Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0782

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0782

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: С******* ГХОХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Н*******

Хариуцагч:Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т*******, Б.Н******* нарын хоорондын зөрчилд шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А*******, Б.Н*******, хариуцагч Б.Т*******, Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч компани нь гомдлын шаардлагаа Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т*******, Хууль эрх зүйн хэлтсийн референт, улсын байцаагч Б.Н******* нарын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0014079 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

1. Гомдол гаргагч С******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зөрчлийн хэргийн материалтай танилцаж эс зөвшөөрсөн тул шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

2. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

2.1 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд улсын байцаагчийн эрхийг хэтрүүлсэн, Монгол улсын хууль, хэм хэмжээний актаар тухайлан зохицуулаагүй үйлчилгээг хэм хэмжээний зохицуулалттай үйлчилгээнд хамааруулж Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн,

2.2 BNPL буюу Одоо аваад, дараа төл үйлчилгээг зохицуулах чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй,

2.3 Шийтгэлийн хуудас нь захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй, зорилгодоо чиглээгүй, бодит нөхцөл байдалд тохирохгүйн зэрэгцээ хуулийн үндэслэлгүйн улмаас хэрэгжүүлэхэд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж болзошгүй,

2.4 Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэжээ.

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "С*******" ГХОХХК нь 2019 оны 01 дүгээр сард үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт 6 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Манай компани Монгол улсад тухайлан зохицуулаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "одоо аваад, дараа төл" гэсэн үйлчилгээг Монгол Улсад хамгийн анх нэвтрүүлсэн. Тус үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 10 сарын хугацаанд хөгжүүлэлтүүдийг хийж, С******* аппликейшнийг олон нийтэд нэвтрүүлсэн. Манай үйл ажиллагаа нь ашиглахад хялбар, хүртээмжтэй, цаг хугацаа хэмнэсэн, хүүгүй, шимтгэлгүй гэдгээрээ илүү давуу талтай. Мөн С******* аппликейшнтэй мерчант буюу хамтран ажилладаг байгууллагууд байдаг. Манай энэхүү аппликейшнийг өнөөдрийн байдлаар нийт 544,378 544,378 хэрэглэгчид татан авсан байгаа. Үүнээс идэвхтэй хэрэглэгчид нь 244,518 хэрэглэгч байдаг. Мөн худалдааны төв болон мерчант байгууллагууд нийт 5284 буюу Монгол Улсын хэмжээнд хамгийн их хэрэглэгч болон хамгийн их мерчанттай юм. Манай "одоо аваад, дараа төл" үйлчилгээг Монгол Улсын хуульд тусгайлан нарийвчилсан зохицуулалт одоогоор байдаггүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ юм. Иймд манай зүгээс иргэний эрх зүйн харилцаанд хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл явуулж ирсэн. Манай компани нь бусад компаниудтай итгэлцэл, хамтын ажиллагааг үүсгэж чадсанаараа Монгол Улсад 3.8 гаруй тэрбум төгрөгийг төлж, бүртгэлтэй хэрэглэгчдэд 14.7 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон. Энэхүү үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд хэрэглэгч болон мерчант байгууллагуудаас ямар нэгэн гомдол ирж байгаагүй. Мөн манай үйлчилгээг ашигласнаар иргэд өөрсдийн цалин болон орлого, санхүүгээ төлөвлөөд худалдан авалтууд хийх боломжтой бөгөөд хүүгүй, шимтгэлгүй гэдгээрээ давуу талтай. Мерчант байгууллагуудын хувьд хамтарсан маркетинг, брэндийг танилцуулах, борлуулалтаа өсгөх, боломжтой юм.

4. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т******* албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа С******* үйлчилгээг шалгаж Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж хэрэг бүртгэлийн хэргийг нээсэн талаар 04 дүгээр сарын 01-ний өдөр манай компанид танилцуулсан. Ийнхүү бид 04 дүгээр сарын 09-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороон дээр манай гүйцэтгэх захирал болон өмгөөлөгч Б.Н******* нар уулзалт зохион байгуулсан. Тухайн уулзалтаар Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхлээгүй гэдэг талаар компанийн үйл ажиллагааг хэрхэн явуулдаг болох тайлбаруудыг бичгээр болон амаар мэдэгдсэн. Мөн энэ талаар манай өмгөөлөгчийн зүгээс удаа дараа албан бичиг өгсөн. Манай компанид 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч нарын шийтгэх тогтоол ирсэн. Энэхүү шийтгэх хуудаст манай компанийн үйл ажиллагааг банк бус санхүүгийн байгууллагын факторингийн үйлчилгээнд хамруулах болсон, хэзээнээс Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхлэх болсон, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр хуульчилсан факторингийн үйлчилгээнд С******* аппликейшний үйлчилгээ хамаарч байгаа эсэх талаарх зүйлсийг тодорхой дурдаагүй. Үндэслэлгүйгээр шийтгэлийн хуудсыг гаргасан гэж үзэж байгаа юм гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* ГХОХХК-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журамд заасан зохицуулалттай эрхлэх үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрөлтэй эрхлэх санхүүгийн үйл ажиллагаанд хамаарахгүй. Энэ үйлчилгээ факторингийн үйлчилгээнээс яаж ялгараад байгаа вэ гэхээр авлага үүсэхээс өмнө С******* үйлчилгээг ашиглаж байгаа, өөрөөр хэлбэл факторингийн үйлчилгээ нь үүрэг гүйцэтгэгч , зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд эрх үүсээд зөвхөн буцаад шаардах эрх үүссэн байгаа тохиолдолд факторингийн үйлчилгээний асуудал яригдана. Гэтэл С******* үйлчилгээ дээр хэрвээ төлбөр төлөгдөхгүй хэрэглэгч 4 хуваасан төлбөрийн эхний төлбөрийг төлөхгүй бол худалдагч барааг шилжүүлж өгөх үүрэг үүсэхгүй. Эхлээд заавал С******* үйлчилгээг авсны дараа өр авлага үүсэх харилцаа юм. Олон улсын зохицуулалт ярьж байгаа гол шаардлага нь улс орнууд "Одоо аваад, дараа төл" үйлчилгээг одоо байгаа зохицуулалт буюу ямар нэгэн төлбөрийн үйлчилгээнд шууд хамаарахгүй учраас шинэ зохицуулалт хийх шаардлагатай, эсвэл байгаа зохицуулалтыг өргөжүүлэх байдлаар тодорхой шаардлага, шалгуур тогтоосны дараа зохицуулалттай үйлчилгээ гэж үзэх чиг хандлага байгаа. Хороо өөрөө зохицуулалт бий болох бүрэн эрхтэй байгууллагын хувьд тухайлсан, факторингийн үйлчилгээг зохицуулах журам батлаагүй хэр нь зөрчлийн хэрэг үүсгэж торгууль ногдуулж байгаа нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

6. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хариуцагчдыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд улсын байцаагчийн бүрэн эрхийг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улсын хуулиар "одоо аваад, дараа төл" буюу хуваан төлөх үйлчилгээг тухайлан зохицуулаагүй. Мөн факторингийн үйлчилгээг ч нарийвчлан зохицуулсан зүйл байдаггүй. Гэтэл ганцхан хуулийн тодорхойлолтыг үндэслэн энэ үйлчилгээнд хамааруулж Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэдэг зарчмыг Зөрчлийн тухай хуульд хуульчилсан байдаг.

7. Хуулиар зохицуулаагүй харилцаа учраас хуулиар тодорхойлсон зөрчлийн шинжтэй гэж зөрчлийн хэрэг үүсгэж, шалгах үндэслэл бүрдэхгүй байгаа тул зохицуулалтад хамаарахгүй хуулийн этгээдэд дээрх хуулийн зөрчлийг хамааруулсан. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д хамаарах Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлж, шалгах эрхтэй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлсон ба хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцно. Нэхэмжлэгч компанийн "одоо аваад, дараа төл" үйлчилгээг факторингийн үйлчилгээнд хамааруулна гэж үзсэн хууль, хэм хэмжээний акт байхгүй хэр нь шийдвэр гаргасан тул үүнтэй гомдол гаргагч компани маргаж байгаа.

8. Шүүхээс нотлох баримт цуглуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд албан бичиг хүргүүлэхэд тайлбар ирүүлсэн. Тус тайлбартаа манай байгууллага санхүүгийн үйлчилгээг зохицуулах бүрэн эрхтэй. Аливаа бизнес эрхлэгч байгууллага өөрийнхөө үйлчилгээг сурталчлах, брэнд үүсгэх үйлчилгээгээ юу гэж нэрлэхээс хамааруулж зохицуулалт бий болгодог байгууллага биш гэдэг агуулгатай тайлбарыг өгсөн. Үүнээс үзэхэд манай үйлчлүүлэгч байгууллага уламжлалт факторингийн үйлчилгээг хийгээд түүнийгээ "одоо аваад, дараа төл" үйлчилгээ гэж нэрлээд, эсхүл хаана ч байдаггүй үйлчилгээг бий болгоод "одоо аваад, дараа төл" үйлчилгээ юм гэж тайлбарлаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс бусад улс орнууд "одоо аваад, дараа төл" үйлчилгээг хэрхэн зохицуулж байгаа, манай улс яагаад зохицуулахгүй байгаа талаар удаа дараа албан бичгүүдийг өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагын авлагыг худалдаж авдаг факторингийн уламжлалт үйл ажиллагааг аппликейшн дээр суурилуулан финтек хэлбэрээр үзүүлж байна гэж үзсэн. Финтек хэлбэрээр уламжлалт үйлчилгээг үзүүлж байгаатай холбоотой нэмэлт зохицуулалтыг бий болгох боломж, эрх нь байсан. Жишээлбэл зээлийн үйл ажиллагааг финтек, аппликейшнд суурилж зээл олгож байгаа банк бус санхүүгийн байгууллагуудад уламжлалт зээлийн үйл ажиллагааг технологид суурилж эрхэлж байна гэж үзэж, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагааны журамд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр технологийн шаардлага, хувь нийлсэн хөрөнгөд нь нэмэлт шаардлага тавьж хэрэгжүүлэх нэмэлт хугацааг нь тогтоох арга хэмжээ авч байсан. Хэрвээ "одоо аваад, дараа төл" үйлчилгээг яг үүнтэй адилхан уламжлалт факторингийн үйлчилгээг аппликэйшнд суурилж явуулж байгаа нь шинэлэг үйлчилгээ юм гэж үзэж байсан бол зохицуулагч, бодлого тодорхойлогч байгууллагынхаа хувьд журамдаа нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулалт хийх боломж байсан гэж үзэж байна. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд тайлбар өгөхдөө үйлчилгээгээ дураараа нэрлэсэнд тааруулж зохицуулалт бий болгодоггүй гэдэг тайлбар өгсөн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, дунд хугацааны бодлого, 2020-2024 онд эрх зүйн зохицуулалт батлах Улсын Их Хурлын төлөвлөгөө, Санхүүгийн зохицуулах хорооны төлөвлөгөө, өмнөх жилүүдэд хийсэн ажлын тайлан зэрэг бүх бодлогын баримт бичгээс харахад финтекийн үйлчилгээг зохицуулна гэдэг төлөвлөгөө байхгүй.

9. Дараагийн үндэслэлийн тухайд Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоод, улсын байцаагч нартай уулзахад улсын байцаагчид хараат бусаар хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй байна. Энэ нь шүүхэд өгсөн нотлох баримтаар тодорхой харагдана. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газраас Банк бус санхүүгийн байгууллагын газар руу дотоод албан бичгээр ийм тохиолдлыг шалгаж байна, энэ ямар үйлчилгээнд хамаарах вэ гэдэг талаар тодруулахад энэ нь факторингийн үйлчилгээнд хамаарна гэдэг дүгнэлтийг улсын байцаагч нар зөрчил мөн гэж үзэн шийдвэр гаргасан. Иймд улсын байцаагч нарын хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгосон бүрэн эрхээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна. Санхүүгийн зохицуулах хороо Эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-д зааснаар хөрөнгө оруулагч, санхүүгийн зах зээлийн оролцогч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс зохицуулалтуудыг бий болгох эрх нь байгаа боловч үүнийг хэрэгжүүлээгүй. Компанийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсоод танай үйл ажиллагаа факторингийн үйл ажиллагаанд хамаарах юм байна гэж үзэж байна. Иймээс банк бусын зөвшөөрлийн хүсэлт гаргаарай, үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт гаргах гэж байгаа гэдэг талаар чиглэл өгөөгүй учраас гомдол гаргаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх зарчим гэж заасан. Үүний дагуу аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, улсын байцаагч нарын шийдвэр гаргах үйл ажиллагаа бүгд хуульд үндэслэх ёстой. Мөн 4.2.5-д зааснаар шийдвэр, үйл ажиллагаа өөрөө зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байна, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгч компани шийтгэлийн хуудсаар ногдуулсан 40,000,000 төгрөгийг төлөхгүй гэдэг агуулгаар шүүхэд хандаагүй. Харин маргаан бүхий акт хуульд үндэслээгүй буюу үндэслэл бүхий байх шаардлагаа хангахгүй байна гэж үзэж гомдол гаргасан.

10. Хууль ёсны итгэл хамгаалах зарчмын тухайд ганцхан манай компанийн 6 жилийн үйл ажиллагааны явцад татвар төлж, өөрсдийнхөө үйл ажиллагааг хууль ёсны гэж итгэж үйл ажиллагаа явуулж олон хүмүүсийг цалинжуулж, олон мерчант компанийн худалдан авалтыг дэмжиж бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгож ирсэн. Мерчант компани бараагаа худалдахын тулд энэ шинэлэг үйлчилгээг сонгож, хэрэглэгчдэд өрийн дарамт үүсэхгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй,хэрэглэгчдэд өрийн дарамт үүсэхгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, ямар нэгэн татварын эрсдэл үүсгэхгүй энэ үйлчилгээ нь олон улсад нэвтэрсэн үйлчилгээ юм. Санхүүгийн зохицуулах хороо энэ үйлчилгээтэй холбоотой зохицуулалттай үйл ажиллагаа гэж урьд мэдэгдэж байгаагүй учраас үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар хууль зүйн олон янзын зөвлөмжүүд авч байсан.

11. Олон мерчанттай гэрээ хийж хэн нэгэн хуваан төлөх үйлчилгээ сонгоход санхүүжилт шаардлагатай учраас хөрөнгө оруулалт хэрэгтэй тул энэ зорилгоор 2021 оны 02 дугаар сард Сингапур улсын хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт авсан байгаа. Хөрөнгө оруулагч мөн Монгол Улсад энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр зохицуулаагүй, ямар нэгэн зохицуулалттай үйл ажиллагааны эрсдэл, том нэмэлт зардал байхгүй тул хөрөнгө оруулагчийн эрх ашиг мөн хамгаалагдах ёстой. Гэтэл 6 жилийн хугацаанд хэрэглэгч болон мерчантаас эрх, хууль ёсны ашиг хөндөгдсөн гэж гомдол гаргаж байгаагүй. Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагын зах зээлийг хамгаалах үүднээс ийм үндэслэлгүй шийдвэр үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Иймд хариуцагч нарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

12. Хариуцагч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Т******* миний бие 03 дугаар сарын 29-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байх үедээ С******* ГХОХХК-ийн С******* гэдэг нэртэй аппликейшний үйл ажиллагааг судлаад санхүүгийн үйлчилгээ эсхүл банк бус санхүүгийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй хэрэгжүүлж болзошгүй гэдэг үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны хэргийн дугаар ******* дугаараар бүртгүүлээд хэрэг хянан шалгах үйл ажиллагаа явуулсан. Хуульд заасан 5 хоногийн хугацаанд нотлох баримт цуглуулахаар С******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Х******* болон түүний өмгөөллийн фирмийн өмгөөлөгч нартай холбогдож уулзаад хэрэгт холбогдогчоос мэдүүлэг авсан. Мөн тус компанийн үйл ажиллагааны танилцуулгатай холбоотой материалуудыг авч судалсан байгаа. Гомдол гаргагчийн үйл ажиллагаа болон аппликейшн, гаргасан мэдүүлгийг судлаад цаашид шалгах шаардлагатай гэж үзэж 04 дүгээр сарын 04-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн.

13. Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу санхүүгийн үйлчилгээг шинэ технологийг ашиглан явуулах гэж байгаа бол холбогдох зохицуулалтын орчинд оруулах боломжтой гэсэн зохицуулалт байдаг. Гомдол гаргагч компани нь банк бус санхүүгийн байгууллага биш байсан учраас Банк бус санхүүгийн байгууллагын газрын Бүртгэл зөвшөөрлийн хэлтсээс тус компани банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлж байсан эсэх талаар тодруулж байсан. Мөн хэрэгт цугласан материал буюу арилжааны банкнуудын данс, зарим мерчанттай хийсэн гэрээнүүдийг эх хувиар нь авсан. Гомдол гаргагч нь хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй цахим хэлцэл хийдэг бөгөөд тус цахим хэлцлийг хуулбарлуулж авсан. Нотлох баримтуудыг судлан хэнээс, хэнд, хэрхэн яаж мөнгө шилжиж байгаа үндэслэлүүдийг шүүж үзсэн. Ийнхүү нотлох баримтуудаа цуглуулж, шинжилгээ хийсний үндсэн дээр С******* ГХОХХК нь банк бус санхүүгийн байгууллагын факторингийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн байна гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудас бичиж гардуулсан гэв.

14. Хариуцагч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч үндэслэлээ тайлбарлахдаа ямар ч зохицуулалтгүй харилцааг зохицуулалтад хамруулж манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэсэн агуулгаар тайлбар хэлж байна. Энэ нь огт зохицуулалтгүй харилцаа биш юм. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу банк бусын үйл ажиллагаанд 7-8 төрлийн үйл ажиллагаа хамаардаг. Эдгээр 7-8 төрлийн үйл ажиллагааны нэг нь факторингийн үйл ажиллагаа юм. Факторингийн үйл ажиллагааг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.2, 7.1, 7.2-т заасны дагуу зохицуулж байгаа. Хэдий тусгайлан захиргааны хэм хэмжээний актыг Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс батлаагүй боловч Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журам болон тус хорооны 2019 оны 217 дугаар тогтоолоор баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн үндсэн үйл ажиллагааны журмын хүрээнд зохицуулдаг.

15. С******* ГХОХХК-ийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хянан шалгаад факторингийн үйлчилгээний шинжийг агуулж байна гэж үзсэн. Энэ үйлчилгээ нь жижиг, дунд бизнес эрхлэгч эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зорилгоор авлагаа барьцаалан факторингийн компаниас санхүүжилт авах үйл ажиллагааг хэлдэг. Өөрөөр хэлбэл нэг талаас худалдагч, нөгөө талаас худалдан авагч, факторингийн компанийн хооронд үүсдэг 3 талт харилцаа юм. Энэ харилцаа нь олон улсад болон өнөөгийн нөхцөл байдалд олон төрөлтэй байдаг. Нийтлэг нэг төрөл нь худалдагч тал нэхэмжлэхийг худалдан авагчид үүсгэн төлбөрийг шилжүүлэх буюу факторингийн компани үүссэн нэхэмжлэхийн дагуу худалдан авагч тал буюу нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг худалдагч талд шилжүүлэх үйл ажиллагаа юм. С******* ГХОХХК мерчант байгууллагатай гэрээ байгуулдаг. Хяналт тавих эрхийн хүрээнд бид шууд танай компанийн үйл ажиллагаа ийм байна гэж хэлээгүй байгаа. Эхлээд тодорхой хэмжээгээр шалгаж үзнэ, хянаж үзнэ, холбогдох тайлбар баримт судалгаа авна үүний үндсэн дээр одоогийн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаанд хамаарч байна эсвэл хамаарахгүй байна гэдгийг бид бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын газар гэж бас байгаа. Манай Банк бус санхүүгийн байгууллагын бодлого тодорхойлдог бүртгэл хяналтыг хариуцдаг газар байгаа. Энэ газар хоорондын бичгийг нэхэмжлэл дээрээ дурдлаа. Хэдийгээр хянан шалгагч улсын байцаагч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа холбогдох тайлбар болон баримтуудыг нэгж газраас нь авах төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн үйл ажиллагааны заавар гэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс С******* ГХОХХК-ийн энэхүү үйл ажиллагаа нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1.2 буюу практикийн үйлчилгээнд хамаарч байгаа, практик үйлчилгээний шинжийг авдаг, энэ үйлчилгээнд хамаарч байгаа учраас хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан. Энэхүү арга хэмжээ нь хуульд заасны дагуу явагдсан тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. С******* ГХОХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдаж, санхүүгийн зах зээлд хүү, шимтгэлгүй, хуваан төлөх одоо аваад, дараа төл үйлчилгээг S аппликейшнд суурилан нэвтрүүлсэн байна.

2. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т*******, Б.Н******* нар албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа С******* ГХОХХК-ийн S аппликейшний үйл ажиллагааг судалж, банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад холбогдогч С******* ГХОХХК нь банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй эрхэлсэн болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-т банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0014079 дугаартай шийтгэлийн хуудсаар 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

3. Үүнийг гомдол гаргагчаас Монгол улсад хуулиар тухайлан зохицуулаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BNPL /одоо аваад, дараа төл/ үйлчилгээг иргэний эрх зүйн харилцаанд хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчмыг удирдлага болгон гэрээний үндсэн дээр эрхэлж ирсэн. S үйлчилгээ нь төлбөрийн бодит хэмнэлт, боломжийг бий болгодог тул компанийн үйл ажиллагаа явуулах хугацаанд хэрэглэгч, хамтран ажилладаг мерчант компаниудаас эрх бүхий байгууллага болон манайд хандсан гомдол, санал гарч байгаагүй гэж хариуцагчаас S үйлчилгээний хувьд мерчант нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулж, хэрэглэгчээс төлбөрийн үүргийг шаардах эрхээ гэрээний дагуу С******* ГХОХХК-д шилжүүлж, С******* ГХОХХК нь хэрэглэгчээс бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнг шаардах эрхээ S аппликейшнээр дамжуулан хэрэгжүүлж байгаа нь факторингийн үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлан маргаж байна.

4. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д факторингийн үйлчилгээ гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг, 7 дугаар зүйлийн 7.1-т Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно, 7.1.2-д факторингийн үйлчилгээ, 8.1-т Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан болон дараах баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ гэж тус тус зааснаас үзвэл факторингийн үйлчилгээ нь жижиг дунд бизнес эрхлэгч эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зорилгоор авлагаа барьцаалан факторингийн компаниас санхүүжилт авах үйл ажиллагаа байх ба худалдагч, худалдан авагч факторингийн компанийн хооронд үүсэх харилцаа байна.

5. Нэхэмжлэгч С******* ГХОХХК-ийн S аппликейшний үйл ажиллагаа нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу мерчантын шаардах эрх нь С******* ГХОХХК-д шилжиж тэрээр үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хэрэгжүүлж, худалдан авагч нь тус компанийн нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг мерчанттай байгуулсан гэрээний дагуу бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний дүнгээс холбогдох хүү, төлбөрийг хассан дүнг шилжүүлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан С******* мерчантын гэрээгээр тогтоогдож байх тул дээрх хуульд заасан факторингийн үйлчилгээ гэж үзэхээр байна.

6. Мөн С******* ГХОХХК нь хэрэглэгчид төлбөрийг хуваан төлөх нөхцөлийг санал болгож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор алданги тооцохыг гэрээнд тусгасан байна.

7. Дээрх нөхцөлийг дүгнэж үзвэл 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар гадаадын хөрөнгө оруулалттай С******* ГХОХХК-ийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-т Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

8. Гэхдээ эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн арга хэмжээ оногдуулахдаа торгохоос гадна хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах нэмэлт зохицуулалтыг хэрэглээгүй байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэх үндэслэлээр дүгнээгүй болно.

9. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан эрх бүхий албан тушаалтан 2.4 дүгээр зүйлийн 1.1-т хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах бүрэн эрхийг хуулиар олгосон байх тул нэхэмжлэгчийн улсын байцаагчийн эрхээ хэтрүүлсэн, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

10. С******* мерчантын гэрээ болон хэрэглэгчтэй үйлчилгээний нөхцөлийг баталгаажуулсан хэлцлээс үзвэл хэрэглэгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг шаардах, хүү, төлбөрийг суутгасан дүнгээр мерчантад шилжүүлэх харилцааг зохицуулсан байх бөгөөд өөрөөр хэлбэл худалдагч тал нь нэхэмжлэхийг худалдан авагчид үүсгэн, нэхэмжлэх дээр төлбөрийг шилжүүлэх С******* ГХОХХК-ийн дансыг тусгаж, үүний дагуу худалдан авагч тал нь нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг С******* ГХОХХК нь худалдагч талд шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа нь факторингийн үйлчилгээний нэг төрөл гэж үзэхээр байна.

11. Нэхэмжлэгч талаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BNPL /одоо аваад, дараа төл/ үйлчилгээг Монгол улсад хуулиар зохицуулаагүй... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа ч энэ нь санхүүгийн үйлчилгээ бөгөөд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дах хэсэгт заасан факторингийн үйлчилгээний нэг төрөл тул тухайлан хуулиар зохицуулаагүй гэж үзэхээргүй байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгжийн явуулж байгаа аливаа санхүүгийн үйлчилгээг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг илүү тодорхой, нарийвчилсан болгох шаардлага байгаа болохыг үгүйсгэхээргүй байгаа боловч гомдол гаргагч компанийн BNPL /одоо аваад, дараа төл/ үйлчилгээг S аппликейшнээр дамжуулан хэрэгжүүлж байгааг факторингийн үйлчилгээнд хамруулсан улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-д 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан С******* ГХОХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т*******, Хууль эрх зүйн хэлтсийн референт, улсын байцаагч Б.Н******* нарт холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Т*******, хууль эрх зүйн хэлтсийн референт, улсын байцаагч Б.Н******* нарын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0014079 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

.

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ