Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0779

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0779

Улаанб хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Х

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******, Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхдэлгэр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа С******* ХХК-ийн ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах гэж тодорхойлжээ.

1. Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/ дугаартай албан бичгийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардан авч эс зөвшөөрсөн тул 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг төлөх хугацаа болсон. Тухайн үед 2023 оны 11 дүгээр сарын 06-нд хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон. Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал н.Б Х аймагт явж байхдаа осолд орсны улмаас компанийн албан ёсны тамга тэмдгийг дарж баталгаажуулж өргөдөл гаргах боломжгүй нөхцөл байдал бий болсон,

3. Тухайн үед нэхэмжлэгч компанийн геологич ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгүүдийг хамт бүрдүүлээд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөд Кадастрын хэлтэст аваачиж өгсөн. Тухайн үед тамга тэмдэггүй учраас хүлээж авах боломжгүй байна гэсэн хариу өгөөд, түр хүлээж бай гэсэн хариу өгсөн.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д 22.2-т энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт багтаагаад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол хугацааг сунгана гэж заасан байна. Хэрвээ боломжгүй бол энэ талаараа мэдэгдэнэ гэж хуульд заасан байхад буцаасан.

5. Ашигт малтмалын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах эрхтэй. Тиймээс хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн аваад, хуулийн нөхцөлд нийцсэн эсэх талаар хянаж үзээд шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байгаа гэжээ.

6. Нэхэмжлэгч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* ХХК Х аймгийн Г******* сумын нутагт ******* нэртэй газарт орших ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г******* ХХК-иас шилжүүлж авсан байдаг. Энэ тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар Г******* ХХК-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар олгосон. Тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваад явж байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг төлөх хугацаа болсон. Тухайн үед 2023 оны 11 дүгээр сарын 06-нд хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон. Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал н.Б Х аймагт явж байхдаа осолд орсны улмаас компанийн албан ёсны тамга тэмдгийг дарж баталгаажуулж өргөдөл гаргах боломжгүй болсон. Нэхэмжлэгч компанийн геологич нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгүүдийг хамт бүрдүүлээд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөд Кадастрын хэлтэст аваачиж өгөхөд тамга тэмдэггүй учраас хүлээж авах боломжгүй байна гээд, түр хүлээж бай гэсэн хариу өгсөн. Яагаад гэвэл тухайн үед Кадастрын хэлтсийн дарга нь солигдчихсон, эзгүй байсан. Ингэж байтал Кадастрын хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Энэ хугацаанд компанийн геологич компанийн захирлын хэвтэж байсан эмнэлэг дээр очоод он, сар тавиагүй байсан албан бичигт он, сар тавиад дахин Кадастрын хэлтэс өгсөн. Мөн хүлээж аваагүй. Хуульд заасан 1 сарын өмнө өргөдлөө гаргах хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж хүлээж аваагүй. Өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гээд Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан бичиг гаргасан байдаг. Гэхдээ энэ албан бичгээ манай компанийн хаягаар хүргүүлээгүй, хуучин ашиглаж байсан хаягаар хүргүүлсэн байсан. Энэ үйл баримт нь хэргийн материалд авагдсан байгаа. Албан бичгийг ийм тоот хаяг байдаггүй учраас буцаав гэсэн тэмдэглэгээтэй буцаачихсан байгаа. Энэ талаар компанийн ажилтан мэдээд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газарт очиж албан бичгийг нь гардаж авсан. Уг албан бичиг дээр хуульд заасан 1 сарын өмнө гаргах шаардлагаа биелүүлээгүй учраас өргөдлийг хүлээж авах боломжгүй гэдэг байдлаар хариу өгсөн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д 22.2-т энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт багтаагаад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол хугацааг сунгана гэж заасан байна. Хэрвээ боломжгүй бол энэ талаараа мэдэгдэнэ гэж хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд сарын өмнө өргөдөл гаргахыг зааж өгсөн боловч энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар заагаагүй. Хариуцагч захиргааны байгууллагад энэ өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг хуулиар олгоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдлөө гаргасан. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах эрхтэй. Тиймээс хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн аваад хуулийн нөхцөлд нийцсэн эсэх талаар хянаж үзээд шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байгаа. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр болон үйлчилгээний төлбөр хугацаандаа 2021 оны 10 дугаар сарын 06-нд гаргасан. Бид нар хэдийгээр тухайн үед он, сар тавих боломжгүй, хүлээлгэж өгөх гээд аваагүй боловч 10 дугаар сарын 13-ны өдөр албан ёсны тамга, тэмдэгтэйгээр хүлээлгэж өгөх гэж үзсэн. 10 дугаар сарын 13-ны өдөр манай тусгай зөвшөөрөл хуулийн хүчин төгөлдөр байсан гэж үзэж байгаа. Манай компани 2024 оны 05 дугаар сарын 24-нд өргөдлийг хүлээж авахгүй гэсэн хариуг хүлээж аваад шүүхэд хандсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Үүний дагуу нэхэмжлэгч компани 2024 оны 07 дугаар сард Ашигт малтмал газрын тосны газарт өргөдөл гаргаад энэ өргөдлийн дагуу хугацаа сунгуулахаар өргөдөл гаргасан. Ашигт малтмал газрын тосны газраас 07 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл гаргах, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуулийн хугацаа дууссан учраас танай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал хүчингүй болсон байна гэдэг байдлаар хариу өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсвэл цахимаар мэдэгдэнэ гээд заачихсан. Өөрөөр хэлбэл шаардлага хангасан бол хугацааг сунгана, эсхүл хугацаа сунгахаас татгалзах хариу өгөх ёстой байтал өргөдлийг хүлээж аваагүй. Хэрвээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэж үзвэл Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргах байсан. Гэтэл өгсөн өргөдлийг маань хүлээж авахгүй байж байгаад хугацаа чинь дуусчихлаа, хүчин төгөлдөр байдлын хугацаа дууссан гэдэг байдлаар мэдэгдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлынх нь талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д сонсох ажиллагаа явуулах хугацааг оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасныг зөрчсөн. Үүнээс шалтгаалж нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс С******* ХХК-ийн ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х аймгийн Г******* сумын нутагт ******* нэртэй газар орших ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 423 гэдэг сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр авсан. 2020 онд 3 жилийн хугацаатай авсан гэхээр 2023 оны 11 дүгээр сарын 06-нд эхний 3 жилийн хугацаа дуусна гэсэн үг. Анх Г******* ХХК-д сонгон шалгаруулалтаар авсан. С******* ХХК нь 2021 оны 01 дүгээр сард Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т заасны үндэслэл болгон Кадастрын хэлтсийн даргын 10 дугаар шийдвэрээр шилжүүлж олгосон байна. Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл авахад Г******* ХХК-д мэдэгдэл өгсөн. ******* тусгай зөвшөөрөл эзэмшигч Г******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хүсвэл Кадастрын хэлтсээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас 1 сарын өмнө гаргана гэдгийг мэдэгдэл дээрээ бичээд өгсөн байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 06-нд тусгай зөвшөөрөл нь дуусаад цаашаа 3 жилээр үргэлжлүүлээд дахиад 3 жилээр хайгуулаа хийнэ гэвэл 2023 оны 10 дугаар сарын 06-аас өмнө тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгах өргөдлөө гаргаарай гээд бичээд өгчихсөн байгаа. Энэ мэдэгдлийг авсан Г******* ХХК энэ дээр гарын үсэг зурсан. Г******* ХХК-иас 49.2-оор тусгай зөвшөөрлийг шилжүүлж авна гэхээр Г******* ХХК-ийн бүх эрх үүрэг, С******* ХХК-д Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шилжинэ гэсэн үг. Ашигт малтмалын тухай хуульд хуулийн нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд байгууллагынхаа тусгай зөвшөөрлийг 3 жилээр 3 удаа сунгуулах эрхтэй. Хуульд заасан эрхийнхээ дагуу сунгуулах эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэдэг нь Ашигт малтмал газар, тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ дээр ирж өргөдлөө хавсаргасан материалуудын хамтаар өгөх байсан. Энэ хугацаа нь 2023 оны 11 дүгээр сарын 06-аас 1 сарыг урагшаа гүйлгэхээр 2023 оны 10 дугаар сарын 06 болж таарч байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд С******* ХХК-ийн захирал нь орон нутагт томилолттой явсан, өвчтэй байсан, бичиг баримт албажаагүй гээд манай төрийн захиргааны байгууллагаас үл шалтгаалах шалтгаанаар хуулийн хугацаа дуусахаас өмнө манай байгууллагад сунгуулъя гэсэн өргөдлийг ирүүлээгүй байгаа юм. Энэ өргөдөл ирээгүй гэдэг нь тусгай зөвшөөрөл дуусах үндэслэл болж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусчхаж байгаа юм. Хугацаа сунгах өргөдлөө өгөхөд бичиг баримт албажаагүй гэдэг юм уу, захирал нь өвчтэй, хөдөө орон нутагт байсан гэсэн энэ шалтгаанууд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх хуулийн үндэслэл болохгүй. С******* ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Хугацаагаа сунгуулах өргөдлийг Кадастрын хэлтсийн даргад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байдаг. Кадастрын хэлтсийн даргаас 2023 оны 11/ гэдэг албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй байна. Тийм учраас хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн. Дахиад Ашигт малтмал, газрын тосны газрын даргад бас гомдол гаргасан байдаг. Агентлагийн дарга хариуг нь 1/3178 тоот албан бичгээр хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар захиргааны байгууллагад гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрсэн байх тул хүсэлтийг нь хүлээж авч шийдвэрлэх боломжгүй гээд Кадастрын хэлтсийн дарга болон агентлагийн даргаас тус тус хариу хүргүүлсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Анх Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 423 дугаар шийдвэрээр Х аймгийн Г******* сумын нутаг ******* нэртэй 139.75 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар Г******* ХХК-д олгож, Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр С******* ХХК-д шилжүүлсэн үйл баримттай талууд маргаагүй байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж зааснаар С******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн хугацааг сунгуулахаар мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-д үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж зааснаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлсөн баримт, 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 2022 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2023 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг дээрх хуульд заасан баримтуудыг огноо, гарын үсэг тамга тэмдэггүй хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсарган Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан боловч хүлээж аваагүй тул дахин 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргахад захиргааны байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/ дугаартай албан бичгээр хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгчээс манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтөгөлдөр байх хугацаанд гаргасан өргөдлийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж үзэлгүйгээр 1 сарын өмнө өргөдөл гаргаагүй гэх үндэслэлээр өргөдлийг шийдвэрлээгүй нь хууль бус гэж, хариуцагчаас С******* ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, сунгуулах хүсэлтийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хүчинтөгөлдөр байх хугацаа дууссан гэж тайлбарлан маргаж байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж.., 22.2-д төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-т заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч ньнөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж энэ тухай тусгай бүртгэлд тэмдэглэнэ гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл С******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлсөн болон үйлчилгээний төлбөр төлсөн мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байх бөгөөд С******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн аваагүй буцаасан нь дээрх хуулийн 22.2 дах хэсэгт заасан хүлээн авч,10 хоногийн дотор хянан үзэж, шийдвэр гаргах үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй гэж үзэхээр байна.

5. Нэхэмжлэгч С******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг огноо болон захирлын гарын үсэг тамга тэмдэггүй хүргүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнийг захирал осол орсон гэх хүндэтгэн үзэх үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллага хүсэлтийг дээрх хуульд зааснаар хүлээн авч хянан үзээд дутуу баримтыг нөхөн авах боломжтой байхад, хүлээн авалгүйгээр буцааж, хуульд заасан бүрдүүлбэр хангаж, дахин 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад хугацаа хэтрүүлж хүсэлтээ гаргасан гэх үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчсөн байна.

6. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч төрийн захиргааны байгууллагаас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

7. Өөрөөр хэлбэл С******* ХХК нь төрийн захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан боловч хүлээн аваагүй тул дахин 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргахад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байсан тул түүний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

8. Мөн нэхэмжлэгч С******* ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/ дүгээр албан бичгийг шуудангаар хүргүүлсэн боловч буцаалт хийгдсэн байх бөгөөд уг албан бичгийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан байна.

Иймд нэхэмжлэгч С******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагаас хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* ХХК-ийн ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ