Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/01171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ****** дугаар регистртэй, Я.Э

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2016/01184/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Я.Э нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1981 онд бага ангийн багшаар ажилд орж ажиллаж байгаад өвчний улмаас 1984 оны 02 сараас 07 сар хүртэл хугацаанд группт байсан. Тэгээд групп цуцлагдаж 1984 оны 07 сараас 1995 он хүртэл тасралтгүй бага ангийн багшаар үргэлжлүүлэн ажилласан юм. Би улсад 35 жил тасралтгүй багшийн ажил хийж байсан одоо өндөр насны тэтгэвэрт орохоор болж баримтаа бүрдүүлэхэд намайг 1987 оны 07 сард ажилд авсан тушаал гараагүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй байна. Тухайн үед бидний хөдөлмөрийн дэвтэр захирал багшийн өрөөнд сейфинд хадгалдаг байсан болохоор бичилт хийгдсэн, тушаал гарсан эсэх талаар мэдэхгүй байсаар өдий хүрсэн. Ажилд томилсон тушаалаа шүүлгэсэн боловч гарч ирэхгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд Я.Э намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Я.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Я.Э Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн архиваас түүвэрлэсэн Я.Эын 1984 оноос 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны бүртгэлийн хуулбарууд, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон 01. 1977 оны 09 сарын 01. Багшийн сургуулийн бага ангийн багшийн салбарт элсэн суралцуулав. Багшийн сургуулийн захирлын 1977 оны 10-р сарын 17-ны өдрийн 163 тоот тушаалаар. 02. 1981 оны 06 сарын 25. Багшийн сургуулийн бага ангийн багшийн мэргэжлээр суралцаж төгсөв. Багшийн сургуулийн захирлын 1981 оны 06 сарын 25-ны өдрийн 120 тоот тушаалаар. 03. 1981 оны 07 сарын 06. Хөвсгөл Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар томилогдон ажиллав. Хөвсгөл аймгийн А.Б.Х-ийн даргын 1981 оны 07-р сарын 06-ны №3А тушаалаар. 04. 1984 оны 02 сарын 01. Хөвсгөл Их-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаас 2-р группт орсон тул чөлөөлөв. Захирлын 02 сарын 01-ний өдрийн 96 тоот тушаалаар. 05. 1984 оны 07 сарын 02. Групп цуцлав. Улсын үзлэгээр ажилласан хугацааг 16 жил 9 сар 24 хоногоор тооцов гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Я.Э нь 1981-07-03-наас 2016-08-28 хүртэл ажиллаж байсан нь үнэн гэх бичилттэй 65 тоот албан бичиг, Я.Э ажилдаа амжилт гаргасан, сургуулийн аварга багшаар шалгарч шагнуулсан , 1990 он1992 он, 1993 онд авсан баярын бичиг, хүндэт үнэмлэх зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Эрх чөлөө сонинд хэвлэгдсэн нийтлэл, 1990 онд сургуулийн 60 жилийн ойн баяраар авахуулсан хамт олны гэрэл зураг, гэрч ***** ...Би 1984 оноос 2002 он хүртэл Их-Уул сумын сургуульд багшаар ажилласан. Энэ хугацаанд Я.Э нь тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан... 1984 оны 09 сарын 01-ээс 2002 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хамт ажилласан. Би Түнэл сумын сургуулиас шилжиж очиход Я.Э нь тус сургуульд ажиллаад 3, 4 жил болсон байсан... 1984-1985 оны хичээлийн жилд би Я.Эын төгсгөсөн 4Б ангийг дааж авч байсан... 2002 онд би Мөрөн суманд шилжиж ирсэн, Я.Э нь сумандаа ажиллаад үлдсэн... тасралтгүй ажиллаж байсан... би Их-Уул сумын сургуульд 1984 оноос 2002 он хүртэл биологийн багшаар ажилласан... 60 жилийн ойн зураг дээр бид хамт авахуулсан байгаа... Их-Уул сумын сургууль 1981 онд анхны 10 дугаар анги төгсгөж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Пүрэвдоржийн ...Би 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 2002 оны 09 сарын 01 хүртэл Их-Уул сумын дунд сургуулийн байрын жижүүр, манаачаар ажилласан. Энэ хугацаанд тус сургуульд Я.Э нь бага ангийн багшаар ажиллаж байсан ба бид хамт ажиллаж байсан... 1984 оноос өмнө ажиллаж байсан талаар нь мэдэхгүй. 1984 онд очиход л ажиллаж байсан... 2002 онд Мөрөн суманд шилжиж ирэхэд Я.Э нь сумандаа ажиллаад үлдсэн... төрсөн хугацаа нь ажилласан жилдээ ордог болохоор тасралтгүй ажиллаж байсан... би Их-Уул сумын дунд сургуульд 1984 оноос 2002 он хүртэл жижүүр, сахиулаар ажилласан... Их-Уул сумын сургууль 1981 оноос 2006 он хүртэл 10 жилийн сургуультай байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд Я.Эын Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Я.Эын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тус аймгийн Их-Уул сумын 10 жилийн сургуулийн захирлын тушаал шүүж үзэхэд Я.Эыг ажилд томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 530 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА