Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 33

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Д.Б   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1830000210021 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Д.Б  нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг Я гэх газарт нутаглах хохирогч  Г.Дгийн хар зүсмийн сувай үнээг  хулгайлж 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Д.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын  13-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Дгийн үхрийг авчирч махалсан нь үнэн. Би тэр үхрийг тугалтайгаа хашаанд хийж байгаад барьж аваад махалсан. Би хохирлыг нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Хохирогч Г.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өдөр 15 цагийн үед үхрээ бөөгнүүлэхэд манай хар халзан зүсмийн сувай үнээ байхгүй байсан тул ойр орчмын айлуудаар явахад манай үнээ олдохгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай саахалт айлын залуу болох Быг сайн танина. Надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Бтай хохирлын ямар нэг маргаангүй болсон..”  гэх мэдүүлэг /хх-ийн 04-р хуудас/

 

-Гэрч Э.Дийн  мөрдөн байцаалтанд гаргасан: “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д ахын хөдөө гэр болох Уулбаян сумын 3 дугаар баг Д гэх газар очиж хөрзөн гишгэж өгсөн.  Тэднийд хоноод маргааш нь  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг Р.Э ахтай хамт үхэр хураагаад ирэхэд Д ахын хүү Д.Б үхрээсээ хар халзан зүсмийн үнээг гаргаж ирээд гэрийнхээ гадаа цохиж унагаагаад нядалж эвдсэний дараа би жижиг гэр рүү зөөхөд нь тусалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-р  хуудас/

 

-Гэрч Р.Э мөрдөн байцаалтанд гаргасан: “...Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг Д гэх газарт байх хадам аав И.Дын хөдөө гэрт хөрзөн гишгэх гээд очсон. Тэгээд үхэр услаад ир гэхээр нь усалчхаад Э.Дтой үхрийг  тууж гэрийнх  нь гадаа авчирсны дараа хадам дүү Б нь идшиндээ идэхээр хар халзан зүсмийн сувай үнээг нядлаад дуусахаар нь Датой хамт жижиг гэр рүү зөөхөд тусалсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-р  хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 09-р хуудас/

 

-Хохирогч Г.Дгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 20-р хуудас/     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

-Шүүгдэгч Д.Бын  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 21-р хуудас/     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

-Д.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг Я гэх газарт нутаглах хохирогч  Г.Дгийн хар зүсмийн сувай үнээг  хулгайлж 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Д, гэрч  Э.Д, Р.Э нарын  мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Д.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Д.Быг мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Бт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг  харгалзан   Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бт хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч Д.Б   нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Дд хохирол төлөгдсөн,  хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Д.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бт  хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бт мэдэгдсүгэй.

  

  4. Шүүгдэгч   Д.Б    цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Дд хохирол төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА