| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2102004930004 |
| Дугаар | 2023/ДШМ/444 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ДШМ/444
2023 04 25 2023/ДШМ/444
М.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч М.Б,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор М.Б-д холбогдох ……………………….. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Ч-т Сүхбаатар дүүргийн ……………… дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, мөн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэнэ гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Гадна чулуу нийлүүлэх гэрээ”, мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Дотор чулуу нийлүүлэх гэрээ”, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Угаалтуурын тавцан чулуу худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд урьдчилгаа төлбөрт нийт 550.757.390 төгрөг авсан боловч ажил үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэлгүй залилж их хэмжээний буюу 425.980.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 368.980.200 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ч-т олгож, шүүгдэгч М.Б-ийн Хаан банкны ………….., Голомт банкны ……………….дугаарын данснууд болон …………….. улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгсэл, …………….. улсын дугаартай ………………….. маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 12 дугаар садын 08-ны өдрийн 1642 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн бол цээрлүүлэх, эрхээ сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлж, урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн ба тус хуулийн үзэл санаа нь цээрлүүлэхээс илүүтэй хохирол төлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байгааг анхаарч оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж гомдлоо гаргаж байна. Иймд М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж эсхүл торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчид хохирол учруулсандаа маш их гэмшиж, уучлалт гуйж байна. Авсан мөнгөө богино хугацаанд төлж барагдуулах боломж олгож надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2 агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Ял шийтгэл тохироогүй гэж байна. Хохирол маш өндөр буюу 368 сая гаруй төгрөгийн хохиролтой байдаг. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд 2-8 жилийн хорих ялтай, шүүхээс 4 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй гэх асуудлыг ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналт тавьж байхад хохирогч Г.Ч болон шүүгдэгч М.Б нарын зүгээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогчоос гаргаж өгсөн хохирлын тооцоон дээр маргаагүй. Харин шүүхийн шатанд өмгөөлөгч аваад маргаж эхэлсэн. Гэхдээ шүүгдэгч М.Б-ийн хувьд шүүхийн шатанд үнийн дүн дээр маргаагүй. Маргасан л бол шинжээчийн дүгнэлт гаргуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Ч-т Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, мөн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэнэ гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Гадна чулуу нийлүүлэх гэрээ”, мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Дотор чулуу нийлүүлэх гэрээ”, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Угаалтуурын тавцан чулуу худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хооронд урьдчилгаа төлбөрт нийт 550.757.390 төгрөг авсан боловч ажил үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэлгүй залилж их хэмжээний буюу 425.980.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Ч-ийн 1хх 41-42/, гэрч Э.С-ын /1хх 59-66/, гэрч Б.М-ийн /1хх 68/, гэрч М.Н-ийн /1хх 70-71/, гэрч Ц.С-ын /1хх 84/, гэрч Х.П-ийн /3хх 18-19/, гэрч Э.Б-ийн /3хх 22-23/, гэрч Ё.Т-ын /3хх 30-31/, яллагдагч М.Б-ийн /1хх 242-248/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 96-113/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 122-123/, М.Б-ийн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 157-234/, чулуу нийлүүлэх гэрээ /1хх 7-36/,
Б-ийн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07210037 дугаартай мөрдөгчийн магадлагаа “...Иргэн М.Б-ийн Хаан банк дахь 5077104903 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр 373.634.572 төгрөгийн бэлэн орлого орж ирсэн байна. ...” гэсэн тэмдэглэл бүхий баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг нотолж, М.Б-ийн үйлдэл нь залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-ийн бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч Ж.Б “...М.Б-г гэм буруутай гэж тооцож хорих ял оногдуулахдаа түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх талын нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж эсхүл торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөл нь анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.
Хавтаст хэргийг судлан үзэхэд, М.Б нь хохирогч Х.Ч-т Сүхбаатар дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын гадна болон дотор чулуу нийлүүлэх, мөн гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэнэ гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хууль бус зээлийн гэрээгээр халхавчлан түүнээс 550.757.390 төгрөгийг авсан, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж болох “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан гэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Ч-т 368.980.200 төгрөг төлөхөөс ямар нэгэн төлбөр төлж барагдуулаагүй байх ба шүүгдэгч М.Б-г хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ