Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2016/0490

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би иргэн С.Б*******ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөрийн сайдад холбогдох “Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Э*******ийн 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б\153 дугаар тушаалын 2 дахь заалтаас “Увс аймаг дахь Политехник коллежид хамаарах Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б\125 дугаар тушаалыг хүчингүй болгосон” хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Политехник коллежийн Захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Хөдөлмөрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, өмгөөлөгч Т.Б******* нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* бид дараахь байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.

Нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, С.Б*******ыг Увс аймгийн Политехник коллежийн захирлаар томилуулахыг хүлээн зөвшөөрөв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

        Нэхэмжлэгч С.Б******* нь Хөдөлмөрийн сайдад холбогдуулан, Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Э*******ийн 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б\153 дугаар тушаалын 2 дахь заалтаас “Увс аймаг дахь Политехник коллежид хамаарах Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б\125 дугаар тушаалыг хүчингүй болгосон” хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймаг дахь Политехник коллежийн Захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Увс аймгийн Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Нарангэрэлийн эрх ашиг хөндөгдөхгүй. Ажилаа хүлээж ав гэсэн байгаа” гэв.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, өмгөөлөгч Т.Б******* нар нь нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан С.Б*******ыг Увс аймгийн Политехник коллежийн захирлаар томилуулахыг хүлээн зөвшөөрөв” гэсэн эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн С.Б*******ын Хөдөлмөрийн сайдад холбогдуулан гаргасан захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******т болон хариуцагч Хөдөлмөрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, өмгөөлөгч Т.Б******* нар харилцан тохиролцож, 2016 оны 07дугаар сарын 04-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Ц.МӨНХЗУЛ