| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1116/и |
| Дугаар | 155/ШШ2016/01146 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/01146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын *************ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2016/1116/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Л.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1984 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл машинистаар, мөн сумын 10 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал галчаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс дээрх хугацаанд ажиллаж байсан тооцогдохгүй байгаа болно.
Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Б ийн ажиллаж байх хугацаандаа авсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1985 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай Ажилд томилох ба ажлаас өөрчлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай 1985 оны орон тоонд ажиллагсдыг томилох тухай...Л.Б ... гэх бичилттэй тушаалын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2346 дугаартай архивын лавлагаа, гэрч Ж.Жанчивын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: ...Л.Б Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуульд 1985 оноос 1988 оныг дуустал галч, манаач, аж ахуйн туслах ажилчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Цэцгээгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: ...Л.Б Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1983-1984 оныг дуустал машинистаар, Цагаан-Уул сумын 10 жилийн сургуульд 1985-1989 оныг дуустал галч, манаачаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Л.Б ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********/-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл машинистаар, Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ