Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/01177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймгийн ******** багт оршин суух, эрэгтэй************

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/01177/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Д  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1977 онд хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байх тул 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1967 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэйХөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мэргэжилтэн ажилтайХөвсгөл аймгийн Мөрөн сумын **** багийн **** дугаар байрны **** тоотод оршин суух, **** дугаар регистртэй, ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ч.Д  миний ах бөгөөд би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр цэргийн албанаас халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1977 оны 09 сараас эхлэн 1989 оныг дуустал адуу, үхэр маллаж байсан. Дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэрт цалин хөлсний бичилт дутуу, ажилд орсон, гарсан тушаал байхгүй, тухайн сумын архивт хадгалагдаж байсан цалингийн 70 дугаар дансны баримт 1984 онд шатсан учир ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болоод байна. Ч.Д  өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд түүний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучин, үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Д  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ч.Д  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучин, үхэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлээс олгосон 1978 оны 1 дүгээр сараас 1980 оныг дуустал хугацаанд авч байсан цалин хөлсний тухай бичилттэй, 1983 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон 01. 1982 оны 11 сарын 10. Жаргалант амьдрал нэгдлийн 2-р бригадад адуучнаар авч ажиллуулав1983 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд авч байсан цалин хөлсний тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн даргын 1983 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1... Доорхи хүмүүсийг орсон өдрөөс нь эхлэн үүрэгт ажилд нь хэвээр баталсугай. Үүнд: ...Чавгын ***** 1982-11-10-наас адуучнаар... гэх бичилттэй Ажилд томилох тухай ****дугаартай тушаалын хуулбар, 1981 онд үхэрчин, саальчдын хамт авахуулсан гэрэл зураг, 1983 оны малын хөдөлгөөний бүртгэл, 1986 оны мал шилжүүлгийн акт, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн суурийн малын тооцоо бодсон актууд, 1986 онд шагнуулсан улаан тугийн дурсамж, гэрч Н.Долгоржавын ...Ч.Д  нь Улаан-Уул сумын хүн бөгөөд тус сумын Жаргалант амьдрал нэгдэлд үхэрчин хийдэг, би саальчнаар ажилладаг байсан. Би 1980 онд саальчнаар очиж ажиллахад Ч.Д  нь үхэрчин хийдэг байсан. 1980 оны 01 сараас 1985 он хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан... 1980 оноос өмнө яг хэдэн оноос ажиллаж эхэлсэн талаар нь мэдэхгүй байна, 1985 оноос би Алаг-Эрдэнэ суманд ирж ажилласан, Ч.Д  нь нэгдэлд үлдсэн... нэгдэл 1992 онд тарсан... хувьчлалаар тарж байх үед би нутагтаа байсан. Энэ үед Ч.Д  нь Очир гэдэг хүний фермд ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Н*** ...Ч.Д  нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд аав Чавга болон аварга малчин Лхаваан нарын хамт адуу маллаж байгаад сүүлдээ Очирын фермд үхэрчнээр ажилласан. 1977 онд цэргээс халагдаж ирээд 09 сараас 1990 он хүртэл хугацаанд ажилласан. Нэгдэлд адуу, үхэр маллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан...цэргээс ирээд аавынхаа туслах адуучнаар, 1981, 1982, 1983 онд Очирын фермд үхэрчнээр ажиллаж байсан... Очир, Мархаа, Шагдар, Чойжин зэрэг фермийн эрхлэгч байсан. Нэг саальчин 15 үнээтэй, 8-12 саальчинтай, нэг эрхлэгчтэй, нэг үхэрчинтэй байсан... Би Жаргалант амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад фермийн эрхлэгчээр 1976 оноос 1982 он хүртэл, 1982-1983 онд сумын холбоонд эрхлэгчээр, 1983-2015 он хүртэл Нисэх будалд техникчээр ажилласан... 1976-1982 онд нэгдэлд хамт ажилласан. 1982-1983 онд би сумын холбоонд ажиллахдаа Ч.Д ийн ажиллаж байсан талаар мэдэх юм. Тэгээд аймгийн төвд шилжсэн. Харин Ч.Д  малаа маллаж байгаад нэгдэл тарж, тэгээд сүүлдээ Булган аймагт шилжсэн... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов. Иймд Ч.Д ийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Ч.Д ийн ажиллаж байсан үеийн цалин хөлсний түүвэр, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал тус тус байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Тус сумын иргэн Чавга овогтой Ч.Д  нь 1977 оноос 1989 онд Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд адуучин, үхэрчнээр ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр тус сумын архивт хадгалагдаж үлдээгүй гэх бичилттэй 11/278 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн даргын 1977-1989 оны тушаал шүүж үзэхэд Ч.Д ийг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/521 тоот тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шатаж 610.000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гал гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж Цагдаагийн газарт шилжүүлсэн байна тодорхойлолтхүсэлт гаргагчийн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** Ч.Д ийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучин, үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА