Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/01139

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух Б.А

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****тоотод оршин суух Б.А нарт холбогдох,

Зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 4.956.328 /дөрвөн сая есөн зуун тавин зургаан мянга гурван зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2016/1149/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Түндэв овогтой Булган нь УЦУОШГ-т ажиллаж байхдаа 2013 оны 4-р сарын 23-ны өдөр ХААН банкны Хөвсгөл салбараас 6.488.778 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай аваад хугацаа хэтрээд 623 хонож байна. Зээлийн үлдэгдэл 3.582.682 төгрөг, хүү 1.203.224 төгрөг, торгуулийн хүү 170.422 төгрөг, бүгд 4.956.328 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу 4.956.328 төгрөгийг зээлдэгч Т.Булган, хамтран зээлдэгч Ч.Оюун-Эрдэнэ нараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Булган шүүхэд гаргасан тайлбартаа: Би УЦУОШГ-т ажиллаж байхдаа 2013.4.23-нд ХААН банкнаас цалингийн 6.488.778 төгрөгийн зээл авсан ба ажлаас гарсан тул цалингийн зээлээ төлж чадахгүй байна. Иймд ХААН банкны зээлийн төлбөр 4.956.328 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Т.Булган, Ч.Оюун-Эрдэнэ нарт холбогдох, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 4.956.328 /дөрвөн сая есөн зуун тавин зургаан мянга гурван зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Булган. Ч.Оюун-Эрдэнэ нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4.956.328 /дөрвөн сая есөн зуун тавин зургаан мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага 4.956.328 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.251 төгрөгийн тавин хувь болох 47.125 төгрөгийг хариуцагч Т.Булган, Ч.Оюун-Эрдэнэ нараас, улсын орлогоос 47.125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Булган, Ч.Оюун-Эрдэнэ нарт холбогдох, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 4.956.328 /дөрвөн сая есөн зуун тавин зургаан мянга гурван зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.251 төгрөгийн тавин хувь болох 47.125 төгрөгийг хариуцагч Т.Булган, Ч.Оюун-Эрдэнэ нараас, улсын орлогоос 47.125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ