Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0249/З |
Дугаар | 221/МА2017/0679 |
Огноо | 2017-09-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2017/0679
2017 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2017/0679 | Улаанбаатар хот |
“Д Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0535 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Т З” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Д Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0535 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д Р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын “Т З” ХХК-д холбогдох хэсэг буюу “Д Р” ХХК-иас “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх “ тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Т З” ХХК-ийн захирал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүгч үндэслэлдээ....”Д Р” ХХК-д тоот тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр олгожээ” гэж дурдсан байна. Гэтэл “Д Р” ХХК гэж тэр өдөр огт байгаагүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сард байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт байгаа тухайн компанийн гэрчилгээгээр нотлогдож байна. Байхгүй компанид “Тусгай зөвшөөрөл” олгож болох уу? Хэрэгт “Д Р” ХХК-ийн “Тусгай зөвшөөрөл” хүссэн тамга, тэмдэг бүхий нэг ч албан бичиг, мөнгө төлсөн баримт байхгүй. Ийм байдлаар “Тусгай зөвшөөрөл” олгосноо түүнийг олгодог эрх бүхий байгууллага нь мэдээд хүчингүй болгосныг захиргааны хэргийн шүүх “хүчинтэй” гэж үзсэн нь илт буруу шийдвэр болжээ.
Хоёрдугаарт: Шүүгч үндэслэлдээ...“Д Р” ХХК уг нь хүчин төгөлдөр зөвшөөрлийг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “”Десон” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж...түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан байна.” гэжээ. Гэвч 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тухайн компани мөн л байгуулагдаагүй байсан. Урьдчилж үйл ажиллагаа явуулах байр сав, орчин тохижилтоо шалгуулж, зохих баримтуудыг бүрдүүлж байж ”тусгай зөвшөөрөл” авдаг болохоос биш эрхэм шүүгчийн бичсэнчлэн “Тусгай зөвшөөрөл” авсан атлаа дараа нь түрээсийн гэрээ байгуулдаг юм биш. Мөн шүүгчийн дурдсан уг түрээсийн гэрээ гэгч нь байгуулагдаагүй “Д Р” ХХК-аар биш иргэн н.Оюунчимэгээр гэрээ хийгдсэн байсан бөгөөд хувь хүн “Тусгай зөвшөөрөл” хүсэх, эзэмших боломжгүй байдгийг эрхэм шүүгч анхаараагүй бололтой.
Гуравдугаарт, шүүгч үндэслэлдээ...”Т З” ХХК нь үйл ажиллагаа явуулах шаардлагын стандартад нийцсэн байртай байх шаардлагыг хангаагүй нь.... нотлогдож байна” гэжээ. Тийм байр нь байсан. Түүнийг нь Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж дүгнэлт гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт байгааг мөн “Т З” ХХК, “Десон” ХХК-уудын хооронд 2016 оны 11 дүгээр сард хийгдсэн түрээсийн гэрээ байсныг дурдсан. “Десон” ХХК-ийн албан бичиг мөн л хэрэгт байгааг шүүгч олж хараагүй байна. “Д Р” ХХК 2015 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөл авахад шаардлагад нийцсэн байр болон түрээсийн гэрээ байгаагүйг шүүгч бас л олж харсангүй нь харамсалтай. Манай “Т З” ХХК нь 2017 оны 12 дугаар сард зохих журмын дагуу бүх бичиг баримт, материалуудыг бүрдүүлж, тусгай зөвшөөрлөө авсан болох нь хавтаст хэрэгт байгаа материалууд болон түүнийг олгосон байгууллагын төлөөлөгчдийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул манай “Т З” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн болно. Маш товчхондоо энэ мэтээр бурууг зөв болгож, зөвийг буруу болгож нэхэмжлэгч талын байдлыг илтээр хамгаалж ямар нэгэн байдлаар хаацайлан тайлбарласан Д.Оюумаа шүүгчийн илт буруу шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг яаралтай үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээд “Т З” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Д Р” ХХК-аас “... манай компаниас тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хандаж өөрийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг “Т З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, мөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох аливаа зөрчил гаргаж байгаагүй байхад манай тусгай зөвшөөрлийг “Т З” ХХК-д шилжүүлсэн” гэх үндэслэлээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 тоот тушаалын “Т З” ХХК-д холбогдох хэсэг илэрхий хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу тус тушаалыг илт хууль бус болохыг тогтооно уу” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлон маргажээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох харилцааг, 13 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох харилцааг тус тус зааж зохицуулснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, хуулийн этгээд татан буугдсан, тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх зэрэг нөхцөл бүрдсэн үед тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор хуульчилсан байна.
Хариуцагч нь маргаан бүхий актаар “аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”-той холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 /тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх/, 14 дүгээр зүйлийн 14.1.1 /тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан/ дэх хэсгийн зүйл, заалтуудыг удирдлага болгон 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1 дэх заалтаар “...нэр шилжүүлэх 6... газрын жагсаалтыг 2 дугаар ... хавсралтаар баталсугай” гэж заасан, харин тушаалын 2 дугаар хавсралтын 11 дүгээрт “Т З” ХХК /“Д Р” ХХК-аас нэр шилжсэн/ гэж зааж шийдвэрлэсэн “Тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, нэр шилжүүлэх, эрх сэргээх, хүчингүй болгох тухай” А/166 дугаар тушаал хууль бус болжээ.
Учир нь, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: 14.1.1-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан”, 14.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, 14.1.2-т “хуулийн этгээд татан буугдсан”, 14.1.3-т “тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон”, 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 14.1.5-т “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэж, харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэх, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын 9 дүгээр зүйлд тоочиж заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд хууль ёсны шийдвэрт тооцогдохоор байна. Түүнчлэн хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан байхаас гадна дээр дурдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэх, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын 8 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргахаар байна.
Гэтэл нэхэмжлэгч “Д Р” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгосон Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Энэбишийн өргөн чөлөө VIP төвийн 2 дугаар давхарт “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх” 04/0288 дугаар тусгай зөвшөөрөл хүчинтэй, эзэмшигч компаниас хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргаагүй, хууль журмаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн эзэмшүүлэх талаар зааж журамлаагүй байхад тус байршилд давхцуулан гуравдагч этгээд “Т З” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэн эзэмшүүлсэн хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тушаал илэрхий алдаатай, хууль бус байна.
Өөрөөр хэлбэл, хуулиар эрх бүхий этгээдэд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэр шилжүүлэн бусад этгээдэд эзэмшүүлэх эрх олгогдоогүй байхад зөвхөн эзэмшигчээс нь хүсэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэн эзэмшүүлсэн хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тушаалын “Т З” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ...”, 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоолгох”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заажээ.
Шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн нэхэмжлэгч Д Р ХХК байгуулагдаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон, тус компани тусгай зөвшөөрөл хүссэн баримт байхгүй, үүнийг мэдээд хүчингүй болгосон, үүнийг шүүх зөв гэж үзсэн нь буруу ... “ гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт илт бус эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хуульд нийцсэн эсэх талаар шалгаж, дүгнээгүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.
Харин анхан шатны шүүх маргааны гол үндэслэлд хамааралгүй нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын аж ахуйн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан эсэх, түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх, төлбөрийг хэн төлсөн эсэх талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсныг тэмдэглэв.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээд “Т З” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ