Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2020/0029

 

Ж.Сгийн нэхэмжлэлтэй, А ХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00883 дугаар шийдвэртэй, Ж.Сгийн нэхэмжлэлтэй, “А” ХК-д холбогдох  А Т А ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, Аудитын компанийн үйл ажиллагааг зогсоосноос учирсан хохиролд 4 179 378 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч О.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 9 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч А ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 18 хувь буюу 568 572 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг. Тус компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хувьцаа эзэмшигчиддээ 2019 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, уг тайлангаар 1 300 000 000 төгрөгийн алдагдалтай ажилласан тухай танилцуулж, улмаар ногдол ашиг хуваарилаагүй. Ингээд тус компанийн 18 хувийн хувьцаа эзэмшигч Ж.С нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д зааснаар компанийн санхүү, үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэхээр А Т А ХХК-тай 2020 оны 4 сарын 17-ны өдөр гэрээ байгуулан аудитын үйлчилгээг эхлүүлэхээр тохиролцон тус компани дээр очсон боловч компанийн удирдлагууд тодорхой үндэслэл хэлэхгүйгээр компанийн холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөлгүй аудиторын үйл ажиллагаанд саад учруулж байна. Тус компани өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа нэрийн дор маш их алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд удахгүй дампуурахад хүрч хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтой хохироход хүрч байна. ...Иймд А ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд холбогдох бичиг баримтуудаа нуун дарагдуулж гаргаж өгөлгүй Компанийн тухай хууль болон дүрмийг ноцтой зөрчиж байх тул А Т А ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 он санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг тус компанид даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г тус шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч Ж.С нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д зааснаар хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн үүднээс тус компанийн ээлжит бус аудитын шалгалтыг явуулах эрх хэмжээнийхээ дагуу А Т А ХХК-тай тус компанийн санхүү, үйл ажиллагаанд аудитын үйл ажиллагааг явуулах гэрээ байгуулан 2020.04.24-ний өдөр аудиторуудын хамт компани дээр ирж, компанийн удирдлагуудад холбогдох санхүүгийн баримтуудаа гаргаж өгөхийг шаардсан боловч маргааш, нөгөөдөр ир гэж худал хэлсээр баримт бичгүүдээ гаргаж өгөөгүй. Ингээд аудитын үйл ажиллагаа явагдах боломжгүй болж, аргагүйн эрхэнд бид аудиторуудыг 2020.04.30-ны өдөр буцаасан.

Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.10-т зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан аудиторын шаардлагаар компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны талаарх баримт бичгийг танилцуулах үүрэгтэй гэж заасан байтал тус компанийн удирдлагууд хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүйгээс болж аудитын компанийн аудитын шалгалт хийх үйл ажиллагаа зогссон. Иймд Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.11-т заасны дагуу компани аудиторын ажил зогссон хоногт оногдох ажлын хөлс буюу иргэн Ж.Сд учирсан хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ж.Сгийн хувьд тус компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч байсны хувьд хууль болон дүрэм зааснаар компанийн үйл ажиллагаанд ээлжит бус шалгалтыг хэдийд ч хийлгэх эрхтэй байхад шалгалт явуулах тухай санал шаардлагыг урьд өмнө нь явуулж мэдэгдэх ёстой байсан, компанийн сонгосон аудитороор шалгалт хийлгэх ёстой байсан гэх мэт хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Энэ нь компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч хүний давуу эрхэнд халдсан тайлбар гэж үзэж байна. Хариуцагчийн хэлээд байгаа мөрдөгчийн тогтоол гэдэг нь энэ хэрэгт буюу иргэн Ж.Стай огт хамааралгүй, өөр асуудлаар шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол байхад ялгаж салгалгүйгээр тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй.

А Т А ХХК-д бид аудитын үйл ажиллагааны гэрээний хөлсөнд 10 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн байсан. Аудиторууд 2020.04.17-ны өдрөөс ажлаа хийх ёстой байсан бөгөөд бид А ХК дээр 2020.4.23-ны өдөр очиж бичиг баримтуудыг танилцуулахыг шаардсан боловч баримт бичгийг гаргаж өгөөгүйгээс тэдний ажил зогсож 2020.4.30-ны өдөр буцсан. Ингээд аудиторын зүгээс шалтгаалаагүй шалтгаанаар аудитын үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон тул тэд ажлын хөлс буюу цалинд 2 454 543 төгрөг, шатахууны зардалд 338 800 төгрөг, зочид буудлын зардалд 640 000 төгрөг, хоолны зардалд 746 035 төгрөг буюу нийт 4 179 378 төгрөгийг суутгаж авч үлдэгдэл 5 820 622 төгрөгийг бидэнд буцааж шилжүүлсэн байсан. Иймд 4 179 378 төгрөгийг Ж.С нь өөрт учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа тул уг хохирлыг А ХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч А ХК-ийн зүгээс дандаа хууль бус үйл ажиллагаа явуулдаг, мөн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн шаардлагаар хийгдэх аудитын үйл ажиллагааг хууль бусаар явуулаагүй зэрэг байдлаасаа болж хувьцаа эзэмшигч Ж.Сгийн 18 хувийн хувьцааг арга буюу худалдаж авсан. Ингээд Ж.С нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш болсон, мөн аудиторууд аудитын үйл ажиллагааг явуулж чадаагүй буцсан тул анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болох санхүүгийн баримтуудыг аудиторуудад гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч А ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г болон хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талын хувьд 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуульд заасны дагуу аудит хийлгэх эрхтэй гэж яриад байна. Гэтэл Компанийн тухай хуулинд аудитыг хийлгэхдээ ТУЗ-ийн шийдвэрийн дагуу хийлгэхээр заасан байна. Эрх бүхий этгээдүүд нь эхлээд өөрсдийн санал шаардлагыг хүргүүлдэг байгаа. Гэтэл газар дээр нь тийм нөхцөл байдал үүсээгүй. Гэнэт нэг өглөө мөрдөгчийн тогтоолыг баримтлан дайрч орж ирсэн. Үүнийг нь компанийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. Бичиг баримтаа гаргаж өгөөд хоёр талаасаа хамт шалгуулъя гэж тайлбарласан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Заавал баримтыг авч явна гэж дайрсан байгаа. А ХК-ийн зүгээс дээрх мөрдөгчийн тогтоолд гомдол гаргасан. Прокурорын газраас мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон. Аудитын газрын хувьд ямар нэг үйл ажиллагаа хийлгүйгээр буцаж явсан. Нэхэмжлэгч талаас Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.10, 94.11 дэх заалтын дагуу мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа нь харагдаж байна. Шаардах эрхийн хэм хэмжээний талаар энэ хуулинд заагаагүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. А ХК-ийн эрх бүхий албан тушаалтны зүгээс гэм буруутай үйлдэл эс үйлдэхгүй гаргасан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол хохирлыг барагдуулах боломжтой. Гэтэл тийм зүйл байхгүй байна. Мөрдөгчийн тогтоолд гомдол гаргаж хэрэгсэхгүй болгосон. Тиймээс А ХК буруугүй гэдэг нь тогтоогдож байна. Компанийн буруутай эсэхийг шийдвэрлэх газар нь ТУЗ байгаа. Энэ газраас шийдвэр гарах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас ТУЗ-д хүсэлт гаргасан зүйл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан нөхцөл байдал байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00883 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 4 179 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гын нэхэмжлэлийн шаардлагын А Т А ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг тус компанид даалгах тухай хэсгээс татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 020 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 81 820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Г 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь Ж.Сгийн нэхэмжлэлтэй “А” ХК-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасангүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7, А ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитын хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.С нь тус компанийн 18 хувийн хувьцаа эзэмшигч байх үедээ дээрх эрхийнхээ хүрээнд А ХК-ийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудитын шалгалтыг хийлгэхээр аудитын байгууллагатай гэрээ байгуулан, гэрээнд заасан үүргийнхээ дагуу компанийн санхүүгийн баримт бичгийг тус компаниас шаардсан нь Компанийн тухай хуулийн дээрх заалт болон компанийн дүрэмд заасныг тус тус зөрчөөгүй байна.” гэж дүгнэжээ. Гэвч бодит байдал дээр Ж.С нь 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж “А” ХК дээр аудитын компанийг авчраагүй бөгөөд бидэнд “А Т А” ХХК-тай байгуулсан гэрээг гаргаж өгөөгүй. Өөрийн биеэр ч ирээгүй.

Харин Д.Г гэх этгээд тус “А Т А” ХХК-ийн хүмүүсийг дагуулаад Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, хошууч Э.Амартайваны 2020.04.22-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг үзүүлэн аудитын шалгалт хийлгэнэ гэж хэлсэн.

Үүнийг “А” ХК-ийн удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дээрх мөрдөгчийн тогтоолыг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор тогтоол гаргасан мөрдөгч Э.Амартайван болон Дорнод аймгийн прокурорын газарт гомдол гаргасан.

Тус гомдлыг Прокурорын газар хүлээн авч мөрдөгч Э.Амартайваны 2020.04.22-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу тус “А Т А” ХХК-ийн аудиторууд шалгалт хийлгүй явсан юм.

Гэтэл анхан шатны шүүх дээрх байдалд дүгнэлт хийлгүйгээр “А” ХК-ийн хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн аудитын байгууллагатай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болж аудиторын үйл ажиллагаа зогссон, улмаар аудитын байгууллага нэхэмжлэгчийн төлсөн аудиторын ажлын хөлсний урьдчилгаа 4 179 378 төгрөгийг суутган авснаар нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзнэ.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь хариуцагч “А” ХК-д холбогдуулан “А Т А” ХХК-ийн аудиторуудад “А” ХК-ийн 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг компанид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү шаардлагаасаа татгалзаж, “А Т А” ХХК-ийн үйл ажиллагааг тасалдуулж, аудиторын ажлыг зогсоож, 4 179 378 төгрөгийн хохирол учруулсныг “А” ХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2,40, 144 дэх талууд/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.С нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн  94.7-д зааснаар хариуцагч “А” ХК-ийн санхүүгийн тайлан, үйл ажиллагаанд нь ээлжит бус шалгалтыг хэдийд ч хийлгэж болно. Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч Ж.С нь компанийн энгийн хувьцааны 18 хувийг эзэмшигчийн хувьд эрхийнхээ хүрээнд аудитын байгууллагыг сонгож, бие даан гэрээ байгуулах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч Ж.Сгийн “А Т А” ХХК-ийн байгууллагатай “Аудитын үйлчилгээний гэрээ” байгуулсан үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч “А” ХК нь компанийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д “Энгийн хувьцааны 10 хувиас дээш хувьцаа эзэмшигч нь компанийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэх,” ... эрхтэй гэж  тодорхой заасан байна. Нөгөө талаар Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7 дахь зохицуулалт нь тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын эсрэг хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зориулалттай заалт учраас нэхэмжлэгч Ж.Сгийн аудитын байгууллагатай гэрээ байгуулсан үйлдлийг хязгаарлах, хориглох,  хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.Тийм учраас хариуцагч  “А” ХК-ийг холбогдох тайлангаа, санхүүгийн баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй үйлдлийг хууль бус гэж үзэж, нэхэмжлэгч Ж.Сд  4 179 378 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Даваанямын давж заалдах шатны шүүх хуралдаан дээр итгэмжлэлийн талаар тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Өмгөөлөгч В.Давааням нь “нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г нь 2020 оны 04 сарын 17-ны өдөр “А Т А” ХХК-тай гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Ж.С нь 2020 оны 04 сарын 20-ны өдөр  Д.Гт итгэмжлэл өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд Д.Г гэрээ байгуулсан нь  хууль зөрчсөн”  гэсэн үндэслэлийг гарган тайлбарлаж байна.

Энэ асуудал нь нэгдүгээрт итгэмжлэл өгсөн Ж.С нь төлөөлүүлэгч Д.Гын эсрэг шаардлага гаргасан тохиолдолд хамааралтай, нөгөө талаар  Д.Гын гэрээ байгуулсан үйлдлийг Ж.С ямар нэгэн байдлаар эсэргүүцээгүй, миний эрх ашгийг зөрчсөн гэж үзээгүй. Харин ч нөхөж Д.Гт итгэмжлэл олгож байгаа Ж.Сгийн үйлдэл нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэж заасантай нийцэж байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч В.Даваанямын гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймээс хариуцагч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г-ийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч “А” ХК-ийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “А” ХК-ийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                               Ж.ДОЛГОРМАА

                                               З.ЭНХЦЭЦЭГ