Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 48

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор, хохирогч М.Мөнхтөр, гэрч Г.Ууганбаатар, Г.Батболд, шүүгдэгч С.Шүтээн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Сарантуяагийн Шүтээнд холбогдох эрүүгийн 1721001230112 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэргийн холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 2 ах, 1 дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 3-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 сарын 17-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2015 оны 12 сарын 07-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож шийдвэрлэснийг 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 14 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, ЖЯ94012475 регистрийн дугаартай, Боржигин овогт Сарантуяагийн Шүтээн,

Шүүгдэгч С.Шүтээн нь 2017 оны 8 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 3-13 тоотод М.Мөнхтөрийн баруун нүдэнд шаазан аягаар цохиж баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шарханд солонгон болон судаслаг бүрхүүлийн хавчуулалт, өмнөд камерийн цус хуралт гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас баруун нүдийг хараагүй болгож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Шүтээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 8 сарын 7-ooс 8-нд шилжих шөнө гэртээ 23 цагийн үед аав, ээж, ах нарын хамт кино үзэж дуусаад, зун байсан болохоор хашаан дотроо байдаг амбаартаа орсон. Тэгээд 2 цаг хүртэл гар утсаараа оролдон хэвтэж байгаад тамхи татах гэсэн тамхигүй болсон байсан. Тэр үед дэлгүүр хаалттай байсан болохоор 00 орохоор гартал Ууганбаатар ахын гэр гэрэлтэй байсан. Ууганбаатар ахын гэр рүү явахаар гартал гэрийн гадаа Сүхболдтой таарсан. Сүхболдоос тамхи асуухад “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Сүхболдын хамт Ууганбаатар ахын гэр рүү 01 цаг 20 минутанд орсон. Намайг ороход Чулуунбаатар ах, Ууганбаатар ах хоёр “Нутаг” нэртэй 0,75 граммтай 1 шил архи уугаад сууж байсан. Чулуунбаатар ах болохоор гэрийн баруун талын сандал дээр сууж байсан. Ууганбаатар ах зүүн талын буйдан дээр тохойлдоод сууж байсан. Буланд нэг хүн хэвтэж байхаар нь энэ юун хүн бэ? гэж асуухад “Гамбаа ах чинь тасарсан унтаж байгаа юм” гэж хариулсан. Тэгээд би “тамхи байна уу” гэж асуухад тамхи нь ширээн дээр ил байсан. Би ширээн дээр ил байсан тамхинаас нь нэгийг авч татаад Чулуунбаатар, Ууганбаатар ах хоёрын яриаг сонсоод сууж байтал гаднаас Батболд ах Мөнхтөр ахыг дагуулаад орж ирсэн. Орж ирэхдээ “Түмний хишиг” нэртэй архи авч орж ирсэн. Батболд ах орж ирээд буйдангийн хажууд суусан. Мөнхтөр ах ширээний баруун талд байсан сандал дээр суухдаа ширээн дээр байсан шилэн аягатай архийг тохойлдоод асгачихсан. Тэгэхэд Ууганбаатар ах “чи муу яагаад айлын хойморт гарч суучихаад юм асгаж цутгаад, шүлсээ хаяад байгаа юм бэ” гэж хэлээд уурласан. Тэр үед би босоод Мөнхтөр ахын тохойноос нь өргөж босгоод буйдан дээр суулгаж өгсөн. Тэгээд ширээн дээр байсан тамхинаас нь хэдэн ширхгийг аваад гал тогоогоор нь дамжаад гарахад Батболд ах гал тогоонд байсан. Би Батболд ахад “Ууганбаатар ахын ээж одоо ирнэ шүү. Та найзыгаа аваад яваарай. Цагдаа сэргийлэх болно шүү” гэж хэлээд гараад явсан. Эд нар бүгд нилээн согтолттой байсан. Би гэртээ орж утсаа цэнэглэж орхичхоод гадаа гарч тамхи татсан. Намайг тамхи татаж байхад манай ах гэр рүүгээ явсан, би гэртээ орж унтсан. Өглөө нь би Батболд ах, Мөнхтөр ах нартай уулзаагүй. Эд нар 10-11 цагийн хооронд манай урд эгнээнд байдаг дэлгүүрийн урд Батболд ахын машинтай зогсож байсан. Намайг дэлгүүрээс тамхи аваад гарахад Батболд ах, Мөнхтөр ах 2 машин дотроо сууж байсан. Тэгээд дараа нь Ууганбаатар ахтай таарахад “Батболдын найз Мөнхтөр хүнд зодуулсан байна. Тэр өдөр юу болсон талаар ирж асууж байна” гэж хэлсэн. Би энэ хэргийг хийгээгүй гэв.

Хохирогч М.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн өдөр буюу 8 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Батболд эхнэрээсээ архины мөнгө аваад дэлгүүр явсан. Би Батболдтой цуг гэрээс нь гараад явж байтал Батболд замдаа нэг залуу /Чулуунбаатар/-тай таараад юм яриад зогсож байсан. Тэгсэн тэр залуу “энд архи ууж байна, цуг оръё” гэж Батболдод хэлэхэд  Батболд надад “энд манай нэг найзынх байдаг юм” гэж хэлээд намайг дагуулаад Чулуунбаатартай цуг гурвуулаа Ууганбаатарын гэрт орсон. Би Ууганбаатарын гэр рүү түрүүлж орсон. Чулуунбаатар, Батболд 2 миний араас орсон. Тэгээд би ороод сул сандал байхаар нь суутал Шүтээн гэнэт над руу “яахаараа чи айлын хойморт суудаг юм” гээд дайраад байсан. Батболд тэгэхээр нь намайг өмөөрөөд Шүтээнд “чи ямар сүртэй юм. Сул суудал байхаар нь мэдэхгүй суугаа биз” гэж хэлээд хэрэлдсэн. Тэгсэн Батболдын араас Ууганбаатар татаж босгоод үүд рүү гараад коридор дотор маргалдаж байгаад хаалга нь онгойгоод пижигнэлдээд гарах шиг болсон. Тэгэхээр нь би араас нь гарах гээд босоод иртэл хажуунаас Шүтээн гартаа барьж байсан шаазан аягаараа намайг цохисон. Тэгээд би нүдээ бариад доошоо суухад “ганц цохилтын ая даахгүй” гэж хэлж байсан. Тухайн үед хаалга нь онгорхой байсан болохоор гараад зугтсан. Тэгэхэд хашаа нь дотор хүн байгаагүй. Батболдын гэр рүү ороход гэрэл нь унтраастай, гэрийнх нь унтаж байсан. Би тэдний гэрлийг асааж мэдэхгүй болохоор тэр чигээрэй унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоход миний гар утас, малгай байхгүй байхаар нь Батболдод хэлэхэд Батболд асуугаад ирье гээд Ууганбаатарынх руу явсан. Тэгээд Батболдыг очиход Ууганбаатар “та нар хоорондоо зодолдсон юм уу? аяга тавга хагалаад, хивс цус болгосон байна” гэж хэлсэн байсан. Ууганбаатарынхаас миний гар утсыг авчирч өгсөн. Тэр өдөр би Улаанбаатар хот явах ажилтай байсан болохоор нүдээ тоогоогүй, зүгээр хавдчихсан юм байх гэж бодсон. Тэгсэн 4 хоногийн дараа нүдний хаван буусан хэрнээ нүд юм харахгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл хагалгаанд яаралтай орох хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би Улсын 1 дүгээр эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Тухайн үед би ээждээ утсаар “Улаанбаатар хот явахын өмнө нүдээ цохиулсан чинь нүд юм харахаа байчихлаа. Яаралтай хагалгаанд орохоор боллоо” гэж хэлсэн. Одоо би эмчилгээний зардалд 10 сая төгрөг нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт 400 гаран мянган төгрөгний эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Баруун нүд одоо юу ч харахгүй байгаа. Би эмчилгээний мөнгөө аваад хурдан хагалгаандаа ормоор байна. 10 сая төгрөг бол зөвхөн хагалгаанд орох мөнгө юм. 400000 төгрөгний баримтууд бол өнөөдрийг хүртэл надаас гарч байгаа зардлуудын баримт юм гэв.

Гэрч Г.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Юунаас эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна. Тэр өдөр би Мөнхтөртэй таараад манай гэрийн гадаа 2 шил архи ууж дуусгаад дахин нэг шил архи авахаар дэлгүүр явах замд Чулуунбаатартай таарахад “энд юм ууж байна” гэж хэлэхээр нь хамт орцгоосон. Гэрт ороход Ууганбаатар, Шүтээн бас нэг залуу байсан. Би тэр залууг сайн анзаараагүй. Гэрт 3 хүн байсан. Гаднаас бид 3 орж ирээд 6 хүн болсон. Гэтэл хүмүүс хоорондоо маргалдаад байсан хэн юунаас болж маргаад байгааг мэдээгүй. Би жаахан согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн үед би Ууганбаатар, Чулуунбаатар хоёртой маргалдсан. Тэгсэн тэр хоёр намайг хөөгөөд гаргасан. Би гараад 5-10 минут болж байгаад эргэж ортол манай найз Мөнхтөр байхгүй байсан. Намайг гэртээ ирэхэд Мөнхтөр миний өмнөхөн орж ирээд унтсан байсан. Маргааш өглөө нь Мөнхтөр гар утас, малгай хоёр нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхтөрийн нүд нь хавдсан цохиулсан бололтой арьс нь язарсан цус болсон байсан. Тэгээд Ууганбаатарынхаар орж “чи яагаад манай найзыг зодсон юм бэ?” гэж асуучихаад гараад явсан. Намайг ороход Ууганбаатар, Чулуунбаатар 2 сууж байсан. Би Мөнхтөрийг зодсон талаар нь хэлчихээд гар утас нь байхгүй байхаар нь малгайг нь аваад гарсан. Тэгээд Мөнхтөр Улаанбаатар явах ажилтай гээд би ч ажилтай байсан болохоор тэгээд явцгаасан. Ийм л юм болсон гэв.

Гэрч Г.Ууганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батболд ах 12 цаг өнгөрөөгөөд найз Мөнхтөртэй орж ирсэн. Орж ирэхэд нь би Чулуунбаатар ахтай архи ууж байсан. Батболд ах хойд өрөөнд суусан. Мөнхтөр найз нь урд өрөөнд сууж байсан. Манай гэр пийшингээр тусгаарлагдсан байрлалтай. Батболд ахын найз Мөнхтөр нь стакантай юм асгасан. Тэгэхээр нь би “айлд орж ирээд юм асгалаа” гэж хэлсэн. Тэгэхэд Шүтээн гаднаас орж ирсэн. Тэгээд Шүтээн Мөнхтөрийг хойд талын орон дээр суулгаж өгсөн. Би Батболд ахыг шүлсээ хаяад байхаар нь маргалдсан. Тэгээд тамхи татахаар гарахад Батболд ах найзыгаа аваад гарсан. Эргэж орж ирээгүй. Маргааш өглөө нь Батболд ах “найзыгаа шууданд суулгаж өгөхөөр явж байна. Манай найзыг хэн зодсон бэ?“ гэж асууж байсан. Би Мөнхтөртэй маргалдаагүй. Харин Мөнхтөр ахад “айлын хойморт гарч суугаад юм асгалаа” гэж хэлэхэд Шүтээн Мөнхтөр ахыг орон дээр суулгаж өгсөн. Би Батболд ахыг шүлсээ хаяад байхаар нь “наадахаа арчаарай” гэж хэлээд нэг цохиод 00 орохоор гарсан гэв.

Гэрч Б.Чулуунбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 8 сарын 07-ны өдөр өглөө гэрээсээ 08 цагийн үед гарч Ууганаагийнд очиход эзгүй байсан, тэдний хашаанд Ганбаатай таараад зурагтай шар байранд очиж Ууганаатай уулзсан. Бид гурав мөнгө нийлүүлж нэг шил “Нутаг” нэртэй 0.75 литрийн архи авч байрны дунд уучихаад Ууганаагийн гэрт орж мөнгө нийлүүлж дахин нэг шил архи авсан. Тэр үед Ууганаагийн хамаатан Шүтээн гэдэг дүү нь хамт байсан. Тэр өдөр Болдоо ах найзтайгаа Ууганаагийнд орж ирээд нэг шил архи гаргахад Ууганаа манай гэр архины оромж биш таньж мэдэхгүй хүн гэрт авчирлаа гээд уурлаад хөөгөөд гаргасан. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Би их архи уусан байсан болохоор их согтсон байсан. Нэг мэдэхэд өглөө 06 цагийн үед босоод Ууганаагийнд очиход гэртээ ганцаараа унтаж байхаар нь буцаад гэр рүүгээ явсан. ...Би их согтсон байсан болохоор зодоон цохион болсон эсэх талаар мэдэхгүй байна. Ууганаагийн дүү Шүтээнийг архи уусан байхыг нь би харж байгаагүй, тэр өдөр уусан эсэхийг нь би мэдэхгүй бид нартай хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 10628 тоот дүгнэлтэд: 1.М.Мөнхтөрийн биед баруун нүдний алимын нэвтэрсэн шарх, шарханд солонгон болон судаслаг бүрхүүлийн хавчуулагдалт, өмнөд камерын цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцралт гэмтэл учирч энэ гэмтлийн улмаас баруун нүд хараагүй болсон нь тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% тогтонги алдагдуулах /ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.1/ тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 62/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/

-Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/

-Хохирогч М. Мөнхтөрийн мэдүүлэг /хх-ийн 18-19, 25-26/

-Гэрч Г.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 28-33/

-Гэрч Г.Батболдын мэдүүлэг /хх-ийн 28-33/

-Гэрч М.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 52/

-Шинжээч М.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 63-64/

- Хохирогч М.Мөнхтөрийн өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын тэмдэглэл, үзлэгийн картын хуулбарууд  /хх-ийн 67-88/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-102/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч С.Шүтээн нь 2017 оны 8 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 3-13 тоотод хохирогч М.Мөнхтөрийн баруун нүдэнд шаазан аягаар цохиж баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, шарханд солонгон болон судаслаг бүрхүүлийн хавчуулалт, өмнөд камерийн цус хуралт гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас баруун нүдийг хараагүй болгож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Мөнхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ууганбаатар Батболдыг татаж босгоод үүд рүү гараад коридор дотор маргалдаж байгаад хаалга нь онгойгоод пижигнэлдээд гарах шиг болсон. Тэгэхээр нь би араас нь гарах гээд босоод иртэл хажуунаас Шүтээн гартаа барьж байсан шаазан аягаараа намайг цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Батболдын өгсөн: “...Маргааш өглөө сэрээд харахад Мөнхтөрийн баруун нүдний доод талд язарч цус гараад нүд нь улайж хавдсан байсан. ...Өчигдөр орой орсон айлд зодуулсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч Г.Ууганбаатарын өгсөн: “...Шүтээн Болдоо ахын найз Мөнхтөртэй маргалдаж байсныг санаж байна. Харин цохиж зодсонийг нь би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, гэрч М.Болормаагийн өгсөн: “...2017 оны 8 сарын 08-ны өглөө 8 цагийн орчим Мөнхтөр гэртээ Батболдын хамт ирсэн. ... Нүдний хар шил зүүсэн байхаар нь эхлээд анзаараагүй. ...Тухайн үед нүдний шилийг нь аваад харахад баруун нүд нь хөхөрч хавдаад тагларчихсан, доод зовхины доор 1 см орчим хэмжээтэй хөндлөн зүсэгдсэн шарх байсан ба шархнаас нь цус урсаад байсан ... гэх мэдүүлэг  /хх-ийн 52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 10628 тоот дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Шүтээн нь би энэ хэргийг үйлдээгүй гэж мэтгэлцэж байх бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх хуульд заасан эрхтэй боловч шүүгдэгч С.Шүтээн энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Мөнхтөрийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С.Шүтээн гартаа барьж байсан шаазан аягаараа намайг цохисон...” гэж  эх сурвалжаа зааж удаа дараа тогтвортой өгсөн /хх-ийн 20-26/ мэдүүлгийг давхар нотолсон:

Гэрч Г.Ууганбаатарын өгсөн: “...Шүтээн Болдоо ахын найз Мөнхтөртэй маргалдаж байсныг санаж байна. Харин цохиж зодсонийг нь би санахгүй байна...” гэх шүүгдэгч , хохирогч нарын хоорондын харилцааны шинж байдлын талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч  М.Болормаагийн өгсөн: “...2017 оны 8 сарын 08-ны өглөө 8 цагийн орчим Мөнхтөр гэртээ Батболдын хамт ирсэн.  ... Нүдний хар шил зүүсэн байхаар нь эхлээд анзаараагүй. ...Тухайн үед нүдний шилийг нь аваад харахад баруун нүд нь хөхөрч хавдаад тагларчихсан, доод зовхины доор 1 см орчим хэмжээтэй хөндлөн зүсэгдсэн шарх байсан ба шархнаас нь цус урсаад байсан ... гэх мэдүүлэг  /хх-ийн 52/,Тухайн үед нүдний шилийг нь аваад харахад баруун нүд нь хөхөрч хавдаад тагларчихсан, доод зовхины доор 1 см орчим хэмжээтэй хөндлөн зүсэгдсэн шарх байсан ба шархнаас нь цус урсаад байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

Гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргааш өглөө сэрээд харахад Мөнхтөрийн баруун нүдний доод талд язарч цус гараад нүд нь улайж хавдсан байсан. ...Өчигдөр орой орсон айлд зодуулсан гэж хэлсэн.  ...Мөнхтөр надтай уулзаж хамт явж байх үедээ нүд нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: хохирогч М.Мөнхтөрөөс түүнийг зодсон гэх хүнийг зааж өгөхийг хүсэхэд 4 дугаартай С.Шүтээний гэрэл зургийг шууд заасан тухай тэмдэглэл  /хх-ийн 11/ зэргээр шүүгдэгч С.Шүтээнд цохиулах цаг хугацаанаас өмнө хохирогчийн нүд хэвийн байсан, мөн энэ хэрэг явдлын дараа буюу маргааш нь хохирогчийн нүд улайсан болон өөрчлөлт орсон талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийн “Би энэ хэргийг үйлдээгүй” гэсэн мэдүүлэг няцаагдаж байна.  

Түүнчлэн хохирогчийн бие махбодид баруун нүдний хүнд гэмтэл хэдийд учирсан байж болох цаг хугацааны талаар хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр би Улаанбаатар хот явах ажилтай байсан болохоор нүдээ тоогоогүй, зүгээр хавдчихсан юм байх гэж бодсон. Тэгсэн 4 хоногийн дараа нүдний хаван буусан хэрнээ нүд юм харахгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл хагалгаанд яаралтай орох хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би Улсын 1 дүгээр эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Тухайн үед би ээждээ утсаар “Улаанбаатар хот явахын өмнө нүдээ цохиулсан чинь нүд юм харахаа байчихлаа. Яаралтай хагалгаанд орохоор боллоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг нь шинжээч эмч М.Энхбаярын “М.Мөнхтөр 2017 оны 8 сарын 07-ны өдөр Дорнод аймагт зодуулсан гэж 2017 оны 8 сарын 21-ний өдөр надад үзүүлсэн. Мөнхтөрд учирсан гэмтэл нь толгойд бус зөвхөн нүдэнд цохиход үүснэ” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,  өвчний түүхийн хуулбарт 2017 оны 8 сарын 07-ны өдөр бусдад цохиулж нүдээ гэмтээсэн” гэж /хх-ийн 69/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 10628 тоот дүгнэлтийн  3-т “...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% тогтонги алдагдуулах /ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.1/ тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  /хх-ийн 62/ гэх дүгнэлт болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр "гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр" хохирогчийн баруун нүдэнд хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь түүний баруун нүд рүү шаазан аягаар цохисон шүүгдэгч С.Шүтээний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Шүтээнд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч С.Шүтээн нь бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Шүтээний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүх хуралдаанд хохирогч М.Мөнхтөрд нь шүүгдэгч С.Шүтээнээс нүдний хагалгаанд ороход шаардагдах зардалд 10 сая төгрөг, эмчилгээний бусад зардалд 465960 төгрөгийг нийт 10465960 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн 465960 төгрөгийн нотлох баримт нь шаардлага хангасан байх тул энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч М.Мөнхтөрд олговол зохино. Харин нотлох баримт байхгүйгээр нүдний хагалгаанд ороход шаардагдах 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөртэй тул түүний эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Эрхэтийн 16 дугаар гудамжны 14 тоотод байрлах 700 мкв талбайтай газрын хувьд ногдох хэргээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний буюу 465960 төгрөгийг албадан гаргуулж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Шүүгдэгчийн битүүмжилсэн эд хөрөнгөнөөс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул  Прокурорын 2017 оны 11 сарын 14-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЯ94012475 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Сарантуяагийн Шүтээнийг бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сарантуяагийн Шүтээнийг 2 /хоёр/ жилийн  хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч С.Шүтээнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Шүтээн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Шүтээнээс 465960 / дөрвөн зуун жаран таван мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Мөнхтөрд олгож, хохирогч нь нүдний хагалгаанд орох 10 сая төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 700 мкв талбайтай газрын хувьд ногдох хэсгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний буюу 465960 төгрөгийг албадан гаргуулж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Эрхэтийн 16 дугаар гудамжны 14 тоотод байрлах 700 мкв талбайтай газрын битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 14-ны өдрийн 13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЯ94012475 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Шүтээнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР