Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 36

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Э.Хосбаяр,

Шүүгдэгч  О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч  О.Бд холбогдох 1830000350022 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн харьяат, 1976 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 3, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3  жил 01 хоног хорих ял шийтгүүлснийг Сүхбаатар аймгийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял болгож өөрчилсөн,  О.Б.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч  О.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Д тоотод 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой хохирогч Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд, доод зовхины болон салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч  О.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Г гэдэг найзынх руугаа очсон. Намайг очиход 4 хүн архи уучихсан халамцуу байсан. Би пивотой очсон. Би архи уухгүй, пиво ууна гэсэн. Б гэдэг хүн хүний яриан дундуур орж ирээд болохгүй байсан. Би Быг чи ямар яршигтай юм бэ хүний ярианд ороод гэхэд надад агсам тавьсан. Тэгээд бид хоёр маргалдаж цааш нь түлхэхэд орны хөл мөргөж унасан, тэгээд биед нь хөнгөн гэмтэл учирсан. Түүнийг өөр хүн зодоогүй. Би хохирогчид эмчилгээний зардал, замын зардлыг төлсөн... гэв.

 

- Яллагдагч  О.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой гадуур явж байгаад Гэлэгсэнгэ рүү утсаар ярьсан чинь гэртээ найзуудтайгаа архи дарс уугаад сууж байна гэхээр нь гэр рүүгээ очиж нэг пиво аваад Баруун-Урт сумын Д тоотод Гэлэгсэнгийн гэрт очиход Гэлэгсэнгэ, Ц.Б, Ба, Т нар архи уугаад сууж байсан. Тэд нар 0.75 литрийн архи ууж байсан би архинаас уухгүй харин пивоноос ууна гээд хойд талын орон дээр сууж босонгоо пивоноос уусан. Хоорондоо юм яриад сууж байхад Ц.Б нь гараараа ширээ цохиод архи асгалаад агсам тавиад байхаар нь “ Наад хүн чинь ямар яршигтай уудаг хүн бэ ” гэж хэлчихсэн чинь Б нь “ Чи юу юм бэ” гээд маргалдаж, “ Чи архиа аятайхан уучих” гээд архийг нь авах гэсэн чинь “Чи миний архийг авдаг хэн юм бэ” гээд Б бид хоёр хоорондоо заамдаад зууралдахаар нь нь би Быг цааш нь түлхсэн чинь баруун талын диван ор луу унахдаа нүүрээрээ буюу зүүн шанаа орчмоороо орны хөл хэсгийн модон түшлэгийг мөргөсөн. Босч ирээд “ Чи намайг зодлоо, чамайг шоронд чинь хатаана” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “Би чамайг зодоогүй, зүгээр л түлхсэн, эр хүн шиг байгаарай” гэж хэлчихээд гэр рүүгээ яваад өгсөн. Үүнээс хойш уулзалдаагүй. Маргааш нь хөдөө байж байтал Т над руу утсаар яриад Б чинь эмнэлгээр яваад байна. Энэ хүнтэйгээ уулз гэхээр нь би хөдөө байна, очихоороо уулзалдъя гэж хэлсэн. Үүнээс хойш утсаар ярьж уулзалдаж чадаагүй. Б нь анх гаднаас орж ирэхдээ биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй нэлээн согтуу байсан ” гэх мэдүүлэг /хх-26/,

- Хохирогч Ц.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөө гэрээсээ Баруун-Урт суманд Тын хамт ирсэн. Гэлэнсэнгийн гэрт өдрийн 11 цагийн үед архи ууж эхэлсэн. Гэлэгсэнгэ нь гадуур явж байгаад ирсэн бөгөөд энэ үед бид нар архи ууж байгаад сүүлдээ миний хувьд архиндаа согтсон. Нэг мэдсэн чинь Жагаа гэж дууддаг Бж нь ирчихсэн гэрийн хойд талын орон дээр хэвтчихсэн байсан. Миний хувьд архи уугаад согтоод ирэхээрээ хамт архи ууж байгаа хүмүүстээ агсан согтуу зан гаргаад байдаг юм. Архинаас болж Бжтай маргаж би түүнд агсан тавьж зууралдсан юм. Тэгсэн чинь чи цаашаа гээд намайг хойшоо түлхсэн чинь би согтуудаа хойшоо унахдаа нүүрээрээ орны доод талын толгойны түшлэг модыг мөргөөд унасан. Ингээд би нэг мэдсэн согтчихсон маргааш өглөө нь сэрсэн. Тэгээд болсон асуудлын талаар тэнд байсан хүмүүсээс асуусан чинь Бж зодсон гээд байсан. Тэр чигээрээ би гэртээ очиж Тыг дуудаад ахыгаа Бжтай уулзуулаад өгчих гэсэн уулзуулахгүй байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний зүүн нүдний доод хэсэгт буюу хацар дээр их хөндүүрлээд уг хөндүүр нь зүүн нүдний орчмоор хавагнаж хөхрөөд сүүлдээ баруун нүдний орчимд хөхөрч хавагнаад байхаар нь цагдаад гомдол гаргасан. Тухайн үедээ юу болсон бэ гээд тэнд байсан хүмүүсээс асуусан юм. Харин архи гарч эрүүл болсон хойно юу болсон талаар санаад байгаа юм... гэх мэдүүлэг /хх-8-9/,

 

           - Гэрч О.Тын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Бын хамт хөдөөнөөс Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ирсэн юм. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой хөдөө явъя гэсэн чинь Б явахгүй гэсэн. Би Гэлэгсэнгэ гэх айлд Баийн хамт байж байгаад архи ууж байтал гаднаас Б ах архи уусан байдалтай, биедээ ямар нэгэн гэмтэлгүй ганцаараа 19 цагийн орчимд орж ирээд бид нартай нийлж архи ууцгаасан. Удалгүй Жагаа гэж дууддаг Бж нь 2.5 литрийн пиво барьчихсан гаднаас орж ирээд бид нар нийлж архи ууж, хуучилж сууж байгаад би гадагш гарч дахин 1 шил архи авч ууцгаасан. Гэлэгсэнгэ нь гэрийн хойд талын орон дээр, би зүүн талын орон дээр суусан. Харин Ба нь зүүн орны хажуу талаар газраар согтоод унтсан. Б ах гэрийн баруун хойд талаар, Бж нь Гэлэгсэнгэ ахын сууж байсан орны араар хэвтэж байсан. Удалгүй би согтоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрсэн чинь Б, Бж нар нь байхгүй болохоор нь Бын эхнэр рүү нь ярьсан чинь “Б ах чинь гэртээ саяхан ирлээ, ахын чинь зүүн нүд хөхөрчихсөн байна, чи ирж Б ахыгаа авч явж эмнэлэгт үзүүл” гэхээр нь хөдөө гэрт нь очиход зүүн нүд нь хөхрөөд бага зэрэг хавдчихсан байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. Б ах надад ярихдаа “Гэрийн хойд талын орон дээр Гэлэгсэнгийн араар хэвтээд байсан залуу чинь хэн билээ, тэр намайг цохьсон” гэж бүдэг бадаг зүйл яриад байхаар нь Бж ах руу утсаар яриад “та Б ахыг цохьсон байна” энэ хүн чинь эмнэлгээр яваад байна” гэсэн чинь Бж нь надад хандаж “Чи наад хүнээ таньдаг юм чинь аргалчих, цагдаа гэвэл бөөн юм болно” гэхээр нь “Б ах өөрөө гайгүй л байна эхнэр нь уурлаж загнаад байна” гэсэн. Удалгүй Бжтай өөрийн биеэр уулзсан чинь “Чи л аргал, ах нь одоо яах вэ” гээд байсан ингэж байж байгаад сүүлдээ гар утас нь ч холбогдохгүй болсон. Бжын гар утасны дугаар нь 99513330 юм. Б, Бж нар нь хоёр биенээ сайн таньдаггүй юм билээ. Б сонсгол муу учир их чанга ярьдаг. Архи уухаараа агсан зантай улам чанга яриад байдаг, танихгүй хүн бол агсан согтуу тавьж байна гэж ойлгохоор байдаг. Намайг согтож унтахаас өмнө ямар нэгэн маргаан болоогүй... гэх мэдүүлэг /хх-11/

 

           - Гэрч З.Гэлэгсэнгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гадуур явж байгаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Д тоотод өөрийн гэртээ ирсэн чинь Б, Бж, Т, Ба нар байсан. Харин Бын нэг нүд нь яг аль нүдийг нь санахгүй байна хавдчихсан байхаар нь яасан гэхэд Бж цохьчихсон гэсэн. Яагаад нэгнийгээ цохьчихвоо гэсэн чинь Бж нь сая маргаад цохьчихлоо. Эр хүмүүс хоорондоо учраа олчихно гэж байсан. Ингээд бид нар архи ууцгаасан. Б нь сүүлдээ согтоод ширээ балбаад ууж идэж байсан зүйлээ асгаад байсан. Ингээд Бж нь явлаа гээд ганцаараа гараад явсан. Б нь сүүлдээ Бж намайг зодсон эхнэртээ хэлнэ, ахдаа хэлнэ, гэр рүүгээ явлаа гээд байхаар нь гадаа харанхуй байна, унтчихаад яв гэсэн чинь явна гэсээр байгаад ганцаараа гараад яваад өгсөн. Дахин манайхаар ирээгүй. Т, Ба нар нь их согтсон байсан. Ямар учраас цохиж зодсоныг хараагүй, мэдээгүй.. гэх мэдүүлэг /хх- 12/

 

- Гэрч Ж.Баийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байх Гэлэгсэнгийн гэрт Т, Гэлэгсэнгэ бид 3 архи ууж эхэлсэн юм. Нилээн орой болсон байх архи уучихсан байсан болохоор цагийг сайн санахгүй байна. Бид нар архи уугаад сууж байтал Б ирээд бид нартай нийлж архи ууж байгаад буцаад гараад явсны дараа  О.Б нь 1 пиво барьсаар орж ирээд гэрийн хойд талын орон дээр сууж байсан. Дараа нь Б ганцаараа орж ирээд гэрийн баруун хойд талаар сууж байсан. Миний хувьд гэрийн зүүн талаар сууж архи ууж байсан. Үүнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. Ямар ч байсан Б нь согтчихоод ширээ балбаад байсан. Сүүлдээ би архиндаа согтоод унтчихсан байсан. Маргааш нь буюу шөнийн 04 цагийн үед сэрсэн чинь Бын нүд нь хавагначихсан байсан бөгөөд нэг нь цохьчихсон байна гэж байсан. Энэ үед архи хамт уусан хүмүүсээс Бж нь байхгүй байсан. Ямар хүмүүс нь яагаад маргаж муудаад яаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Миний хувьд маргаан гаргасан зүйл байхгүй, архи ууж байгаад согтоод унтаад өгсөн байсан ...гэх мэдүүлэг /хх-13/

 

- Гэрч М.Огийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай нөхөр Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Тын хамт Баруун-Урт сум руу явсан юм. Ингээд буцаад ирэхдээ нүүр нь хавагнаад нэг нүд нь хөхөрчихсөн байхаар нь Т руу ярьж “ энэ хүн чинь хүнд зодуулсан байна, үзүүлж харуулмаар байна “ гээд үзүүлсэн. Хэнд зодуулсан юм гэхэд Жагаа гэж хүний нэр хэлээд байсан. Гэрээсээ гарахдаа биедээ ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байсан. Ц.Б нь архи уухаараа агсан согтуу зан гайгүй байдаг, тухайн өдөр юу болсонг мэдэхгүй байна. Архи уухаараа амархан согтдог юм” гэх мэдүүлэг /хх- 10/ 

 

           - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 68 дугаартай дүгнэлтдээ: “ 1.Ц.Бын биед 2 нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”... гэжээ /хх-16-17/,

 

- 413 дугаартай Яаралтай тусламжийн хуудас /хх-18/

 

-  О.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/

 

-  О.Бын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн Засаг даргын 2018.01.23-ны өдрийн 7/113 дугаартай тодорхойлолт /хх-27/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 18 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-37/ 

 

- Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 тоот магадлалын хуулбар 

 

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар 

 

- О.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, өөрийгөө өмгөөлөх тухай хүсэлт /хх-34 / зэрэг болно.

 

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

Шүүгдэгч  О.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж,гарын үсэг зуруулсан, хохирогч Ц.Б шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт гаргасан ба хэргийг шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ.

 

  Шүүгдэгч  О.Б 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Д тоотод иргэн Ц.Бын согтууран, агсам тавьсан асуудлын улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь “ хоёр нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч  О.Бдын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.Б, гэрч М.О, О.Т, З.Гэлэгсэнгэ, Ж.Ба нарын мэдүүлгүүд, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

           Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, хохирогч Ц.Б нь шүүгдэгч  О.Б нартай архи уух явцдаа түүнтэй маргаан үүсгэн, агсам согтуу тавьсаны улмаас  О.Б түүнийг түлхэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь  О.Бын “ Гэлэгсэнгэ, Ц.Б, Ба, Т нар архи уугаад сууж байсан. Би архинаас уухгүй харин пивоноос ууна гээд хойд талын орон дээр сууж босонгоо пивоноос уусан. Ц.Б нь гараараа ширээ цохиод архи асгалаад агсам тавиад байхаар нь “ Наад хүн чинь ямар яршигтай уудаг хүн бэ ” гэж хэлчихсэн чинь Б нь “ Чи юу юм бэ” гээд маргалдаж, “ Чи архиа аятайхан уучих” гээд архийг нь авах гэсэн чинь “Чи миний архийг авдаг хэн юм бэ” гээд Б бид хоёр хоорондоо заамдаад зууралдахаар нь би Быг цааш нь түлхсэн чинь баруун талын диван ор луу унахдаа нүүрээрээ буюу зүүн шанаа орчимоороо орны хөл хэсгийн модон түшлэгийг мөргөсөн. Босч ирээд “ Чи намайг зодлоо, чамайг шоронд чинь хатаана” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “Би чамайг зодоогүй, зүгээр л түлхсэн, эр хүн шиг байгаарай ” гэж хэлчихээд гэр рүүгээ яваад өгсөн ” гэх, 

хохирогч Ц.Бын “ Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гэлэнсэнгийн гэрт архи ууж сүүлдээ миний хувьд архиндаа согтсон. Нэг мэдсэн чинь Жагаа гэж дууддаг Бж нь ирчихсэн гэрийн хойд талын орон дээр хэвтчихсэн байсан. Миний хувьд архи уугаад согтоод ирэхээрээ хамт архи ууж байгаа хүмүүстээ агсан согтуу зан гаргаад байдаг юм. Архинаас болж Бжтай маргаж би түүнд агсан тавьж зууралдсан юм. Тэгсэн чинь чи цаашаа гээд намайг хойшоо түлхсэн чинь би согтуудаа хойшоо унахдаа нүүрээрээ орны доод талын толгойны түшлэг модыг мөргөөд унасан. Миний зүүн нүдний доод хэсэгт буюу хацар дээр их хөндүүрлээд уг хөндүүр нь зүүн нүдний орчмоор хавагнаж хөхрөөд сүүлдээ баруун нүдний орчимд хөхөрч хавагнаад байхаар нь цагдаад гомдол гаргасан ” гэх,

гэрч З.Гэлэгсэнгийн “ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ирсэн чинь Б, Бж, Т, Ба нар байсан. Харин Бын нэг нүд нь яг аль нүдийг нь санахгүй байна хавдчихсан байхаар нь яасан гэхэд Бж цохьчихсон гэсэн. Б нь сүүлдээ Бж намайг зодсон эхнэртээ хэлнэ, ахдаа хэлнэ, гэр рүүгээ явлаа гээд байхаар нь гадаа харанхуй байна, унтчихаад яв гэсэн чинь явна гэсээр байгаад ганцаараа гараад яваад өгсөн ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч  О.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

О.Б нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Түүнчлэн энэ хэрэг гарахад хохирогч Ц.Бын, шүүгдэгч  О.Бд агсам, согтуу тавьсан буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг дурдах нь зүйтэй ба энэ талаар хохирогч Ц.Б “Миний хувьд архи уугаад согтоод ирэхээрээ хамт архи ууж байгаа хүмүүстээ агсан согтуу зан гаргаад байдаг юм. Архинаас болж Бжтай маргаж би түүнд агсан тавьж зууралдсан юм. Тэгсэн чинь чи цаашаа гээд намайг хойшоо түлхсэн чинь би согтуудаа хойшоо унахдаа нүүрээрээ орны доод талын толгойны түшлэг модыг мөргөөд унасан ” гэж мэдүүлжээ.

 

          Иймд шүүгдэгч  О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч  О.Быг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

           О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч  О.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

О.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  хохирогч эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдъя.

 

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч  О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан  О.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Ялтан  О.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  5. Ялтан  О.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН