| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0017/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогчийн өмгөөлөгч Р.Ганчулуун
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан гэрч Э.З-ыг байлцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангуд овогт А-ын У-т холбогдох 1721002700158 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Тангуд овогт А У, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1992 оны 09 сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-Л/, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Эрдэм шинжилгээний хүрээлэнд агрономич-нярав ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багийн дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч А.У нь 2017 оны 10 сарын 19-ний өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 19 дүгээр байрны гадна байрлах такси үйлчилгээний зогсоол дээр Б.Одбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар тоосго шидэж хохирогч Б.Одбаярын биед бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардалд 1450000 төгрөг өгсөн гэв.
Гэрч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай найз охины төрсөн өдөр болсон. Би найз охинтойгоо “Лакс” барнаас гараад 19 дүгээр байрны таксины зогсоол дээр очсон. Тэнд очоод найз охинтойгоо бага зэрэг маргалдсан. Манай найз охин чанга бахираад надтай хэрэлдсэн. Тэр үед хохирогч 2 найзын хамт ирээд намайг зодсон. Тэгээд манай найз охин болиоч гээд бахирахыг У хараад салгах гэж ирсэн. Тэгээд тэр залуучууд Ууганбаатартай маргасан. Би найз охинтойгоо такси бариад явсан дараа нь юу болсныг мэдээгүй гэв.
Хохирогч Б.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрлэн сумын 6 дугаар баг 20 дугаар байрны урд талын таксины зогсоол дээр нэг эмэгтэй гурван эрэгтэй зогсож байхаар нь манай хоёр найз тамхи татах санаатай тэр 3 залуугаас “гал асууя” гээд явсан. Тэгээд би хоёр найзаасаа салаад 19 дүгээр байрны чигт ганцаараа алхаж байсан чинь араас хоёр найз маань ирэхгүй байхаар нь яагаад ирэхгүй байгаа юм бол гэж бодоод эргээд очсон чинь манай хоёр найзтай тэдгээр залуучууд муудалцаад байж байхаар нь би, “болиоч та нар” гээд гүйгээд очиход хоёр залуу нь баруун зүг рүү гүйгээд явсан. Бид гурав тэр гурван залууг явчихлаа гэж бодоод эргээд гэр рүү явж байсан чинь зугтсан хоёр залуу араас пивоны шил, тоосго шидээд байсан бөгөөд нэг тал тоосго миний нуруу хэсэгт оносон...” гэжээ. /хх 28-29/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 642 тоот дүгнэлтэд: “1.Д.Одбаярын биед бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 33/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 1223 тоот дүгнэлтэд: “1.Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2017.10.27-ны №642 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Б.Одбаярын биед бүсэлхийн 3, 4-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ” гэжээ. /хх 40/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Гэрч Б.Одбаяр /хх 13-14/, Г.Мөнхжил /хх 17-18/, О.Одхүү /хх 19/, Э.Золжаргал /хх 20/, Д.Батбаяр /хх 22-23/, Б.Баярмаа /хх 24-25/, хохирогч Б.Одбаяр /хх 27-28/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 46-47/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-12/, Хохирлын баримтууд /хх 59-66/, Хохирол төлсөн талаарх баримт /хх 74/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 53/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч А.У нь 2017 оны 10 сарын 19-ний өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн 19 дүгээр байрны гадна байрлах такси үйлчилгээний зогсоол дээр Б.Одбаяртай маргалдан улмаар тоосго шидэж хохирогч Б.Одбаярын эрүүл мэндэд “бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн цус хуралт” бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар;
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Сандраад баригдлаа гэж бодоод газар байсан тоосго аваад шидсэн чинь шар царайтай Одбаяр гэх залуугийн нуруун тус газарт оносон...” /хх 46-47/ гэх мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Б.Одбаярын “...Бид гурав тэр гурван залууг явчихлаа гэж бодоод эргээд гэр рүү явж байсан чинь зугтсан хоёр залуу араас пивоны шил, тоосго шидээд байсан бөгөөд нэг тал тоосго миний нуруу хэсэгт оносон...” /хх 28-29/ гэх мэдүүлэг болсон үйл баримт /факт/-ыг нүдээр харж гэрчилсэн гэрч Г.Мөнхжилийн “...Одбаяр бид хоёр эргээд тухайн залуучууд дээр очиход 2 залуу нь зугтаагаад явчихсан бөгөөд Золбаяр гэх зүс мэдэх залуу эхнэрийнхээ хамт үлдэхээр нь “цуг явж байсан залуучууд чинь хэн юм бэ” гэхэд Золбаяр, “би тэр хоёр залууг зүс мэднэ, цуг яваагүй” гэж хэлээд эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгтэл нэг залуу нь 20 дугаар байрны булангаас тоосго болон шил шидээд байсан бөгөөд тэр тоосго нь найз Одбаярын нуруун тус газарт онож гэмтсэн...” /хх 17-18/ гэх мэдүүлэг, гэрч О.Одхүүгийн “...Бид гурав тэр залууг явчихсан гэж бодоод гэртээ харихаар зүүн тийш явж байтал араас нэг залуу нь шил болон тоосго шидээд байсан. Тэгтэл тоосго нь Одбаярын нуруун тус газарт оносон...” /хх 19/ гэх мэдүүлгүүдээр, мөн зодуулсан тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад хохирогч хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн цус хуралт нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох талаар дүгнэсэн шинжээч эмчийн 642, 1223 тоот дүгнэлт /хх 33, 39/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.У-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч Б.Одбаярын эрүүл мэндэд учирсан “бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол нь тоосго шидэж түүний нуруунд оносон шүүгдэгч А.У-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч А.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт шүүгдэгч А.Ут хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Ганчулуун шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаанд хохиролтой холбогдуулж 1651000 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчээс хохиролд 1450000 төгрөг авсан. Харин буудалд хоол идсэн 54000+147000=201000 төгрөгийг өгөөгүй байгаа.
Иймд өмнөх баримтаас үлдсэн хоолны үнэ 201000 төгрөг, шүүхийн шатанд шинэ баримтаар шинжилгээний төлбөр 180000 төгрөг, унааны зардал 120687 төгрөг, нийт 501687 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэжээ.
Шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогч Б.Одбаярын шүүхийн шатанд ирүүлсэн хохирлын нотлох баримтаас нарийвчилсан шинжилгээний төлбөр 180000 төгрөг, унааны зардал 120687 төгрөг, нийт 300687 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх хууль зүйн үндэстэй байна.
Харин хохирогч Б.Одбаярын 2017 оны 10 сарын 27-31 /хх 61/, 2017 оны 11 сарын 13-15-ны өдрүүдэд /хх 62/ “Gold” буудалд идсэн хоолны үнэ 201000 төгрөг нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зайлшгүй зардалд тооцогдохгүй буюу шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.У нь гэмт хэргийн улмаас учруулсан 300687 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, хохирогчид төлөх төлбөртэй байдлыг харгалзан түүний эзэмшлээс 220000 төгрөгийн үнэлгээтэй “Iphone-5” маркийн гар утас битүүмжилсэн Прокурорын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Лрегистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тангуд овогт А-ын У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын У-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.У-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.У-т анхааруулсугай.
5. Эрүүгийн 1721002700158 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.У-аас гэм хорын хохиролд 300687 /гурван зуун мянга зургаан зуун наян долоо/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 21 дүгээр байрны 61 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Баттуулын Одбаяр /ЖЯ90050294/-т олгож, нэхэмжлэлээс 201000 /хоёр зуун нэг мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.У-ын эзэмшлээс 220000 төгрөгийн үнэ бүхий “Iphone-5” маркийн гар утас битүүмжилсэн Прокурорын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
8. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч А.У-ын ЛМ92092612 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ