Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 159/ШШ2024/0066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0059/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

              Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******

              Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч *******

              Гуравдагч этгээд: *******

              Дүгнэлтийн шаардлага: “... “******* текстайл” ХХК-нд холбогдох 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0012611 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч хяналтын прокурор *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд  *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1.Хариуцагч Гаалийн улсын байцаагч ******* “******* текстайл” ХХК-ийг эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчсөн биологийн идэвхит бүтээгдэхүүнийг импортлох зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хилээр оруулж ирсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

              2.Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ******* нь Гаалийн улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0012611 дугаар шийтгэлийн хуудсыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

3.Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ******* би, Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор ******* 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан “Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны II дугаар улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах” шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч ******* нь “биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлгүй хилээр оруулж ирсэн” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, “******* текстайл” ХХК-нд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0012611 дугаартай шийтгэлийн хуудсыг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хянав.

Зөрчлийн утга: Сэлэнгэ аймаг, Видү гаалийн хяналтын бүсэд Турк улсаас Монгол Улс руу TR-30-20ES713/20ZB713 дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн 04-2111004-24-130286 дугаар бүхий гаалийн мэдүүлэгтэй ачаанд гаалийн хяналт хийхэд “******* текстайл” ХХК нь биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлгүй Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 төрлийн 8564 ширхэг, 2055.36 кг, 211,974,704 төгрөгийн биологийн идэвхт бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлсэн гэх зөрчлийн хэрэгт холбогдож, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд зөрчлийн 2431000479 дугаартай хэрэгт холбогдогч *******, холбогдогч ******* гэж үзэн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн боловч тус мэдүүлэгт холбогдогч нар гарын үсэггүй мөн “******* текстайл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр дээрх холбогдогч нарыг тогтоосон боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан эсэх тодорхойгүй байх тул энэ нь нотлох баримтын бүрдүүлбэр, шаардлага хангаагүй байна гэж дүгнэлээ.

Нөгөөтэйгүүр “******* текстайл” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 61 дугаартай албан бичигт 2000 ширхэг козлак цай, 6500 ширхэг macub мөнхий хэмнэл гэх бүтээгдэхүүн нь манай компаний ачаа биш овогтой бараа болно гэсэн албан бичиг зэргээс үзвэл зөрчил хэн үйлдсэн эсэх, тухай зөрчлийн холбогдогч хэн болох нь тодорхойгүй гэж үзэхэр нөхцөл байдал тогтоогдлоо. Зөрчил шалган шийдвэрлэх 4.12 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж, мөн зүйлийн 15.1 дэх хэсэгт “эзэмшигчид нь буцаан олгох” гэж, мөн зүйлийн 15.2 дахь хэсэгт “устгах” гэж, мөн зүйлийн 15.3 дахь хэсэгт “улсын орлого болгох” гэж, мөн зүйлийн 15.4 дэх хэсэгт “зөрчлийн хэрэгт хадгалах” гэж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж тус тус зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан “******* текстайл” ХХК-д шийтгэл оногдуулахдаа 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэлд тусгасан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч *******ын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0012611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

              Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч ******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Дээрх дүгнэлтэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт хийсэн нь хуулийн зүйл заалтыг буруу барьсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... гэж заасан.

              Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг, 3.1.19 дүгээр зүйлд “гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч ... гэж заасан байх тул анх гаалийн харилцаанд оролцож гаальд барааг мэдүүлсэн аж ахуй нэгж, хүлээн авагч нь “******* текстайл” ХХК тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж зааснаар холбогдогчоор тогтоон тус аж ахуйн нэгжийн итгэмжлэл олгосон албан тоотыг үндэслэн хууль ёсны төлөөлөгч томилон зөрчлийн хэрэг нээж шийдвэрлэсэн.

              Иймд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0012611 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах боломжтой тул өөрчлөл оруулж өгнө үү.” гэжээ.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын дүгнэлтэд нэр дурдагдсан 2 хууль ёсны төлөөлөгчийг томилж ирүүлсэн байдаг. Тухайн “******* текстайл” ХХК нь Турк улсад байрладаг болохоор хуулийн зөвлөх болон итгэмжилсэн төлөөлөгчөө явуулъя гэдэг үндэслэлээр итгэмжлэлээр 2 хууль ёсны төлөөлөгчийг томилсон. Эхний удаад ******* гэх иргэн ирж материалтай танилцаад хялбаршуулсан журмаар материалыг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гараараа бичиж өгөөд материал хийж байх явцад “...утсаар яриад ирье” гэж өрөөнөөс гараад эргэж орж ирээгүй. Тухайн иргэний утас руу олон удаагийн үйлдлээр залгасан боловч тухайн иргэн утсаа аваагүй. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх 5 хоногийн хугацаа дууссан тул тухайн аж ахуйн нэгжийг төлөөлж гаальд барааг мэдүүлсэн гаалийн бүртгэлийн мэргэжилтэн холбогдож “...“******* текстайл” ХХК-тай холбож өг...”, “...зөрчлийн хэрэг нээгдэх гэж байна...”, “...асуудлыг шийдвэрлэе...” гэж хандсан. “******* текстайл” ХХК-тай Турк улсаас олон улсын дуудлагаар холбогдоход бид барааны эзэн болох холбогдох хүнээ явуулъя гэсний үндсэн дээр ******* гэх иргэн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, итгэмжлэл хийлгэж ирээд “...би барааны эзэн байна, асуудлыг шийдвэрлүүлье...” гэж хандсан. 

              Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар тухайн бараа бүтээгдэхүүнийг түр саатуулж, Гаалийн тухай хуулийн 25.1-д заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүн ямар ч дагалдах бичиг баримт байхгүй, юу болох нь тодорхой биш байсан болохоор Гаалийн ерөнхий газрын лабораторид дээж явуулсан. Тус явцад зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокуророос асууж зөрчлийн хэргийг нээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, “******* текстайл” ХХК-г хариуцаж байгаа этгээдийн эхнэр гэх хүнд холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн. Хууль ёсны төлөөлөгчөө томилж өгнө үү гэсний дагуу ******* гэх хүнийг томилж явуулсан байдаг. ******* нь ирээд “...Энэ бараа миний бараа бүтээгдэхүүн байна. Энэ хэрэг дээр би явна...” гэх хэлсэн.  Гаалийн ерөнхий газарт өгсөн шинжилгээний дүгнэлтээр тухайн бүтээгдэхүүн нь биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг дүгнэлт гарсан. ******* дүгнэлттэйгээ танилцаад дүгнэлтийг заавал Хабул буюу Монголын Үндэсний аюулгүй лавлагаа лабораторид өгч дахин шинжлүүлэх хүсэлтийг өгсний дагуу дахиж тухайн бүтээгдэхүүнээс дээж явуулж Хабулд шинжлүүлсэн. ******* гэх иргэнтэй эргэж холбогдоод материал дээр ирж гарын үсэг зурах, асуудлаа шийдвэрлүүлэх, шийтгэлийн хуудсыг хүлээж авах талаар мэдэгдсэн боловч “...би Улаанбаатар хотод байдаг, очих боломжгүй утсаар хэргийн материалтай танилцъя, шийтгэлийн хуудас хүлээж авъя...” гэдэг байдлаар утсаар ярьсан. Үүний дагуу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар “******* текстайл” ХХК-д холбогдуулж зөрчлийн хэрэг нээж, шийтгэлийн хуудсыг бичээд асуудлыг шийдвэрлэж дууссан. Шийтгэлийн хуудас дээр алдаатай бичигдсэний тухайд тухайн байцаагч нь шийтгэлийн хуудсыг бөглөхдөө хураагдсан эд зүйлийн тоо хэмжээг бичилгүй, орон тооны зөвлөлд шилжүүлсүгэй гэх хэсгийг дутуу бичсэн байсан. Үүнд нэмэлт өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.

              Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үеэл дүү болох Баттулгын Уранчимэг гэж хүн Турк улсад 7 жил амьдарч байна. Бид Турк улсаас гутал хувцас бөөний худалдаа эрхэлдэг. Тухайн Козилак цайг Монгол Улсад цахимаар лайв худалдаа эрхэлдэг хүмүүс ихээр зарж борлуулдаг. Цайны захиалга надад орж ирээд би, Турк улс руу баярын хямдралынх нь захиалж авсан. Некстон гэдэг нэртэй миний мэдэхийн 4 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монголын каргод 1кг барааг 2,5 доллароор тооцож 3 тонн ачааг 2 дугаар сард өгсөн. Бид нарын хоорондын бичсэн чат мессежнүүд байна. Каргонд ачааг өгснөөс хойш танай бүтээгдэхүүн гаалийн хяналтад байгаа гэж хэлж байсан боловч Сэлэнгэ аймгийн гааль дээр байгааг нь хэлээгүй, би мэдээгүй. Би 07 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад ирээд бараагаа хаанаас авах вэ, та нарыг харьяаллын дагуу цагдаад өгье гэдэг байдлаар хандахад Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт байгаа гэсэн учир би зөрчлийн албан дээр нь ирээд уулзсан. Гэтэл зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагаанд н.Билгүүн гэдэг хүн оролцсон гэж хэлсэн. н.Билгүүн гэдэг хүн оролцсон гэдгийг би анх удаа сонссон. Ачаагаа каргонд өгөхдөө бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бичиг баримтыг өгсөн. Каргоны компани яагаад Монгол Улсын хил гаалиар бүрдүүлэлтгүй оруулахыг оролдсон гэдгийг мэдэхгүй байна. Тухайн 17 гаруй том ачаа нь бүгдээрээ над шиг бизнес хийдэг хүмүүсийн ачаа байсан. Бүгдээрээ өөрсдийнх нь бараар биш болохлоор хамаагүй хандаад хаячихсан. Бид нарт гааль шалгаж байгаа л гэж хэлдэг байсан.

              Миний хувьд Монгол Улсын хил гааль шалгах шаардлага байдаг байх гэж бодоод хүлээж байсан. Тухайн цайг 08 дугаар сард сэрүү орох үеэр худалдаалах төлөвлөгөөтэй байсан, сүүлдээ утсаа авахаа болиод болбол би “******* текстайл” ХХК-тай холбогдоход манай бараа биш гэсэн тодорхойлолт гаргаж өгье, бид энэ хүмүүсийг танихгүй, гаалийн байцаагч нэр дурдсан гэх хүнийг танихгүй,  манай компани дээр НӨАТ-ын өртэй байсан НӨАТ-өө бүрдүүлэх гэж гааль манай компанийн нэр дээр ачаа ирж, гааль бүрдүүлэх гэж татвар төлсөн гэдэг тайлбар хэлсэн. Бид үүнд зарцуулсан мөнгөнөөс гадна Турк улсад захиалсан бараа бүтээгдэхүүний тал мөнгийг нь өгөөгүй, зээлээр авсан. Хил гаалиар орж байгаа бараа бүтээгдэхүүний хувьд, бичиг баримт доголдолтой явуулсандаа энэ хүмүүсээс уучлалт гуйж байна. Одоо энэ барааг Турк улс руу буцаагаад явуулаад өгнө үү гэж хүсэж байна. Монгол Улс руу орох боломжтой эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ийм олон ажиллагаа явуулсныг би мэдээгүй. Зөрчлийн хэрэгт оролцоогүй болохоор юу ч мэдэхгүй, хүлээж байсан. Тухайн ачаагаа өгөхдөө хамт өгсөн бусад гутал хувцас зэрэг бараагаа бид авсан. Каргоны төлбөрийг биднээс авсан.  гэх хүнтэй холбоотой холбогдож байсан баримтуудыг хэрэгт хавсаргасан. Тэд нартай холбогдож байсан дүү маань одоо жирэмсэн, турк хүнтэй амьдардаг, Монголоос явсан. Бараагаа авахгүй бол бид дийлэхгүй өрөнд орчхоод байна. Турк руу нь буцааж явуулахгүй бол төлбөрөө 04 дүгээр сарын 10-ны өдөр өгөх ёстой байсан, төлбөр нэхэгдээд бараа нь байхгүй. Ямар ч байсан бараагаа Сэлэнгэ аймагт байгааг нь мэдэж авсан тул хүсэлтээ гаргаж байна.” гэв.

              Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэж байна. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль маш олон заалттай, ялангуяа эрх бүхий албан тушаалтнуудын хэрэгжүүлэх ажил, эрх үүрэг маш олон заалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байж үйл баримтыг нотлон тогтоож шийтгэлийн хуудас оногдуулснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шударга ёсны зарчимд арга хэмжээ авахдаа тухайн зөрчил үйлдсэн хуулийн этгээд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээнд зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэдэг зарчимтай. Гэтэл анхнаасаа ажиллагаанууд хуульд зааснаар хийгдэж яваагүй учир миний үйлчлүүлэгчийн хувьд хохироод үлдэж байна. Компаниас энэ манай бараа бүтээгдэхүүн биш гэдэг бичиг өгсөн байхад гаалийн байгууллагаас 2 итгэмжилсэн төлөөлөгчийг л яриад байна. Нэр дурдагдаад буй 2 төлөөлөгч зүгээр компанийг төлөөлж байгаа итгэмжлэгч болохоос биш ******* миний бараа юм гэж хэлсэн гэсэн үг өгүүлбэр хэргийн материалд байхгүй байна. Үүнтй холбогдуулаад гаалийн байгууллага харин нотлох баримт цуглуулаад барааны эзнийг эрэн хайх, бусад хүмүүсээс тайлбар авах, энэ хүнийхээ утасны дугаарыг өг, бид нар харилцъя, холбогдъё гэдэг асуудал тавьж ажиллаагүй учраас миний үйлчлүүлэгчийн хэлээд байгаа нотлох баримт, надад үзүүлээд Турк улстай хийсэн Туркээр хийчихсэн гэрээгээ хүртэл үзүүлсэн, нотлох баримт байхад хэрэг энэ хэмжээнд хүрээд явах байсан уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Эсвэл эргээд буцаах гэхээр хүн байхгүй гэж гаалийн байгууллагын тайлбарлаж байна. Хүнийг нь олох ажиллагаа огт хийгдээгүй учраас хүн байхгүй байх нь тодорхой байна.

              Үүнд прокурорын дүгнэлт зөв зүйтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан ажиллагаануудаа хийгээд хүмүүсээс тайлбараа авсан бол энэ хүмүүс чинь миний бараа биш, энэ хүний бараа гэж хэлээд зөрчлийн шинжид тохирсон арга хэмжээгээ аваад магадгүй миний үйлчлүүлэгч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч болж орж ирэх магадлалтай байсан байна. Өөрөөр хэлбэл компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод хохирсон этгээд байж болохоор харагдаж байна. Хэрвээ хохирогчоор тогтоогдсон бол хохирогчид нь буцааж барааг нь олгоод Монголдоо хэрэглэх боломжгүй бол буцаагаад явуулах хэмжээний байх ёстой. Гэтэл итгэмжилсэн төлөөлөгч нарт эрх үүргээ танилцуулсан гэх боловч эрх үүрэг танилцуулсан гарын үсэг байхгүй. *******ий зүгээс гаргасан хүсэлтийг нь шийдсэн тодорхой тогтоол гаргаад шинжээч томилсон зүйл байхгүй. Шийтгэлийн хуудсаар зөвхөн мянган нэгжээр компанийг торгосон л харагдаж байна. Хураан авсан бүтээгдэхүүнийг яасан  нь тодорхойгүй. Хуульд зааснаар хураан авсан барааг хэрхэн шийдвэрлэхийг шийтгэлийн хуудаст тусгах ёстой. Урьд нь тэгж л явдаг байсан. Үүнийг манай байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаа байна, шүүх үүнд өөрчлөлт оруулж өгнө үү гэж байна. Ийм байж болохгүй. Монгол Улс чинь хуультай, шүүх мэтгэлцээний эцэст шийддэг байтал зөрөөд шууд эрх зүйн байдлыг дордуулаад шийдвэр гаргах боломжгүй. Тухайн бүтээгдэхүүн нь Монголд орж ирэх боломжтой, боломжгүй ч гэдэг байдал дээр бас нотолсон арга хэмжээнүүд байхгүй байна. Эм, эмнэлгийн тухай, хэрэгслийн тухай хууль сая шинэчлэн батлагдснаар биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг гэдэг нь тухайн зүйл заалтаас хасагдаад 10 дугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн.

              Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” Мөн тус зүйлийн 6-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний хэлэлцэж асуудлаар торгоод тухайн шийдвэр биелэгдээгүй байна. Иймд хуулиа буцааж хэрэглээд эрх зүйн байдлыг дээрдүүлж харвал биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирсэн гэдэг заалт нь байхгүй болж зөрчил гаргасан этгээдийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн. Энэ мэтчилэн хуулийн заалтууд хэрэгжих бүрэн боломжтой Мөн хэрвээ маргаан үүссэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нотлох үүрэг хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалттай.

              Гэтэл өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаалийн байгууллагаас нотлох үүргээ хийж чадахгүй албан ёсоор шаардлага тавьсан, хүн ирээд алга болсон, гараад зугтаасан гэж яриад байгаа болохоос биш бид  хэрэг дотроос үүнийг олж харахгүй байна. Үүнийг прокурор харж үзээд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж дүгнэлт гаргасан байна. Бараа бүтээгдэхүүний асуудлыг одоо хэрхэн шийдвэрлэх вэ, дахин давхардуулж шийтгэлийн хуудас гаргах уу? гэдэг асуудалтай байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд мэдээж шууд очоод бараагаа авчихгүй. Хэрвээ шийтгэлийн хуудас хүчингүй болсон тохиолдолд боломж байгаа юм шиг харагдаад байна. Ямар байдал харагдаж байна гэхээр бараа бүтээгдэхүүнийг өөрийнх мөн гэдгээ нотлоод, хууль ёсны эзэмшигч нь тогтоогдвол эргээд Турк руу нь буцаагаад явуулах боломжтой байна. Энэ мэтийн мэтчилэн арга хэмжээнүүдийг аваагүй байгаа учраас прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

              Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч ******* нь “******* текстайл” ХХК-ийг эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчсөн, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг имдортлох зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хилээр оруулж ирсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

              Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд зөрчлийн 2431000479 дугаартай хэрэгт холбогдогч *******, холбогдогч ******* гэж мэдүүлэг авах ажиллагаа хийсэн боловч мэдүүлэгт холбогдогч нарын гарын үсэггүй мөн “******* текстайл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр дээрх холбогдогч нарыг тогтоосон боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан эсэх нь тодорхойгүй, .... “******* текстайл” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай албан бичигт 2000 ширхэг козлак цай, 6500 ширхэг macub мөнхийн хэмнэл гэх бүтээгдэхүүн нь манай компаний ачаа биш овогтой бараа болно гэсэн албан бичиг зэргээс үзвэл зөрчил хэн үйлдсэн эсэх, зөрчлийн холбогдогч хэн болох нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдлоо .... шийтгэл оногдуулахдаа ... хураан авсан тухай тэмдэглэлд тусгасан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна .... 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0012611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.”  гэжээ.

Нэг: Маргааны үйл баримтын талаар

              1.Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас Монгол улс руу TR-30-20ES713/20ZB дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн “******* текстайл” ХХК-ийн 04-2111004-24-I30286 дугаар бүхий гаалийн мэдүүлэгтэй ачаанд гаалийн шалгалт хийхэд биологийн идэвхит бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 төрлийн 8564 ширхэг, 2055.36 кг, 211,974,704 төгрөгийн биологийн идэвхит бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн гэх зөрчил үйлдсэнийг илрүүлж тэмдэглэл үйлджээ. Мөн өдрөө хяналт шалгалт хийж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдэж дээрх барааг түр саатуулах тэмдэглэл үйлдэн хураан авчээ.

              2.Сэлэнгэ аймаг дахь Галийн газрын Гаалийн улсын байцаагч ******* нь /цаашид хариуцагч гэх/ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг Видү гаалийн хяналтын бүсэд Турк улсаас Монгол улс руу TR-30-20ES713/20ZB дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн “******* текстайл” ХХК-ийн 04-2111004-24-I30286 дугаар бүхий гаалийн мэдүүлэгтэй ачаанд гаалийн шалгалт хийхэд биологийн идэвхит бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 төрлийн 8564 ширхэг, 2055.36 кг, 211,974,704 төгрөгийн биологийн идэвхит бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.

              3. “******* текстайл” ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хүргүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай албан бичгээр “Манай компанийн нэр дээр ирсэн 2000 ширхэг козлак цай, 6500 ширхэг macub мөнхийн хэмнэл гэх бүтээгдэхүүн нь манай компанийн ачаа биш овогтой бараа болно” гэх тодорхойлолтыг гаргажээ.

              4. “******* текстайл” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Цогт овогтой Дөлгөөнийг компанийн төлөөлөгчөөр томилсон тухай хүсэлт, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дэлгэрмөрөн овогтой Нямдалайг эрх бүхий төлөөлөгчөөр томилж итгэмжлэл олгох тухай албан бичгүүдийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хүргүүлсэн байна.

              5.Хариуцагч ******* нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутад Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын 305 тоот өрөөнд ирэхийг дуудсан тухай тэмдэглэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн хэрэгт холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тухай тэмдэглэлээр баталгаажуулжээ. Мөн өдрөө буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэргийн материалтай танилцах талаар “******* текстайл” ХХК-нд мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

              6.Хариуцагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0012611 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “******* текстайл” ХХК-ийг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

              7.Хариуцагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол үйлджээ.

              8. “******* текстайл” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “Манай компанийн нэр дээр Турк улсаас TR-30-20ES713/20ZB дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн “******* текстайл” ХХК-ийн 04-2111004-24-I30286 дугаар бүхий гаалийн мэдүүлэгтэй ачаанд 2000 ширхэг козлак цай, 6500 ширхэг мажун гэх бүтээгдэхүүн нь манай компанийн бараа биш овогтой Уранчимэг, мөн түүний эгч Бат-Эрдэнэ овогтой Алтантуяа нарын бараа бүтээгдэхүүн мөн болно.” гэж дурджээ.

Хоёр: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар

              Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 2.7-д “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах” 2.9-д “зөрчлийн хэрэгтэй танилцах”, 4.8 дугаар зүйлийн 3-т “Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ”, 4.8 дугаар зүйлийн 14-т “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна”, 4.12 дугаар зүйлийн 15-д “эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5.1-д “эзэмшигчид нь буцаан олгох”, 15.2-т “устгах”, 15.3-т “улсын орлого болгох”, 15.4-т “зөрчлийн хэрэгт хадгалах”, 4.16 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно.”, 4.16 дугаар зүйлийн 5-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ”, 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж тус тус заасныг хариуцагч Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч ******* зөрчсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна. Үүнд:

              1.Хариуцагчийн зүгээс зөрчилд холбогдогчоор “******* текстайл” ХХК-ийг тогтоосон боловч тухайн хилээр оруулж ирсэн бараа нь тус компаний бараа биш иргэн Б.Уранчимэг, ******* нарын бараа болох талаар “******* текстайл” ХХК-иас зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад[1] ирүүлсэн бөгөөд зөрчилд холбогдогч нь хэн болох нь тодорхойгүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажиллагаа хийгээгүй.

              2.Мөн хариуцагч нь “******* текстайл” ХХК-ийг зөрчилд холбогдогч гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч тус компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг холбогдогчийн хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцооны эрхийг хангаагүй, уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “******* текстайл” ХХК болон иргэн Б.Уранчимэг, ******* нарын аль нь ч оролцоогүй, харилцаа холбооны хэрэгслээр дуудсан тухай тэмдэглэлийг зөрчлийн хэрэгт хавсаргасан нь хангалтгүй бөгөөд холбогдогчийг дуудан ирүүлэх /ирээгүй тохиолдолд албадан ирүүлэх/ оролцоог нь хангах талаар Зөрчил шалган шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.

              3.Мөн хариуцагч нь зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор холбогдогч болон бусад этгээдээс мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэл үйлдсэн боловч холбогдогчийн мэдүүлэг зөрчлийн хэрэгт авагдаагүй, холбогдогчид эрх, үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна[2].

              4.Хариуцагч нь “******* текстайл” ХХК-ийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 0012611 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа хураан авсан эд зүйл болох 2000 ширхэг козлак цай, 6500 ширхэг macub мөнхийн хэмнэл биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ тусгаагүй, өөрөөр хэлбэл эзэмшигчид нь буцаан олгосон эсэх, улсын орлого болгосон эсэх зэрэг нь тодорхойгүй байна.

              5.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Тайлбар хэсэгт: “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана” гэж зааснаар тухайн зөрчил дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байгаа гэж хариуцагч үзсэн тохиолдолд зөрчилд холбогдогчийн зардлаар буцаах хуулийн зохицуулалтай байхад хураан авсан нь буруу бөгөөд хуулийн ил тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй байна.

              6.Мөн “******* текстайл” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар болон шүүхэд ирүүлсэн албан бичиг, банкны зарлагын хуулга зэргээр тухайн барааны эзэмшигч нь Б.Уранчимэг, ******* нар байх боломжтой байна.

              Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2.7, 2.9, 4.8 дугаар зүйлийн 14, 4.12 дугаар зүйлийн 15, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч *******ын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0012611 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

              2.Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ОДБААТАР

 

 

.

 

 

 

         

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 10 дугаар талын ар тал

[2] Хавтаст хэргийн 78 дугаар тал