгөл Хатгал Нуур хамгаалал Төрийн сангийн 100172113005 дугаартай дансанд төлсөн 1,989,707 /нэг сая есөн зуун наян ес мянга долоон зуун долоо/ төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 3.9325 м3 хэмжээтэй модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д 8 зааснаар эрүүгийн 2338000000053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Г давж заалдах гомдолдоо: “...Ч.Г надад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан шаардлага, үндэслэлийг хангаж байгаа тул энэ зүйл, заалтыг шүүхээс хэрэглэж болох байсан гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангасан байхад энэ зүйл, заалтыг хэрэглэж болох байсан гэж үзэж байгаа учир гомдол гаргаж байна.

...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг хэрэглэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зорчих эрхийг хязгаарлах ял нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.”гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ч.Г нь Хөвсгөл аймгийн Ч сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “.............г” гэх газар буюу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3.9325 м3 хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 663,235 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг  зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан  нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Г-ийн “...шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй ял шийтгэл оногдуулсан, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан шаардлага, үндэслэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэрэглэх боломжтой байсан заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд:

 Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялаас ямар төрөл, хэмжээний ял сонгон оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал учир шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг  буруутгах боломжгүй.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйл /Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх/, 174 дүгээр зүйл /Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчлөх/-д заасан журмын дагуу өөрчлүүлэх боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Г-ийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                            Б.СОСОРБАРАМ