| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01201/И |
| Дугаар | 155/ШШ2016/01173 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/01173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух, О.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух, Б.Ц-д холбогдох
19.825.000 /арван есөн сая найман зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч В.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Ц нь 2014 оны 09 дүгээр сард манай охин ****** танилцаж, манай охиныг чи надтай хамтран ажилла, чам шиг гадаадад сургууль төгссөн англи хэлтэй хүн хэрэгтэй байна. Учир нь гадны бусад оронд хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн яаж хамгаалдаг болон сургалт семинарын талаар англи хэл дээрх мэдээллийг авч баймаар байна гэсэн юм билээ. Энэ яриа болж хэсэг хугацааны дараа Б.Ц охинд маань шинжээчийн үнэмлэх хүртэл гаргаж өгсөн байсан. ...Б.Ц охиныг маань өрөөндөө дуудаж 2.500.000 төгрөг 14 хоногийн хугацаатай зээлээч яаралтай хэрэг болоод гэхээр нь өгсөн байсан. Мөнгөө ч хугацаандаа өгсөн юм. ...Нэг өдөр өрөөндөө дахин дуудаж Түнэл суманд маш сайн хөрөө рам оллоо, миний сайн найз Отгоо гэдэг хүн байгаа. Би урьд нь хамтарч Улаанбаатар луу банз палк ачуулдаг байсан гэсэн байсан ...Хэд хоногийн дараа Б.Ц охин руу залгаж 3.000.000 төгрөг зээлүүлээч хүү нь хамаагүй, манай байгууллагын санхүүжилт орж ирдэггүй, тайлан тооцооны үе болоод цалингаа тавих гэсэн юм. Банз, палк авах гэсэн нөгөө мөнгөнөөсөө зээлүүлчих. Санхүүжилт ороод ирэхээр эгч нь шууд өгнө гээд авсан юм. Ингээд нэг сарын дараа мөнгөө авъя гэхэд нэг сар сунгаач, санхүүжилт арай л ирээгүй байна гэсээр байгаад дахин нэг сар сунгасан байсан ...Б.Ц миний хамгийн сайн найз Улаанбаатар хотын цонх констракшны захирал, ерөөсөө тэндээс ав гэхэд охин юу ч гэсэн үнийг нь судлахгүй бол их үнэтэй байвал авч чадахгүй гэж хэлсэн байсан. Нөгөөдөр нь Б.Ц залгаж найзтайгаа ярьчихлаа болно, бүтнэ гэж байна. Би найз нь юм чинь яасан ч байсан надад хямдруулж таараа гэж байсан ...Б.Ц охиныг хоолонд оруулж цонх бараг бүтсэнээс ялгаагүй болсон, эгчдээ нэмээд 6.000.000 төгрөг цонхны урьдчилгаа өгчих, цонх бэлэн болох үед эгч нь баараггүй өгчих юм чинь гээд авсан байсан. Үүнээс хойш зээлсэн мөнгөө өгөлгүйгээр хүүг нь өгье, хугацаа сунгаач гэсээр нилээд хэдэн сар болсон. Ингээд Б.Цгээс мөнгөө авъя гэж асуух бүрт дахин дахин банз, палк, цонх бэлэн болсноос ялгаагүй. Эгч нь энэ асуудлыг хар толгойгоороо хариуцна гэсэн. 2015 оны 02 дугаар сард цагаан сарын битүүний урд өдөр охин дээр ирж нэмж 8.000.000 төгрөг өгөөч маш хүнд байдалд ороод байна. Тайлангаа хоцроосноос болоод их торгуулд ороод байна гэхэд нь манай охин та миний бүх мөнгийг авсан шүү дээ, одоо өгч чадахгүй гэхэд охиноос салахгүй байнга нэхсээр байж охин маань 1.000.000 төгрөг дүүгээсээ зээлж өгсөн байсан. Цагаан сарын дараа миний охин Тайланд явах болж мөнгөө авъя гэдэг яриа гарангуут Түнэл суманд хөрөө рамтай гэх Отгоо, түүний хүү Бадрал нарыг миний бие, эхнэр охиныг уулзуулсан. Хүү Бадрал нь хэлэхдээ 4 сар гэхэд банз, палк бэлэн болно. Хамгийн сайн чанартай гэхэд нь Баасан миний бие зөвшөөрч банз, палкны хэмжээ тоог гаргаж захиалга өгсөн ...Ингээл Б.Ц охиныг маань өрөөндөө дуудаж Түнэл явж нүдээр үзэж, уулзаж учраад ирсэн юм чинь итгэсэн биз дээ , чамайг Тайланд яваад ирэхэд чинь бүх юм чинь бэлэн болчихсон байна гэж бүрэн итгүүлж дахин 17.000.000 төгрөгийг хүүгийн хамт өгчих гэж хүсэлт тавьж, охин ч Б.Цд итгэн 17.000.000 төгрөгөө өгөв. Охин Б.Цд надаас зээлсэн мөнгөө Тайландад байхад миний данс руу хийгээрэй, би бараандаа явж байгаа шүү. Халаасандаа мөнгөгүй явж байна шүү гэхэд тэгэлгүй яахав эгч нь араас нь явуулна гэсэн боловч тэр цагаас эхлэн зээлсэн мөнгө, хүүгээ ч өгөхөө больсон. Тайландаас охин маань хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч чамайг ирэнгүүт эгч нь хүү алданги бүгдийг нь өгнө. Захиргааны 3 баараггүй нягтлангуудад зээлүүлчихсэн чинь өгдөггүй гэж хэлсэн байсан. Охиныг маань Тайланд явж ирээд одоо мөнгөө авъя гэхэд Б.Ц 13.000.000 төгрөг нэмж өгөөч гэж зогсолтгүй гуйж байсан байна лээ ...Б.Ц нь 27.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор 2 тал харилцан тохирч 2015 оны 04 дүгээр сарын 25-нд гэрээ хийсэн боловч Б.Ц нь энэ мөнгөө хугацаандаа төлөхгүй өдий хүрсэн юм ...Иймд Б.Цд өгсөн 27.500.000 төгрөг, 10 хувийн хүү 2.700.000 төгрөг, хугацаандаа хохирлоо төлөөгүй алданги 29.435.000 төгрөг бүгд 59.685.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Харин бид Б.Цд энэрэнгүй хандаж 27.500.000 төгрөгийн хүү, алданги 29.435.000 төгрөгийг анх зээлсэн мөнгөнийхөө 50 хувь болох 13.750.000 төгрөг дээр алданга нийлээд бүгд 41.250.000. төгрөгийг Б.Цгээс нэхэмжилж байна. Б.Ц нь дээрх 41.250.000 төгрөгөөс доорх хохирлыг төлж барагдуулсан болно. Үүнд: 1. Бэлэн мөнгөөр 12.150.000 төгрөг, 2. Бараа материалаар 9.275.000 төгрөг бүгд 21.425.000 төгрөгийг төлж, үлдэх 19.825.000 төгрөгийг 2016 оны эхний 6 сард төлж дуусгахаар 2 тал 2016 оны 01 сарын 06-нд тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч хохирлоо барагдуулахгүй санхүүжилт орж ирэхээр гэх мэт худал үнэн шалтаг, шалтгаан тоочсоор жил гаран хугацаа өнгөрлөө. Иймд Б.Цгээс төлбөрийн дутуу 19.825.000 төгрөгийг нэхэмжилж буй тул энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.
Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Б.Цд нийт дүнгээр гэрээ байгуулж 27.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Түүний 10 хувийн хүү болох 2.750.000 төгрөг, алданги 13.750.000 төгрөг, нийт 44.832.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэдэг утгаар 13.750.000 төгрөг, нийт 44.832.000 төгрөг болж байгаа. Хариуцагчаас 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүүнд 2.750.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард алданги 1.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард миний дансаар Биндэръяагийн нэрээр 7.900.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Өргөө зоогийн газарт тааралдаж 500.000 төгрөгийг авсан. Бэлэн болон бэлэн бус мөнгөөр 12.150.000 төгрөг авсан. Бараа материалаар Центр дэлгүүрээс 4.632.500 төгрөгийн бараа, Барнууд дэлгүүрээс 3.718.500 төгрөгийн бараа, хайрга 450.000 төгрөг, блокны үнэ 96.000 төгрөг, цахилгааны шитний 370.000 төгрөг, нийт 9.275.000 төгрөг болсон. Энэ бүгд нийлээд 21.425.000 төгрөгийг бэлэн мөнгө, бараа материалаар авсан. Үүний зөрүү 23.307.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар байгаа боловч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 19.825.000 төгрөгийг Б.Цгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: **** бид эртний танил нөхдүүд. **** нэг мэргэжлийн 20 гаруй жил нөхөрлөж бие биедээ тус дэм болох үедээ тус дэм болж явсан найзууд байсан. *** нар хүүхдүүдтэйгээ манай ажлын өрөөгөөр байнга орж гардаг байсан болохоор *** бага байхаас, танина. Түүнээс 2014 оны 9 сард анх танилцаагүй. 2014 оны 3 сард хувийн хэрэгцээнд мөнгө шаардлагатай болсон, үүнийгээ Б.Цд дурсаж мөнгө олж өгөөч гэж гуйсан. Б.Ц би нэг хүнд хэлнэ. ярьж өгье олж өгнө гэж хэлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.Ц чам руу хүн очно гэж хэлсэн. 2014 оны 4 сард Б.Ц нөхөр болох монголоор Аар гэж дууддаг Аарыг дагуулан орж ирж англиар юм ярьж байснаа ээж намайг явууллаа. Танд хэд хэрэгтэй юм бэ гэхээр нь боломж байвал 1.500.000 төгрөг хэрэгтэй байна гэхэд зөвшөөрч мөнгө авалцаж өгөлцөж эхэлсэн. 2014 ондоо бид мөнгө авалцаж өгөлцөж хугацаа алдалгүй эргүүлэн төлөлтүүд хийгдэж байсан. 27.500.000 төгрөг он дамжиж орж ирсэн мөнгө. Энэ байдлыг эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч Баттөмөрт мэдүүлэг өгч байсан.
1. 2015 оны 1 сард 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга төгрөг/
2. 2015 оны 2 сард 2.750.000 //хоёр сая долоон зуун тавин мянга төгрөг/
3. 2015 оны 3 сард ямар ч боломжгүй
4. 4 сард 2.750.000 //хоёр сая долоон зуун тавин мянга төгрөг/ өгсөн. Түнэлд очиж палк банзны гэрээ хийж ирсэн өдөр Алтанзаяа, Аар хоёр миний ажлын өрөөнд ирж авсан.
5. 2015 оны 5 сард 1.000.0 нэг сая төгрөгийг ажлын өрөөнд Алтанзаяа Аар нар ирж авсан.
6. 2015 оны 6 сард миний дүү болох Б.Бэндэрмаа цалингийн зээл авч 7 сая 900.0 мянган төгрөг /долоон сая есөн зуун мянга/ Баасангийн дансанд шилжүүлж өгсөн.
7. 2015 оны 9 сард Цахилгааны шийд Баасан цуг очиж авсан 370.0 /гурван зуун далан мянган төгрөг/,
8. 2015 оны 9 сард байшин барихад хайрга 8 камазаар буулгуулсан 640.0 /зургаан зуун дөчин мянга/,
9. 2015 оны 9 сард блок 130.0 мянган төгрөг /нэг зуун гучин мянган төгрөг/,
10. 2015 оны 9 сард Центр Их дэлгүүрээс Баасан Алтанзаяа нарын захиалгаар 4.870.0 /дөрвөн сая найман зуун далан мянган/ төгрөгийн барилгын материал,
11. 2015 оны 8 сард Барнууд барилгын материалын дэлгүүрээс Баасангийн захиалгаар 4.000.0 /дөрвөн сая/ төгрөгийн барилгын материал,
12. 2016 оны 4 сард Өргөө зоогийн газарт Баасан 500.0 мянган төгрөг /таван зуун мянган төгрөг/ бэлнээр тоолж авсан. Миний Баасанд өгсөн нийт тооцоо 27.660,0 /хорин долоон сая зургаан зуун жаран мянган төгрөг/ болж байна.
Б.Ц би палк, банз, вакум цонх хийнэ гэж мөнгө аваагүй зөвхөн зуучилж өгсөн. 2015 оны 2 сард палкны эзэн Отгонбаяр болон хүүтэй нь танилцуулж өгсөн хоорондоо танилцаж үнэ мөнгөө тохиролцож байсан 2015 оны 4 сард Түнэл суманд **** Аар бид дөрөв очсон. Отгонбаяртай палк банзны гэрээ хийцгээсэн. Үнэ мөнгөө өөрсдөө ярилцаж байсан би зөвхөн зуучилж өгсөн үүрэгтэй. Цонх констракшны захирал Эрдэнэцэцэг миний багын найз зуучилж өгсөн. Цонхыг зээл хийлгэж өгөөч гэж Баасан надад хүсэлт тавьсан энэ хүсэлтийг манай найз зөвшөөрөөгүй өөрөө зээл ихтэй би зээл хийж өгч чадахгүй гэдэг хариулт өгсөн. 2015 оны 5 сард бидний хийсэн хэлцлээс нэг сар өнгөрөнгүүт намайг цагдаад өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн дарамталж эхэлсэн. Миний хувьд анх удаа цагдаа шүүхээр явж байгаа болохоор мэдүүлгээ ч үнэн зөв өгч мэдэхгүй сэтгэл санааны хүнд стресст орсон. 2015 оны 5 сард Б.Ц Алтанзаяа Аар нар миний ажлын өрөөнд орж ирээд Б.Ц Алтанзаяа нар нь гадаадын хүний мөнгө авсан чамайг олон улсын шүүхэд өгнө гэж хашгирч загнаж байгаад миний тэмдэглэлийн дэвтэр утсыг минь булаан авч гэртээ нэг хонуулаад өгч байсан удаатай. Намайг байнгын дарамтанд оруулж байсан.
Центр их дэлгүүрээс барилгын материал худлаа хэлж авсан гэж шийтгүүлсэн. Баасан өөрөө захиалагч нь байсан. Б.Ц Алтанзаяа нар бүгд мэдэж байсан. Захиалагч хамтрагч нар байж намайг шийтгүүлсэн. Би 2015 он 2016 оны хооронд их хохирол амслаа. Бүх зүйлд гүтгүүлж доромжлуулж 1 жил гаруй хугацаанд эрүүгийн хэрэг үүсгүүлэн гүтгэж ялд унагаасан. Хоёр өнчин хүүхдййн эх намайг өмгөөлөх хүнгүй, үүнийг юу гэж хэлж байсан ч яадаг юм, яаж гүтгэж байсан ч яадаг юм гэдэг байдлаар харьцаж Баасанд зодуулж байсан удаатай. Байнга хэвлэл мэдээллээр цацна гэж дарамталдаг, хүний нэр төрд халдвал ямар хуультайг надаар хэлүүлэлтгүй мэдэх л хүмүүсдээ. Баасан миний араас тагнаж мөрдөх үйл ажиллагааг явуулж байгаа энэ хүн хүнийг юу гэж гүтгэж юунд ч өрөвдөхгүй оруулдгийг олж мэдэж авсан. Шадар сайдын албанд гүтгэлгийн өргөдөл бичсэн. Энэ өргөдөлд Баасантай хийсэн миний тооцоог арван сая төлөлт хийсэн гэж гүтгэж бичсэн гэх мэт гүтгэлгүүд олон удаа болж байна. Алтанзаяагаас авч байсан мөнгийг олон удаа найдвартай төлж байсан. Дарамтапж байж гэрээг нөхөж хийсэн. Эрүүгийн хэргийн материалтд хохирол төлбөргүй гэж шийдвэр гарсан тул Баасангийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Баасан овогтой Алтанзаяагаас 4 удаа нийтдээ 27.500.000 төгрөгийг 2014 онд зээл авсан ба дээрх мөнгийг зээлж авахдаа албан ёсоор хүү алданги тооцсон гэрээ байгуулаагүй юм. Б.Цгийн эцэг Баасан нь 2016 оны 1 сарын 06-ны өдөр тооцоо нийлэхдээ үндэслэлгүйгээр 27.500.000 төгрөгтөө 10 хувийн хүү тооцож надаас 59.685.000 төгрөгийг нэхэж би зээлж авсан мөнгөндөө бэлнээр 17.650.000 төгрөг, бараа материалаар 10.010.000 төгрөг нийтдээ 27.660.000 төгрөгийг төлж барагдуулсан юм. О.Б, Б.Ц нар нь өмнө надад зээлдүүлсэн мөнгөндөө хүү алданги тооцон гэрээг 2015 оны 04 сарын 25-нд байгуулснаар нөхөж гэрээг хийж гарын үсэг зуруулсан юм. Уг гэрээний заалтандаа хоёр тал гарын үсэг зуралцаж нотариатаар батлуулснаар хүчинтэйд тооцохоор гэрээндээ тусгагдсан боловч уг гэрээг нотариатаар батлуулаагүй, мөн надад гэрээний 1 хувийг гардуулж өгөөгүй. Иймд уг гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 19.825.000 төгрөгийг О.Бд өгчихсөн. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нарийвчилсан актыг үйлдсэн. Тэр өдөр манай өрөөнд О.Б, Б.Ц, Б.Ц нар ирж тооцоо хийсэн. 23.675.000 төгрөгийг өгсөн авснаар тооцоо нийлсэн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сард 500.000 төгрөг өгсөн. Нийт 24.175.000 төгрөг болж байна. Үлдэх 3.325.000 төгрөгийг төлнө. 27.500.000 төгрөг бол 2014 оноос 2015 онд орж ирсэн мөнгө. Энэ тооцоог О.Б буруу гаргачихсан байгаа юм. Баримтуудаас харахад шадар сайд 2014 оны 10 дугаар сард 27.500.000 төгрөг гэж баримтаараа байгаа. 2015 оны 3 дугаар сард аваагүй юм. Өгөөгүй актанд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 25-нд авсан гэж байгаа нь гүтгэлэг. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүх тооцоо боллоо, бүгдээрээ шүүхээр явахгүй гэж байсан. Намайг Центрийн бараанд цуг захиалчихаад, цуг очиж авчихаад шийтгүүлсэн. Гэтэл Центрийн бараанд захиалагч нь Б.Ц, О.Б нар байсан боловч би шүүхэд мэдүүлэг өгч мэдэхгүй байсан учраас тэнсэн хянан харгалзах ял авсан. Сүүлд шийтгэх тогтоолыг харж байхад би зодуулчихсан байхад О.Б хохирогч болчихсон байсан. Хүүхдүүд нь байнга намайг дарамталдаг. Мөнгө төлөх хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрөөр тохирчихоод шадар сайдад өргөдөл өгөөд би ажлаасаа гарах болчихоод байгаа. Мөн аудитын байгууллагаар сүүлийн 5 жилийн баримтыг шалгуулж аудитын дүгнэлт гарчихсан байгаа. Аймгийн Засаг даргад хүртэл өргөдөл өгчихсөн байсан. Энэ мэт дарамтаас болж учраа олохгүй явж байна. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Цгээс зээлийн төбөрт нийт 19.825.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Б.Ц нь О.Б, Б.Ц нартай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Мөнгө зээлдүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигч нь нийт 27.500.000 төгрөг зээлүүлсэн үйл баримтанд маргаагүй ба харин нэхэмжлэгч нь дээрх 27.500.000 төгрөгийг гэрээ байгуулсан цаг хугацаанд мөнгийг хариуцагчид өгч байсан гэж, хариуцагч нь дээрх 27.500.000 төгрөгийг 2014 оны 9 сараас 2015 оны 2 сар хүртэл амаар тохиролцон, харилцан итгэлцлийн үндсэн дээр зээлж авч байсан ба зээлийн гэрээг сүүлд бичгээр нөхөн байгуулсан учир хүү, алданги өгөхгүй, үндсэн зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 3.3250.000 төгрөгийг төлнө гэж маргаж байна.
Нэхэмжлэгч О.Бгийн охин Б.Ц нь 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 3 сарыг хүртэл нийт 27.500.000 төгрөгийг зээлийн гэрээг амаар байгуулж хариуцагч Б.Цд өгсөн байх бөгөөд дээрх 27.500.000 төгрөгийг цувуулж зээлийн гэрээг талууд 2015 оны 02 дугаар сарын 11, 2015 оны 02 сарын 13, 2015 оны 02 сарын 23, 2015 оны 02 сарын 25, 2015 оны 04 сарын 25-ны өдрүүдэд тус тус нөхөн байгуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 02 дугаар сарын 11, /хх-ийн 45-р тал/ 2015 оны 02 сарын 13, /хх-ийн 46-р тал/, 2015 оны 02 сарын 23 /хх-ийн 47-р тал/, 2015 оны 02 сарын 25 /хх-ийн 48-р тал/, 2015 оны 04 сарын 25 /хх-ийн 60-р тал/ -ны өдөр бичгээр нөхөн байгуулсан зээлийн гэрээнүүдээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ.
Дээрх үйл баримт болоод хуулийн заалтаас дүгнэхэд зохигч зээлийн гэрээндээ хүү тогтоосон учраас мөнгө өгч авалцсан тухайн цаг хугацаанд зээлийн гэрээг бичгээр хийх байсан ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээг сүүлд бичгээр нөхөн байгуулсан, гэрээний үүргийн гүйцэтгэл хүү, алдангийн талаар маргаж байх ба нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотолгооны бусад хэрэгслээр нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хүү, алданги гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадахгүй байх тул хүү, алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн тооцооны талаар маргаантай байгаа ба нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Цгээс нийт 21.425.000 төгрөгийг авсан, хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 24.175.000 төгрөгийг бэлнээр болон бараа матераилаар төлсөн гэж маргаж байна.
Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөр өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлох үүрэгтэй ба хариуцагч нь 24.175.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч талын 21.425.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд нэхэмжлэгч О.Бгийн хариуцагч Б.Цд зээлсэн 27.500.000 төгрөгөөс хариуцагч Б.Цгийн нэхэмжлэгчид төлсөн гэх 21.425.000 төгрөгийг хасаж үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 19.825.000 төгрөгөөс 6.075.000 төгрөгийг хариуцагч Б.Цгээс гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүсдэг гэрээ бөгөөд зээлдүүлэгч нь мөнгө болоод төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг гэрээ ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байх бөгөөд зохигчийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгө болоод төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдүүлэгч шилжүүлээгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байх тул зохигчийн 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 27.500.000 төгрөг зээлүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Б.Цгийн зээлсэн мөнгөний эргэн төлөлтийн тооцоо /хх-ийн 5, 6-р тал/, Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/, зэрэг баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн 47 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол-ын хуулбар /хх-ийн 9-р тал/, Б.Ц, Б.Ц нарын тооцоо нийлсэн актын хуулбар /хх-ийн 10-р тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 12-р тал/ зэрэг нотлох баримт нь хуулбар баримт, хариуцагч талаас шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Б.Цгийн Монгол улсын Шадар сайд Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ц.Оюунбаатарт гаргасан өргөдлийн хуулбар хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй, хуулбар баримт байх тул шүүх тус тус үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.075 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгээс 6.075.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 112.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бд, сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 295.450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, нэхэмжлэгч О.Бгаас хариуцагч Ц.Б.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир уг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн 27.500.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 295.450 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Цд тус тус олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Б.Цгээс 6.075.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 27.500.000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгээс 6.075.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 112.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар 295.450 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч О.Бгаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 295.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Г.ДАВААХҮҮ