Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

  2018         01          12                                                    24                                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Э.Энарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э Э холбогдох 1821000000006 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д овогт Э Э, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 03 сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-Ж/, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 3, эх, ах нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл.

 

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг 70 дугаар байрны орцонд Т.Алдарын толгойн тус газарт архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн орцны 1 давхарт Алдар зогсож байсан бөгөөд Алдар надад хандаж “чи айлд зодолдох гээд байна уу” гэж хэлээд бид хоёр зууралдаж байсан чинь дээд давхраас Батбаяр “та хоёр боль” гэхээр нь хальт салсан. Би доошоо харсан чинь хоосон архины шил байхаар нь аваад Алдарын толгой хэсэг рүү нэг удаа цохиод сандарсандаа болоод гараад гүйсэн. Энхцэцэгийг гэрт нь зүгээр хүргэж өгөөд ирсэн байхад “янзлаад ирсэн” гэж хэл амаар доромжлоод байсан учраас маргалдсан...” гэжээ. /хх 21/

 

Хохирогч Т.Алдар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 25-ны өглөө 05 цагийн үед архиа ууж дуусгаад Лхагвадорж, Үүрийнтуяа хоёрыг таксинд суулгаж өгчихөөд эргээд орох гэсэн чинь Давхарбаярын гэрийн орцонд Энхбаяр зогсож байсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь архины шил аваад миний толгой хэсэг рүү цохисон. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 6/  

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 29-ний өдрийн 46 тоот дүгнэлтэд: “1.Т.Алдарын биед тархи доргилт, хуйханд баруун чамархай, баруун хацрын зүсэгдсэн шарх, баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн урд дээд хэсгийн эсгэгдлүүд, баруун чихний ар төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун завьж дотор салстын язрал, бүсэлхийн баруун хажуу гадаргын цус хуралт, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйл болон мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Хэдэн удаагийн үйлчлэлийг нарийн тогтоох боломжгүй байна. 3.Дээрхи гэмтлийн тархи доргилт, хуйханд баруун чамархай, баруун хацрын зүсэгдсэн шарх, баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн урд дээд хэсгийн эсгэгдлүүд, баруун чихний ар төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун завьж дотор салстын язрал, бүсэлхийн баруун хажуу гадаргын цус хуралт, өвдөгний цус хуралт гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүү мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 14/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч Б.Батбаяр /хх 9/, А.Давхарбаяр /хх 10/ нарын болон шүүгдэгч Э.Энхбаяр, хохирогч Т.Алдар нарын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 8, 21/, Яаралтай тусламжийн хуудас /хх 27/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 32/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, хохирлын баримт /хх 24-25/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Э.Э нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 25-ны өдөр 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 70 дугаар байрны орцонд хохирогч Т.Алдарын толгойн тус газарт архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Би доошоо харсан чинь хоосон архины шил байхаар нь аваад Алдарын толгой хэсэг рүү нэг удаа цохиод сандарсандаа болоод гараад гүйсэн. Миний буруу, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 21, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Т.Алдарын “...Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь архины шил аваад миний толгой хэсэг рүү цохисон...” /хх 5-6/, үйл баримт /факт/-ыг нүдээр харсан гэрч Б.Батбаярын “...Алдар, Энхбаяр хоёр бие биенээ заамдаад маргалдаж байхаар нь би очоод болиулахад Энхбаяр гэнэт Алдарын толгой руу шилээр цохиж хагалсан...” гэх /хх 9/ мэдүүлгүдээр, зодуулсан тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад хохирогч хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Яаралтай тусламжийн хуудас /хх 27/, мөн тархи доргилт болон цус хуралт бүхий гэмтэл нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох талаар дүгнэсэн шинжээч эмчийн 46 тоот дүгнэлт /хх 14/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Хохирогч Т.Алдарын эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, хуйханд баруун чамархай, баруун хацрын зүсэгдсэн шарх, баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн урд дээд хэсгийн эсгэгдлүүд, баруун чихний ар төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун завьж дотор салстын язрал, бүсэлхийн баруун хажуу гадаргын цус хуралт, өвдөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний толгойн тус газар архины шилээр цохисон шүүгдэгч Э.Э үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Хэрэгт шүүгдэгч Э.Э хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Ж регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Э Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 1821000000006 дугаартай хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Ж регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ