Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/01140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод оршин суух Б.А ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч155/2016/1155/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Л.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн бага сургуульд мөн багийн Улсын асрамжийн газар, Мөрөн сумын ахмадын асрамж үйлчилгээний төвд аж ахуй, манаач, харуул хамгаалалтын ажилтан зэрэг ажлуудыг тасралтгүй 40 жил хийж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт 2016.09.15-нд гарахаар материалаа тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн юм. Гэтэл миний Бүрэнхаан бага сургуульд 1979 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Улсын асрамжийн газарт 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байхдаа авсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй зэрэг шалтгаанаар хасагдсан байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь Хөвсгөл аймгийн Бүрэнхаан багийн бага сургуульд 1979 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл галч, аж ахуйн нярваар, Хөвсгөл аймаг дахь Аймаг дундын улсын асрамжийн газарт 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах аж ахуйн бригадын дарга, үйлчлэгч, талхчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Б ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Улсын нийгэм хангамжийн ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь аймаг дундын улсын асрамжийн газрын даргын 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээртэй Хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай ...***** туслах аж ахуйн нярваар томилон ажиллуулсугай... гэх, 1986 ны 8 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай Хүмүүсийг ажилд томилох ба ажил өөрчлөн томилох тухай...Л.Б ийг 1986 оны 8-р сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн үйлчлэгчээр түр томилон ажиллуулсугай... гэх, 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай Зарим хүмүүсийн ажлыг өөрчлөн томилох ба ажилд томилох тухай...Л.Б ийг талхчнаар... гэх бичилттэй тушаалуудын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8-н жилийн сургуулиас 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Гүнрэг овогтой Дашзэвэгийн нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Аймаг дундын улсын асрамжийн газрын даргын 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Ажиллагсадын хөдөлмөрийн дэвтрийг хааж нийгмийн даатгалын дэвтэр шинээр нээх тухай...28.Л.Б  талхчин... гэх бичилттэй тушаалын хуулбар, гэрч ****** 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: ...Л.Б  1976-1979 онд цэргийн алба хааж ирээд Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн бага сургуульд аж ахуйгаар орж 1985 оныг дуустал ажиллаж байгаад Хөвсгөл аймаг дахь аймаг дундын улсын асрамжийн газарт аж ахуйгаар орж 1994 оныг дуустал ажилласан... гэх мэдүүлэг, гэрч ****** 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: ...Л.Б  Хөвсгөл аймаг дахь аймаг дундын улсын асрамжийн газарт 1985-1994 оныг дуустал жижүүрээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн **** дугаартай Тус аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхааны бага сургуулийн 1979-1985 оны баримт манай архивд байхгүй тул Л.Б т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Л.Б ийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан багийн бага сургуульд 1979 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл галч, аж ахуйн нярваар, Хөвсгөл аймаг дахь Аймаг дундын улсын асрамжийн газарт 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах аж ахуйн бригадын дарга, үйлчлэгч, талхчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Хөвсгөл аймгийн Бүрэнхаан багийн бага сургуульд 1979 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл галч, аж ахуйн нярваар, Хөвсгөл аймаг дахь Аймаг дундын улсын асрамжийн газарт 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах аж ахуйн бригадын дарга, үйлчлэгч, талхчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ