| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/01170/и |
| Дугаар | 155/ШШ2016/01155 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2016/01155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ***дугаар регистртэй, эрэгтэй, Д.Б
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/01170/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие эх Диваагийн хамт Их-Уул сумын Саруул амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллан амьдарч байгаад цэрэгт явж 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ардын армийн 022 дугаар анги буюу Барилгын цэргийн ангид хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад, цэргээс халагдаж ирээд, Түнэл сумын 1 дүгээр бригадын иргэн Д.Мижидсүрэнтэй гэр бүл болж улмаар 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад тууварчин, малчнаар томилогдон анх ажиллаж эхэлсэн. Тэр үеэс хойш Ялалт нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, мөн 1991-1992 оны бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, нэгдэлд анх томилогдон орсон болон нэгдэл тарах үед ажлаас гарсан тушаал надад байхгүй, цалингийн цэс шүүхэд 1986-1990, 1992 онуудын цалингийн цэс байгаа мөртлөө дундаа ажиллаагүй мэт зарим саруудад цалин огт бичигдээгүй, 1991 онд миний бие ажилласан бөгөөд цалин огт бичигдээгүй зэргээс шалтгаалан ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Мөн миний бие 1992-2000 онуудын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 жил цэргийн алба хаасан юм. Иймд Л.Б намайг 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1992 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод оршин суух, **** дугаар регистртэй, Буут овогт *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь миний аав бөгөөд шүүх хуралд хөдөөнөөс ирэх боломжгүй байгаа учир би итгэмжлэлээр оролцож байна. Тэрээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үхэр хариулж, тууварт тууж, хонь маллан тасралтгүй ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байх үеийн баримтууд нь олдохгүй байгаа болохоор ажиллаж байсан жилд тооцогдохгүй болоод байна. Миний аав Л.Б нь одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон учир ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Л.Б гийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Л.Б Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Б гийн 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 10 дугаар сар, 1992 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлээс олгосон 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны хоорондох цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газар, Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөл, Мал бэлтгэлийн контороос 1987 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 1986 онд хариуцсан малаа хорогдолгүй тууварласан, мах давуулан биелүүлсэн гэх бичилттэй гэрчилгээ, 1987 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгосон диплом, гэрэл зураг, гэрч Р.Гэрэлхүүгийн ...Л.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд хоньчин, үхэрчнээр 1986 оноос 1992 оныг дуустал хугацаанд ажилласан. 1993 оноос нэгдэл татан буугдаж, хувьчлал явагдаж эхэлсэн... цэрэгт яваад ирсэн, тэгээд нэгдэлд ажиллаж эхэлсэн. 1986 оны 01, 2 сараас эхлэн... тасралтгүй ажиллаж байсан... 1991 онд ажиллаж байсан. 1990 оноос нэгдэл тарна гээд алдаг оног байсан... би Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл саальчнаар ажилласан. Бид нэг фермд ажилладаг байсан юм... гэх мэдүүлэг, гэрч А.Гармаагийн ...Л.Б нь 1985 онд цэргээс халагдаж ирээд 1986 оны 01 сараас Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд элсэж 1992 оныг дуустал хугацаанд үхэрчин, тууварчнаар ажилласан. Нэгдлийн мал харах, туувар туух, нэгдлийн бусад ажил төрлийг хийж гүйцэтгэж явсан... тасралтгүй ажиллаж байсан... 1991 онд фермийн үхэр хардаг, хөсөг үхэр тэргээр айл нүүлгэх, төв орж агентын бараа ачих, туувар туух зэрэг ажил хийдэг байсан... Би Түнэл сумын Ялалт нэгдэлд 16 наснаас эхлэн нэгдлийн мал маллаж 1993 онд нэгдлээс гарсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Л.Б гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Тус аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Л.Б д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/296 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *****өвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА