Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0778

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0778

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г******* нарын хоорондын даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нөхөн олгох шийдвэр гаргуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхдэлгэр нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,331,547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/ дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 7,331,547 төгрөгийг М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах гэж тодорхойлсон байна.

1. Нэхэмжлэгч М******* ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлттийн үнийн нэхэмжлэхээ Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс рүү 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр илгээж, хугацаа хоцроосон гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас төлбөр тооцооны өглөг авлага байхгүй тооцоогүй гэсэн хариуг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өгч, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэж хүлээн авахаас татгалзсан тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд гомдол гаргаж, татгалзсан хариуг өгсөн тул шүүхэд дахин 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

2.1 Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс манай компанийн 2022 оны 05 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлттэй үнийг нэхэмжлэхэд хугацаа хоцроосон гэх үндэслэлээр татгалзсан, харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өглөг авлагын тооцоо байхгүй гэсэн үндэслэлээр үнийн хөнгөлөлтөөс дутуу олгосон төлбөр олгоогүй нь хууль бус,

2.2 Хөнгөлөлттэй эмийн нэхэмжлэхийг хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нотлох баримтаа хүргүүлсэн боловч хүлээн аваагүй нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* ХХК нь Х******* аймгийн 2 суманд байрладаг. Тухайн 2 эмийн сан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээг заасан жагсаалт байдаг. Энэ жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмч, улсын эмнэлгийн эмч, өрхийн эмч, сумын өрхийн эмч нарын бичсэн жорыг үндэслэн даатгуулагчдад хөнгөлөлттэй эм олгох үйлчилгээг нэг жилийн хугацаатай гүйцэтгэж жил болгон шинэчилдэг гэрээ юм. Гэрээний харилцаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.7, 3.1.8, 9 дүгээр зүйлийн 9.1.7 дох хэсгүүдэд заасан заалтуудаар зохицуулагдсан. Тухайн гэрээний 2 дугаар хэсгийн 2.4.4 дэх хэсэгт тухайн сард хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн зөрүү нэхэмжлэлийг дараа сарын 5-ны дотор тухайн аймгийнхаа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст цаасан, цахим хэлбэрээр хүргүүлж эмийн үнийг авдаг журамтай.

4. М******* ХХК нь 2022 оны 05 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлт үнэ болох 6,174,275 төгрөгийг нэхэмжлэхээр Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цаасан хэлбэрээр илгээсэн бөгөөд Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2022 оны 5 дугаар сарын эмийн хөнгөлөлтийн үнэ болох 6,174,275 төгрөгийн нэхэмжлэлийг хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр хүлээн аваагүй бөгөөд эмийн үнийг олгоогүй.

5. Тухайн үед Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хугацаа хоцроосон шалтгаан буюу нягтлангийн нөхөр авто тээврийн осолд ороод хугацаа хоцроосон шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй гэж үзэн татгалзсан. Тухайн үед Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс асууж тодруулахад эмийн хөнгөлөлтийн үнийг олгоно гэж хэлсэн.

6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас бүтэн жилээр тооцоо нийлэхэд танайх ямар ч үлдэгдэлгүй гэсэн үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан байна. Тийм учраас танай нэхэмжлэлийг хянах боломжгүй байна гэдэг хариу өгсөн. Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2 өөр хариу өгсөн. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд хандсан. Гэрээн дээр гуравдагч талыг оролцуулахгүй гэж заасан учраас хэлэлцүүлсэн. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтуудыг үндэслэж, байгуулсан гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,174,275 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн дутуу төлбөр 1,157,272 төгрөг, нийт 7,331,547 төгрөгийг олгохоос татгалзаж байгаа гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар М******* ХХК-тай даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхээр уг маргаан нь хүсэлтэд дурдсан 2022 онд болсон үйл явдал. Тухайн онд Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хариу мэдэгдсэн. Хариуг зөвшөөрөхгүй уг байгууллагад болон дээд шатны байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах эрх нээлттэй байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дах хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжлэлээ илгээх хугацааг сар болгоны 5-ны дотор гэж тогтоосон. Тэгэхээр сар эхлэхэд 1-ээс 5-ны хооронд 1 сарын нэхэмжлэлийг явуулна гэхээр 5 хоногийн хугацаа байгаа гэсэн үг. Тэгэхээр 5-аас хойш 5 хоногийн дотор энэ үйл явц болсон нь нэхэмжлэлийг хоцроосон шалтгаан биш гэж үзэж байна. Нэхэмжлэл илгээх хугацаа хангалттай байсан. Нэхэмжлэлээ хоцроосон нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой гэж үзэж байна.

8. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн журамд нэхэмжлэлийг хянах журам байгаа. Нэхэмжлэлийг хянах журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт энэхүү журмын хавсралтаар чанар, төлбөрийн хяналтын үйл ажиллагаа, үйл явцын зураглал, дотоод хяналтын дэс дарааллыг дараах байдлаар тайлбарлана гэж заасан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх хэсэгт тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтыг эрүүл мэндийн байгууллагууд сар бүр үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлээр илгээх үйл явцаар эхэлнэ. Нэхэмжлэлийг хянах журмын 3 дугаар зүйлийн 3.4.2 дох хэсэгт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн байгууллагын ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авсан нэхэмжлэлээс хойш эхэлнэ гэж заасан. Тиймээс нэхэмжлэл илгээгээгүй учраас энэ үйл явц эхлэхгүй гэсэн үг. Х******* аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа хийх гэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ өгөөгүй. Захиргааны актын маргаан гэхээс илүүтэй захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой албан бичиг гэж ойлгож болно.

9. Нэхэмжлэлийг хянах журамд хугацааг нэмж олгоогүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс батлагдсан гэрээний дагуу сар болгоны 5-ны дотор ирүүлэхээр заасан. Тухайн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дох хэсэгт гэрээг дараах тохиолдолд холбогдох нотлох баримт, тусламж үйлчилгээний төлбөрийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзсан. Тухайн байгууллагаас хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт нь эвдэрхий машины зураг байсан. Хүндэтгэн үзэх шалтгааныг нотлохын тулд осол болсон бүртгэл, эмнэлэгт хэвтсэн бүртгэл, эмнэлгийн дүгнэлт акт зэргийг ирүүлээгүй. Тиймээс Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2022 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл нэхэмжлэлийг тайлант хугацаандаа ирүүлээгүй тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэлийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/ дугаартай албан бичгээр М******* ХХК-ийн захирал Б.С*******д Танай байгууллага Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй Сангийн сайдын 2017 оны ******* тоот тушаалын хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтөлж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж төлбөр тооцооны үлдэгдэлгүй гарсан. Иймд хүсэлтэд 2022 оны 05, 12 дугаар сард эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үзүүлсэн нэхэмжлэлийг манай байгууллага хянах боломжгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч М******* ХХК-ийн захирал нарын хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг 2022 оны 01дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар *******, *******7 гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд мөрдөхөөр байгуулсан байна.

3. Дээрх гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчийн эрхийг зааж, 2.1.7 дах хэсэгт дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах гэж, 2.1.7.2 дах хэсэгт гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл, гэж зааж харин Эрүүл мэндийн ерөнхий газрын 2024 оны 05/ дугаартай албан бичигт заасан төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэсэн үндэслэлээр тусламж үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэлийг хянахаас татгалзахаар заагаагүй байна.

4. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч тал 2.2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилан шаардлага хангасан нэхэмжлэлийг төлбөрийн хэмжээг тогтоох үүрэгтэй байхаас гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч 2.3.1 дэх хэсэгт шаардлага хангасан нэхэмжлэлийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэх эрхийг эдэлж, харин, 2.4.7 дах хэсэгт төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, 11-ний өдрөөс тухайн сар дуусталх хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх үүргийг хүлээх бөгөөд энэ үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй бол 4.2 дах хэсэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутгуулах хариуцлага хүлээлгэхээр заажээ.

5. Мөн нэхэмжлэл илгээх зааварчилгаанд эмийн сангуудын 2022 оны 01 дүгээр сарын албан хүсэлт, нэхэмжлэлийг орон нутагт өөрийн аймаг дах Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар, харин 2022 оны 2 дугаар сар ба түүнээс хойших хугацааны гүйцэтгэлийн мэдээлэл нь heglth.gov.mn цахим системд илгээгдэж, албан хүсэлт, нэхэмжлэлээ гэрээний 2.4.4-т заасан хугацаанд цахим систем дэх албан хүсэлт цэсээр илгээхийг зааж М******* ХХК-ийн захирал Б.С******* гарын үсэг зурсан байх ба 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 32, 33 дугаартай Х******* аймаг Эрүүл мэндийн даатгалын хэлтэст М эмийн сан 2-ийн 2022 оны 05 дугаар сарын энгийн эмийн хөнгөлөлттэй жороор 99 хүнд олгосон эмийн 4,438,311 төгрөг, М Эмийн 1-ийн 2022 оны 5 дугаар сарын энгийн эмийн хөнгөлөлттэй жороор 59 хүнд олгосон эмийн үнэ 1,735,964 төгрөгийг ХААН банкны дансанд шилжүүлж өгөх хүсэлтийг гаргаж, мөн өдрийн огноотой нэхэмжлэхэд 4,438,311 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үнийн дүнгийн 1,157,272 төгрөг, Эрүүл мэндийн хөнгөлөлтийн тайланг хавсаргасан байна.

6. Хавтаст хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгааг М******* ХХК-ийн нягтлан бодогч болон Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нягтлан бодогч нар үйлдэж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд өргүй гэж тохиролцсон гэж гарын үсэг зурсан байх бөгөөд тооцооны баримтын жагсаалтаас үзвэл эхний үлдэгдэл 1,143,746 төгрөг гэж мөн 5 дугаар сарын дүнгийн хүснэгт хоосон байгаагаас үзвэл өр төлбөр үүсээгүй гэж үзэхээргүй байна.

7. Мөн М******* ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн албан бичгээс үзвэл ...хөнгөлөлттэй жороор иргэдэд үйлчилсэн тухайн сарын нэхэмжлэх тайлан мэдээг 06 дугаар сарын 10-ны өдөр явуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэхүү хоцроосон нь нягтлан бодогчийн ар гэрийн хүн аваарт орсон гэж тайлбарлан холбогдох баримтуудыг хавсарган ирүүлснийг Х******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс чиглэл авахаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж, тус газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр чиглэл хүргүүлэхдээ ...М******* ХХК-ийн ирүүлсэн албан бичиг, нотлох баримтуудыг судалж, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байгаа бөгөөд хоцорсон нэхэмжлэхийг хянан шийдвэрлэх боломжгүй... гэх утга бүхий дотоод албан бичгийг Х******* аймгийн Эрүүл эндийн даатгалын газарт хүргүүлсэн байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг тогтоох ямар ажиллагаа хийсэн нь тодорхой бус, гэрээнд зааснаар хугацаа хожимдож ирүүлсэн нэхэмжлэлийг хянан үзэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

8. Дээрх нөхцөл байдлаас үзвэл М******* ХХК нь Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний 2.4.4 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлэн 2022 оны 5 дугаар сарын нэхэмжлэхээ 6 дугаар сарын 10-ны өдөр буюу 5 хоногийн хугацаа хэтрүүлэн хүргүүлсэн болох нь тогтоогдож байх хэдий ч Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид гэрээ гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ, 10.2-д Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна гэж зааснаар Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний 4.2-д эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутгуулах заалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэхээр байна.

9. Учир нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар төлбөрийн хяналтын журам-ын 5.1-т нэхэмжлэлийн хяналт, 5.1.1-т нэхэмжлэлийн хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс хянан үзэж, төлбөр төлөх шийдвэрийг гаргах үйл явц юм гэж зааснаар шүүхээс М******* ХХК-ийн тусламж үйлчилгээний зардлыг хянан үзэж, нэхэмжлэлийн үнийн дүнг шууд гаргуулах боломжгүй тул хариуцагч захиргааны байгууллагыг хууль, журам болон гэрээний үүргээ хэрэгжүүлж даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үйлчилгээний зардлыг олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

10. Харин шүүхээс М******* ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,174,275 төгрөг, болон 2022 оны 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн дутуу төлбөр болох 1,157,272 төгрөг нийт 7,331,547 төгрөгийг олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар шууд даалгах боломжгүй тул хариуцагчийг хянан үзэх үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийн даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг олгох эсэхийг хянан үзэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх, 13.1.2-д эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/ дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч М******* ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ, болон 2022 оны 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн дутуу төлбөрийг хянан үзэж, нөхөн олгох эсэхийг шийдвэрлэх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7,331,547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/ дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнийн нэхэмжлэлийг хянан үзэж, М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргах эсэхийг шийдвэрлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

      

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ