| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0029/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 39
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон ,
Улсын яллагч Ц.Роза
Шүүгдэгч Н.О Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О Ч.М нарт холбогдох эрүүгийн 1830000300027 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Н.О.
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ял шийтгэлгүй, Ч.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.О Ч.М нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Ш гэх газарт хохирогч Д.Бг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой М ахтай Б ахынхаар очсон. Би архи уусан халамцуу байсан. Тэгээд манай бэлчээр дээр буулаа гэж агсам тавьж зодсон нь үнэн гэв.
- Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой Отэй Бгийнх руу очсоН.О Бг манай нутагт буулаа гэж маргасан. Би голоор нь орж 2 тийшээ болгож цохисон гэв.
-Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед гэртээ эхнэр У, охин Урнарын хамт байхад манай буусан газарт ойрхон байдаг Н.О орж ирээд зуух өшиглөөд яагаад манай нутагт ирж буудаг юм, чи хэн юм гэхээр нь Н.Оийг бариад авсан чинь Ч.М гаднаас орж ирээд миний баруун хацар руу цохисон. О, М нартай зууралдаж байхад манай эхнэр, охин 2 гараад зугтаасан. Мтай зууралдаж байхад О миний зүүн хацар руу 1 удаа цохисон. М миний толгойн хэсэг рүү 1 удаа цохиж, зүүн хацар руу мөргөсөн. Намайг зодож байхдаа манай нутагт ирж буулаа гээд байсан. Мөн намайг машинд суулгаад мяндсаар боож ална гээд айлгаад байсан. Тэгээд тэвшин дээрээ суулгаж хэсэг явж байгаад гэрийн гадаа буулгасан. Миний баруун хацар хөхөрсөн, зүүн хацар, дух язарч цус гарсан, толгой хөндүүрлэж байсан. Зодуулсны маргааш сумынхаа эмнэлэгт үзүүлж духандаа 1 оёдол, хацартаа 1 оёдол тавиулсан. Нийт 131 600 төгрөгийн хохирол учирсан үүнийг барагдуулсан тул гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх /хх-ийн 4-р хуудас/
-Гэрч Урийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Н.О, М нар гэрт орж ирээд О гэрийн голд байсан зуух өшиглөөд та нар намайг эзгүй байхад өвөлжөөнд ойрхон буулаа, овоо муу гарууд вэ гээд Б ахыг Н.О, М нар нийлж байгаад зодсон. Би айсандаа гараад зугтаасан. О чиний гэдсэнд байгаа хүүхдийг зулбуулж ална гээд гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Б ахыг машинд суулгаж авч явсан. Миний хувьд ямар нэг гэмтэл учраагүй тул гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх /хх-ийн 12-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаартай дүгнэлтэнд: 1. Д.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны хөнгөн хэлбэрийн доргилт, толгойн үстэй хэсгийн болон нүүрний хэсгийн няцралт, цус хуралт, дух баруун хацрын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 71 дүгээр тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/
--Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 72 дугаар тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/
-Н.О Ч.М нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 52,53-р хуудас/
-Ч.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/
-Н.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Н.О Ч.М нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Ш гэх газарт хохирогч Д.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.О, Ч.М нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Б, гэрч У.Урнарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 70 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О, Ч.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Н.О Ч.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.О, Ч.М нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр тус бүр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.О, Ч.М нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Н.О Ч.М нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Иш овогт Нямдоржийн О, Ч.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Оийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр, Ч.Мийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О Ч.М нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.О Ч.М нарт мэдэгдсүгэй.
5. Ялтан Н.О Ч.М нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О Ч.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА