Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0796

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0796

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******т ******* ******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Хариуцагч: нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.П,

Хариуцагч: нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Т.О

Гуравдагч этгээд: ******* ХХК

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Т.Э*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.Б******* нарын хоорондын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.П, Т.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинчлэх ажлын гүйцэтгэгчээр ******* ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын сонгон шалгаруулах 5 дугаартай тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгуулах гэж тодруулсан.

1. Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/ дугаар албан бичгээр 2дугаарт эрэмбэлэгдсэн гэж гэрээ байгуулахаас татгалзсаныг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас гомдлыг хянаад 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/ дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгаж, Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, ******* ХХК-ийг шалгаруулсныг эс зөвшөөрч Сангийн яаманд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

******* ХХК-ийн ирүүлсэн материал тендерийн шаардлага хангахгүй байгаа гэх үндэслэл тодорхой дүгнэлт хүргүүлсээр байхад дахин яг ижил үндэслэлээр тендерт шалгаруулаагүй нь үндэслэлгүй,

******* ХХК-ийн ирүүлсэн материалаас ТШЗ 19.2-ийн 1 дэх хэсэг, 19.1-ийн 2 дах хэсгийн шаардлагыг хангаагүй,

Худалдан авах ажиллагааны газар нь тусгай нөхцөл, шаардлага, стандарт нөхцөл зааж тендер зарлаж, тухайн тендерт тавьсан шаардлагад нийцээгүй материал бүрдүүлж оролцсон оролцогчийг шалгаруулсан нь хууль бус болсон гэж үзэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлыг сонгон шалгаруулах тендерт тендерийн баримт бичгийг тендер шалгаруулалтын зааварчилгааны шаардлагыг бүрэн хангаж бүрдүүлэн оролцсон. Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 003/ дугаар албан бичгээр манай компанийг хоёрт орж гэрээ байгуулахаас татгалзсан. Иймд нэхэмжлэгч компанийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яаманд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Сангийн яам гомдлыг хянаж үзээд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгон дахин үнэлэхийг даалгасан албан бичгийг хүргүүлсэн. Үнэлгээний хорооноос дахин үнэлэхдээ ******* ХХК-ийг шалгаруулсан. ******* ХХК-ийн ирүүлсэн материал тендерийн шаардлага хангаагүй байдаг. Учир нь ерөнхий инженерээр санал болгосон Ж*******ийн П******* нь 2020-2024 онд Хөх хотын Барилгын Их сургуулийг барилгын инженер мэргэжлээр суралцсан боловч тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2.1 дэх хэсэгт заасан хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулахыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй. Мөн ажил гүйцэтгэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүрээнд санал болгосон үйлчилгээний машин болон авто кран шаардлагын хүчин чадалд хүрэхгүй байгаа нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1.2 дахь хэсгийн шаардлагыг хангахгүй байна.

4. Ачааны автомашин 5 тонн болон түүнээс дээш, үйлчилгээний автомашин 1,5 тонн болон түүнээс дээш гэж заасан. ******* ХХК-ийн ирүүлсэн УНЭ улсын дугаартай авто машин нь 1,5 тонн байх ёстой байтал 1 тонн байгаа, УЕА улсын дугаартай авто машин нь 5 тонн байх ёстой байтал 4,9 буюу 100 кг-ын зөрүүтэй байна. Тендер шалгаруулалтын зааварчилгаанд заагдаагүй хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайн баримт бичгүүдийг хавсарган ирүүлсэн. Иймд тендер шалгаруулалтын зааварчилгаанд нийцэхгүй байна гэж үзэж байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендер шалгаруулалт нь ирүүлээрэй гэсэн материалыг хэтрүүлэн ирүүлэх нь тухайн тендерээс татгалзах үндэслэл болдоггүй, үнэлгээ харгалзан үздэггүй гэдгийг сануулъя. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3 асуудлын хүрээнд шийдвэр хүчингүй болгуулах, мэдэгдлийг хүчингүй болгуулах, шаардлага нийцсэн болохыг тогтоож гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтад оролцсон оролцогчдын тендерийг үзэх үндсэн 3 шалгуур байдаг. Үүнд харьцуулах үнэ, ашиглалтын хугацааны өртөг, чанар ба хосолмол аргыг сонгож тендер шалгаруулалтын баримт бичигт заагаад үнэлгээний хороо тухайн тендерийг үнэлдэг. Үүний дагуу үнэлгээний хороо харьцуулах үнийг тендер шалгаруулалтын баримт бичигт заагаад хамгийн бага үнийн дүн буюу ******* ХХК хамгийн бага үнийн санал ирүүлээд тухайн шийдвэрийг гаргасан. ******* ХХК болон *******т ******* ******* ХХК нь тухайн тендер шалгаруулалтад ******* ХХК нь 1 тэрбум 834 сая 984 мянга, *******т ******* ******* ХХК нь 1 тэрбум 943 сая 913 мянган төгрөгийн үнийн санал илгээсэн. Шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах асуудлыг яръя. ******* ХХК-ийн тендерийн материал шаардлагад нийцсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн. Харин *******т ******* ******* ХХК-ийн ирүүлсэн материал шаардлагад нийцээгүй байна гэсэн мэдээллийг хүргүүлсэн байх бөгөөд *******т ******* ******* ХХК-аас татгалзсан шийдвэрийг Үнэлгээний хорооноос тайлбарлаж байна. Үнэлгээний хорооны шийдвэр хууль тогтоомжийн дагуу явагдсан гэж үзэж байгаа. Хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад заасан зөвлөмжийг хүргүүлж, захиалагч, Үнэлгээний хорооны үйл ажиллагааны журмын 50.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн зөвлөмжийг үндэслэн хуулийн бол 28.1-д заасан шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлсэн байна. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 3.9-д захиалагч тухайн үнэлгээний хороог хуралдуулж шүүхийн шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах, тендер хянан үзэх, үнэлэх эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд шүүхийн журмаар тухайн тендерийг дахин явуулахыг даалгах нь боломжгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тусгах бөгөөд мөн хуулийн 52.5-д заасны дагуу ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд товч тодорхой дурдах бөгөөд нэхэмжлэгч нь өөрөө үүнийг дурдаагүй буюу тухайн шийдвэр гарсан процессоос үүдэлтэй ямар хууль эрх ёсны ашиг зөрчигдсөн талаар бичээгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Тендерийн хууль болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу тендер шалгаруулалт явагдсан бөгөөд *******т ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

6. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороонууд мэргэшсэн төсөвчдийг тамгатайгаа ирүүлдэг. Үнэлгээний хороо төсөв хийх ямар ч эрх зүй байхгүй. Барилгын хөгжлийн төв зөвхөн тамгатай ба Барилгын тухай хууль, бүх даалгавруудын дагуу төсөв, зургийг дахиад хянах боломжтой байдаг. Үнэлгээний хороо тамгатай мэргэжлийн төсөвчний төсвийг хянах ямар ч боломжгүй байдаг гэв.

7. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороо хуралдаад 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тендерийн баримт бичиг боловсруулахдаа нэгдүгээр асуудал болох инженер техникийн ажилтнууд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангана. Харин мэргэжлийн чиглэлээр туслах ажилтнуудыг шаардаад гэрээ тавьж мэргэжлийн үнэмлэх ирүүлнэ. Ерөнхий инженер үндсэн байна гэж үнэлгээний хорооны нийт гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн. Ямар ч инженер байхаар ямар нэгэн туршлага, нотлох баримт шаардахгүй гэж оруулсан. Баримт бичгийн инженер техникийн ажилтнууд гэдэг дээр ерөнхий инженер мэргэжлийг шаардахгүй учир хоосон орхисон. Ерөнхий инженер бол хяналт тавьж ажиллана.

8. Барилгын инженер, гүйцэтгэгчид хамаарна. Ерөнхий инженерт хамаарахгүй. Ерөнхий инженерт ямар ч нотлох баримт шаардахгүй гэж хурлаар хэлэлцээд хоосон орхисон. ******* ХХК 2 машин ирүүлсний УЕЕ улсын дугаартай авто машин нь 4,9 тонны даацтай, УЕА улсын дугаартай авто машин нь 5,2 тонны даацтай тусгай зориулалттай кран болдог ачааны 2 машин санал болгосон. Үнэлгээний хороо аль аль хэрэгцээг хангасан гэж дүгнэсэн гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь уг тендерт оролцож шаардлага хангасан материалыг илгээсэн байдаг. Худалдан авах ажиллагааны газар буюу захиалагч хууль ёсны дагуу үнэлгээ хийж зохих журмын дагуу тендер шалгаруулалтыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад тайлбараа хэлье. Гуравдагч этгээдээс Ж.П*******ын иргэний үнэмлэх ба дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмаар заавал нотариатаар батлуулж ирүүлэх шаардлага тавьсан хуулийн зохицуулалт байхгүй. Нотариатаар батлуулна гэдэг нь үнэн зөв асуудлыг гэрчлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч тал энэ диплом нь өөрөө хуурамч ямар нэгэн эрх зүйн чадамжгүй бичиг баримт гэж маргаагүй.

10. Ж.П*******ын диплом нь яагаад нотариатаар батлуулах шаардлагагүй вэ гэдэг дараагийн нэг үндэслэл нь ******* ХХК анх тусгай зөвшөөрөл авахдаа инженер, техникийн ажилтны шаардлагыг хангасны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байгаа. Захиалагч тал ЗТ-ийн 2.1, ЗТ-ийн 8.1, БА-ийн 2.1, БА-ийн 7.1 гэдэг тусгай зөвшөөрлүүдийн шаардлага тавьсан. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг авахын тулд барилгын инженер, цахилгааны инженер, архитектур гэх мэт олон төрлийн инженерүүд шаарддаг. Энэ шаардлагыг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл гарсан. Захиалагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг шаардсан инженер техникийн ажилчдыг мөн адил шаардлага хангасан гэж үзэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд олон нийтэд ил тод байгаа мэдээллийг ирүүлэхийг тендерийн баримт бичиг дээр шаардахгүй гэж заасан байдаг. Манай компанийн тусгай зөвшөөрлийн заалтууд ямар инженер техникийн ажилтай вэ гэдэг нь Барилга хөгжлийн сайт дээр буюу олон нийтэд ил тод байгаа. Регистрийн дугаар буюу манай компанийн нэрийг хайхад ямар тусгай зөвшөөрөлтэй, ямар инженер техникийн шаардлага хангасан компани бэ гэдэг нь олон нийтэд ил тод харагдаж байгаа юм. Техник, тоног төхөөрөмж буюу машин механизм дээр шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дээр дараах зөрүүг хүлээн зөвшөөрсөн, гэрээ хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхгүй бол хүлээн зөвшөөрнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа юм. Энэ зохицуулалт нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар журмаар үнэлгээний хороо зөрүүг үнэлээд энэ зөрүү нь гэрээ хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзээд тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлсэн байгаа. Үнэлгээний хороо хурлын тэмдэглэл дээр энэ асуудлыг хэлэлцээд үнэлгээний хорооны гишүүд санал нэгтэйгээр үнэлж, гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байгаа юм. Тиймээс нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас зарласан 5 дугаартай Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх, ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад ******* ******* ******* ХХК оролцож, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон ******* ХХК-ийн тендерт санал болгосон ерөнхий инженерийн гадаад улсад төгссөн сургуулийн дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй, мөн санал болгосон автомашины даац захиалагчийн тогтоосон шаардлагад нийцэхгүй байхад шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гаргасан гомдлыг хянан үзэж Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/ албан бичгийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхдээ тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх-ийг мэдэгдсэн тул үүний дагуу дахин хянан үзээд Хүслийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлж, харин нэхэмжлэгч компанид Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр тендер шалгараагүй болохыг мэдэгдсэн үйл баримттай талууд маргаагүй байна.

2. Нэхэмжлэгчээс захиалагч эхлээд тендер шалгаруулалтад ирүүлсэн материал шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж, шаардлага хангасан тендерээс үнийн дүнгээр харьцуулах ёстой байсан. Тендерийн үнийн дүнгээр шалгаруулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж, хариуцагчаас тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд ерөнхий инженерийн мэргэжлийг шаардаагүй тэгэхээр ТШЗ-ын 19.2.1-т хамаарахгүй, үнэлгээний хорооны гишүүд ярилцаад автомашины даацын зөрүү ажил гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн гэж тайлбарлан маргаж байна.

3. Нэхэмжлэлийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр ******* ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:

Төрийн Худалдан авах ажиллагааны цахим системээр 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 5 дугаартай Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчилэх ажил төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлагдаж, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тендерийг нээж нийт 3 оролцогч тендер ирүүлснээс тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээ хийж, гуравдагч этгээд ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан гэж үзэж захиалагчид 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/1051 албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, бусад оролцогчид тендер шалгаруулалтад шалгараагүй тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

4. Гэвч Сангийн яамнаас тендер оролцогч *******т ******* ******* ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзэж дээрх тендер шалгаруулалтыг дахин үнэлгээ хийх мэдэгдлийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, үүний дагуу Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дахин үнэлгээ хийж дахин ******* ХХК-ийг шалгаруулж, үндэслэлээ тухайн төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд ерөнхий инженерийн мэргэжлийг шаардаагүй мөн УНЭ улсын дугаартай, УЕА улсын дугаартай автомашины даацын зөрүү ажил гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн хэмээн тайлбарласан.

5. ТШЗ-ийн 19.2-ийн 1-т хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ, ТШЗ-ийн 19.1-ийн 2-д үйлчилгээний автамашин 1.5 тн болон түүнээс дээш, автокран 5 тн болон түүнээс дээш даацтай гэж заасан байх бөгөөд ******* ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзвэл УНЭ улсын дугаартай автомашины даац 1 тн, УЕА улсын дугаартай автокраны даац 4.9 тн, мөн тус комданийн ерөнхий инженер Ж.П******* нь дипломын хуулбарыг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.

6. Харин Үнэлгээний хорооны хурлын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №03 тоот тэмдэглэлээс үзвэл гишүүдийн саналаар үнэлгээний хорооны гишүүд өгөгдлийн хүснэгт боловсруулахдаа ерөнхий инженер үндсэн байх ямар ч инженер байхаар мэргэжил заахгүй нээлттэй орхиж, ямар нэгэн туршлага, нотлох баримт шаардаагүй харин барилгын инженер, цахилгааны инженер үндсэн гэрээт байж болно 1-2 гэж заагаад нотлох баримт шаардах гэж тусгасан, ерөнхий инженер Ж.П*******ын талаар оролцогчийн ирүүлсэн материалыг хянан үзээд ерөнхий инженерийн шаардлага хангасан гэж үзсэн, ерөнхий инженерийн тухайд компанийн үндсэн ажилтан байх шаардлага тавигдсан гэж үзээд гуравдагч этгээд ******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

7. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д Захиалагч тендерийг энэ хуулийн 26.4.2, 26.4.3-т зааснаар хянан үзэхэд дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ, 26.7.1-т бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл Үнэлгээний хорооны гишүүдийн ТШЗ-ийн 19.1-ийн 2-д заасан үйлчилгээний автомашин 1.5тн, автокран 5тн гэж заасан даацын үзүүлэлтэд автомашин 1 тн, автокран 4.9 тн байх нь сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэх эрхтэй байна.

8. Мөн ТЗШ-ийн 19.1-ийн 1-т Албан тушаал- Ерөнхий инженер, Хүний тоо-1, туршлага-5 ба түүнээс дээш, Мэргэжил- заагүй, Үндсэн эсхүл Гэрээт- Үндсэн гэсэн шаардлага тавигдсан байх бөгөөд үүнээс үзвэл Ерөнхий инженерт 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай үндсэн ажилтан байх шаардлага тавигдсан байх бөгөөд харин мэргэжил заагүй тул мэргэжлийн диплом шаардахгүй гэж үзэхээр байх бөгөөд тендерт ирүүлсэн баримтаар ерөнхий инженер Ж.П*******ын захирлын тушаалаар томилж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудаар санал болгосон ерөнхий инженер нь ТЗШ-д заасан шаардлага хангасан гэж үзэхээр байна.

9. Дээрх үндэслэлүүдээр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр ******* ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ, 28 дугаар зүйлийн 28.1-т Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.1-т хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

10. Нэхэмжлэлийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын сонгон шалгаруулах 5 дугаартай тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмжөөр Санхүүгийн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу дахин хянан үзэж үнэлээд хамгийн сайн тендер ирүүлсэн ******* ХХК 1,834,984,171 /нэг найман зуун гучин дөрвөн сая есөн зуун наян дөрвөн мянга нэг зуун далан нэг/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд зөвлөмж хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 50.2.1-т тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах, 50.2.2-д тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, 50.2.3-д захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх гэж заасныг зөрчөөгүй байна.

11. Учир нь захиалагч Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т 28.2.Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ гэж заасны дагуу Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д тендер шалгараагүй болохыг мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлж ингэхдээ мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ зааснаар тендерийн харьцуулах үнийг эрэмбэлсэн нь нэхэмжлэгч *******т ******* ******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

12. Мөн хавтаст хэрэгт авагдсан тендерийн үнэ тодорхойлох хүснэгтээр Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын /5/ оролцогч ******* ХХК-ийн үнийн санал 1,834,984,171, *******т ******* ******* ХХК-ийн үнийн санал 1,943,913,121 болох нь тогтоогдож байна.

13. Нөгөөтэйгөөр захиалагч тухайн төсөл арга хэмжээний захиалагчийн хяналт тавьж байгаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03/1269 дугаар албан бичгээр Гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь ******* ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гуравдагч этгээдээс төсөл арга хэмжээниий зураг төслийг батлуулах үе шат хэрэгжиж эхэлсэн байх тул маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч *******т ******* ******* ХХК-ийн эрх ашиг сэргээгдэхээргүй нөхцөл байдал үүссэн байна.

14. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт зааснаар тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэгтэй, тус Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг хамгийн сайн тендер гэж үзэж шалгаруулсан үйл баримт байхгүй, тухайн нөхцөлд шүүхээс Үнэлгээний хорооны чиг үүргийг хэрэгжүүлж нэхэмжлэгч компанийн тендерийн материалыг шаардлагад нийцсэн болохыг тогтоох, гэрээ байгуулахыг захиргааны байгууллагад даалгах эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажил-ын гүйцэтгэгчээр гуравдагч этгээд ******* ХХК шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр болон нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны дугаартай албан бичиг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, 26.7.1, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.2 дах хэсэгт заасныг баримтлан *******т ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргаснаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинчлэх ажилын гүйцэтгэгчээр ******* ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын сонгон шалгаруулах 5 дугаартай тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ