Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 0032

 

 

 

 

 

 

 

 

Б.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Т.Д

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Цид холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Б-н Ц,

 

Б.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ        аймгийн       сумын        багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” зочид буудлын     тоот хохирогч Э.М-н амарч байсан өрөөнд орж түүний эзэмшлийн Самсунг А-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овогт Б-н Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Цийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх хэрэгт нь оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 07 /долоон/ сарын хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан 2 жил 07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цийн цагдан хоригдсон 06 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулсан тооцож,

 

Шүүгдэгч Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

... Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хорих ялын нэг хоногийг” гэсэн заалтыг баримтлах ёстой байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт буюу “нийтэд тусгай ажил хийлгэх ялын найман цагийг” гэсэн заалтыг баримтлан ялыг нэмж нэгтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Цийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон ба 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон байхад 6 хоног цагдан хоригдсон гэж шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хугацааг бурууг тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 4 дэх заалттай нийцэхгүй байхын зэрэгцээ шүүгдэгчийн эрхийг зөрчсөн байна.

Мөн шүүх 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д “Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолд тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим        аймгийн        сумын         багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” зочид буудлын           тоот өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч иргэн Э.М-н эзэмшлийн Самсунг А-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж цэгнэн харьцуулан, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгч Б.Цийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Б.Ц нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх ба анхан шатны шүүх түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээрх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

 

Ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд ял оногдуулах тухай зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан.

 

Харин тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан ялтанд ял оногдуулах юм.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цид өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримталсан нь буруу байна.

 

Мөн Б.Цид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялд нэмж нэгтгэх талаар заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримталсан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч Б.Ц нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн          дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэх өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон байхад шүүх түүний цагдан хоригдсон хугацааг 6 хоног гэж буруу тооцсон байна.

Түүнээс гадна шүүгдэгч нь дээрх шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан атал шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 7.1 дүгээр зүйлийн 4 дэх ...” гэснийг “... 7.1 дүгээр зүйлийн 5 дахь ...” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь ...” гэснийг “... 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх ...” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... 06 хоногийг ...” гэснийг “... 7 хоногийг ...” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “... Шүүгдэгч Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай ...” гэснийг... Шүүгдэгч Б.Цид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ