Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/469

 

 

 

 

 

 

  2023            05            02                                       2023/ДШМ/469

 

 

          М.М-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Г.Ж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/531 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлээр М.М-д холбогдох .......................... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч М.М нь 2022 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хорооны нутаг “Х” хотхоны орчимд хохирогч Ж.С-ыг “найз Б-ийн найз охин Б.Н-ыг хүчиндсэн байна” гэсэн шалтгаанаар халдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж, баруун дээд 5-р шүдний хугарал, баруун гарын сарвуу, баруун гарын долоовор, дунд хурууны угт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд уг хууль бус үйлдлийнхээ хүчин зүйлийн нөлөөнд оруулж, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн орон зай, нөхцөл байдал, сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд давуу байдлаа ашиглан, Баянгол дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр, ........ автобусны буудлын орчимд хохирогч Ж.С-ын эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг нөүт 8” загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэнийг бүрэн, хөдөлбөргүй тогтоогоогүй байна. Энэ нөхцөл байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон хэргийн оролцогч нарын хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээс дүгнэвэл сэжигтэн У.Б-ын “С-ын гар утсыг намайг машин дотор сууж байхад М.М машины гадна талд зогсож байхдаа авсан”, яллагдагч М.М-ийн “С өөрөө гар утсаа өгчихье гээд байхаар нь авсан. Яг зорьж авсан зүйл байхгүй”, хохирогч Ж.С-ын “Намайг гар утсаа өг гэж хэлэхээр нь би олуулаа намайг зодсон болохоор айгаад гар утсаа өгсөн” гэсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.С-ын “би гар утсаа өөрөө өгөхдөө өөрийн аккаунт болон симээ аваад тухайн залуучуудад гаргаж өгсөн, утас өгөх үед жолооч, жолоочийн хажууд сууж байсан залуу, Б нар байсан” гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд тухайн үед хохирогч Ж.С-ын эд хөрөнгө буюу гар утсыг авах зорилгоор түүний эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдаж дээрэмдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоогоор төгсдөг. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд буюу өмчлөгч, эзэмшигч рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, довтолсон аливаа идэвхтэй үйлдлээр илэрдэг болно. Иймд гэмт хэргийн санаа, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоож хэрэг болсон цаг хугацаанд яллагдагч М.М-тай хамт байсан гэх Э.Ц-аас гэрчийн мэдүүлэг авч “хохирогчийн гар утсыг хэн, хэрхэн яаж авсан” талаарх нөхцөл байдлыг асууж тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж дүгнээд шүүхийн зүгээс хэргийн нэг тал болох мөрдөгч, прокурорт хийх мөрдөн шалгах ажиллагааг нэг бүрчлэн тоочин зааварлах нь зохимжгүйг тус тус дурдаад, захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр шийдвэрлэж шүүхэд хэргийг нэг мөр шилжүүлэхийг цаашид анхаарах нь зүйтэй гэж дүгнэж, дээрх үндэслэлээр яллагдагч М.М-д холбогдох хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан байхад хохирогч Ж.С-ын “би гар утсаа өөрөө өгөхдөө өөрийн аккуант болон симээ аваад тухайн залуучуудад гаргаж өгсөн, утас өгөх үед жолооч, жолоочийн хажууд сууж байсан залуу, Б нар байсан...” гэх /хууль сануулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй/ тайлбарыг үнэлж хэргийг прокурорт буцаасан хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн заалтыг удиртгал болгосон атлаа шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт энэ талаар огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн яаж зөрчсөн талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүний биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн. Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн талаар анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ж.С-ын “...Миний зүүн талд сууж байсан танихгүй залуу намайг машинаас буулгаж байгаад нүүрэн тус газар 2-3 удаа цохиход миний шүд унасан бас жолооч хийж байсан залуу цээж рүү өшиглөсөн...Тэгээд гүүрний наана дутуу баригдсан барилгын ойролцоо автобусны буудлын ойролцоо зогсоод намайг анх машинаас буулгаад цохисон залуу за одоо больё чи утсаа өгчихөө тэгээд энэ асуудал шийдэгдсэн гэж ойлго гэж хэлээд миний гар утсыг авсан. ...Х хотхоны ойролцоо гэр хорооллын гудамжинд байхдаа миний зүүн талд сууж байсан залуу намайг машинаас буулгаад нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Энэ үед миний шүд унасан...Миний гар утсыг авахдаа чи утсаа өгчихөө тэгвэл энэ асуудал шийдсэн гэж үзье гэж хэлж авсан. Миний гар утсыг ................гүүрний наана байрлах автобусны буудал дээр зогсож байхдаа авсан. ...Харин миний гар утсыг дээрэмдсэн газар Баянгол дүүргийн ....... дугаар нутаг дэвсгэр байсан. ...Намайг гар утсаа өг гэж хэлэхээр нь би олуулаа намайг зодсон болохоор айгаад гар утсаа өгсөн...” гэх удаа дараагийн 5 мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Мөн сэжигтэн У.Б-ын “...С-ын гар утсыг намайг машин дотор сууж байхад М.М машины гадна талд зогсож байхдаа авсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Ж.С-ын гар утсыг яллагдагч М.М хохирогчийг зодож, хүч хэрэглэн, сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд давуу байдлаа ашиглан гар утсыг нь авсан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хохирогчийн дээрх 5 удаагийн хууль сануулж авсан мэдүүлэг болон У.Б, Э.Б нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол..” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай тайлбарт “...дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно. ...” гэж тайлбарлажээ. Гэтэл хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Ж.С-ын хууль сануулж авсан “Намайг гар утсаа өг гэж хэлэхээр нь би олуулаа намайг зодсон болохоор айгаад гар утсаа өгсөн...” гэх зэрэг 5 удаагийн тогтвортой мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр яллагдагч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байхад анхан шатны шүүх “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоогоор төгсдөг. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд буюу өмчлөгч, эзэмшигч рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, довтолсон аливаа идэвхтэй үйлдлээр илэрдэг болно гэж дүгнэж Эрүүгийн хуулийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр Баянгол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/531 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Яллагдагч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Яллагдагч М.Мгийн өмгөөлөгч Г.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарах болсон сэдэл, зорилгыг Эрүүгийн хуульд зааж өгсөн. Н нь миний үйлчлүүлэгчийн найзынх нь найз охин. Найзынх нь найз охин хүчиндүүлсэн учраас хүчиндсэн этгээдийг хашраах зорилгоор М найзуудын хамт явсан байдаг. Тухайн үед хохирогчийг тал талаас нь цохиод түүний биед гэмтэл учруулснаа миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрдөг. Прокуророос хохирогчийн 5 удаагийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй гэж хэлж байгаа ч гэсэн тухайн үед хажууд нь хэн, хэн байсан талаар огт асуугаагүй. М.М, хохирогч С-ын утсыг авч байхыг харсан цорын ганц гэрч нь Ц. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг заасан. Энэ хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй гэсэн үндэслэлээр миний бие анхан шатны шүүхэд хүсэлт өгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлуулсан. Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх, яллагдагч М.М-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв. Учир нь;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй төдийгүй “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмж хийх шаардлагагүй ба шүүх, нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийж яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллагдагч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/531 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ