Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2016/01160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******** ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод оршин суух, **********угаар регистртэй, Л.Э

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/01176/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Л.Н нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж эхэлсэн. Тэгээд 1989 оныг дуустал хугацаанд хонь маллаж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр аваагүй, үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар төлж байсан баримтаа гээсэн, архиваас холбогдох тушаал баримт олдохгүй байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Л.Н Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Нгийн Мандал нэгдэлд 1985 оны 4 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Н.Дашнямын ...Л.Н 1982 оноос 1989 оныг дуустал хугацаанд Хөвсгөл Арбулаг сумын Мандал нэгдэлд хоньчин малчнаар ажиллаж байсан. 8 дугаар ангиа төгсөөд тэгээд 1982 оны 7 сард гарч ажиллаж байсан юм... нэгдэл тарах хүртэл... тасралтгүй ажиллаж байсан... би Мандал нэгдэлд 1974 оноос 1984 он хүртэл хугацаанд саальчин, 1984 оноос 1995 он хүртэл хугацаанд Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан... Л.Н манай нутгийн хүүхэд байгаа юм. Намайг 1984 он хүртэл ажиллаж байхад 1982 онд нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Нэг дор байсан хүмүүс учир сайн мэдэх юм... гэх мэдүүлэг, гэрч Х.Даваагийн ...Л.Н Хөвсгөл Арбулаг сумын Мандал нэгдэлд 1982 оны 7 сараас 1989 оныг дуустал хугацаанд эцэг, эхийн туслах малчнаар болон бие даан хонь маллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... би Мандал нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт болон туслах үйлдвэрт хурга, хонь хариулах зэрэг янз бүриийн ажил хийдэг байлаа. 1975 оноос нэгдэл тарах хүртэл ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Л.Нгийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоов.

Л.Нгийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөсөн тушаал байхгүй тул Л.Нд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 529 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********** Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА