Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/01166

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****тоотод оршин суух П.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** гэх газар оршин суух Ж.Э т холбогдох,

Гэм хорын хохирол 3.680.000 /гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2016/01049/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, иргэдийн төлөөлөгч А.Зр, нэхэмжлэгч П.О, хариуцагч Ж.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.О би Мөрөн сумын 09 дүгээр багийн нутагт Сүхийн ам Баавангийн аманд байрлах өвөлжөөний хашаа /үхрийн хашаа-1, өвс 12 тонн, өвсний хашаа -1, тугалын хашаа-1, хонины хашааны 2 хавиа/ өвсийг 2016 оны 2 сарын 03-ны өдөр насанд хүрээгүй Э.Ж.Э, Э.Билгүүндалай нар гал түлж, гал алдаж шатаасан байсан. Ингээд цагдаагийн газарт гомдол гаргаад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Оюунбилэг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Иймээс би үлдэгдэл хохирлыг насанд хүрээгүй Э.Ж.Эын аав Эрдэнэбилэгээс 3.680.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан 3.680.000 төгрөгийн хохирол төлбөрөөс 2.071.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг зөвшөөрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Манай хүү ***** 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ***** бууз чимхүүлэх гэж дагуулж яваад 2016 оны 02 дугаар сарын 03-ны орой Билгүүндалайгийн ээж хоёр хүүхдийг гэрээсээ яв гэж хөөсөн гэсэн. Ингээд хүүхдүүд О**** хашаа бараадаж очоод хэсэг зогсож байснаа *** гал түлье гээд түмпэнд гал асаасан байсан. Ж.Э би гал асаахыг мэдээгүй, гал асаахад оролцоогүй гэж хэлсэн. Билгүүндалайгийн аав, ээж нь энэ хашаа өвсийг харж Ж.Эс хөлс, мөнгө авдаг байж орой болгон малдаа өвсийг хаяж өгдөг байсан. Иймд Отгонбаярын нэхэмжилсэн 3.680.000 төгрөгийг өгч чадахгүй гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлага болох 3.680.000 төгрөгийн хохирлоос өвсний үнийг хасаад үлдэх төлбөр болох 2.071.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Ж.Эт холбогдох, гэм хорын хохирол 3.680.000 /гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.680.000 төгрөгийн хохирол, төлбөрийн талаар харилцан тохиролцож, хариуцагч Ж.Э нь 2.071.000 төгрөгийг нэхэмжлэгч П.От төлж барагдуулах тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, зохигч 2.071.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч П.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.830 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ж.Эээс 2.071.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 48.086 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар П.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Эт холбогдох гэм хорын хохирол 3.680.000 /гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 2.071.000 /хоёр сая далан нэгэн мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эээс 2.071.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 48.086 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, улсын орлогоос 73.830 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч П.От олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

  Г.ДАВААХҮҮ