Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2020/00022

 

   Н Л П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэртэй,

Н Л П ХХК-ийн нэхэмжлэлтэй М ТӨҮГ-ын харьяа Б-Ө УБҮ-т холбогдуулан  Адгийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгахаар гаргасан нэхэмжлэлтэй,

 Гуравдагч этгээд М г ХХК-ийн “Н Л п ХХК болон М ТӨҮГ-ын харьяа Б-Ө УБҮ”-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан bu-018-01-019 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулж,

М г ХХК-ийн М ТӨҮГ-тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн MR-2020-02-04 дугаартай “хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах тухай бие даасан шаардлагатай,

Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Б-Ө УБҮ-ийн “Н Л П ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан bu-018-01-019 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан М ТӨҮГазар болон Б-Ө УБҮ-ийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож,

“Н Л п ХХК нь ...хаягдал, хөрс чулуулгийн овоолгыг гэрээний дагуу ашигласнаас олсон ашиг 209,016,000 төгрөгийг Н Л п ХХК-иас буцаан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ц.Т, гуравдагч этгээд М г ХХК-ийн захирал Б.Е нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: онлайнаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, А.Э, гуравдагч этгээдийн   төлөөлөгч Б.Е нарыг,  шүүх хуралдаанд  нарийн бичгийн дарга Х.А-г тус тус оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н Л П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н Л П ХХКомпани нь Хэнтий аймгийн Б-Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Б-Ө У б ү эзэмшлийн газар, Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45,2 Е109 19 42,3/-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолго мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр, Б-Ө У б ү эзэмшлийн газар, Хөх дэлийн уурхай ногооны уурхайн газар координат /N45 30 52,9 Е107 57 22,1/ байрлах балансын бус, бага агуулгатай хүдрийн овоолгыг 120.000.000 төгрөгийн үнэ бүхий шороог "Б-Ө уулын баяжуулах үйлдвэр"-тэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр bu-018-01-19 дугаар худалдах худалдан авах гэрээг байгуулан худалдан авсан. Манай компани үйл ажиллагаа явуулахын тулд худалдах худалдан авах гэрээний үүрэгт Хэнтий аймгийн Б-Ө сумын 5 дугаар багийн нутаг, Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45,2 Е109 19 42,3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг 30.000.000 төгрөг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр, хөх дэлийн уурхай ногооны уурхайн газар, координат /N45 30 52,9 Е107 57 22,1/ байрлах балансын бус, бага агуулгатай хүдрийн овоолгыг 90.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгийг "Б-Ө У б үйлдвэр"-ийн дансанд төлсөн. Маргаан бүхий зүйл нь Хэнтий аймгийн Б-Ө сумын 5 дугаар багийн нутаг, Адагийн ил уурхайн баруун талд байрлах хаягдал, хөрс чулуулгийн овоолго юм. "Б-Ө У б ү"-ээс ямар нэгэн бичиг баримт өгөлгүй шалтгаангүйгээр Адагийн уурхайд байрлах хөрс чулуулгийн овоолго дээр явуулж байсан манай компанийн үйл ажиллагаа зогсоосон. Энэ талаар үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж учир байдлыг асуухад танай гаргаж байгаа шороог бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээ хийхээр болсон танай компани М т ө ү газрын захирал Б.М уулзаж бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хийсний дараа танай компанийн үйл ажиллагааг энэ талбай дээр явуулна гэж хэлсэн. Бид гэрээний үүргээ танай үйлдвэр зөрчөөд байна гэж удаа дараа уулзалт зохион байгуулж удирдлагуудад хэлж, хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй юм. Үүнээс хойш гэрээний үүргээ танай компани биелүүлээгүй байна гэх утга бүхий мэдэгдлийг бидэнд ирүүлсэн. М т ө ү газрын захирал Б.М уулзаж бид байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргахад танай компани хүдэр гаргах бүх зардлыг хариуцаж манай үйлдвэрт гарсан бүтээгдэхүүнээ 50:50 хувиар бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулж гэрээндээ өөрчлөлт оруулах манай саналыг хүлээж авахгүй бол гэрээг цуцалж талбайгаа чөлөөлнө гэж хэлсэн. "Б-Ө у б ү"-ээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцалсан, талбайг чөлөөлж өг гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Гэтэл М т ө ү г захирал Б.М нь өөр хуулийн этгээдэд давуу байдал олгон шороог 70:30 бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулж өгсөн байна. Гэрээ байгуулсан хуулийн этгээд нь манай худалдан авсан хууль ёсоор өмчилж байгаа овоолгыг ашиглан мөн зөөвөрлөж худалдан борлуулж байна. Худалдах худалдан авах гэрээгээр үнийг нь төлөөд худалдан авсан овоолгыг "Б-Ө У б ү" нь ВU-018-01-19 дугаар худалдах худалдан авах гэрээний заалтуудыг зөрчиж бусдад давуу байдал олгож өгсөн нь манай компанийн хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.  

  Иймд Б-Ө У б ү эзэмшлийн газарт байрлах Адагийн ил уурхайн баруун талд байрлах координат /N46 17 45.2, Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н л п ХХК нь М т ө ү газрын харьяа Б-Ө у б ү 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь цуцлагдах нөхцөл байдал үүсэж, М т ө ү газрын зүгээс гэрээнээс татгалзах саналаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гаргахын зэрэгцээ, удаа дараа Н л п ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичиг, гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсний үндсэн дээр Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээг цуцалсан байдаг. Үүний дараа М г ХХК нь М ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж нэхэмжлэгчийн маргаж буй Б-Ө у б ү эзэмшлийн газрын Адагийн ил уурхайн баруун талын координатын хүдрийн овоолгод байрлах балансын бус жоншны хүдрийг ангилан ялгаж гаргасан ФК-75 маркийн бүхэллэг жоншны 30 хувийг А талд, 70 хувийг Б талд ногдохоор бүтээгдэхүүн хуваах зарчмаар тохиролцсоны үндсэн дээр манай компани үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн. Иргэний хуульд гэрээний нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй тухай зохицуулсан бөгөөд Н л п ХХК болон М ТӨҮГ-ын харьяа Б-Ө у б ү хооронд байгуулсан гэрээ нь нэгэнт цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэж, хуульд зааснаар татгалзах саналаа хүргүүлснээр цуцлагдсан болно. Иймд Н л п ХХК-ийн М т ө ү газрын харьяа Б-Ө у б ү байгуулсан 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцож, М г ХХК-ийн М ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Б-Ө у б ү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н л п ХХК нь Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 Е109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг худалдан авахаар Б-Ө УБҮ-тэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр BU-18-01-19 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажиллахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргаж ирсэн бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон улмаар гэрээнээс татгалзах саналыг М ТӨҮГ болон Б-Ө УБҮ-ийн зүгээс Н л п ХХК-нд удаа дараа хүргүүлж мэдэгдсээр байтал хүлээж авалгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж овоолгыг ашигласаар ирсэн. Тухайлбал: - 2019.01.16-ны өдрийн 475 дугаар албан бичгээр гэрээний 4.3-т заасан Хөрс чулуулгийн овоолгуудыг зөөж, үлдэгдэл хаягдал чулууг хажуу талын хөрсний овоолгод нийлүүлэх, Гэрээний 4.4-т заасан Хөрс чулуулгийн овоолгуудыг зөөж, үлдэгдэл хаягдал чулууг хажуу талын хөрсний овоолгод нийлүүлж овоолго үүсгэн актаар хүлээлгэн өгөхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн. - 2019.02.26-ны өдрийн 232 дугаар албан бичгээр Худалдан авсан хөрс чулуулгийн овоолгын үнэ 30 сая төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул алдангын хамт төлөхийг хугацаа тогтоон шаардсан. - 2019.05.06-ны өдрийн 583 дугаар албан бичгээр 2019.01.16-ны өдрийн 475 дугаар албан бичгээр хүргүүлсэн шаардлагыг хэрэгжүүлээгүй, Гэрээний 5.6-д заасан Гэрээний үүргээ хэсэгчлэн болон бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрвэл энэ тухай нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж тодорхой арга хэмжээ авахаар заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг 2019.05.06-ны өдрөөс цуцлахыг мэдэгдсэн. 2019.05.31-ний өдрийн 770 дугаар албан бичгээр М ХХК 100 хувь Т ө ү газар болж зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Адагийн уурхайн овоолгыг ашиглах талаар компанийн удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад гэрээ байгуулсан тул гэрээг цуцалж буйг мэдэгдэж, овоолгын талбайг чөлөөлөхийг шаардсан. -2019.10.14-ний өдрийн 1464 дугаар албан бичгээр удаа дараагийн шаардлагыг үл биелүүлж, ТӨҮГ-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгдэж байгаа гэсэн мэдээллээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирснийг зогсоож, талбай чөлөөлөхийг. -2020.03.04-ний өдрийн 329 дүгээр албан бичгээр Компанийн төлөөлөгчийг биечлэн ирүүлж, уурхайн тоног төхөөрөмжийг 2020.03.06-ны дотор тусгай зөвшөөрлийн талбайгаас гаргаж, талбай чөлөөлөхийг тус тус шаардаж албан бичгээр мэдэгдэж ирсэн байна. М ТӨҮГ болон Б-Ө УБҮ-ээс хүргүүлсэн дээрх удаа дараагийн шаардлага, мэдэгдэл, саналууд нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан Гэрээнээс татгалзах журмын шаардлага болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.4, 220 дугаар зүйлийн 220.1, 220.3, 220.4-т заасан хуулийн зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна. Мөн гэрээ хэрэгжих явцад М ХХК 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болж Монгол Улсын засгийн газраас Эрдэнэт үйлдвэр болон М ХХК-ийн үйл ажиллагаанд Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж ТӨҮГ-ын удирдлагаас эдийн засгийн хувьд ашиггүй гэрээг цуцлах талаар үүрэг чиглэл өгсөн байдлыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд хамааруулан үзэх үндэслэлтэй бөгөөд М ТӨҮГ-ын зүгээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан гэрээний талуудыг үүрэгжүүлсэн зохицуулалтын дагуу дээрх BU-1801-19 дугаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулж бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах саналыг Н л п ХХК-нд хүргүүлсэн байдаг. Гэвч Н л п ХХК нь дээрх саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 Е109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран эзэмшихээр М г ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр MR-2020-02-04 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаар Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон УБҮ-ийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н л п ХХК-наас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н л п ХХК-ийг М ТӨҮГ-ын харьяа Б-Ө У б үйлдвэрийн эзэмшил Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Б-Ө У б үйлдвэрт даалгаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М г ХХК-ийн Н Л п ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа Б-Ө У б ү 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулж, М г ХХК-ийн М ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах,

Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Б-Ө У б ү 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-018-01-19 дугаар Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Б-Ө У б ү татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н Л п ХХК-наас буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Б-Ө У б ү улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.203.030 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож,

хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Б-Ө У б ү улсын тэмдэгтийн хураамж 153.975 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М г ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 153.975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н Л п ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг ашиглах, зөөврлөх үйл ажиллагааг зогсоохыг хариуцагчид даалгасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлэтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг , ... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ц.Т нар давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч, шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг: “Н Л П” ХХК, “М” ХХК-ийн харьяа Б-Ө УБҮ-ийн хооронд “Адаг”-ийн уурхайн баруун талын кординат /46 17 45.2 Е109 19 42.3/-д байрлах хүдрийн агуулга бүхий хөрс чулуулгын овоолгыг худалдан авахаар байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээг “М” ХХК-ийн зүгээс зөвшөөрөлгүй хийгдсэн, үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцээгүй байна гэж үзэж улмаар гэрээг цуцалж, “Н Л П” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, эсвэл гэрээг өмчлөгч хуулийн этгээдийн үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн өөрчлөх талаар “Н Л П” ХХК-д шаардлага, мэдэгдлийг шууд болон УБҮ-ээр дамжуулан удаа дараа хүргүүлж ирсэн байдаг. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

“Н Л П” ХХК нь өмчлөгчөөс тавьсан удаа дараагийн шаардлага, мэдэгдлийг үл ойшоож үйл ажиллагаа явуулсаар ирсэн тул “М” ХХК-ийн зүгээс “Н Л П” ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаартай гэрээг цуцалж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “М г” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллахаар MR-2020-02-04 дугаартай “Хамтран ажиллах гэрээг” байгуулсан байна.

Дээрх үйл баримттай холбогдуулж гэрээний талаарх маргаанд Адагийн уурхайн овоолгын өмчлөгч буюу Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх, эрх зүйн чадвар бүхий  хуулийн этгээд болох “М” ТӨҮГ-ыг ИХШХШТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хамтран хариуцагчаар татан оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хангаж, хэргийг бүх талаас нь үнэн зөв хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж холбогдох нотлох баримыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Анхан шатны шүүх “М” ТӨҮГ-ын эрхийг хязгаарласан хирнээ 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэртээ “...ВU-18-01-19 дугаартай худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргасангүй” гэж дүгнэснийг үл зөвшөөрч байна.

Тухайлбал: Маргааны зүйл болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт орших Адагийн ил уурхайн баруун талын /46 17 45.2 Е109 19 42.3/ кординатад байрлах хүдрийн агуулга бүхий хөрс чулуулгын овоолго нь үйлдвэрлэлийн явцад гарсан зардлаараа өртөгжсөн, цаашид жижиг үйлдвэрлэлийн аргаар дахин ашиглагдах баялагийн нөөц бүхий “М” ХХК-ийн өмч бөгөөд өөрийн өмчлөлд буй хөрөнгийг захиран зарцуулах эрх нь өмчлөгчийн эд хөрөнгийн эрх болон түүний хүсэл зоригт нийцсэн байх, хэрэв өмчлөгч тухайн эрхээ төлөөллөөр хэрэгжүүлсэн бол Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар “... Хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид /өмчлөгчид/ бий болохоор” хуульчилсан байна.

Хоёр: “Н Л П” ХХК, “М” ХХК-ны харьяа Б-Ө УБҮ-ийн хооронд байгуулсан BU-18-01-19 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээ өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн талаар “М” ХХК-ийн зүгээс гэрээний талуудад шаардлага гаргасан байдаг ба тухайн нөхцөлд эд хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.3-т заасан “...Өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрх олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар” шилжихээр зохицуулагдсан байхад анхан шатны шүүх худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдолгүй, “Н Л П” ХХК-ийн өмчлөлд эд хөрөнгө Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д заасан үндэслэлээр шилжсэн талаар дүгнэж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд ИХШХШТуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд М г ХХК-ийн захирал Б.Е давж заалдах гомдолдоо: “Нл п” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Б-Ө У  б ү”-т холбогдох иргэний хэргийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М г” ХХК-иас Хэнтий аймгийн Б-Ө сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1/ “М” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Б-Ө У  б ү” нь Бор-Өндөрийн Адгийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг нэхэмжлэгч “Н л п” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаар “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан боловч тус компани нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, гэрээг зөрчсөн нь уг гэрээг цуцлах үндэслэл болсон байдаг.

Өөрөөр хэлбэл, дээрх “Худалдах, худалдан авах гэрээ” нь нөхцөл заасан, тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэсний дараа шилжихээр гэрээ байхад хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй төдийгүй уг гэрээг цуцлах талаар “М” төрийн өмчит үйлдвэрийн газраас болон “Б-Ө У б ү”-ээс удаа дараа мэдэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан:

  1. 2019.01.16-ны өдрийн 475 тоот албан бичиг
  2. 2019.02.26-ны өдрийн 232 тоот албан бичиг
  3. 2019.05.06-ны өдрийн 583 тоот албан бичиг
  4. 2019.05.31-ний өдрийн 770 тоот албан бичиг
  5. 2019.10.14-ний өдрийн 1484 тоот албан бичиг
  6. 2020.03.04-ний өдрийн 329 тоот албан бичгүүдээр болон хариуцагчийн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

 Тодруулбал хариуцагч нь BU-18-01-19 дугаар “Худалдах, худалдан авах” гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч талд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн төдийгүй гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй ба “Н Л П” ХХК-ийг гэрээний үнийн дүнг төлсөн эсэхтэй маргаагүй боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд буюу 10 хоногийн дотор хаягдал хөрс чулуулгийн овоолгын үнийн дүн болох 30 сая төгрөгийг төлөөгүй нь хариуцагчийн 2019.02.26-ны өдрийн 232 тоот албан шаардлагаар тогтоогдож байна.

Шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “М” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоол батлагдаж, “М” ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг өөрчлөх нөхцөл байдалд хүргэсэн эсэх буюу бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий тогтоолыг нотлох баримтаар авахаас татгалзаж /захирамжид гомдол гаргах эрхгүй байхаар шийдвэрлэсэн/ нь учир дутагдалтай бөгөөд анхаарч үзээгүй.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу онцгой дэглэм тогтсоноор компанийн эрх ашиг сонирхолд нийцээгүй гэрээг талуудын хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу цуцлах чиглэл2 өгсний дагуу хариуцагчаас “Н Л П” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хамтран ажиллах тухай санал /хариуцагчаас нэхэмжлэгчид албан бичиг удаа дараа хүргүүлсэн байдаг/ гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

2/ Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох “М г” ХХК нь “М” ТӨҮГ-ын эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан суманд орших МV-000173 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах бага агуулгатай хаягдлын овоолгыг бүтээгдэхүүн хуваах зарчмаар “М” ТӨҮГ-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн MR-2020-02-04 тоот “хамтран ажиллах гэрээ” байгуулсан нь бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ юм.

Тодруулбал, шүүхийн үндэслэлд “М” ТӨҮГ-ыг Б-Ө У баяжуулах үйлдвэр төлөөлөх эрхтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд мөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Б-Ө У б үйлдвэр нь Иргэний хуулийн 68 дуаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл юм.

Мөн “Н Л П” ХХК-ийн маргаж буй бага агуулгатай хаягдлын овоолго нь “М” ТӨҮГ-ын эзэмшлийн МV-000173 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд оршдог төдийгүй өмчлөгч өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийн дагуу манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээг хүчин төгөлдөр эсэхэд нэхэмжлэгч тал маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар “М” ТӨҮГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулах эсхүл мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар жинхэнэ хариуцагчаар сольж, процессыг зөвтгөөгүй.

2. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд өмчлөгчийн хамт цахимаар оролцох хүсэлтээ удаа дараа бичгээр болон шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдааны бэлтгэлийг хангалтгүй зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боломжгүй гэж хэлэн шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй тул арга буюу итгэмждэгдсэн төлөөлөгчийг оролцуулсан.

Гэтэл тус өдрийн шүүх хуралдааны товыг 11 цагт гэж мэдэгдчихээд тодорхойгүй шалтгааны улмаас тухайн өдөр 15 цагт болж хойшилсон байна.

Үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгчийн захирамж гаргаагүй. Хэрэв шүүх хуралдааны товыг шүүхээс 15 цагт гэж зөв мэдэгдсэн бол цахимаар оролцох боломжтой байсан.

3. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан “шүүх хуралдаанд эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт”-ийг хүлээж авалгүй эрх тэгш байж, мэтгэлцэх боломжоор хангаагүй төдийгүй, хэргийн оролцогчдоос шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцуулаагүй ба уг баримтыг шинжлэн судлах, тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах тухай хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжийг олгоогүй процессын зөрчлүүд гарсан билээ.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-ийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Н л ХХК нь М ТӨҮГ-ын харъяа Б-Ө У б ү холбогдуулан  Б-Ө УБҮ-н эзэмшлийн газар  Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 4582 E109 19 4283/-д байрлах, хаягдал хөрс чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч  татгалзсан тайлбар гарган  маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ТӨҮГ-ын харъяа Б-Ө У б ү нь  нэхэмжлэгчид холбогдуулан тус хоёр компани хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан BU-18-01-19 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож,

Н Л П ХХК нь Адагийн уурхайн баруун талын координат /N46 17 4582 E109 19 4283/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг гэрээний дагуу ашигласнаар олсон ашиг болох 209,016,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд М г ХХК нь  нэхэмжлэгч Н Л П ХХК, хариуцагч М ТӨҮГ-ын харъяа Б-Ө УБҮ-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ-г цуцлагдсанд тооцуулах,

М г ХХК-ийн М ТӨҮГ-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөрт тооцуулах бие даасан шаардлагыг тус тус гаргаж мэтгэлцсэн байна. 

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал болон гуравдагч этгээд эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  болон  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  зөрчсөн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх,  тогтоох хэсгээс бүрдэнэ.

Мөн хуулийн 118.3-т тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг шийдвэрт зааж тусгасан байхыг хуульчлан зохицуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч,...-н тайлбар, ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдох ба “тайлбар” нь нотолгооны хэрэгсэлд хамаарахын хувьд нотлох баримт болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэгч Н Л П ХХК-ийн нэхэмжлэл, гуравдагч этгээд М г ХХК-ийн шаардлага, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл зэргийг тусгасан.

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл  шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Д.Т, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, А.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нар шүүх хуралдаанд биечлэн оролцсон, зохигч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаар тайлбараа гаргасан байна.

Гэтэл шийдвэрийн тодорхойлох хэсэгт  зохигч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын /нэхэмжлэлийн шаардлагын талаар болон хариуцагч талын хариу тайлбар/  шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга, нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан, гуравдагч этгээдийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариуцагч талын, сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгч талын шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудын  агуулгыг огт дурдаагүй,

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон байтал бие даасан шаардлагынх нь талаар тайлбар гаруулалгүй асуулт, хариулт болон нотлох баримт шинжлэн судлах зэрэг ажиллагаануудыг явуулсан байна.

 Энэ  нь талуудын мэтгэлцэх эрхийг  хангаагүй,  шүүхийн шийдвэрээс талуудын мэтгэлцсэн байдал, тэдгээрийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн шийдвэр гарсан гэж үзэхэд учир дутагдалтай,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.1, 107 дугаар зүйлийн 107.5, 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 М г ХХК-ийн  төлөөлөгч Б.Е нь  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан байх ба шүүх, түүнийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэж шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 663 тоот захирамж/1-р хх-135/- д заажээ.

 Гэтэл түүний шаардлагыг шүүх,  зохигч талуудад гардуулж,  тайлбар авах  байтал дан ганц хариуцагч талд гардуулж тайлбар/1-р хх-142,153/ авсан, харин нэхэмжлэгч талд гардуулах ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  72 дугаар зүйлийн 72.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлага/1-рхх-106/ нь шүүхэд  үүсгэгдсэн иргэний хэргийн маргааны зүйлийн  талаар, эсхүл зохигчдын хэн аль нэг талын тайлбарыг дэмжсэн агуулгатай эсэх зэргээр  гуравдагч этгээдийн шаардлагын агуулгыг нягтлан үзэж  тодруулаагүйгээс  түүний  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон   эрх зүйн байдал тодорхой бус,  өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан  зохицуулалтыг шүүх анхаарч үзээгүй гэж үзэхээр байна. 

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн болон хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  яагаад  хэрэгсэхгүй болгосон  талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт  дүгнэлт огт хийгээгүй байна.

Иймд  дээр дурдсан  үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх  үзэв.

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тул  хариуцагч тал болон гуравдагч этгээдийн давж  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950  төгрөг / тус бүр/- ийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

 Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй  боловч хэрэг хянах явцад илэрсэн дараах  зөрчлүүд байна.  Үүнд:

1. Хэргийн 2-р хх-35,36,37-р талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн /баримт№8/ баримтуудын дээд талд “2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаан болно” гэсэн  атал  доод талд  “шүүхэд дуудагдсан хүний өгсөн хариу хэсэгт”   2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэж буй талаар тэмдэглэсэн,  мөн 36, 37-р талд авагдсан тов мэдэгдсэн баримтад шүүгч гарын үсэг зураагүй,

2. Хэргийн 1-рхх-18-д авагдсан нөлөөллийн мэдүүлэгт шүүгч гарын үсэг зураагүй,

3. Хэргийн оролцогч талуудаас гаргаж буй бичгийн баримтууд давхардаж  авагдсан, тухайлбал, хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа хавсаргаж өгсөн зарим баримтуудыг сөрөг нэхэмжлэлдээ мөн хавсаргаж өгсөн, гэхдээ зарим баримтад  өөрөө “хуулбар үнэн” гэж  дардас дарсан  нь  хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр авагдсан эсэхийг анхаараагүй, энэ тохиолдолд ИХШХШТХ-н 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэх эсэхийг анхаараагүй,

 4. Шүүх хуралдааны тов мэдэгдэж буй баримт №8  нь хэргийн оролцогч нарт шууд биечлэн  хүргэхэд,  баримт №9 нь утсаар мэдэгдсэн тохиолдолд хөтлөгддөг  байх тул  ялгамжтай  зөв хөтлөж байхад анхаарах,

5. Хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 307950 төгрөг төлснөөс үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөөгүй гэж үзэхээр боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан тул гомдол гаргаж буй этгээдээс шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг нягтлан шалгаж улсын тэмдэгтийн хураамжийг зөв тооцон төлүүлж байх нь зүйтэй зэрэг болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр Сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216  дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн 307950 төгрөг, хариуцагч байгууллагын 307 950 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                              Х.БАЙГАЛМАА