Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2020/0025

 

 Ц.Бийн нэхэмжлэлтэй, “В Э Э” ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 138/ШШ2020/00724 дугаар шийдвэртэй, Ц.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч “В Э Э” ХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 23 492 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь “В Э Э” ХХК-ийн орчуулагчаар ажиллаж байгаад 2019 оны 7 сарын 23-ны өглөө Газрын тосны 19-р талбайгаас Дорнод аймагт ирж “В Э Э” ХХК -ийн ажилчдын сургалтанд орчуулга хийсэн ба мөн Өрмийн 3-р ангийн ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад орчуулга хийх ажлаар явж байгаад, буцах замдаа 17 цагийн үед албаны машинтайгаа осолд орж, хүзүүндээ хүнд гэмтэл авч, Улаанбаатар хотод ГССҮТөвд 7 сарын 31-нд хагалгаанд орж одоог хүртэл ажил хийх боломжгүй, акттай, хэвтрийн дэглэмтэй эмчлүүлж байна. 2019 оны 12 сарын 06-ны өдөр Эрүүгийн хэргийн шүүх хурал хийгдсэн. Хохирлоо иргэний журмаар нэхэмжилж болох эрхийн дагуу хандаж байна. Энэ хугацаанд ажил олгогчоос ослын актын дагуу олгогдох тэтгэмжийг авахад шаардлагатай нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх бусад хууль ёсны дэмжлэгийг хүссэн боловч сайн дураар өгөхгүй ажилтан миний эрүүл мэндийг хохироосоор байна. Осолд орох үед би ажлын байран дээр байсан. Намайг “В Э Э” ХХК нь орчуулагчаар 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс ажилд авч хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулсан. Миний хувьд аман орчуулга хийхээс гадна текстийг бүрэн хэмжээгээр орчуулдаг. Миний хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа компанийн ажилчдыг эмнэлэгт үзүүлэн буцаж ажлын байр руу явах үед осол болсон. Ажлын байран дээр үйлдвэрлэлийн осолд орсон гэж үзэж байна. Компанийн зүгээс намайг түр ажиллуулж байсан гэж тайлбарлаж байна. Мөн намайг 2019 оны 10 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг сая харж байна. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон учир “В Э Э” ХХК-иас ослын улмаас өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй, эрүүл мэндийн байдалтай холбоотой ямар нэгэн асуудлыг ажил олгогч шийдээгүй. Мөн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа учир ажиллаагүй хугацааны цалин хөлс, урамшууллыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд:

1. Ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 11 сарын 1-нээс 2020 оны 8 сарын 1-ныг хүртэл хугацааны 11 250 000 төгрөг, урамшуулал 3542000 төгрөг,

2.Эмчилгээний зардал 600 000 төгрөг,

3. Нийгмийн даатгалын сангаас олгогдох листны 180 хоногийн мөнгө 7 500 000 төгрөг,

4. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг нийт 23 492 000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Үүнээс нийгмийн даатгалын сангаас мөнгөө бүрэн авсан учир нэхэмжлэлийн шаардлагаас хасч 15 992 000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “Хариуцагч “В Э Э” ХХК-ийн хувьд гэм хор учруулаагүй. Тус компани нь газрын тосны туслан гүйцэтгэгч компани юм. Бтэй 2019 оны 4 сарын 3-ны өдөр орчуулагчаар түр хугацаагаар хавсран ажиллуулах тухай гэрээ байгуулан ажиллуулсан. Б нь 2018 оны 8 сарын 01-ний өдөр “С” ХХК-ийн үндсэн ажилтан байдаг. “В Э Э” ХХК нь 4 сараас 10 сарын хооронд улирлын чанартай ажилладаг тул энэ хугацаанд ажилтан авч ажиллуулаад буцаан чөлөөлж дахин ажилчид авч ажилладаг. Энэ компани нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр бүх ажилчдаа чөлөөлсөн тухай тушаал хэрэгт авагдсан байгаа. Б нь тухайн үед компаниас томилолт аваагүй, Б гэдэг хүн осол гаргасан талаар маргаагүй. Түүний сууж явсан машин нь ____  гэсэн дугаартай байгаа. Тус компаний гэрээт машин биш, компаний гэрээтэй машин нь ____ гэсэн дугаартай машинд суугаагүй, 4 зорчигчийн 3 нь бүсээ бүсэлсэн байдаг. Б суудлын бүсээ зүүгээгүй, өөр машинд суусан байдаг. Эмчилгээний зардлын хувьд 600000 төгрөг нэхэмжилж байгаа боловч эмчийн магадлагаа байхгүй, Ц гэсэн нэр байгаа, эмчилгээний зардлыг Б хариуцах ёстой гэж үзэж байна. Тус компани нь Бт 8, 9, 10 сарын цалинг бүтэн өгсөн. Мөн өөртэй нь ярилцаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгсөн. Тус компанид ажилладаг Хятадууд нь 180 хоног ажиллаад буцдаг. Иймээс бүх ажилчдаа чөлөөлдөг. Б нь аман орчуулга хийдэг, бичгийн орчуулга хийдэггүй. Б нь гэнэтийн ослын даатгал авах гэж хөөцөлдөж байсан. Бийн хувьд үндсэн ажилтан биш чөлөөлөгдсөн талаар тушаал гомдол гаргаагүй байдаг. Хөдөлмөрийн хуулийн 128.1, 129.1-д заасан хугацаа өнгөрсөн. Хэрэв үйлдвэрлэлийн осолд орсон гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 97 зүйлд зааснаар үйлдвэрлэлийн осол гаргасан. Хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх тухай акт гарсан. Хөдөлмөрийн маргаан гаргаагүй гэм хорын хохирол гэж нэхэж байгаа бол үйлдвэрлэлийн осол буюу 97 дугаар зүйлд зааснаар нөхөн олговор нэхээгүй. Ажилгүй байсан хугацааны цалин нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ хугацаанд цалингийн талаар маргаагүй. Урамшуулал 3 542 000 төгрөг нэхэмжилж байгаагаа нотлоогүй. Өөр компаний үндсэн ажилтан юм. Компаний хувьд өөртэй нь тохиролцож цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээний заалтыг барьж байдаг. Гэм хор байгууллага учруулаагүй, улирлын чанартай ажил 180 хоног ажилладаг, өөрөө сайн мэдэж байгаа. Тушаал гаргах үед хоорондоо ойлголцсон шүү дээ. “В Э Э” ХХК нь 3 удаа мөнгө шилжүүлсэн. Өвчтэй байна гэдгээ нотлох баримтаар гаргаагүй. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсны өмгөөлөлийн хөлс нэхэмжилж байгаа нь өөрийнх нь хүсэл зориг юм. Өмгөөлөлийн хөлс төлсөн баримт байхгүй. “В Э Э” ХХК нь хохирол учруулсан этгээд биш учир хариуцахгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 18-ны өдрийн 138/ШШ2020/00724 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В Э Э” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Ц.Бийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 15 992 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ Миний бие нь Иргэний хуулийн 498 дугаар 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсэн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөр эрхэлж байсан хуулийн этгээдийн эрх ашгийн төлөөх хөдөлмөрлөх үйл явцын хүрээнд осолд өртсөн тул ажил олгогчийн эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан гэж үзэж хариуцагчаа тодорхойлсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд нийцсэн. Анхан шатны шүүхээс П.Б-г хариуцагч компанид ямар хамааралтайг ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад болон хууль хэрэглээний хувьд хэрэгт ач холбогдолгүй дүгнэлт байна. Учир нь П.Батхорлоо нь өөрийн гэм буруутай үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулиар зохих ял шийтгэл хүлээж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан шууд хохирол болох хохирлыг төлсөн. Нөгөө талаар жолооч нь нэхэмжлэгч миний тус компанид ажиллаж байх бүх хугацаанд тухайн компанийн үйл ажиллагаанд тус тээврийн хэрэгслээр үйлчилж байсан ба мөн л гэрээний дагуу туслан гүйцэтгэгч гэж бидний хувьд ойлгож байсан. “Д Б Б” ХХК нь “П Д Т” ХХК-ийн 19 дүгээр талбайд тээврийн хэрэгслээр үйлчлэгч компани байсан ба тэнд байгаа тээврийн хэрэгслүүд “П Д Т” ХХК-ийн 19 дүгээр талбай дахь бүх ажилд оролцож машинаар үйлчилдэг. “В Э Э” ХХК ч мөн адил “П Д Т” ХХК-ийн 19 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн хувьд ажилтан нийлүүлж байсан. Тийм учраас эдгээр компаниуд “П Д Т” ХХК-ийн 19 дүгээр талбайн хэвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгдмэл зорилготой хуулийн этгээдүүд мөн билээ. Энэ чиг үүргийн хүрээнд ч жолооч П.Батхорлоо нь “П Д Т” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилчдыг Дорнод аймгийн төв рүү эмнэлгийн үзлэгт авч явсан ба БНХАУ-ын иргэдэд орчуулга хийх үүргийн хүрээнд “В Э Э” ХХК-ийн ажилтны хувьд намайг мөн эрх бүхий этгээдүүд авч явсан. Жолооч болон намайг огт хамааралгүй байсан бол “П Д Т” ХХК хүсэл зоригийн эсрэг хөдөлмөрлүүлсэн болох байсан. Гэтэл манай компаниуд тус компанид туслан гүйцэтгэх үүрэгтэй байсан учраас биднийг ажиллуулахаар авч явсан нь шийтгэх тогтоол, эрүүгийн хэргийн бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад иргэний хэргийн шүүх баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна.

Жолооч П.Б болон “В Э Э” ХХК-ийн хоорондын хөдөлмөрийн харилцааны хувьд хамааралтай эсэх нь гэм хорын талаарх миний нэхэмжлэлд хамааралгүй атал шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хамаагүй зүйлсийг дур зоргын байдлаар дүгнэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан байна.

Хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч “В Э Э” ХХК-ийн хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба энэ гэрээ нь хугацаагүйгээр байгуулагдсан үйл баримтанд шүүх ямар хууль зүйн дүгнэлт өгсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгч хариуцагчийг “ажил олгогчийн хувиар” буюу Иргэний хуулийн 498.1-т заасан үндэслэлээр тодорхойлж, шаардлага гаргасан байхад “В Э Э” ХХК-ийг хариуцагч биш гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 498.1-ийг ноцтой зөрчсөн.

Иймд хуулийг зөрчсөн, буруу тайлбарласан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “В Э Э” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  23 492 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 15 992 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  ”Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн зохицуулалттай нийцсэн байна. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь “В Э Э” ХХК-ийн орчуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 07 сарын 23-ны өдөр 18 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумаас зүүн урагш 55 км-т түүний сууж явсан 68-68 ДОА улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашин онхолдож, Ц.Бийн биед хүзүүний С4-р нугалмын хугарал гэмтэл авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 3-11 дэх талууд/

Дээрх 68-68 ДОА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.Батхолбоо нь хариуцагч  “В Э Э” ХХК-ийн жолооч биш, харин “Д Б Б” ХХК-ийн жолооч болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоол, “Д Б Б” ХХК-ийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 032 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 3, 61 дэх талууд/

 Иймээс нэхэмжлэгч Ц.Б өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч “В Э Э” ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв  дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 138/ШШ2020/00724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР

                    ШҮҮГЧИД                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                 З.ЭНХЦЭЦЭГ