Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0011

 

                                           Э.Г-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                          Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                              Л.Атарцэцэг,

                                            Х.Батсүрэн,

                                            Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0487 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ийн 6, Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Э.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.          

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0487 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.   

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Э.Г нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай” 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай 29 дүгээр зүйлийн 2-ийн 6, Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан Э.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0487 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

6. Анхан шатны шүүхээс Э.Г-ыг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилохдоо Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ын 6-д заасныг зөрчсөн гэж үзэхдээ “... байх шаардлагыг хангасан иргэнийг Ерөнхий консулаар томилох тухай шийдвэрийн төсөл, санал, танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайдаас  хянан үзэж зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайдаас хянан үзэж зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснээр Монгол Улсын Засгийн газраас Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу “Ерөнхий консулыг томилох” тухай тогтоолыг гаргахаар байна” хэмээн тайлбарлажээ.

7. Э.Г-ыг томилсон тогтоолыг гаргахдаа дээрх хуулийн заалтыг баримтлаагүй гэж үзэж байгаа нь тухайн тогтоолыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь хуульд зааснаар Ерөнхий консулыг томилох эрх Засгийн газрын бүрэн эрхэд хамаардаг. Э.Г-ыг томилох шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-29.2.6-д заасны дагуу гаргасан ба харин 29.2.6-д “холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж заасан нь заавал саналыг авах ёстой гэсэн агуулга харагдахгүй байна.  Мөн Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл тус чиг үүрэгт Ерөнхий консулыг томилуулах, эгүүлэн татах асуудал хэлэлцүүлэх тухай Засгийн газарт санал оруулах, дүгнэлт гаргах болон түүнтэй холбоотой чиг үүрэг байхгүй. Түүнчлэн шүүх Гадаад харилцааны сайдаас Ерөнхий консулыг томилуулах талаарх шийдвэрийн төсөл, санал танилцуулгыг хянан үзэж зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанд оруулах ёстой гэж хуулиар зохицуулаагүй харилцааг баримталж байгаа явдал нь хууль бус юм.

8. Ийнхүү анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар зохицуулаагүй харилцааг үндэслэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс Э.Г нь Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 16 дугаар зүйлүүдэд заасан болзол шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

9. Э.Г нь 2009-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2013-2016 онуудад Төрийн удирдлагын магистрантурт тус тус суралцаж төгссөн. Нэхэмжлэгч нь ийнхүү Удирдлагын академид суралцахдаа Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан олон улсын эрх зүй, эдийн засаг, улстөрийн зохих мэдлэгийг бүрэн авах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх сургуульд сурсан талаарх нотлох баримтаа тодорхой  шалтгааны улмаас шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “Удирдлагын академи 2009-2010 Төрийн удирдлагын менежер, Удирдлагын академи 2013-2016 Төрийн удирдлагын магистрантураар суралцсаныг нотлох ямар нэг баримтыг гаргаагүй тул мөн энэ мэдээллийг худал бичсэн гэж үзэх үндэслэлтэй, харин Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийн Төрийн удирдлагаар мэргэшүүлэх 8 кредит цагийн сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн гэх № 1421 Сертификатаар нэхэмжлэгчийг Төрийн удирдлагын менежерээр 01 жилийн хугацаанд, 2013-2016 онуудад 03 жилийн хугацаанд Төрийн удирдлагын магистрантурт суралцсан гэж үзэх боломжгүй юм” хэмээн дүгнэжээ.

10. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Батлан хамгаалахын их сургуулиас Э.Г-ыг суралцаж байсан эсэхийг тодруулахаар тодорхойлолт гаргуулсан. Гэвч Удирдлагын академиас мөн Э.Г-ыг суралцаж байсан эсэх, хэрэв суралцаж байсан бол үзсэн хичээлийн талаарх мэдээллийг авах боломжтой. Ийнхүү гаргуулж авах нь анхан шатны шүүхийн үүрэг байсан. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу дээрх ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл тухайн маргааныг үнэн зөвөөр хянан шийдвэрлэхэд зайлшгүй тодруулах шаардлага нөхцөл байдлыг тодруулах шүүхийн нотлох зарчмыг зөрчсөн байна.

11. Энэ бүхнээс харахад анхан шатны шүүх тухайн захиргааны маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, анхан шатны шүүх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зайлшгүй хийгдэх ажиллагаа хийгдээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэх бүрэн үндэстэй байгаа бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0487 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч Э.Г нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...энэхүү албан тушаалыг эрхлэх хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангасан учир томилогдсон. ...намайг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр албан тушаалаас эгүүлэн татсан” гэж маргажээ.

14. Нэхэмжлэгч Э.Г-ыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон байна. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг үндэслэн Ерөнхий консулын үүрэгт ажлаас эгүүлэн татсан бөгөөд хариуцагчаас “...Э.Г-ыг ажилд томилж 119 дүгээр тогтоолыг гаргахдаа Гадаад харилцааны яамнаас албан ёсоор саналыг аваагүй. ...Ерөнхий консулын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй эсэх нь тодорхойгүй байхад тухайн албан тушаалд шууд томилж хууль зөрчсөн” гэсэн тайлбарыг гаргасан байна. 

15. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тухайн маргаанд хэрэглэгдэх Монгол Улсын Засгийн газрын тухай болон Дипломат албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцжээ. 

16. Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд дипломат албан тушаал эрхлэх болзол, шаардлагыг хуульчилсан бөгөөд 15.1-д “Энэ хуулийн 15.2,15.3-т заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн дипломат албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй”, 15.2-т “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна” гэж заасан. Мөн Сан-Франциско хотод суух Ерөнхий консулын ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага хэсэгт “олон улсын харилцаа, эрх зүйн чиглэлээр бакалавр зэрэгтэй, төрийн албанд 10 жил, консулын албанд ажилласан байх, ур чадварын хувьд багаар ажиллах, багийн бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулах, англи хэл эзэмшсэн байх” гэж тодорхойлжээ.

17. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Засгийн газрын хуралдаанд бэлтгэх, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална: ...2-ийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, ...хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь ... зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж заасан.

18. Дээрх хуулиудын зохицуулалтаар Ерөнхий консулын албан тушаалыг эрхлэх хуульд заасан болзол болон тухайн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан хүнийг томилуулах тухай шийдвэрийн төсөл, санал танилцуулгыг бэлтгэн, тэдгээрийг Гадаад харилцааны сайдаас хянан үзэж, зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж томилохоор хуульчилсан байна. 

19. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Э.Г-ыг Ерөнхий консулын албан тушаалд томилохдоо Гадаад харилцааны сайдын зөвшөөрөл, саналыг аваагүй нь тогтоогдсоны гадна, түүний төрийн албан хаагчийн анкетад бичигдсэн боловсролын талаарх мэдээлэл нь Бизнесийн дээд сургуулийн D200910720 дугаартай бакалаврын диплом, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 494 тоот албан бичиг, 5988 дугаар архивын лавлагаа зэргээс үзэхэд зөрүүтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлын туршлагын талаарх тодорхойлолтоос үзэхэд Ерөнхий консулын ажлын байранд тавигдах олон улсын харилцаа, эрх зүйн мэргэжилтэй байх, төрийн албанд 10 жил ажилласан байх, консулын албанд ажилласан байх зэрэг тухайн албан тушаалыг эрхлэх хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй болох нь тогтоогджээ. 

20. Тиймээс Гадаад харилцааны сайд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Э.Г-ыг эгүүлэн татах саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж, үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоолоор түүнийг Ерөнхий консулын үүрэгт ажлаас эгүүлэн татсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй юм.  

21. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0487 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                           ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА