| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0028/э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 37
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мад холбогдох эрүүгийн 1830000250026 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Х гэх газарт нутаглах хохирогч Ж.Вгийн хониноос 19 эм хонь, 4 эм ямаа нийт 23 бог малыг бэлчээрээс нь хулгайлж 2 070 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Т ахын хоньтой манай хонь нийлсэн байсан. Тэгээд бэлчээр дээр хонио ялгаж байгаад Т ахын хониноос хэдэн хонь, ямаа авч үлдсэн. Тэр хонь ямаагаа аймаг руу оруулж 1 200 000 төгрөгөөр зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
-Хохирогч Ж.Вгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний бие Дорнод аймаг руу хүүгийнхээ тангараг өргөх баярт явахдаа хонь, малаа хотоос ирсэн хүүдээ харуулж үлдээсэн.. Би 11-р сарын 27-ны орой ирж 29-ний өдөр хонио тоолсон чинь 19 хонь, 4 ямаа нийлсэн 23 бог мал дутахаар нь эрж хайж байгаад Г.Мтай очиж уулзсан чинь ахаа би хонийг чинь үгүй хийчихсэн дүүгээ битгий хэлээрэй хохирлыг чинь барагдуулна гээд байсан. Хонь, ямааг 1-ийг нь 90 000 төгрөгөөр тооцож 2 160 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-нд өгсөн. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р хуудас/
-Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд гаргасан: “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Г.М над руу яриад машин асахгүй байна би хүнээс хэдэн хонь, ямаа авсан аймгийн төв рүү оруулаад өгчих гэхээр нь портер машинтай очсон. Тэгээд 19 хонь, 4 ямааг ачаад Баруун-Урт суманд хүргэж ирсэн. Орой мал нядлаад өгчих гэж гуйгаад байхаар нь хамт нядалж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 14-р хуудас/
-Хохирогч Ж.Вгийн гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 23-р хуудас/
-Шүүгдэгч Г.Мын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 21-р хуудас/
-Г.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Х гэх газар нутаглах хохирогч Ж.Вгийн хониноос 19 эм хонь, 4 эм ямаа нийт 23 бог малыг бэлчээрээс нь хулгайлж 2 070 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Мын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.В, гэрч Б.Б нарын мэдүүлэг, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Мад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Г.Мыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Мад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ж.В гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мад хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.В гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Мыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мад хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Мад мэдэгдсүгэй.
4. Ялтан Г.М цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Вд хохирол төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА